• Өнөөдөр 2024-04-27

“ЭНАРГУРЭ” БАГИЙН ТАМИРЧИН Х.ӨЭЛҮН: УЛСЫН ШИГШЭЭД БАГТАЖ, АЗИЙН АВАРГАД ОРОЛЦОХ МӨРӨӨДӨЛТЭЙ

2024-03-28,   1762

            “Энагурэ” багийн голын хаагч Х.Өэлүнтэй ярилцлаа. Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн тавдугаар дамжааны оюутан юм.

-Волейболын спортыг яагаад сонгох болсон талаар нь яриагаа эхлэх үү?

              -Манай өвөө маань “Миний охин өндөр болно. Волейболын спортоор хичээллэж байгаа эмэгтэй гоё байдаг шүү. Миний охин энэ спортыг сонирхож, тоглоорой” гэж хэлдэг байлаа. Тухайн үед телевизээр волейболын тэмцээн үздэг ч тийм ч их сонирхож, дурлаж байгаагүй. Эмэгтэй хүмүүс гоо зүйн талаасаа жаахан сонин харагдаад байдаг байсан юм. Тэгээд дунд сургуулиа төгсөх жил ахлах ангийн ах нар маань яг атгасан гар шиг бие биенийгээ ойлгож волейбол тоглож байгаа нь их гоё санагдсан. Тэгээд л шууд “Хайкюу” гэдэг анимэ нүдэнд харагдаад, “Ингэж гоё тоглож болдог юм уу” гэж волейболын спортод дурлаж, тоглож эхэлсэн.

“Энагурэ” багийнхаа талаар ярьж өгөхгүй юу?

           -2006-2008 онд Жан Жин Хү захирал Монголд ирээд волейболын эмэгтэй баг байгуулсан юм билээ. Анх солонгос дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл сургуулилалт хийж, гадны  улс руу цомын тэмцээнд явж, амжилт гаргаж байлаа. Манай үеэс өмнө хоёр үеийн волейболын тамирчид байдаг байсан. Бид гуравдугаар үеийн баг тамирчид гэж явдаг юм.  Тэгээд манайхан 2018 оноос цугларч нэг баг болсон байдаг. Анх 2018 онд залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа ороод амжилттай тоглож, аварга болж байсан. Клубуудын аварга шалгаруулах тэмцээн, Улаан-Үүдэд болсон тэмцээн гэх мэт  олон улсын чанартай олон тэмцээнд орж байлаа. Мөн 2019 оны лигт оролцож алтан медаль авч, эгч нарынхаа амжилтыг үргэлжлүүлж байна. Манай багийнхан нэг үеийнхэн байдаг болохоор эв найрамдалтай. Баг дотроо эвтэй байхаас гадна бие биедээ шаардалага тавиад, ойлголцоод явдаг гар нийлсэн хамт олон байгаа.

-Та “Энагурэ” багт нэгдээд хэдий хугацааг үдэж байна вэ. Анх энэ багт яаж орсон талаар хэлж болох уу?

        -Би энэ багтаа нэгдээд зургаан жил болж байна. Манай захирал Жан Жин Хү өндөр, сайн тоглодог ирээдүйтэй хүүхдүүдийг сонгож авч багтаа оруулдаг байсан. Тэгээд өсвөрийн тэмцээнээр анх таараад, захирал маань “Чи ирээдүйтэй хүүхэд байна. Манай багийг сонирхож байвал ирж уулзаарай” гэж хэлсэн. Би “Энагурэ” багийг мэдэхгүй байсан болохоор тэгээд орхичихсон. 2018 онд миний анхны багш ОУХМ, МУГД Б.Уранчимэг залгаад “Энагурэ” багийн нягтлан ярьж байна.Манай багаас хоёр, гурван хүүхдийг авах сонирхолтой байгаа юм байна. Чамайг сонирхож байна” гэж хэллээ. Багш нь хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод өгчихлөө шүү” гэж хэлсэн. Гэнэт залгаад өөр багт өгчихсөн гэхээр нь маш их гайхаж байсан юм. Тэгээд л дасгалжуулагч ОУХМ Б.Хэрлэн багшийнхаа бэлтгэлд очиж, “Энагурэ” багт орж байлаа.

-Анхны тэмцээнийхээ талаар яриад өгөөч. Тухайн үед ямар санагдаж байсан бэ?

              -Анх сургуулийн аваргад оролцохдоо доороос ч авч чадахгүй, волейболыг сайн мэдэхгүй байсан ч хүчээр орж байсан. Тэгээд сургуулийн тэмцээн болохоор олон хүн үзэж байлаа. Тухайн үед  ичээд “Хурдан дуусаасай гэртээ харих юм сан” гэж л бодож байлаа.Гэхдээ тэмцээний төгсгөлд мундаг тоглодог хүмүүсийг хараад “Гоё спорт юм байна” гэж ойлгосон. “Энагурэ” багт ороод эгч нартайгаа хамт клубийн тэмцээнд орж байсан. Мундаг, туршлагатай багт орчихсон болохоор өөрөөрөө бахархаж байсан ч “Хэзээ эгч нарынхаа хэмжээнд очих бол” гэсэн айдас түгшүүр мэдрэгдсэн шүү.

-Спортоор хичээллэхийн давуу тал нь юу вэ?

                -Спортоор хичээллэснээс хойш тодорхой хэмжээнд миний чадвар нэмэгдсэн байх. Түүнээс гадна багаар ажиллах чадвар, хүнээс үг сонсох, үг дааж сурах, хичээл бэлтгэлээ зохицуулахад цагийн менежментдээ анхаарч сурсан, аливаа зүйлийг цаг тухайд нь хийх гэх мэт амьдралд хэрэгтэй мэдлэг, чадвар сурсан гэж боддог.

-Тэмцээн эхлэхээс өмнө өөрийгөө хэрхэн бэлддэг вэ. Тэмцээний үеэр юун дээр анхаардаг вэ?

                -Бэлтгэл маш чухал байдаг ч зарим үед бэлтгэлээ 100 хувь хийж чадаагүй байхад тэмцээнд орох тохиолдол гардаг. Яг тийм үед сэтгэл зүйгээ бэлтгэх ёстой байдаг. “Би бэлтгэл дээр сурсан зүйлээ бүрэн гаргах хэрэгтэй. Тиймээс талбай дээр ингэж тоглоно” гэж төсөөлөөд  сэтгэлзүйгээ бэлдээд талбайд гардаг. Олон жил талбайд тоглосон ч гэсэн их, бага хэмжээгээр байнга сандардаг. Тэмцээн болохын өмнөх өдрөөс эхлээд талбайд гарах хүртэл түгшүүртэй байдаг. Гэсэн хэдий ч тухайн тоглолтын үед яг тэр мөчид анхаарлаа хандуулж, “Багаараа бэлэн болчихсон, тиймээс өөрийнхөө бүх хүчийг гаргаад багаараа хөгжилтэйгөөр тоглолтыг дуусгана” гэсэн бодолтой ордог доо.

-Хамгийн дурсамжтай тоглолт, тэмцээн хэзээ байсан бэ?

               -Олон гоё дурсамжтай тэмцээн байгаа ч толгойд орж байгаа хоёр тэмцээн бодогдож байна. 2019 оны лигээр алтын төлөөх тэмцээн мартагддаггүй. 16-20 насны хүүхдүүд байж багаараа бэлтгэлдээ анхаарч, нэг нэгнийгээ ойлгодог, харцыг нь мэдэрдэг болчихсон тийм үе байсан. Дээд лигт нэг биений эд эс болоод алтын төлөө тоглож аварга авах тэр мэдрэмж хэзээ ч мартагдахааргүй болж үлдсэн. Хөгшин болчихоод үр хүүхдүүддээ яриад суух хэмжээний тоглолт байж чадсан. Учир нь “Хобби” гээд бид нараас дээш нэг, хоёрдугаар үеийн эгч нартай гурван тойрог таарахад нэг хожиж, хоёр хожигдож байсан багийн эсрэг тоглоод аварга болно гэдэг чинь өөрөө их амжилт.

Нөгөөх нь 11 дүгээр ангид дүүргийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Би арван жилээ 24 дүгээр сургууль төгссөн. Хүрэл медалий төлөөх тоглолт дээр хожигдож байгаад  хожиж эхэлсэн. Тэгээд сүүлийн тоглолтын үе дээр өөрийнхөө сандрал, айх айдсыг цонхоор гаргаж шидэж байгаа юм шиг мартаад “Бид хүрэл медаль авна” гэж бодоод л хичээсний эцэст медаль авч чадаж байсан.

-Номер нэг дэмжигч бол гэр бүл байдаг. Гэрийнхэн нь спортын хүн болоход хэр дэмжсэн бэ?

