• Өнөөдөр 2024-05-02

Г.Ганзориг: Манай улсын эдийн засаг 2021 онд гадаад орчин талаасаа эерэг нөлөөтэй байна

2021-01-04,   1462

-Харин ковидтой холбоотойгоор дотоод орчин талаасаа сөрөг нөлөөтэй-

"Ковид-19" цар тахал өнгөрсөн 2020 онд дэлхий нийтээр дэгдэж, улс орнуудын эдийн засагт томоохон бэрхшээл дагуулсан. Тэгвэл коронавирусийн эсрэг вакцин гарсан болон томоохон улсуудын эдийн засаг сэргэж буй 2021 онд манай улсын эдийн засаг хэрхэх төлөвтэй байгаа талаар эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа.

-"Ковид-19" цар тахлын улмаас 2020 онд улс орнуудын эдийн засаг унасан. Тэгвэл коронавирусийн эсрэг вакцин гаргаж эхлээд байгаатай холбоотойгоор 2021 онд манай улсын эдийн засаг хэрхэх бол?

-Хатуу хөл хорио тогтоохоос өмнө эдийн засгийн өсөлт ямар байх талаарх бүх таамаглалууд гараад байсан. Түүнийг харвал 2020 оны эцсээр манай улсын эдийн засгийн өсөлт -1 орчим хувь, 2021 онд 4-5 орчим хувийн өсөлттэй байна гэсэн таамаглал гарсан юм. Гэтэл эдгээр таамаглалууд гарснаас хойш хатуу хөл хорио тогтоож, 2021 оны эхний сар хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гарсан. Үүнээс хамаарч дээрх таамаглалууд буурах хандлагатай болох байх. Өөрөөр хэлбэл, гол салбар болох үйлчилгээ, үйлдвэрлэл зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа салбаруудад тэрхүү бууралт нь байж таарах нь. Цар тахлын нөхцөл байдал ч гэсэн 2021 оны эхний хагас жилд энэ хэвээр байх болов уу. Вакцины сураг гарч байгаа ч гэлээ ложистик болон үйлдвэрлэлийн хувьд олон эрсдэл гарах боломжтой. Дээрээс нь вакцин хийлгэлээ гэхэд ямар сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхойгүй байгаа учир оны эхний хагас жилд хэвийн байдалдаа эргэн орохгүй гэж айж байна. Гэхдээ эерэг талаас нь харвал олон улсын зах зээлд зэс, нүүрсний ханш маш сайн байгаа. Зэсийн үнэ Хятадын эдийн засаг сэргэж байгаатай холбоотойгоор ханш нь нэмэгдсэн. Харин нийлүүлэгч улс орнууд нь цар тахалтай байгаа учир нийлүүлэлтээ бүрэн гүйцэд хийж чадахгүй байгаа. Ингэснээр эрэлт, нийлүүлэлтийн зөрүү гаарч, үнэ нь нэлээд өссөн.

Ерөнхийдөө манай улсын эдийн засаг экспорт буюу гадаад орчин талаасаа эерэг нөлөөтэй байх бол ковидтой холбоотойгоор дотоод орчин талаасаа сөрөг нөлөөтэй. Ийм үед Засгийн газраас бодлогын дэмжлэгүүд үзүүлэхгүй бол сөрөг үр дагавар авчрах магадлалтай. Нэг үгээр гинжин урвалаар нэг нэгнийгээ унагаах байдалд орох болов уу.

