• Өнөөдөр 2024-05-02

2020 оны ОНЦЛОХ 20 ҮЙЛ ЯВДАЛ

2020-12-30,   1692

Монголчуудын хувьд олон гэгээн үйл явдлаар дүүрэн нэгэн сайхан он улиран одох гэж байна. Хэдийгээр “КОВИД-19” цар тахал монголчуудыг төдийгүй дэлхий нийтийг сандаргаж, хүн төрөлхтний амьдрал, ажил хөдөлмөрийн нэгэн хэвийн хэв маягийг орвонгоор нь эргүүлсэн ч, шинэ сорил, шинэ боломж, шинэ бизнес, хайртай дотнын хүмүүстэйгээ цагийг илүү урт хугацаанд жаргалтай өнгөрүүлэнгээ амьдралаа залгуулах, карьерын хувьд өөртэйгээ ажиллан өсөн дэвших эрэл, боломжийн эхлэлийг нийтэд нь олгосон гэж “үнэлж” болохоор жил боллоо. Нөгөөтэйгүүр тасралтгүй, тогтвортой үргэлжлэх ёстой мөнхийн өрсөлдөөн дунд “уовхчиж” байдаг эдийн засаг, бизнес, худалдаа наймааны хэв маяг, дэс дарааллыг алдагдуулж, олон зуун сая хүнийг “хоол”-ноос нь салгасан хүндхэн жил үргэлжилж байна. Энэхүү зөвхөн монголчуудыг бус нийт хүн төрөлхтнийг сорьсон 2020 онд Монголд тохиосон 20 үйл явдлыг онцлон хүргэж байна.

ҮНДСЭН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭВ

2020 онд болж өнгөрсөн үйл явдлуудаас хамгийн онцлох нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн явдал байлаа. Эцэг хуулийн шинэчлэлээр төрийн эрх мэдлийн харилцан хяналт-тэнцэл бий болох суурь тавигдсан хэмээн хуульчид онцолж буй.  Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт оруулсан.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр:

  • Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон нэмэлт, өөрчлөлтийг засч,
  • Байгалийн баялаг ашигласны үр өгөөж ард түмэнд очих нөхцөл боломжийг нээж өгч,
  • Парламентын ардчиллыг зөв гольдролд оруулж, ард түмний засаглах эрхийг ханган УИХ-ын хяналт, хариуцлагыг дээшлүүлж, төрийн эрх мэдлийн хяналт тэнцлийг оновчтой болгов,
  • Урт хугацааны хөгжлийн бодлоготой, хариуцлагатай, тогтвортой Засгийн газар ажиллах нөхцөлийг бүрдүүлж,
  • Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа байх ёстой шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахад чиглэсэн зарчмын шинжтэй өөрчлөлт оруулж,
  • Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн өөрчлөлт хийв.

Эдгээр өөрчлөлтийг хөрсөн дээр нь буулган хэрэгжүүлэхэд ирэх дөрвөн жил засаглалын реформ, эрх зүйн хувьсгалууд хийгдэж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд дагалдан гарах 40 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Ингэж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол зарчмуудыг суулгаж байж, эцэг хуулийн өөрчлөлт бүрэн утгаараа “амь” орох юм.

МАН ДАХИН ҮНЭМЛЭХҮЙ ЯЛЖ, АН ДАХИН “УНАСАН” СОНГУУЛЬ

УИХ болон орон нутгийн сонгууль цар тахлын “хажуугаар” болсон онцлох үйл явдлын нэгээр нэрлэгдэнэ.

УИХ-ын сонгуульд улс төрийн 13 нам, дөрвөн эвсэл, 121 бие даагч зэрэг 606 хүн нэр дэвшиж, өрсөлдсөнөөс МАН 62 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан бол Ардчилсан нам 11 суудалтай, "Зөв хүн Электорат" эвсэл нэг, "Та бидний эвсэл" нэг, бие даагч нэг сонгогдов. Мөн энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан 38 нэр дэвшигч нь анх удаа сонгогдсон бол 13 нь эмэгтэй гишүүн байв. Сонгуулийн үеэр АН болон МАН-аас нэр дэвшигчдийг хууль, шүүхээс баривчлан хорьсон нь дуулиан тарьсан юм. Мөн түүхэндээ анх удаа шоронгоос УИХ-ын гишүүнээр  шоронгоос сонгогдсон хүн бол Ж.Эрдэнэбат байлаа.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх барьсан МАН, тэр дундаа сүүлийн хоёр жил намаа, Засгийн газраа удирдсан У.Хүрэлсүхийн баг улиран сонгогдож, Засгийн газраа ч байгуулсан. Харин Ардчилсан нам дотоод зөрчилтэйгөө зууралдсаар, чадамжгүй нэр дэвшигчдийг сонгогчдод санал болгосон нь хоёр дахь удаагаа үнэмлэхүй ялагдах шалтгаан болсон гэж дүгнэж буй.

