• Өнөөдөр 2024-05-17

Н.ЭНХБАЯР: Өөдрөгөөр төсөөлөхөд эдийн засаг ирэх жилийн гуравдугаар улиралд сайжирна

2020-12-15,   934

             Цар тахлын энэ үед эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хэр байгаа, эдийн засаг хэзээнээс сэргэж эхлэх боломжтой зэрэг асуудлаар эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.

-“Ковид-19”-ын үеийн эдийн засгийн нөхцөл байдал хэр байгаа талаар яриагаа эхэлье. Зарим эдийн засагч цар тахлын үед зориулсан эдийн засгийн тусгай бодлого хэрэгтэй гэж байна. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

         -Тэр хүмүүсийн ярьж байгаа зүйл бол богино хугацааны асуудал. Мөнгө нийлүүлэх, зээлийн хүү бууруулах зэрэг нь эдийн засгийн хямралын үед авдаг арга хэмжээ. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн өвчин байхгүй, эдийн засгийн нөхцөлтэй хямралын үед авах арга хэмжээ юм. Түүнээс биш, одоогийн энэ нөхцөлд ямар ч хэрэг болохгүй. Тэгэхээр цар тахалтай холбоотой энэ хүндрэлийн үед ялангуяа манайх шиг түүхий эд дээр тулгуурласан эдийн засагтай улс эдийн засгийнхаа нөхцөлд байдалд системийн үнэлгээ хийх ёстой. Одоо манай улсад зөвхөн төсөв, мөнгөний бодлогын арга хэмжээ авч байна. Энэ нь дорвитой өөрчлөлт авчрахгүй. Хямралд хүрч байна гэдэг нь манай улсын эдийн засаг эрүүл биш, доголдолтой байна гэсэн үг. Яг энэ цар тахлын үед эдийн засгийн бүтэц, систем хаанаа алдаатай байгаа нь илэрч байна. Тэгэхээр илэрч байгаа алдаануудаа засаж, бүтцийн өөрчлөлтийн бодлого хэрэгжүүлэх ёстой.

Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр гээд төрөөс баримтлах бодлого нь байна. Сайхан цаг үед үер, зуд, халдварт өвчин тохиохгүй юм шиг энэ бодлого, хуулиа мартчихсан. Өнгөрсөн хоёр жилд Сангийн сайд “Төсвөө тодотгохгүй байгаагаар нь зарна, Би мөнгөө мэдэж байна” гээд ямар их бяртай байв аа. Энэ бүхний эцэст буруу шийдвэр, бодлогын дүнд Сангийн яам, Засгийн газар хохирохгүй, ард иргэд л хохирно.