Нүүрсний хувьд Хятад, Австралийн маргааны улмаас үнэ нь өсөж эхэлсэн. Энэ маргаан богино хугацаанд шийдэгдэхгүй болов уу. Тэгэхээр зэс, нүүрсний ханш 2021 онд харьцангуй өндөр түвшинд байна гэж үзэхээр манай улсын экспортын орлого дагаад сайн байна гэсэн үг. Ерөнхийдөө манай улсын эдийн засаг экспорт буюу гадаад орчин талаасаа эерэг нөлөөтэй байх бол ковидтой холбоотойгоор дотоод орчин талаасаа сөрөг нөлөөтэй. Ийм үед Засгийн газраас бодлогын дэмжлэгүүд үзүүлэхгүй бол сөрөг үр дагавар авчрах магадлалтай. Нэг үгээр гинжин урвалаар нэг нэгнийгээ унагаах байдалд орох болов уу. Иймд үед эрсдэлийг тархаан байршуулж, богино хугацааны шокоос зайлсхийн ажиллах нь зөв. Нэгд, "Ковид-19" нь нийгмийн хамгийн эмзэг бүлэгт мэдрэгдсэн. Энд би дандаа эдийн засгийн хувьд ярьж байгаа шүү. Тэрнээс эрүүл мэндийн тухай биш. Тэрхүү эмзэг бүлэг нь хатуу хөл хорионоос хамгийн ихээр хохирч буй хүмүүс. Эдгээр хүний ажлын байр нь голдуу үйлчилгээний салбар, барилга, тэр дундаа цагийн буюу түр ажлууд байсан. Гэтэл одоо ямар ч ажилгүй болчихлоо. Олон улсад энэ мэт бага орлоготой иргэдээ анхаарч, мөнгөн дэмжлэг үзүүлж байна. Хоёрт, бид хөдөлмөрийн захаа огт орхигдуулж болохгүй. Энэ үед цомхтгол хийх магадлал тун өндөр. Иймд ажлын байраа тогтвортой хадгалж үлдсэн ААН-үүдийг урамшуулах, хэрэв гэнэт халагдвал давхар санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээ авч болж байна. Гуравт, жижиг, дунд бизнесүүдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгох явдал юм. Ийнхүү эхнийх нь эмзэг бүлэг рүү, дараагийнх нь хөдөлмөрийн зах, гуравт нь бизнес рүү, дөрөвт нь санхүүгийн зах зээл рүүгээ чиглэсэн дэмжлэг байх учиртай. Санхүүгийн салбарын хувьд зээлүүд чанаргүйдэж, салбарт том эрсдэл учруулах магадлалтай байна. Иймд муудсан активуудыг худалдан авах сан үүсгэх шаардлагатай.

Эдийн засаг нь мөнгөөр угжигдаад байхаар инфляци өсч, валютын ханш дарамтад ордог. Өөрөөр хэлэх юм бол, аливаа асуудлыг дэвэргэхгүйгээр бага багаар намжааж, түүнийхээ үнэ хөлсийг бага багаар төлөх тухай юм л даа.

Эдгээр алхмууд нь тийм шинэлэг, эсвэл сонин зүйлс биш. Маш олон оронд ийм арга хэмжээнүүдийг авсан. Гэхдээ эдгээр арга хэмжээний араас  том эрсдэл гарч ирнэ. Би өмнө нь хэлсэн. Эдгээр нь ердөө эрсдэлийг тархаан байршуулах л арга хэмжээнүүд. Өнөөдөр огцом шокыг үгүй хийж, зөөлрүүлж буй хэрэг. Юм гэдэг бүгд өөрийн үнэтэй. Энэ мэтчилэн эдийн засаг нь мөнгөөр угжигдаад байхаар инфляци өсч, валютын ханш дарамтад ордог. Өөрөөр хэлэх юм бол, аливаа асуудлыг дэвэргэхгүйгээр бага багаар намжааж, түүнийхээ үнэ хөлсийг бага багаар төлөх тухай юм л даа.

