Монгол Улсын Хөгжлийн банк “арга тасарч”, найдваргүй зээлдэгчдээ олон нийтэд зарлаж, 2014-2019 оны хооронд авсан зээл нь “Чанаргүй зээл”-ийн ангилалд шилжсэн 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаад буй.
Эргэлт.мн мэдээллийн сайт Хөгжлийн банкнаас олон тэрбумаар зээлчихээд буцааж төлөө “мартчихсан” компаниудын авсан зээлийн талаар цувралаар танилцуулж байгаа. Харин энэ удаад Хөгжлийн банкийг “дампууруулах дөхсөн” чанаргүй зээлдэгчдийн тайлбарыг хүргэж байна.
УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн 100 хувь эзэмшдэг “Ачлал трейд” ХХК-д Хөгжлийн банкны удирдлагууд 2017 оны аравдугаар сарын 13-наас 2019 оны есдүгээр сарын 7 хүртэл хоёр жилийн хугацаанд нийт зургаан дансаар долоон удаагийн гүйлгээгээр 36.445.527.314 төгрөгийг ам.доллараар олгожээ. Ингэхдээ жилийн 10.28 хувийн хүүтэй зээлсэн байна.
“Ачлал трейд” ХХК нь анх Худалдаа хөгжлийн банканд зээлийн хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтдээ “...Улаанбаатар хотод иргэдийг хавдрын оношлогоо, эмчилгээ авах боломж бүрдүүлэн 120 ортой 12 давхар А блок, 180 ортой 16 давхар Б блок, эмийн сан, эрүүл мэндийн судалгааны байгууламжаас бүрдэх эмнэлэг байгуулах төсөл” гээд нийт өртөг нь 45. сая ам.доллар, үүний 10 саяыг өөрөө, таван саяыг Худалдаа хөгжлийн банкны зээлээс санхүүжүүлнэ” хэмээн танилцуулсан байдаг юм байна. Гэвч өдгөө “Ачлал трейд” ХХК-ийн зээлсэн 36.5 тэрбум төгрөгийн зээл “Чанаргүй зээл” ангилалд шилжсэн.
Бид “Ачлал трейд” ХХК-ийн Хөгжлийн банкнаас зээлсэн 36.5 тэрбум төгрөгийн зээлийн талаар тус компанийн эзэн, УИХ-ын гишүүн асан М.Билэгтээс тодруулахад “Манайх Монгол Улсын Хөгжлийн банкнаас 10.28 хувийн хүүтэй 36 тэрбум төгрөг зээлсэн. Зээлийн хүсэлтэд тусгасны дагуу Хавдын эмнэлгээ барьж, гүйцэтгэсэн ч, цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор 2020, 2021 онуудад бүх аж, ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа зогссоноор эмнэлгээ түрээслэх боломжгүй болсон. Миний бодлоор Монгол Улсын Хөгжлийн банк шаардлага өндөртэй гэж харж байна. Зээлээ компанийн үндсэн дансаараа авах гэтэл хувааж, өөр өөр дансад шилжүүлнэ гэсэн учир зургаан дансад долоон удаагийн гүйлгээгээр авсан. Манайх одоо зээлийн хүүгээ тухайн хугацаанд нь төлж байгаа. Зээлийн хугацаа дуусах болоогүй” гэсэн юм.
“Эрэл” ХХК нь угсармал орон сууц барихаар Хөгжлийн банкнаас 2013 онд 65.6 тэрбум, дараа жил нь буюу 2014 онд 39.4 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Гэсэн ч тус компанийн хоёр удаагийн зээл 55-91 сар хүлээгдэж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн юм. Одоогийн байдлаар “Эрэл” ХХК нь Хөгжлийн банканд нийт 154.44 тэрбум төгрөгийн өртэй.
Бид тус компанийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн талаар тодруулахаар zangia.mn сайтад ажлын зар дээр байршуулсан 9409.... дугаартай “Эрэл” ХХК-ийн мэргэжилтэнтэй холбогдсон юм. Тэрбээр “Манай компанийн барилгын үйл ажиллагаа 2019 онд зогссон. Хөгжлийн банкнаас авсан зээлийн талаар мэдэхгүй байна” гэв.
2017 онд “Монгол драй милк” ХХК нь Япон аргаар хуурай сүү гаргаж авах 60 хуурай сүүний үйлдвэр орон нутагт байгуулахаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас 42.6 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Гэсэн ч тус компани зээлээ төлөлгүй хугацаа нь хэтэрснээр нийт 50.4 тэрбум төгрөгийг өрийн хуримтлал үүсээд байгаа юм байна. Мөн үүнтэй холбоотойгоор 2019 онд Монгол Улсын Хөгжлийн банкнаас “Монгол драй милк” ХХК-ийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн аж.
“Монгол драй милк” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээл, зээл нь “Чанаргүй зээл” ангилалд шилжсэн талаар тодруулахаар тус компанийн мэргэжилтэй холбогдоход “Манай компанийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн хугацаа дуусах болоогүй. Зээлээ төлж байгаа” гэсэн юм.
“Бэрэн групп” ХХК нь 2017 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн VII хорооны 720, 120 айлын орон сууцны хорооллын “Ё” блокыг барихаар 33.2 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Гэвч тус компанийн зээлээ төлөх хугацаа 39 сараар хэтэрч, Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд шилжсэн байна.
Бид “Бэрэн групп” ХХК-ийн мэргэжилтэнтэй холбогдож тодруулахад “Хөгжлийн банкнаас авсан зээлийн талаар мэдэхгүй байна. Мэдээлэл өгөх боломжгүй. Сар шинийн баяр гээд дарга нар хөдөө явсан” гэх мэдээлэл өгсөн юм.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2017 онд Архангай аймгийн Цэнхэр суманд уул уурхайн төсөл хэрэгжүүлдэг “БМНС” ХХК-д 5.5 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. “БМНС” компани Архангай аймгийн Цэнхэр тэргүүтэй сумдын нутаг дэвсгэрт нийгмийн хариуцлагын хүрээнд нөхөн сэргээлт хийж, малчдад өвс, тэжээл тогтмол үнэгүй өгдөг зэргээрээ сайн нэртэй. Мөн тус компани 2016 онд Вагон түлхэгчийн авто угсраа шингээх аппарат худалдах, худалдан авах гэрээг 35.530.000 төгрөгөөр хийж байжээ.
“БМНС” ХХК-ийн Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлийн талаар тус компанийн нягтлан бодогч Х.Оргилтой холбогдож тодруулсан юм. Тэрбээр “Манай компани 2017 онд Хөгжлийн банкнаас 5.5 тэрбум төгрөгийг зээл авсан. Гэвч зээл төлөх график цар тахалтай холбоотойгоор өөрчлөгдсөний улмаас зээл төлөх хугацаа нэг жилээр хоцорсон. Харин одоо Хөгжлийн банкнаас авсан зээлээ бүрэн төлж, барагдуулсан” гэв.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧИД: Зээлээ төлж барагдуулсан, төлж байгаа, мэдэхгүй |
|
2024-12-11 13:15:32
2024-12-11 11:38:18
2024-12-11 11:16:58
2024-12-11 11:16:53
2024-12-11 10:57:24
2024-12-11 10:35:47
2024-12-11 09:49:34
2024-12-11 09:02:28
2024-12-11 09:00:00
2024-12-11 08:36:26
2024-12-11 08:14:14
2024-12-11 07:00:05
2024-12-11 07:00:00
2024-12-11 07:00:00
2024-12-11 07:00:00
2024-12-11 07:00:00
2024-12-11 06:00:00
2024-12-11 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |