• Өнөөдөр 2024-05-01

Л.БАДАМ: АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛОХ НЬ МИНИЙ ДАРААГИЙН ЗОРИЛГО

            Түүнийг Л.Бадам гэдэг. Монгол Улсын таеквондогийн долоон удаагийн улсын аварга, ОУХМ. МУБИС-ийн БТС-д суралцдаг  оюутан тэрбээр 2018 оноос эхэлж олимпын таеквондогийн спортоор эхэлжээ. Л.Бадам таеквондогийн спортоор хичээллэхээсээ өмнө гимнастикаар хичээллэж байжээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таеквондогийн долоон удаагийн улсын аварга юм билээ. Энэхүү амжилтыг хэр урт хугацаанд гаргасан бэ?

                -Таеквондогийн спорт нь дотроо хоёр төрөл байдаг. Нэг нь тулааны төрөл нөгөөдөх нь пүмсэ буюу тоот дасгал. Жилд Монголын таеквондогийн холбооноос хоёр төрлийн УАШТ зохион байгуулдаг. Тулаан, пүмсэ гэсэн төрлөөр болон  Оюутны улсын аварга шалгаруулах  тэмцээн болдог. Жилд  УАШТ-ээс гурван алтан медаль авч аварга авах боломжтой байдаг юм. 2024 оны пүмсэ УАШТ-д амжилттай оролцож алтан медаль хүртсэн.

-Хэзээнээс энэ спортоор хичээллэж эхэлсэн бэ. Яагаад хичээллэх болов, юу нь  таны сонирхлыг татсан юм бэ?

               -Би зургаан настайгаасаа спортын гимнастикаар хичээллэж спортын гараагаа эхэлсэн. Ойролцоогоор зургаан жил орчим хичээллээд хэсэг хугацаанд спортоос хөндийрсөн. Ингээд буцаад спортоор хичээллэх хүсэл төрж дүүгээ дагаад таеквондогийн спортоор хичээллэж эхэлсэн. Ингэж л энэ сайхан спорттой нөхөрлөсөн дөө.

-Таны таеквондогийн өшиглөлт хийж байгаа дүрс бичлэг цахим сүлжээнд хандалт өндөртэй байсан. Тус дүрс бичлэгийн талаар ярихгүй юу?

                  -Тийм ээ, тус бичлэг “Торнода Кап”  тэмцээнд оролцож байсан үеийнх байсан. Тухайн тэмцээн  богино дүрс бичлэгийн  уралдаан зарласан  юм. Тэгээд өөрийгөө сориод үзье гээд тухайн бичлэгийг хийсэн. Тухайн эргэлт болон өшиглөлтүүд нь миний спортын гимнастикийн суурь болсон акробат хөдөлгөөн болон таеквондогийн суурь өшиглөлт нийлүүлсэн бичлэг байсан. Хүмүүс намайг маш эергээр хүлээж авсанд би маш баяртай байгаа. Тэгж хандалт авна гэж төсөөлөөгүй байсан.

-Оролцож байсан хамгийн дурсамжтай тэмцээнийхээ талаар ярихгүй юу. Онцолж байгаа шалтгаан нь юу вэ?

               -Миний хувьд хамгийн дурсамжтай тэмцээн бол 2022 онд БНСУ-д зохион байгуулагдсан Таеквондогийн Пүмсэ ДАШТ буюу “GOYANG-2022” тэмцээн байсан. Учир нь, анх удаагаа олон улсын нэр хүндтэй тэмцээнд өрсөлдөж үзсэн юм. Мөн Монгол Улсаа төлөөлөн анх удаа баг тамирчдын бүрэлдэхүүнээрээ явж байгаа учраас гоё байсан. Дэлхийн нийт 63 орны 760 гаруй тамирчид оролцож, олон улсын найзуудтай болохоос гадна өөрийгөө сайн сорьж үзсэн гэж боддог.

-Таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ. Тамирчид өрсөлдөгчөөсөө олон зүйл сурдаг шүү дээ?

               -Би өөрийнхөө хамгийн хүчтэй өрсөлдөгч. Хүн өөрөө өөрийгөө л ялан дийлэх нь надад илүү чухал санагддаг. Одоо олон улсын тэмцээнээс медаль авах зорилготой учраас гадаад улсын тамирчидтай өрсөлдөхийн тулд өөртөө илүү итгэлтэй байх хэрэгтэй гэж бодож байгаа.

-Тулааны спортоор хичээллэхэд шантрах үе гарч байв уу. Хэрхэн даван туулсан бэ?

               -Мэдээж спортоор хичээллэж байгаа хүний зам үргэлж дардан байхгүй. Өдөр бүр бэлтгэл, сургуулилт хийнэ бэлтгэл хийснийхээ хэрээр сайжирдаг гэдэг ч тамирчин хүн уналтын үе дээрээ яаж ч бэлтгэл хийсэн сайжрахгүй үе зөндөө байдаг. Энэ үедээ зүгээр бэлтгэлээ тасралтгүй хийсээр л байдаг. Хичээсээр байгаа үедээ нэг л мэдэхэд ялсан байдаг даа.  