УЛС ТӨРИЙН ХОРИГДЛУУД БА ЕРӨНХИЙ САЙДУУД ЯЛ ШИЙТГҮҮЛЭВ

2020 он Монголын улс төрийн түүхэнд хараар бичигдэх үйл явдлаар дүүрэн жил байлаа. Учир нь, энэ онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, С.Баяр, Ж.Эрдэнэбат, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Б.Болор, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Да.Ганболд, "Эрдэнэс Монгол" компанийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, прокурор Г.Эрдэнэбат нарын 14 хүнд шүүхээс ял шийтгэл оноогоод байна. Тэр тусмаа зургадугаар сарын 24-нд болсон УИХ-д нэр дэвшин өрсөлдөж байсан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарыг баривчлан хорьсон нь Монголын улс төрийн түүхэнд, урьд өмнөх сонгуулиудад гарч байгаагүй үйл явдал болсон юм.

Тодруулбал, М.Энхсайханыг анх Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулахдаа бусдад хууль бус давуу байдал олгосон, эдийн засгийг хорлон сүйтгэхийг оролдсон, терроризм үйлдэхийг завдсан хэмээн яллагдагчаар татаж, эцэстээ авто машины хэрэг тохон 4.6 жилийн ял оноосон. Мөн С.Баяр, С.Баярцогт нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал олгосон, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн яллагдагчаар татсан ч энэ нь нотлогдоогүй тул сүүлдээ үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буруутган С.Баярт 2.6 жил, С.Баярцогтод 4.8 жилийн ял ногдуулаад байна. Оросын “Ростех”-ийн мэдэлд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголд худалдан авчирч, 100 хувь үндэсний компани болгосны төлөө УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад 4.5 жил, Б.Болорт 3.5 жил, Дубайн гэрээгээр Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт 1.3 жилийн  ял оноогоод байна. Түүнчлэн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаа, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаярыг 5.5 жилийн хорих ял оноосон юм.

ЯМААНД УРАМШУУЛАЛ ӨГСӨН ЗАСГИЙН ГАЗАР

Өнгөрсөн гуравдугаар сарын эхээр ноолуурын түүхий эд бэлтгэх, нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах үүднээс “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний” тухай тогтоол баталж байлаа. Үүнд, Хөгжлийн банканд “Ноолуур” хөтөлбөрийн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүг Монголбанкны бодлогын хүү буурсантай уялдуулан бууруулах, барьцаа хөрөнгийн нөхцлийг хөнгөрүүлэх, Үндэсний үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн татаас олгох асуудал багтсан юм. Улмаар түүхий эдийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 300 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгосон зээлийн хүүгийн татаасанд 30 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхийг зөвшөөрч, эх үүсвэрийг судлан шийдвэрлэж байв.

Ноолуурын салбарынхан 2020 онд нэг килограмм ноолуурыг 100 мянган төгрөгөөр тооцож, нийт таван мянган тонн ноолуур худалдан авахаар төлөвлөж, ноолуур бэлтгэлд ойролцоогоор 456.1 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө шаардлагатай гэж үзэж байсан юм. Иймд Хөгжлийн банкны эх үүсвэрээр ноолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй олгохоор болж, үйлдвэрүүдийн зээлийн хүүгийн татаасыг жилийн гурван хувийн хүүтэй байхаар тооцож, улмаар малчдад улсад тушаасан кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгосон түүхтэй.

ДИПЛОМАТЧИД ТӨРИЙН АЛБЫГ ШОРООТОЙ ХУТГАВ

Туркийн Истанбул дахь Ерөнхий консулын газрын нэр бүхий ажилтнууд хар тамхи зөөж, тээвэрлээд зогсохгүй, Ази, Европ тивийг дамнасан “Халим” хэмээх бүлэглэлийнхний гар, хөл болж байсныг гадаадын хууль сахиулагчид өнгөрсөн нэгдүгээр сард илрүүлэн саатуулсан байдаг. Тодруулбал, Туркийн Истанбул дахь Ерөнхий консулын дэд консул Б.Баттүшиг, ажилтан С.Эрдэнэбаяр суудаг нарын димпломатчид 70 кг герионыг Чехээс Герман руу зөөж яваад баригдсан. Монгол Улсын нэр хүндийг дэлхийд өндөрт өргөж явах ёстой дипломат ажилтнууд ёс зүйгээ, өргөсөн тангаргаа умартсан тэдэнд ХБНГУ-аас тус бүр 11 жилийн хорих ял ногдуулаад байгаа билээ.

АНХ УДАА ОНЛАЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийг нөмөрсөн цар тахлын улмаас монгол түмэн Цагаан сарын баярыг гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэн өнгөрүүлсэн бол Үндэсний их баяр наадмыг түүхэндээ анх удаа үзэгчгүй, цахимаар зохион байгууллаа. Үндэсний их баяр наадмыг XIII зуун цогцолборт үзэгчгүйгээр зохион байгуулж, нээлтийн ажиллагааг Монголын телевизүүдийн холбоо шууд дамжуулан үзүүлсэн. Тэгвэл энэ удаад ч дотоодод халдвар гарсантай холбоотойгоор шинэ жилийн арга хэмжээг нийтээр зохион байгуулахыг хориглож, монголчууд 2021 оныг гэр гэртээ угтах гэж байна.