        Өнгөрсөн нэгдүгээр сард халдвар гарахад улс орнууд хилээ хааж эхэлсэн. Манай улс ч мөн адил хилээ хаасан. ДЭМБ тухайн үед цар тахал гэдгийг мэдээллүүддээ дурдаж, энэ байдал удаан үргэлжилнэ гэдэг нь ойлгомжтой болсон. ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн дуу хоолой шийдвэр гаргах түвшний байгууллагад хүрэхгүй байна. Эрүүл мэндийн хуулиар Ерөнхий сайдын дэргэд Эрүүл мэндийн үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн сайдын дэргэд шаардлагатай бол мэргэжлийн зөвлөлүүд байж болно гэдгийг зааж өгсөн. Гэтэл мэргэжлийн хүмүүс нь шийдвэр гаргагчдын хажууд байж зөвлөх ажлаа хийхгүй байна.  Сангийн яам нь юугаа ч мэдэхгүй, Сангийн сайд нь “Эдийн засгийн хямрал, халдварт өвчин удахгүй намжина, оны сүүлийн хагаст бид буцаад 42 сая тонн нүүрс экспортолно, төсөвт тодотгол хийх шаардлагагүй” гэсэн байр суурьтай байснаар маш их хугацаа алдсан. Энэ хугацаанд бусад улс орны жишгийг судалсан бол төсвийн тодотголоо хугацаа алдалгүй хийгээд, зарим ажлаа өнгөрсөн хавар зогсоох боломжтой байсан. Тэгсэн бол таван их наяд төгрөгөөр авч байгаа арга хэмжээний 2-3 их наяд төгрөгийг төсвийнхөө хэмнэлтээс гаргах байсан. Тэгж чадаагүйгээс болоод энэ оны төсвийн алдагдал тодотголоор 12.5 хувийн алдагдалтай гарч байна. Энэ алдагдал дахиад нэмэгдэнэ. Төсвийн орлого өнгөрсөн аравдугаар 7.5 байсан. Оны сүүлч гэхэд есөн их наяд төгрөг хүрэхтэй үгүйтэй л гарна. Гэтэл төлөвлөсөн орлого 13 их наяд төгрөг байгаа. Алдагдал нь ойролцоогоор 5-6 их наяд төгрөг болно. Хамгийн аюултай нь улсын 2020 оны энэ төсөв тооцоолсоноос хоёр дахин их учир тэр хэмжээгээр шууд өр болж хувирна. Бүх шатны төсөвт өр үүсч байна. Тавдугаар сард авсан долоон арга хэмжээний нэг нь хүн амын орлогын албан татварыг чөлөөлсөн. Тооцоог нь бодлогогүй хийснээс болоод нийслэлийн төсөвт алдагдал гарсан.

          Тодруулбал, нийслэлийн төсвийн дийлэнх хувийг хүн амын орлогын албан татвар бүрдүүлдэг. Жилд 500-600 орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг гэсэн үг. Гэтэл бүхий л компанийн орлогын албан татварыг чөлөөлчихсөн чинь үүнд Оюутолгой, Тавантолгой, МАК зэрэг компани багтаж байгаа юм. Эдгээр компани хүн амын орлогын албан татвараа нийслэлд төлдөг. Үүнээс болж нийслэлийн төсөв дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ны хооронд 300 тэрбум төгрөгөө алдсан. Ингэснээр нийслэлийн төсөв оны эцэст алдагдалтай гарч, төлөвлөсөн юмаа санхүүжүүлж чадахгүйд хүрч байна.

          Өмнөговь аймаг бас яг ийм асуудалтай. Өмнөх Засаг дарга нь 700 орчим тэбум төгрөгийн өртэй, түүнийгээ шийдэлгүй орхиод явсан. Энэ мэтээр бүх шатны төсөвт өр үүсч байна. Тэгэхээр улсын төсвийн байдал ирэх жил маш хүнд болно. Одоо хөл хорих арга хэмжээ авсан учир эдийн засаг бүр л хумигдмал байдалд орж байна. Энэ оны гуравдугаар улирлын байдлаас харахад нэмэх үзүүлэлттэй байгаа хоёрхон салбар байна. Нэг нь хөдөө аж ахуйн салбар, хоёр дахь нь мэдээлэл, харилцаа холбоо гэсэн салбар. Хөдөө аж ахуйн салбарынх бол бүтээгдэхүүн биш, малын биед байгаа, бидний аваагүй бүтээгдэхүүн юм. Малын биеийн өсөлтийн жингээр тооцож гаргасан нэмэх үзүүлэлт юм. Халдварын тархалт буурч, эдийн засаг хэвийн болтол сайнаар бодоход ирэх жилийн гуравдугаар улирал хүргэнэ. Тэгэхээр ирэх оны төсөвт өөдтэй юм ерөөсөө байхгүй.

Мөнгө нийлүүлэх, зээлийн хүү бууруулах зэрэг нь эдийн засгийн хямралын үед авдаг арга хэмжээ. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн өвчин байхгүй, эдийн засгийн нөхцөлтэй хямралын үед авах арга хэмжээ юм. Түүнээс биш, одоогийн энэ нөхцөлд ямар ч хэрэг болохгүй

-Манай улсын эдийн засаг өнгөрсөн жилүүдэд хэчнээн удаа хямралд орж байв. Тухайн үеүдэд хямралыг хэрхэн давж байв?

