• Өнөөдөр 2025-12-01

Он гарснаас хойш ХДХВ-ний халдварын тохиолдол 36-гаар нэмэгджээ

2025-12-01,   115

      Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо (МЭМСЦҮХ), Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-тэй хамтран “ХДХВ/ДОХ-ын талаар хариуцлагатай мэдээлэх нь” ээлжит уулзалт, сургалтаа зохион байгууллаа. МЭМСЦҮХ, эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб нь сэтгүүлчдийнхээ мэргэжлийн өсөлт хөгжлийг дэмжих, эх сурвалжтай холбох, мэдлэг, мэдээллээр хангах зорилгоор уулзалт, сургалт, ТУР аялал зэрэг олон төрлийн үйл ажиллагаа тогтмол зохион байгуулдаг билээ. 
 
    Энэ удаад бид ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг угтан хүн амын дундах уг өвчний эрсдэл, өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдал, халдвараас урьдчилан сэргийлэх, олон улс дахь сүүлийн үеийн судалгаа, шинжилгээний ололт амжилт, мөн өвчтэй хүмүүсийг нийгмээс тусгаарлах, хүнлэг бус хандах, ялгаварлан гадуурхахын эсрэг үнэн бодит мэдээ, мэдээллийг мэргэшсэн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхнаараа дамжуулан олон нийтэд хүргэхийг зорилоо. 
 
П.ҮНЭНЧИМЭГ: ДОХ-ЫН ХАЛДВАРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ НЬ АМЬДРАЛЫН ЧАНАР, НАСЖИЛТАД ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ
 
       ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт, судалгааны албаны дарга П.Үнэнчимэг уг өвчний талаарх үндэсний хэмжээний дата, мэдээллийг танилцуулав. ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн хэмжээнд 39 сая хүн ХДХВ-ний халдвартай амьдарч буй бөгөөд үүний 1.5 сая нь 15-аас доош насныхан гэнэ. Манай улс ХДХВ/ДОХ-ын бага тархалттай орны тоонд ордог. 1000 хүнд ногдох өвчлөлийн түшин 0.01 буюу дэлхийн дундажтай харьцуулахад 0.16, бүсийн орнуудын дунджаас 0.06-гаар бага байгаа. Гэсэн хэдий ч бэлгийн замаар дамжих өвчний тархалт их, нийт хүн амын дундах бэлгэвчийн хэрэглээ хангалтгүй, ХДХВ-ний халдвар хамгийн хурдацтай тархаж буй хоёр том гүрний дунд оршдог, хилээр зорчих хөдөлгөөн ихтэй зэрэг шалтгааны улмаас эрсдэл өндөр хэвээрээ байгаа юм. 
 
Дэлхий дахинд ХДХВ/ДОХ-ын вирус мутацлагдаж, уг өвчнөөс сэргийлэх вакциныг эрдэмтэн, судлаачид одоо болтол гарган авч чадаагүй ч эмийн чанар, эрт илрүүлгийн ачаар өвчтөнүүд урт удаан, чанартай амьдарсаар байгааг П.Үнэнчимэг эмч хэлсэн юм. 1992 онд Монгол Улсад ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2025 оны арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар халдвар авсан нийт хүний тоо 424-т хүрчээ. Нэгэн цагт ХДХВ-тэй хүн 5-8 жил амьдардаг гэх ойлголт өдгөө үгүй болж, үүнээс ч урт насалж болдгийг ДОХ-ын халдвараар оношлогдсоноос хойш 28 жил идэвхтэй амьдарч буй нэгэн иргэний жишээгээр төлөөлүүлэн ярьсан нь сонирхол татна. 
ОН ГАРСНААС ХОЙШ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ 36-ААР НЭМЭГДЖЭЭ
 
       Өнөө жил манай улс ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг “Асуудлыг шийдье, ДОХ-ын хариу арга хэмжээг сайжруулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтжээ. Улсын хэмжээнд он гарснаас хойш ХДХВ-ний халдварын тоо 36-гаар нэмэгдсэн юм байна. Жилийн эцэс гэхэд эл үзүүлэлт 48 болж нэмэгдэж болзошгүй гэсэн урьдчилсан таамаглал ч дэвшүүлээд байгааг дээрх уулзалтын үеэр мэдээлсэн. Манайд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын халдвартай нийт өвчтөний 83 хувь нь эрэгтэй, 14.6 хувь нь эмэгтэй, үлдсэн нь трансжендер гэнэ. Өвчлөгсдийн олонх нь 20-44 насныхан бөгөөд 99.7 хувьд нь бэлгийн замаар халдвар дамжжээ. Иймд хүн амын дундах уг өвчний эрсдэлийг ямагт тодорхойлж, ХДХВ-ний эмчилгээ, оношилгооны санхүүжилтийг нэмэгдүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд урьдын адил тасралтгүй авч хэрэгжүүлэх нь чухал гэв. Мөн өвчтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах, хүнлэг бус хандахын эсрэг бүх нийтээрээ нэгдсэн ойлголттой байхыг зөвлөлөө.
 
С.ГЭРЭЛМАА: ЭРҮҮЛ МЭНДЭЭ ЭМНЭЛГЭЭС БИШ, ЭРГЭН ТОЙРНООСОО ХАЙ
 
       ДЭМБ-ын Ерөнхий Захирал А.Тедрос “Эрүүл мэндийн хамгийн өндөр стандартад хүрэх улс орнуудын алсын хараа нь эмнэлгээс биш, харин сургууль, гудамж, супермаркет, айл өрх, хот, ялангуяа гэр орноосоо эхлэх учиртай” хэмээсэн байдаг. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах тухай ойлголт юм. НЭМҮТ-ийн ЭМДА-ны дарга С.Гэрэлмаа иргэдийн ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулахад хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн оролцооны талаар илтгэл тавихдаа энэ талаар тодруулж ярьсан юм. Тэрбээр “Эрүүл мэндээ эмнэлгээс биш, эргэн тойрноосоо хай гэдэг нь туйлын үнэн философи. Нийгмийн эрүүл мэндийг дэмжих үндсэн зарчим нь тэгш байдал, хүртээмжтэй хөгжил, салбар хоорондын хамтын ажиллагаа, хүний эрх, нотолгоонд суурилсан үйл ажиллагаа, инновац байдаг. Тэр дундаа иргэдийн эрүүл мэндийг тодорхойлогч гол хүчин зүйлийн нэгдүгээрт хувь хүний зан үйл, удамшил, цаашлаад бусад салбарын хамтын ажиллагаа, эрүүл мэндийн байгууллага, эмч, ажилтны үүрэг, оролцооноос хамаарна. Харин хүн амыг өвчлөл, нас баралтад хүргэж буй эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах нь төр, засгийнхын үүрэг бөгөөд үүнд хот байгуулалт, зам, тээвэр, боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, хүүхэд хамгаалал, нийгмийн харилцаа, хүнс, тэжээл, биеийн тамир, спорт гээд бүгд хамаатай” гэж ярилаа.

Он гарснаас хойш ХДХВ-ний халдварын тохиолдол 36-гаар нэмэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188