-Нүүрсний тухайд Хятад Улс импортын нүүрсээ Орос, Монгол, Индонез гэсэн гурван улсаас авах тухай мэдээлэл гарсан. Манай улсын тээвэрлэх хүчин чадал Орос, Индонез хоёр улсын хажууд хэр билээ. Тэгэхээр манай улсад олдох боломж нь хэр байх вэ гэх асуудал яригдах болов уу. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Нүүрсний хувьд овор хэмжээ том учир тээвэрлэлтийн асуудал маш чухал байдаг. Австралийн нүүрс БНХАУ-ын хойд хэсэг буюу Өвөрмонголын гангын үйлдвэрлэл рүү очиход төвөгтэй, зардал өндөртэй. Манай нүүрс харин урд хэсэг рүү явах нь мөн адил үр ашиггүй. Өөрөөр хэлбэл, Австрали болон Монгол Улс нь БНХАУ-д өөр өөрийн зах зээлтэй. Австралиас нүүрс импортлохоо зогсоох эсэх нь бидэнд тийм ч их хамаатай зүйл биш. Харин энэ нь нүүрсний үнэд хэрхэн нөлөөлж байна вэ гэдгээрээ манай улсад илүү хамааралтай. Тэгэхээр үндсэндээ нүүрсний маань гарц Австрали Улс гэхээсээ илүүтэйгээр манай улс болон БНХАУ-ын хоорондын харилцаа, тээврийн асуудал л байдаг. Манай улс БНХАУ-ын нүүрсний нийт импортын 10 орчим хувийг л нийлүүлдэг шүү дээ. Энэ тийм ч том тоо биш. Зарим сайн үедээ 10 хувиас бага зэрэг дээшилж, зарим үед буурна.

Харин зэсийн тухайд цар тахлын нөхцөл байдал намдвал зэс нийлүүлдэг гол улсууд хөл хориогүй болсноор зэсийн үнэ буцаад унах эрсдэлтэй. Уг нь нэг тийм цонх үе үүссэн харагдаад байгаа юм даа.

Аялал жуулчлалын салбарт гэрэл гэгээтэй зүйл харахгүй л болов уу

-Цар тахал гарч, хөл хорио тогтоосон үеэс эхлэн аялал жуулчлалын салбар хүндрэлд орсон. 2021 онд энэ салбар сэргэх болов уу?

-Аялал жуулчлалын салбар огтхон ч өсөж чадахгүй. Манай улс 2021 онд дотоод нөхцөл байдлаа бүрэн хяналтад авсан ч гэлээ олон улс даяар зорчих тээвэр сэргэж чадахгүй. Өмнө хэлсэнчлэн цар тахлын нөхцөл байдлын тухайд коронавирусийн эсрэг вакцины хүлээлттэй байна. Дээрээс нь ложистик болон үйлдвэрлэлийн асуудал яахыг бид мэдэхгүй. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд маш олон компани руу нэгэн зэрэг вакцины захиалга өгсөн байгаа. Яагаад ингэж байна гэхээр болзошгүй эрсдэлээс л сэргийлж байна шүү дээ. Ер нь л энгийн үе рүү маш хурдтай орохгүй гэсэн таамаг байгаа учир 2021 онд аялал жуулчлалын салбарт гэрэл гэгээтэй зүйл харахгүй л болов уу.

-Валютын ханшийн тухайд ямар төсөөлөлтэй байна вэ. Ялангуяа юанийн ханш он гарахаас өмнө 430 байсан бол одоо 436-д хүрээд байна. Энэ нь ямар үр дагавартай вэ?