МОНГОЛЧУУД АНХ УДАА БАЯЛГИЙНХАА НОГДОЛ АШГИЙГ ХҮРТЭЖ, “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛЛӨӨ

 “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 онд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, анх удаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн.  Ингэснээр монголчууд анх удаа байгалийн баялгаасаа ногдол ашиг хүртсэн юм. Тус компанийн хувьцаа эзэмшигч 2.512,768 иргэн, 486 аж ахуйн нэгжид ногдох нэгж хувьцаанд нь 90₮ буюу нийт 179.8 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тус компани олгов.

Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэр энэ онд 32.5 сая тонн хүдэр боловсруулж, 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, улс, орон нутгийн төсвийн төлбөрөө нэг их наяд төгрөгийг давуулсан нь тус үйлдвэрийн түүхэнд хамгийн өндөр амжилт болж, хамгийн их үндэсний баялаг бүтээсэн жил болсон гэв.

30 ЖИЛИЙН ДАРАА СОЁЛЫН ЯАМТАЙ БОЛЛОО

У.Хүрэлсүх Засгийн газраа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Соёлын яам болгон хувааж, 14 яам, нийт 17 сайдтайгаар байгуулсан. Ингэснээр соёл, урлагийн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, соёлын үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын биет өвөө хадгалах, хамгаалах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, ард иргэдийг соён гэгээрүүлэх ач холбогдолтой бодлогын яамтай болсон билээ.

Манай улсад анх 1956 онд Соёлын яам байгуулагдаж, 1959 онд татан буугдсан. 1961 онд дахин байгуулагдаж, 29 жил ажиллах хугацаандаа кино урлаг, сонгодог урлаг, цирк , театрыг хөгжүүлж байгаад 1990 онд татан буугдсан түүхтэй. Тэгвэл 30 жилийн дараа Монгол Улс Соёлын яамтай болж, бодлого, анхаарлын гадна үлдээд байсан соёл, урлагийн олон байгууллага харьяалагдах газартай болсон юм.

ХҮҮХДЭД ЭЭЛГҮЙ МОНГОЛ БУЮУ ХАРАМСАЛТАЙ ХЭРГҮҮД

Хэрвээ шалгаруулдаг бол хүүхдэд ээлгүй орноор Монгол Улс тэргүүн байрт ойрын хэдэн жилдээ өрсөлдөгчгүй зогсохоор харамсалтай хэргүүд бараг өдөр дараалан гарч байна гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, энэ оны эхээр Дархан-Уул аймагт нэг айлын гурван хүүхэд гэртээ цахилгаанд цохиулан амиа алдсан харамсалтай хэрэг гарч, олныг уй гашууд автуулсан билээ. Гэвч уг харамсалтай үйл явдлаас нэг их удалгүй буюу өнгөрсөн тавдугаар сард Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хашаан дахь усан халианд өсвөр насны дөрвөн хүүхэд живж, эндсэн юм. Түүнчлэн зөвхөн энэ онд Улаанбаатар хотод бага насны гурван хүүхэд угаартаж амиа алдсан бол өнгөрсөн аравдугаар сард Сонгинохайрхан дүүрэгт 2-7 насны дөрвөн хүүхэд гэртэйгээ, энэ сарын 17-нд Баянзүрх дүүрэгт дөрөв болон зургаан настай хоёр хүүхэд гэртэйгээ шатаж, эндлээ.

Ингээд зогсохгүй томчуудын хүчирхийлэл, зодуурын улмаас хэд хэдэн хүүхэд амиа алдсан аймшигт хэрэг гарсан билээ. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын 20-нд есөн настай охин хойт эцэгтээ удаа дараа зодуулсны улмаас амиа алдсан билээ. Шүүх шинжилгээний үндэсний төвөөс талийгаач охины нүүр, дух зүүн хацарт хуучин зулгаралттай. Баруун талын 3-11, зүүн талын 4-11 дүгээр хавирга хугарч, бороолсон байсан. 12 хуруу гэдэс 0.5х0.6 хэмжээний няцралттай. Бүдүүн гэдэсний чацархай урагдсан. Бүдүүн гэдэс орчимд нэг литр бохирлогдсон шингэнтэй. 12 хуруу гэдэс орчимд 500 грамм бохирлогдсон шингэнтэй байсан. Урьдчилсан байдлаар бүдүүн гэдэс урагдаж, нарийн гэдэс цоорсон учир бохир шингэнээс хордож, нас барсан байх магадлалтай. Нарийн, бүдүүн гэдэс цоорч урагдсан шалтгаан нь тодорхой гадаргуутай зүйлээр цохисон байх магадлалтай хэмээн танилцуулсан юм.

Үүнээс гадна өнгөрч буй энэ онд зам тээврийн осолд 172 хүүхэд өртөж,  29 нь амиа алдсан харамсалтай мэдээ байна.

ЭХ ХЭЛНИЙ ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ МОНГОЛ ҮНДЭСТНИЙГ НЭГТГЭВ

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд өнгөрсөн есдүгээр сард өрнөсөн эх хэлээ хамгаалах тэмцэл дэлхий даяар тархан суурьшсан монгол үндэстнийг язгуур соёлоо хамгаалах үзэл санаанд нэгтгэсэн нь 2020 оны онцлох үйл явдлын нэг байлаа. Монгол үндэстнийг бусад улс, үндэстнээс товойлгож, өнөөдрийг хүртэл газар нутаг хаана байгаагаас үл хамааран хэдэн зууны турш үзэл санаагаар нь нэгтгэн, зангидаж ирсэн үнэт зүйл бол монгол хэл, бичиг, монгол хэл яах аргагүй мөн билээ.