           -Анх гэр бүлийнхэн минь ямар нэгэн спортоор хичээллээд, эв дүйтэй болчих гээд хичээллүүлж байгаа юм. Тэгсэн би волейболын спортод дурлаж, бүр амтанд нь ороод цаашлаад тэмцээн уралдаан гээд явчихсан. Манай эцэг, эх эрдэм мэдлэгийг чухалчилдаг, номын мөр хөөсөн хүмүүс байдаг. Аав маань “Тамирчин хүн нэг юм аа гэмтээж, хугаллаа  гэхэд карьер чинь хэцүү болно. Бүх зүрх сэтгэлээ спортондоо гаргах хэрэггүй. Хичээл номоо хий. Ирээдүйгээ бод” гэж хэлдэг байсан.  Мэдээж эцэг эхийн хэлж байгаа нь үнэн ч би дуртай юм аа хиймээр байсан учраас ЭЕШ-дээ бэлдэхийн хажуугаар бэлтгэлдээ явж, цагаа зохицуулж чадна гээд явсан. Тэгээд аав, ээжийн болон өөрийн хүсэлтээр хуулийн сургуульд орж чадсан. Гэсэн хэдий ч “Их сургуулийнхаа хажуугаар бэлтгэл гээд яваад байхаар толгой дотор чинь үлдэх юм байхгүй, хичээлээ хийж чадахгүй шүү дээ” гэж хэлсэн. Би “Хичээл номондоо анхаарч чадна. Дүнгээ сайн гаргана” гээд амлалт өгөөд, хичээсээр явж байна. Тэгээд дүнгээ ч сайн гаргаад, тэмцээн уралдаан, дээд лигт амжилттай тоглож  эхэлсэнээр намайг хүлээн зөвшөөрч, нааштай хандаж эхэлсэн. Манай гэрийнхэн бусад хүмүүсийн эцэг, эх шиг тоглолт дээр ирж дэмждэггүй ч сэтгэлээрээ аягүй сайн дэмждэг.

-Төгсөх дамжааны оюутан шүү дээ. Тэмцээн уралдаан, хичээл хувийн амьдралаа яаж зохицуулдаг бэ. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

           -Өөрийн хүсэл зорилгоос үл хамаараад багтаа цаг зарцуулах ёстой. Тиймээс багийн бэлтгэл бол баг, хамт олны бэлтгэл. Интернэт, сошиал хаяг гээд хэрэггүй зүйлсээ түр хойш нь тавиад, өөртөө амрах цаг гаргаж өгдөг. Эрт унтаж эрт босоод бэлтгэлээс өмнө хичээл номоо хийдэг. Гэхдээ би шөнө идэвхждэг төрлийн хүн болохоор шөнө сууж, хичээл номоо хийдэг. Хичээлийн цагаар хичээлдээ бүх анхаарлаа хандуулж, бэлтгэлийн үеэр хичээл, даалгавар бодохгүй зөвхөн бэлтгэлдээ анхаарч ажилладаг. Энэ дундаас цагийн юмыг цагт нь өгөх хэрэгтэй гэдгийг ойлгож авсан.

-Үлгэр жишээ авдаг тамирчин бий юу. Юунаас нь урам зориг авдаг вэ?

         -Одоо шууд толгойд бодогдож байгаа хоёр тамирчин байна. Манай багийн ахлагч С. Булгантамир эгч. Өөрийгөө спортод 100 хувь зориулчихсан хүн. 2022 онд лигт тоглож байгаад хүнд бэртэл авсан ч эмчилгээгээ сайн хийж, хурдан эргэн ирсэн. Үүнээс нь харахад сэтгэлзүйгээ бэлддэг, өөртэйгөө тулаад ажилладаг болохоор нь үлгэр жишээ авч, энэ хүнээс суралцаж яваа. “Тамираа эгчийг бараг өөртэйгөө ярьдаг байх” гэж боддог. Тамираа эгч тамирчин хүнд байх ёстой бүх чадваруудыг агуулсан тамирчин.

       Нөгөөх нь манай багт байсан П.Энххүслэн гээд голын хаагч найз маань. Эв дүйтэй, хурдан хөнгөхөн гээд чадварын хувьд мундаг тамирчин. Би өөрөө мөн голын хаагч болохоор найзаасаа их юм сурч, үлгэр жишээ авдаг.

-Таны цаашдын зорилго төлөвлөгөө юу вэ?

           -Бэлтгэл сургуулилалтдаа анхаарч байгаад шигшээ багт орж, азийн тэмцээнд оролцож үзэх нууцхан хүсэл бий. Мөн Хууль зүйн салбартаа тэргүүлдэг хүн болоод, худал хуурмаг зүйлээс өмгөөлдөг сайн өмгөөлөгч болж, дэлхийгээр аялах мөрөөдөлтэй.

- Ярилцсанд баярлалаа.

         -Баярлалаа.

Б.ХОНГОРЗУЛ

 


“ЭНАРГУРЭ” БАГИЙН ТАМИРЧИН Х.ӨЭЛҮН: УЛСЫН ШИГШЭЭД БАГТАЖ, АЗИЙН АВАРГАД ОРОЛЦОХ МӨРӨӨДӨЛТЭЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-29 07:44:09
    Хулан: Холбон тоглогч биш голын хаагч шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-29 00:42:54
    Сааюу Баттулга: Дүүдээ дандаа сайн, сайхан бүхнийг хүснэ. Амжилт дүү минь...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-28 23:17:00
    Н. Оюунцэцэг: Хөөрхөн шавиараа маш их бахархаж байна. Чамдаа томоос том амжилт хүсье. Мөрөөдөл нь удахгүй биелэх болтугай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-28 12:09:10
    Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ : Амжилт хүсье.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188