      -Манай улс 1990 оноос хойш таваас зургаан удаа хямралд орж байна. 1990 онд зах зээлийн эдийн засагт шилжиж, Москвад байсан Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлөөс дутагдаж байгаа мөнгөө авдаг байсан. Тэр үед манай улс ОУВС, Дэлхийн банк зэрэгт гишүүнээр элсээгүй байсан. Социалист хамтын нөхөрлөлийн орнууд гэдэг үүднээс Москвагаас рублийн зээл авсаар 1989 оны сүүлч хүргэсэн. Тухайн үед улсын төсвийн орлогыг “Эрдэнэт”, “Говь” ХХК, архины хэдэн үйлдвэр л бүрдүүлдэг байсан. Тэгээд дутаж байгаа төсвөө гаднын улсаас бүрдүүлдэг байтал 1990 онд зээл авахаа больсон.

        1991 оны нэгдүгээр сард Монгол Улс ОУВС, Дэлхийн банкны гишүүнээр элссэн. Тэгээд Дэлхийн банкны мэргэжилтнүүд манай улсад ирж, эдийн засгийн ямар үзүүлэлттэй тухайд тоон мэдээлэл авсан. Тухайн үед манай улс картын бараатай байлаа. Айл өрх бүр талоноор хүнсээ авдаг байсан нь өрнөдийн орнуудад гайхмаар зүйл байсан. Тийм үедээ Дэлхийн банкны гишүүн орон болж, анхны тусламжаараа III, IV цахилгаан станцын цахилгаан унтардаг байсныг зассан. Хүнсний цөөнгүй төрөл, зүйлийг бид Америкаас авдаг байсан. Энэ мэтээр арай гэж торгоож, 1990 оны хямралыг давсан. Тэр үеийн эдийн засгийн үзүүлэлт хасах долоогоос найман хувьтай байсан. 1993 онд хасах дөрөв орчим болж, 1994 оноос эдийн засаг сэргэсэн.

       1997-1998 онд Азийн эдийн засгийн хямрал болох үед манай улс дахиад хямралд орсон. Улсын төсвийн гол орлогыг бүрдүүлж байсан зэсийн үнэ дэлхийн зах зээлд унаж, “Эрдэнэт” үйлдвэр хоёр жил алдагдалд орсон. Энэ үйлдвэрээс орж ирдэг орлого байхгүй болж, төсвийн орлогогүй, цалин, тэтгэврээ олгож чаддаггүй үе байсан. ОУВС-ийн хөтөлбөрөөр давж гарсан.

       Дараа нь 2000 оны үед зуд болж, хөдөө аж ахуйн салбар хасах руу орсон. Үүний үр дагаврыг бид одоо ч мэдэрч байгаа. Малчдын 20-30 хувь нь малгүй болсон. Тухайн үед одоогийнх шиг олон сая мал байгаагүй, 30 орчим сая толгой мал л байсан. Гэтэл 2004 оны сонгууль болж, улстөрчид “Малчдыг нийслэл рүү чөлөөтэй оруулна” гэсэн амлалт өгсөн. Тэгээд малгүй болсон иргэд нийслэлд ирж, одоогийн Улаанбаатар бий болсон. Энэ нь тухайн үед зөвхөн сонгууль харсан шийдвэр байсан. Хөдөө орон нутагт байгаа ажилгүй иргэдийг хотод авчраад ажилтай, орлоготой болгоё гэтэл нийгмийн асуудал зэрэг бүх зүйлийг нь аваад ирсэн. Энэ бол бодлогын маш том алдаа. Үүний үр дүн одоог хүртэл үргэлжилж байгаа. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж, эмнэлгийн ачаалал гэх мэт. Тухайн үед алсыг харсан зөв шийдвэр гаргах ёстой байсан. Дараа нь 2012 онд дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өсөж, манай улсад мөнгө шиг их юм байхгүй болж, үрэн таран хийж эхэлсэн. Яг тэр үед Дэлхийн банкнаас “Түүхий эдэд тулгуурласан эдийн засаг савлагаатай байдаг. Танайх уул уурхайгаас хараат болж байна” гэдгийг сануулсан. Гэтэл манайх бонд гаргаад, дахиад л мөнгөө үрж эхэлсэн. Өнгөрсөн 30 жилд манай улс төсвийн зарцуулалтаа зөв хийхийг огт сураагүй.