Өвөрмонголын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгдүгээр ангиасаа монгол хэл, бичиг үздэг байсан сургалтын хөтөлбөрт нь өөрчлөлт оруулж, хятад хэлийг нэгдүгээр ангиас “Хэл бичиг” нэртэйгээр заахаар тогтож, 2021 оноос улс төрийн хичээлийг, 2022 оноос түүхийн хичээлийг хятад хэлээр заахаар болсон нь Өвөр Монгол даяар тэмцэл өрнүүлэхэд хүргэсэн юм.

Энэхүү оюун санааны тэмцлийг дэлхийн өнцөг булан бүрт суугаа монгол үндэстэн төдийгүй иргэний нийгэм, төрийн бус байгууллага, Монголын бурхан шашны сүм хийд, холбоод дэмжиж, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилсан өнгөрсөн есдүгээр сарын 15-нд Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж таарсан юм. Тайван жагсаалд оролцсон иргэд “Түүх, хэл бичгийг нь устгана гэдэг үндэстэнг устгаж байна гэсэн үг. Бид өвөрлөгч нарыгаа өмгөөлж, жагсч байна. Бидэнтэй л адил хэл, бичгээ хамгаалж байгаа хүмүүс. Төрийн гурван өндөрлөг энэ асуудалд байр сууриа илэрхийлэх ёстой” хэмээн мэдэгдэж байв.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ЗУРГААН ХУВЬ БОЛГОН БУУРУУЛАВ

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт оруулж, өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс зургаан хувийн хүүтэйгээр зээл олгож эхэлсэн. УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн МАН-ын мөрийн хөтөлбөрт анх удаа байр авч байгаа бага, дунд орлоготой иргэдэд 4-6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгохоор тусгасан. Энэ амлалтаа намрын чуулганаар батална хэлэлцэн баталсан нь энэ.  

ЖДҮ-ИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД ЯЛАА ТОРГУУЛЬ БОЛГОЖ ДӨНГӨВ

ЖДҮХС-гаас эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль зөрчин зээл авсан УИХ-ын экс гишүүдэд шүүхээс ялгаатай ял шийтгэл оногдуулсан. ЖДҮ эрхлэгчдэд очдог нэн хөнгөлөлттэй зээлийг өөрийн болон бусад УИХ-ын гишүүн, өндөр албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд олгоход нөлөөлсөн гол эзэн болох ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, 2.5 жил хорих ял оногдуулсан ч давж заалдах шатны шүүхээс нийтийн албанд томилогдох зургаан жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав. Мөн УИХ-ын гишүүн асан Г.Солтанд гурван жил хорих ял оноосон бол Д.Дамба-Очирт 3.5 жилийн хорих ял оногдуулсан. Харин УЕПГ-аас 2019 онд УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах санал оруулж байсан дөрвөн гишүүний нэг болох Л.Энхболдын хэрэг шүүхэд шилжээгүй байна. Түүнийг "Эрдэнэс Монгол"-ын дэд захирал болохоор санаархаж байгаа мэдээлэл сүүлийн үед цацагдах болсон.

ФАТФ-ЫН СААРАЛ, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХАР ЖАГСААЛТААС ГАРАВ

Монгол Улс 2020 оны аравдугаар сарын 24-нд Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага болох ФАТФ-ын Саарал жагсаалтаас гарав. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тогтолцоо хангалтгүй байсан манай орон энэ хүрээнд үл хөдлөх хөрөнгө зуучлал, алт, үнэт эдлэлийн арилжаа эрхлэгчид зэрэг өмнө нь бүртгэлгүй байсан, мөнгө угаах эрсдэлтэй салбаруудаа хяналтдаа оруулж авсан.

Түүнээс гадна Европын комиссын “Татварын сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэхэд Европийн Холбоотой хамтран ажиллах шаардлагатай улсуудын жагсаалт” буюу Европын Холбооны хар жагсаалтад орсон байснаа монголчууд Гадаад харилцааны сайдынхаа жиргээнээс олж мэдэв. Харин уг жагсаалтаас 2020 оны аравдугаар сарын 6-нд гаргах шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар шийдвэрлэснээр манай улс санхүүгийн хоригуудаас гарсан юм.