-Манай улс валютын ханшийн тухайд эхлээд ам.доллар төгрөгийн ханшаа тогтоодог. Дараа нь ам.доллар юанийн ханшийг үржүүлээд, юань төгрөгийн ханшийг боддог.  Юанийн ханш яагаад өссөн бэ гэхээр БНХАУ, Америк гэсэн хоёр улсын эдийн засгийн асуудалтай холбоотой байна. Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ ам.доллароо их хэмжээгээр хэвлэж, зах зээлд гаргасан. ДНБ-ий 20 орчим хувьтай тэнцэх хэмжээний ам.долларыг зах зээлд нийлүүлчихэж байгаа юм. Харин БНХАУ ковидын нөхцөл байдлыг маш хурдан даван туулж, эдийн засагт Засгийн газрын дэмжлэг шаардлагагүй болсон. Ингэхээр Хятад Улс ДНБ-ийхээ таван хувьтай тэнцэх юанийг хэвлэсэн байгаа юм. Үр дүнд нь зах зээл дээр ам.доллар их хэмжээгээр нэмэгдэж, ам.доллар бусад валютын эсрэг сулрахад хүрсэн. Өнгөрсөн долдугаар сараас хойш тасралтгүй ам.доллар юанийн эсрэг суларсан. Ингээд л энэ нь манайд кросс ханшаасаа өндөр болж байгаа юм. Харин ам.доллар төгрөгийн хувьд тогтвортой жил байсан шүү дээ. Манай улсын валютын нөөц ч тун сайн байгаа. Иймд цаашид ч тогтвортой байх болов уу гэсэн таамаглал байна. Юанийн ханшийн хувьд ч мөн адил одоо дахин төгрөгийн эсрэг чангарахгүй байх. 

Цар тахлын нөлөөг тусгасан төсөв байх ёстой

-Улсын төсөвт тодотгол хийх эсэх асуудал хүлээлттэй байгаа. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Улсын төсөвт тодотгол хийх нь зөв. 2021 оны улсын төсвийг харвал цар тахлын бус үеийн энгийн л төсөв байгаа юм. Ярианы эхэнд хэлсэнчлэн ядуу бүлэг болон хөдөлмөрийн зах зээлээ дэмжих, чанаргүйдэж байгаа зээлүүдийг худалдан авч банкуудаа цэвэрлэх зэрэг олон улсад авч байгаа арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлага бий. Энэ нь улсын төсөвт тусгагдах ёстой. Тэгж байж цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулах боломжтой. Нэг үгээр цар тахлын нөлөөг тусгасан төсөв байх ёстой гэж харагдаж байгаа. 2021 онд ямар нэгэн хөшөө барих гэдэг ч юм уу, үр ашиг нь олон жилийн дараа гардаг бүтээн байгуулалт хэрэггүй. 2021 онд цар тахал руу чиглэсэн, дэмжлэг тусгасан төсөв хэрэгтэй байна гэж хараад байгаа.

-2021 оноос гадаад өр буюу бондуудын эргэн төлөлт  төлөгдөж эхэлнэ. Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөө үзүүлэх бол?

-Өмнө нь АНУ зах зээлд ам.доллар нийлүүлсэн тухай хэлсэн. Энэ нь тус улс ам.долларын хүүгээ бууруулж байна гэсэн үг. Ам.долларын хүүгээ бууруулахаар АНУ-ын Засгийн газрын бонд бараг хүүгүй болчихоод байгаа юм. Тэгэхээр олон улсын хөрөнгө оруулагчид манайх шиг хөгжиж буй улс орнуудын бондыг худалдаж авах сонирхол өндөр болсон. Тэр ч утгаараа манай улсын Засгийн газрын бонд өндөр эрэлттэй, дээд үнэ дээр явж байгаа. Манайх гадаад өрөө бага хүүгээр сольж, сунгах боломж маш өндөр байна. Тэгэхээр гадаад өр тал дээр сөрөг гэхээсээ илүү эерэг харагдаж байгаа. Гадаад өр өсөж байгаа. Муу юу, сайн уу гэвэл мэдээж муу. Гэхдээ цар тахлын энэ үед нэмж зээл авахаас өөр аргагүй нөхцөлд байгаа. Жишээ нь, өрөө нэмэгдүүлэхгүй гээд вакцин авахгүй байх хэцүү. Тэгэхээр боломжийг ашиглаад гадаад өрөө бага хүүгээр сунгах ёстой гэж харж байна.


Г.Ганзориг: Манай улсын эдийн засаг 2021 онд гадаад орчин талаасаа эерэг нөлөөтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188