       2017 оны төсвийн орлого долоо орчим их наяд төгрөг байсан. Гэтэл 2018-2019 онд төсвийн зарлага гүйцэтгэлээр 20 их наяд болсон. Гурван жилийн төсвийг хоёр жилд зарсан. Хэр их орлого орно тэр хэмжээгээр нь л үрсэн. Түүнээс үлдсэн юу юм бэ гэхээр маш бага. Үүссэн ачааллаа шийдээд, гурван ээлжийн сургууль л барьсан байх. Яг одоо асуудал үүсэхэд эмнэлгийн оношлогооны багаж байхгүй. Гаднын улсаас тусламжаар оношлуур гуйж байна. Гэтэл ийм үед “Бэлэн байдалтай байгаарай” гээд Эрүүл мэндийн хууль, Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр гээд төрөөс баримтлах бодлого нь байна. Сайхан цаг үед үер, зуд, халдварт өвчин тохиохгүй юм шиг энэ бодлого, хуулиа мартчихсан. Өнгөрсөн хоёр жилд Сангийн сайд “Төсвөө тодотгохгүй байгаагаар нь зарна, Би мөнгөө мэдэж байна” гээд ямар их бяртай байв аа. Энэ бүхний эцэст буруу шийдвэр, бодлогын дүнд Сангийн яам, Засгийн газар хохирохгүй, ард иргэд л хохирно. 

-Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед Сангийн яам болон манай төр засаг хэрхэн ажиллаж байна вэ?

     -Коронавирус олон улсад гарч эхэлсэн үе, УИХ-ын хаврын чуулган дээр Сангийн сайд “Ийм юм болно гэж яаж мэдэх юм бэ” гэж хэлсэн. Төрийн байгууллагын хүн ингэж хэлнэ гэдэг байж болохгүй зүйл. Гэв гэнэт бороо орж, газар хөдөлсөн юм биш. Халдварт өвчин хэзээ ч гарч болно гэдгийг удаа дараа анхааруулсаар ирсэн. ДЭМБ-аас 2016 оны аравдугаар сард манай улсад ирж, зөвлөгөөн хийсэн. Тэр үеэр шинээр сэргэж байгаа халдварт өвчнөөс яаж сэргийлэх тухай хэлсэн. Мөн өнгөрсөн 2019 оны гуравдугаар сард “Уур амьсгалын өөрчлөлт, хүн мал амьтны эрүүл мэнд” гэсэн зөвлөгөөн хийсэн.  Халдварт өвчин гараад 10 сар өнгөрлөө. Энэ бол туршлага сууж, бэлтгэл хангавал хангахаар хугацаа. Гэтэл юу ч алга. Урьд жилүүдэд баталсан Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, Халдварт өвчнөөс сэргийлэх бодлого гэх мэт энэ талаар одоо хэн нь ч дуугарахгүй байна. Одоо бүх ачааллыг УОК-т өгчихсөн. Гамшгийн тухай хуулийг уншаад үзэх юм бол УОК-т халдварт өвчинтэй тэмцэх чиг үүрэг маш бага байгаа. Бүх шатандаа бүтцийн болон бодлогын алдаа байна гэсэн үг.

Одоо бүх ачааллыг УОК-т өгчихсөн. Гамшгийн тухай хуулийг уншаад үзэх юм бол УОК-т халдварт өвчинтэй тэмцэх чиг үүрэг маш бага байгаа


Н.ЭНХБАЯР: Өөдрөгөөр төсөөлөхөд эдийн засаг ирэх жилийн гуравдугаар улиралд сайжирна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188