-Таеквондогийн спортоор хичээллэж эхлээд хамгийн анхны оролцсон тэмцээнийхээ талаар ярихгүй юу. Тухайн үед ямар мэдрэмж төрсөн бэ?

               -2019 оны Пүмсэ УАШТ байсан энэ тэмцээнд ороход маш их сандраад хийх ёстой байсан зүйлээ 100 хувь гүйцэтгэлтэй хийж чадаагүй гэж боддог. Тэр үед багш маань “Зүгээр ээ дараа дараагийн олон тэмцээн чамайг хүлээж байгаа. Тамирчин хүн тэмцээнээс тэмцээний хооронд л сайжирдаг юм” гэж хэлж билээ.

-Таеквондогийн спорт амьдралд нь хэрхэн нөлөөлсөн бэ?

               -Миний амьдралд олон өөрчлөлт гарсан. Жишээлбэл, би багш нар, ах эгч, аав ээжийгээ илүү их хүндэлж, нэг зүйлдээ илүү тууштай болж, аливаа асуудалд хүлээцтэй ханддаг болсон. Спорт бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Спортын гимнастик хүнийг тэсвэр тэвчээртэй болгодог бол таеквондо илүү хүнийг хүндлэлтэй, буурь суурьтай болдог. 

-Тэмцээний тулааны талбар дээр гараад тулалдахад ямар мэдрэмж төрдөг вэ?

               -Тэмцээний дэвжээн дээр гараад тулалдах үедээ “Би бүгдийг нь ялах юм байна. Эцсээ хүртэл тулалдаад гарч ирээд алтан медаль л авна” гэдэг бодолтой гардаг. Тиймдээ ч тэмцээндээ амжилттай оролцдог байх. 

-Долоон удаагийн улсын аварга болоход багш нар нь чухал үүрэг гүйцэтгэсэн байх. Багшийнхаа талаар ярихгүй юу?

               -Бэлтгэл дээр багш маань техникийн болон тактикийн бэлтгэл их ордог тийм болохоор дэвжээн дээр гараад багшийгаа сайн сонсвол илүү их оноо авах магадлал өндөр болдог. Мөн бэлтгэлээ маш сайн хийсэн бол дэвжээн дээр гараад айх айдас байдаггүй.

-Та таеквондог юу гэж тайлбарлах вэ. Таны хувьд юу вэ?

               -Таеквондогийн спортыг ганц үгээр илэрхийлбэл Таеквондо бол хүндлэл.

-Амжилт гарахад юу хамгийн их нөлөөлдөг вэ. Тамирчин хүний хувьд сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

               -Тамирчин хүний хувьд бэлтгэлээ сайн хийсэн үед сэтгэл зүй өөрөө дагаад их сайжирдаг. Бэлтгэл дутуугаас болоод өөртөө итгэлгүй байдал нэмэгддэг гэж боддог учраас бэлтгэл хийхдээ тухайн өдрийнхөө хамгийн сайнаар хичээдэг. Маргааш сайжрахын тулд биш өнөөдөртөө өөрийн хамгийн сайнаар хичээж бэлтгэлээ хийвэл улам сайжирдаг гэж боддог. 

-Багшилж байгаа юм билээ. Багшаар ажиллах ямар байна. Шавь нараас нь амжилт  гаргасан сурагч бий юү?

                -Тийм ээ, багшилж байгаа. Нүүдэлчин олимпын таеквондо клуб болон Мон-Алтиусын таеквондо академид давхар багшилж байгаа. Шавь нараас маань  таеквондогийн хар бүсээ авч УАШТ-ээс алтан медаль хүртсэн тамирчид бий.

-Шавь нар нь амжилттай сурч, хөгжиж байгааг харах ямар байгаа вэ?

                -Шавь нар маань ихэвчлэн 6-16 настай хүүхдүүд байдаг. Багшлах явцад хүүхдүүд өдөр ирэх тусам илүү сайжирч, сайн болж байгааг харах надад урам зориг их өгдөг. Илүү их зүйл заагаад мундаг сайн тамирчин болгохыг хүсдэг дээ. 

-Таны дараагийн зорилго төлөвлөгөө, оролцохыг хүсдэг тэмцээн юу вэ?

               -Энэ жилийн хувьд  Азийн аварга болон ДАШТ-д амжилттай оролцохыг зорьж байна. Хэтийн зорилго гэвэл миний илүү гүнзгийрүүлэн хичээллэж буй төрөл болох Freestyle Poomsae төрөлдөө олимпод орох хүсэлтэй байна. Энэхүү төрөл маань хараахан олимпод ороогүй байгаа бөгөөд 2028 онд дагалдангаар орох магадлалтай төрлийн нэг.

 


 

 


Л.БАДАМ: АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛОХ НЬ МИНИЙ ДАРААГИЙН ЗОРИЛГО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188