ТӨМӨР ЗАМАА “ТҮРГЭЛҮҮЛЭВ”

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг “Тавантолгой төмөр зам” компани захиалан бариулж, ерөнхий гүйцэтгэгчээр нь “Бодь интернэшнл” ажиллаж байна. Тэгвэл Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын захиалагч нь “Монголын төмөр зам” бол ерөнхий гүйцэтгэгч нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг юм. Хоёр төмөр замыг монголчууд өөрсдийн инженерийн ухаан, хуримтлуулсан туршлагаар барьж буйгаараа онцлогтой. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 260 км төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийнх. Өөрөөр хэлбэл, монголчууд өндөр зэрэглэлийн төмөр замыг өөрсдөө тавьж байна гэсэн үг. Уг төмөр замын зам төмөр нь залгаасгүй байх агаад ингэж хийснээр галт тэрэг илүү хурдан давхих боломж бүрдэх аж. Тавантолгойн ордоос өмнөд хилийг чиглэх төмөр замын зам төмрийг 100 км гагнаж, залгаасгүй болгожээ. Мөн газар шорооны ажлыг бүрэн гүйцэтгэсэн байна. Гүүр хоолойн ажил нь ч бараг дуусаж буй гэнэ. Уг төмөр замыг 2022 онд ашиглалтад оруулна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дөрөвдүгээр зэрэглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад 6200 хүн ажилласан байна. Тэд энэ онд 228.5 км төмөр замыг 100 хувь ашиглалтад оруулжээ. Уг төмөр замын урт 416 км. Тэгэхээр төмөр замын талаас илүүг ашиглалтад оруулсан гэсэн үг. Үүнээс гадна төмөр замын доод бүтэц, хиймэл байгууламжийн ажил бүрэн дууссан. Өртөөний барилга байгууламж барих ажил 76, эрчим хүчний шугам татах нь 80, холбооны шилэн кабель тавих нь 71 хувьтай байгаа аж. Уг төмөр замыг 2022 ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Дээрх хоёр төмөр замыг тавьснаар 3000 орчим шууд ажлын байр бий болж, ашигт малтмалын 40 орчим ордын баялгийг хямд өртгөөр тээвэрлэх дэд бүтцийн нөхцөл бүрдэх юм. Монголчууд 70 жилийн дараа төмөр замын том төсөл хэрэгжүүлж буй нь энэ.

АННА КАРЕНИНА МОНГОЛД

Анна Каренина Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” зохиол Монголын тайзнаа анх удаа амиллаа. Дэлхийн алдартай сонгодог зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажилласан бол Анна Каренинагийн дүрийг УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд нар бүтээсэн юм. “Анна Каренина” жүжгийг сарын хугацаанд 16 мянган үзэгч үзжээ.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛҮҮД ХААЛГАА “БАРЬЖ”, АЖИЛГҮЙДЭЛ НЭМЭГДЛЭЭ

“КОВИД-19” цар тахал эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийг цочроож, зөвхөн нийлүүлэлт (бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ) төдийгүй хэрэглээ, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлсөөр байна. Бизнесийн хэмжээнээс үл хамааран бүх төрлийн бизнес, ялангуяа агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарын орлого тасалдах, дампуурах, ажлын байраа алдах зэргээр ихээхэн бэрхшээл учруулав. Ялангуяа жижиг, дунд үйлдвэрүүд (ЖДҮ)-ийн хувьд багагүй хүндрэл үүсээд байна.

2020 оны хоёрдугаар улиралд Монголд нийт 8000 ажлын байр цомхтголд орох (“КОВИД-19” вирусийн ажлын байрны нөлөөллийн судалгааны тайлан. МҮХАҮТ) тооцоо судалгаанаас харж болно. Ажлын байрны тооны өөрчлөлтийг салбараар харвал зочид буудал, нийтийн хоолны 52 хувь, аялал жуулчлалын 44 хувь, банк санхүүгийн 42 хувь, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын 39 хувь нь ажлын байрны тоогоо бууруулжээ. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны арваннэгдүгээр сард 6.4 мянган хүн шинээр бүртгүүлсний 3.6 (55.3 хувь) мянга нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байгаа нь өмнөх сараас 511 (16.7 хувь) хүнээр өссөн үзүүлэлт (ҮСХ) байв.

Улс хоорондын хөдөлгөөнийг зогсоож, хил хаах, хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ авсны улмаас олон ажилчин, тэр дундаа албан бус эдийн засагт ажиллаж байгаа болон тохиолдлын чанартай ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд ажилдаа ирж очиж чадахгүй, ажил эрхлэх боломжгүйд хүрч, цалин, орлогогүй болох зэргээр олон хүндрэлийг даван туулах зайлшгүй шаардлагатай болов.

ЭДИЙН ЗАСАГ УНАСААР БАЙНА

Эдийн засгийн өсөлт 2-3 улирал дараалан хасах үзүүлэлттэй гарвал “Хямрал” бодитой нүүрлэсэн гэж үздэг. Тэгвэл ДНБ 2020 оны эхний гурван улирал дараалан -10.7 хувиас - 7.3 хувь хүртэл агшсан нь 2009 оноос хойших хамгийн муу үзүүлэлт юм. Арваннэгдүгээр сарын гүйцэтгэлээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3.7 их наяд төгрөгийн алдагдалтай гарав. 2020 оны төсвийн орлого 700 тэрбум төгрөгөөр тасраад байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн. Гэвч нөхцөл байдал ийм байсан ч төсвөө тодотгохгүй гэдгээ илэрхийлсээр дараа онтой золгох гэж байна.

Улсын нийт гадаад өр 2020 оны эхний есдүгээр сард 31.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.3 (4.2 хувь) тэрбум доллар, өмнөх улирлаас 378.5 (1.2 хувь) сая ам.доллараар өсөв. Засгийн газрын нийт өрийн 23.0 их наяд төгрөг буюу 87.7 хувь нь гадаад өр, 1.3 их наяд төгрөг буюу 5.0 хувь нь дотоод өр, 1.1 их наяд төгрөг буюу дөрвөн хувь нь Засгийн газрын өрийн баталгаа, 0.9 их наяд төгрөг буюу 3.3 хувь нь барих-шилжүүлэх төрлийн концесс байна.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.1 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 8.3 их наяд төгрөг байна. Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 91.0 хувийг эзэлж байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 12.0 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 3.7 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2020 оны арваннэгдүгээр сард 0.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 160.5 (18.8 хувь) тэрбум төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 228.1 (16.6 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ.

Гэхдээ нэг онцлох зүйл нь эдийн засгийн хямралтай ч Засгийн газар 600 сая ам.долларын 5.5 жилийн хугацаатай “Номад” бондыг жилийн 5.125 хувийн хүүтэй арилжиж чадсан нь амжилт байв. Эл хөрөнгөөр 10.875 хувийн хүүтэй 500 сая “ногоон”-ы “Мазаалай” бондын өрийг дарж, “Чингис” бондын заримыг худалдаж авснаар өрийн дарамтыг бууруулав.

ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ХАМГААЛАХААР ҮНДЭСНИЙ ТҮР ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДАВ

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 13.14 дэх хэсэгт хэвлэл мэдээллийн салбарынхан төдийгүй иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хумисан, ялын бодлогыг чангаруулах замаар хэвлэн нийтлэх эрх чөлөөг хааж боох агуулгатай өөрчлөлтийг ХЗДХ-ийн яамнаас санаачлаад байгаа. Үүнтэй зэрэгцэн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд төрийн оролцоотойгоор хэвлэлийн эрх чөлөөг хяналтдаа авах зохицуулалт оруулах гэж байгаа нь сэтгүүлзүйн салбарын эсэргүүцэлтэй тулгараад байна. Энэ ч үүднээс Хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй эвсэл, холбоод, мэргэжлийн байгууллагууд нэгдэж, энэ сарын 17-нд Хэвлэлийн эрх чөлөөний төлөө үндэсний түр зөвлөл байгуулсан.

Тус зөвлөл нь мэргэжлийн хуульчдын баг ажиллуулж, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өөрсдөө боловсруулж, УИХ-аар батлуулах хүртэл ажиллах юм. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид тус хуулийн төслийг боловсруулах, хууль санаачлах субьектээ өөрсдөө сонгох санаачилгад өргөн бүрэлдэхүүнтэйгээр нэгдсэнээ зарласан юм.

МОНГОЛ ЭРДЭМТЭД КОРОНАВИРУС ИЛРҮҮЛЭХ ОНОШЛУУР БҮТЭЭВ

Академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори,  ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан баг шинэ төрлийн короновирус буюу SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурыг гарган авлаа. Эрдэмтэд Шинжлэх ухаан академи болон Шинжлэх ухаан технологийн Сангийн дэмжлэгтэйгээр ийнхүү SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурын цомгийг орчин үеийн генийн инженерчлэл,  молекул биологи, иммунологийн арга ашиглан богино хугацаанд гарган авсан юм.

Уг оношлуур нь хүний цус, сийвэнд SARS-CoV2  вирусын халдварын эсрэг бие үүсч дархлаа тогтсон эсэхийг богино хугацаанд илрүүлэх бөгөөд дараах  давуу талтай  юм. Үүнд:

 - SARS-CoV2  вирусийн халдварын явцыг хянах,

- Ковид19  өвчний эмчилгээний үр дүнг хянах,

- Дээрх вирусийн халдвар авсан ч шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг илрүүлэх,

- Тусгаарлалтад байх хүнийг сонгох (хэрэв уг вирусийн эсрэг дархлаатай бол тусгаарлах шаардлагагүй),

- Эмнэлгийн ажилтнууд SARS-CoV2  вирусийн дархлаатай эсэхийг мэдэх,

- SARS-CoV2 вирусийн эсрэг дархлаа тогтоцыг хянах, судлах,

- Хүн амын дундах дархлаа тогтолцоо,  “сүргийн”  дархлааг тодорхойлох,

- Хэрэглэхэд хялбар, аль ч зэрэглэлийн лабораторид ашиглаж болох  давуу талтай.

“КОВИД-“19 БА МОНГОЛ УЛС

КОРОНАВИРУС БА МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ХӨЛ ХОРИО ХЭСЭГЧЛЭН ТОГТООВ

2020 оны нэгдүгээр сарын сүүлчээс БНХАУ-ын Ухань хотоос эхлэлтэй шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн улс орнуудад ээлж дараалан бүртгэгдэж, БНХАУ-тай хил залгаа оршдог манай улсыг маш эрсдэлтэй хэмээн үнэлсэн. Засгийн газрын зүгээс урьдчилан сэргийлэх зорилгоор анх удаа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжиж, нийслэлийн хэмжээнд үйлчилгээний газрууд, олон нийт цугладаг байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргав. ОХУ-аар дамжин хил нэвтэрсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрснээр 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад COVID-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй зэрэгцээд гуравдугаар сарын 12-ны өдөр ДЭМБ шинэ төрлийн коронавирусийн халдварыг "Цар тахал" болсон гэдгийг албан ёсоор зарласан юм.

МОНГОЛ УЛС АНХ УДАА ХИЛЭЭ ХААЖ, ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР ИРГЭДЭЭ ТАТАВ

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор Монгол Улс эхлээд БНХАУ хоорондын нислэг, төмөр замын зорчигч тээврийг бүрэн зогсоосон бол өвчний дэгдэлт эрчимтэй нэмэгдсэний улмаас бусад чиглэлийн нислэгүүдээ ч цуцалсан билээ. Улмаар 2020 оны нэгдүгээр сард БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх орондоо шилжүүлэн авах ажлыг Монгол Улсын Засгийн газар, ГХЯ-ны Консулын газар Хятадын талтай холбогдон зохион байгуулж, “МИАТ” ТӨХК Ухань хот руу тусгай үүргийн нислэгийг амжилттай гүйцэтгэв.

Энэ бол Монгол Улс гадаад улс орнуудаас тусгай үүргийн нислэгээр иргэдээ авсан анхны тохиолдол байсан бөгөөд цар тахалтай холбоотойгоор бусад улс орноос иргэдээ эх оронд нь авчрах томоохон ажлын эхлэл байв. Ийнхүү өнгөрсөн хугацаанд 109 удаагийн нислэгээр 21 мянга орчим иргэнээ дэлхийн улс орнуудаас татан авсан бол авто зам болон явганаар авчирсан иргэдээ оролцуулбал 28 мянга гаруй хүн нутагтаа иржээ.

КОРОНАВИРУСИЙН ҮЕД ХЯТАДАД АЙЛЧИЛСАН АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БОЛЖ, 30.000 ХОНЬ БЭЛЭГЛЭВ

Коронавирусийн халдвар өмнөд хөршид анх бүртгэгдэн, дэлхий нийтийг түгшүүрт автуулаад байсан үе буюу энэ оны хоёрдугаар сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад албан ёсоор айлчилсан анхны төрийн тэргүүн болов. Энэ удаагийн айлчлал очсон өдрөө буцах давчуу цагийн хуваарьтай байсан ч хоёр орны харилцаанд тодоор бичигдэх түүхэн айлчлал болсон юм.

Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д 30 мянган хонь бэлэглэхээ мэдэгдсэн нь найрсаг хөршийн харилцааг бататгахын зэрэгцээ талархал хүлээсэн явдал болов. Төрийн тэргүүн айлчлалаа өндөрлүүлээд халдвар хамгааллын дэглэм сахин тусгаарлагдсан бөгөөд бэлэгний хонийг өнгөрсөн аравдугаар сард амьдаар нь Хятадын талд хүлээлгэн өгсөн билээ.

БҮХ ШАТНЫ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОГСОВ

Цар тахлын үед хөрш орны хувьд манай улс болзошгүй аюулаас сэргийлэхээр яаралтай арга хэмжээ авсны нэг нь бүх шатны боловсролын байгууллагыг танхимаар хичээл сургалтаа явуулахыг хориглох байв. Улсын Онцгой комиссоос 2020 оны нэгдүгээр сарын 24-нд уг шийдвэрийг гаргаснаар Монгол Улсын боловсролын салбар 2019-2020 оны хичээлийн жилийн хагаст нь анх удаа цахимаар болон теле хэлбэрээр сургалтаа явууллаа. Дотооддоо COVID-19-ийн халдвар бүртгэгдээгүй улс орнууд боловсролын үйл ажиллагаагаа халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үргэлжлүүлэхийг НҮБ улс орнуудад уриалсаар байв.

Хэдийгээр манай улсын теле хичээлийг үлгэр жишээ зохион байгуулж байгааг дурдаж байсан ч НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаагаар сурагчдын 16 орчим хувь нь теле хичээлийг хангалттай хэмжээнд үзэх боломжгүй байсан бол 57 хувь нь ойлгомжгүй байсан гэж сурагчид үнэлсэн юм.

ЗУРГААН ИХ НАЯД ТӨГРӨГИЙН БАГЦ БА ЗАСГИЙН ГАЗАР АНХ УДАА НДШ-ИЙН ТӨЛӨЛТИЙГ ТЭГЛЭВ

Эдийн засаг дахь цар тахлын нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газар хамгийн түрүүнд зургаан их наяд төгрөгийн өртөг бүхий хөтөлбөр хэрэгжүүлэв. Энэ хүрээнд анх удаа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийн мөнгийг хагас жилийн хугацаанд тэглэх, үйл ажиллагаа нь зогссон ААН-үүдийн ажилчдад 200 мянган төгрөгийн тэтгэмж олгох, Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгох зэрэг шийдвэрүүдийг гаргасан юм.

Энэхүү шийдвэрийн дүнд 567 мянган хүн, 38.4 мянган ажил олгогч НДШ-ээс чөлөөлөгдөж, 7200 аж ахуйн нэгжийн 80.5 мянган хүн 200 мянган төгрөгийг гурван сар авсан бол хүнсний талон, халамж зэргийг хоёр дахин нэмэгдүүлж олгов. Мөн ипотекийн зээлийн төлөлтөө 38.2 мянган иргэн хойшлуулсан нь өрхийн хувьд томоохон дэмжлэг болсон юм.

ДОТООДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ОРОН НУТГИЙГ ЗОРЬЖ АМРАХ ИРГЭДИЙН ТОО НЭМЭГДЭВ

“Ковид-19” цар тахалтай холбоотойгоор дотоодын аялал жуулчлал эрчимжсэн жил байв. Долдугаар сарын 9-15-нд Улаанбаатар хотоос 330.000 тээврийн хэрэгсэл орон нутгийн замд гарсан нь өмнөх оноос гурав дахин өссөн үзүүлэлт болсон.

ХАЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

Монгол Улсын Засгийн газар цар тахлын хүнд нөхцөлд ард иргэдийнхээ ачаанаас хөнгөлөх багагүй алхмууд хийв. Тухайлбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, БССБ, крипто валюттай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бөөний болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид, интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл, цементийн үйлдвэр ажиллуулж байгаа 9-өөс бусад аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулаан, хогны мөнгийг төр хариуцах шийдвэр гаргасан нь чухал дэмжлэг болж байна. Мөн гэр хорооллын иргэдэд нэг шуудай шахмал түлшний үнийг 75 хувь хүртэл бууруулах багц шийдвэр гаргасанд иргэд ам сайтай байгаа юм.

Төв банк Covid-19 цар тахлын нөлөөг бууруулах зорилгоор шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд, шинээр нэвтрүүлж буй санхүүжилтийн хэрэгслүүд нь дотоод эдийн засгийн уналтыг сааруулж, сэргэлтийг дэмжих, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлж байна.

Монголбанкны мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг хоёр нэгж хувиар бууруулан  хувь болгосон нь Монгол Улсын хувьд түүхэн доод түвшин бөгөөд 2020 онд цар тахалтай холбоотойгоор ийнхүү бодлогын хүүг нийт таван нэгж хувиар бууруулав.

Цар тахлын хүндрэлийн үед иргэдийн орлогыг хамгаалж, зээлийн дарамтыг бууруулах зорилгоор Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн эргэн төлөлтийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах арга хэмжээг Монголбанк, Сангийн яам, “МИК ОССК” ХХК болон банкууд хамтран хэрэгжүүлж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд банкууд орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг иргэдээс цахим хэлбэрээр авч эхэлсэн бөгөөд 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ний байдлаар нийт 2.11 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 38,828 зээлдэгч хүсэлт гаргаснаас 1.87 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 33,929 зээлдэгчийн хүсэлтийг буюу 87 орчим хувийг нь шийдвэрлэж эргэн төлөлтийг хүү хуримтлуулахгүйгээр хойшлуулжээ. Он гарснаас хойш Монголбанк өссөн дүнгээр нийт 21 тоннд үнэт металл худалдан авсны 19.3 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө юм.

КОВИД-19 ДОТООДОД БҮРТГЭГДЭЖ, МОНГОЛ УЛС АНХ УДАА БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖЛЭЭ

Монгол Улс дотооддоо халдвар алдахаас арван сар сэргийлсний эцэст, 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр тусгаарлалтаас гараад дөрөв хоносон олон улсын автотээврийн жолоочоос COVID-19 илэрч, анхны голомт бий болов. Ийнхүү хүн амын дунд халдвар гарсан тул Гамшгаас хамгаалах хуулийнхаа дагуу Монгол Улс анх удаа Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорионы дэглэм тогтоосон. Улмаар Улаанбаатар хотоос орох гарах хөдөлгөөнийг хааж, чухал үүрэг бүхий 13 салбараас бусад байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоож, иргэдийг хүнс авахаас өөр зорилгоор гэрээсээ гарахыг хориглон, хатуу хянаж байсан ч цар тахал нийслэлээс гадна таван аймгийн хэмжээнд аль хэдийнэ тархсан байв.

Сар орчим үргэлжилсэн хөл хорионы үеэр голомтуудыг цомхтгон дарж, дэглэмийг бууруулсан ч хоёрхон хоногийн дараа Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт шинэ, том голомт үүссэн нь нийслэлчүүдийг дахин 14 хоног хатуу хөл хорионд ороход хүргэсэн тул нийслэлчүүд 2021 оныг хорио цээрийн дэглэмд угтах нь.

МОНГОЛЧУУД АНХ УДАА ҮНЭГҮЙ ЦАХИЛГААН, ДУЛААН АШИГЛАХААР БОЛОВ

Цар тахал дотоодод гарсны дараа Засгийн газраас нийт өрх болон зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны мөнгийг төрөөс даах шийдвэр гаргав. Энэ шийдвэр нь 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1 хүртэл хэрэгжинэ. Ингэхдээ 100 метр хүртэл метр квадраттай айл өрхийн дулааны мөнгийг тэглэж, заасан хэмжээнээс илүү гарсан төлбөрийг иргэд өөрсдөө төлөх байдлаар зохицуулсан.

Мөн нэг шуудай шахмал түлшний үнийг 75 хувь хүртэл бууруулж, 930 төгрөг болгосон билээ. Энэхүү хөнгөлөлтөд шаардлагатай 650 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Таван толгой” компаниас гаргах юм.


2020 оны ОНЦЛОХ 20 ҮЙЛ ЯВДАЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188