• Өнөөдөр 2024-03-28

Сэтгүүлчид ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨӨРСДӨӨ БОЛОВСРУУЛАХ санаачилгад нэгдлээ

2020-12-21,   1454

Хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй эвсэл, холбоод, мэргэжлийн байгууллагууд нэгдэж, энэ сарын 17-нд Хэвлэлийн эрх чөлөөний төлөө үндэсний түр зөвлөл байгуулсан. Тус зөвлөл нь мэргэжлийн хуульчдын баг ажиллуулж, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өөрсдөө боловсруулж, УИХ-аар батлуулах хүртэл ажиллах юм. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид тус хуулийн төслийг боловсруулах, хууль санаачлах субьектээ өөрсдөө сонгох санаачилгад өргөн бүрэлдэхүүнтэйгээр нэгдэж байгаа аж. Учир нь, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд төрийн оролцоотойгоор хэвлэлийн эрх чөлөөг хяналтдаа авах зохицуулалт оруулах гэж байгаа нь сэтгүүлзүйн салбарын эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Түүнчлэн Эрүүгийн хуулиар сэтгүүлчдийг далайлган, хуулиар сүрдүүлэн “яллах” заалт оруулах, хэвлэлийн эрх чөлөөг төрийн хяналттай болгох гэсэн санаархлыг эрс эсэргүүцэж байгаа юм.

Үндэсний түр зөвлөлийн даргаар МСНЭ-ийн ерөнхийлөгч З.Боргилмаа сонгогдоод байгаа бол дэд даргаар Контрол.мн сайтын тоймч, сэтгүүлч Ц.Энхбат ажиллаж байгаа аж.

МСНЭ-ийн ерөнхийлөгч З.Боргилмаа өөрийн цахим хуудастаа “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар эрх, эрх чөлөөг баталгаажуулах дархлаа, сэтгүүл зүйг эрүүл зөв голдрилоор хөгжүүлэх зохицуулалт шаардлагатай. Түүнээс биш улстөрчдийн хүсдэг шиг хараат бус сэтгүүл зүй, чөлөөт хэвлэлийг барих, хянах, цензурдэх төрийн механизм байж болохгүй. Бид энэ удаад өөрсдөө шийдэл санал болгох болно. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг салбарынхны санал болон судлаач, хуульчид, иргэний нийгмийн зөвшилцөл дунд өргөн хүрээнд хэлэлцүүлэх зарчмаар боловсруулж, хууль санаачлагчдад хүлээлгэн өгөхөөр шийдээд байна. Юун түрүүнд МСНЭ болон ХМЗ, Хэвлэлийн хүрээлэн, Глоб интернэйшнл төв, мэргэжлийн холбоод, бие даасан редакц, сэтгүүлч гээд бүх л коммунитийг багтаасан хамтын ажиллагааны механизмыг бий болголоо. Энэ нь Хэвлэлийн эрх чөлөөний төлөө үндэсний зөвлөл юм. Энэ бол зорилгодоо хүртэл хамтын шийдвэр гаргах түр механизм. Бидний зорилго, зарчим, хамтын механизмд нэгдэх нээлттэй” хэмээсэн нь бий.

ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ТҮР ЗӨВЛӨЛД ОДООГИЙН БАЙДЛААР:

  • Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл
  • Хэвлэл мэдээллийн зөвлөл
  • Монголын хэвлэлийн хүрээлэн
  • Глоб интернэшнл төв
  • Хэвлэлийн хүрээлэн
  • Монголын телевизүүдийн холбоо
  • Монголын өдөр тутмын сонины холбоо
  • Парламентын сэтгүүлчдийн холбоо
  • Монголын сайтын холбоо
  • Монголын үндэсний сайтуудын хөгжлийн нэгдсэн холбоо
  • Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо
  • Хангарьд Улаанбаатарын сэтгүүлчдийн холбоо
  • Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо
  • Орон нутгийн телевизүүдийн холбоо
  • Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв
  • Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн эв нэгдэл ТББ
  • Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб ТББ
  • Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо ТББ
  • Монголын криминологичдын холбоо
  • Монголын гэрэл зурагчдын холбоо
  • Талын түрлэг ТББ
  • Монголын Олон Нийтийн Медиа Контент Сан
  • Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төв
  • Нүд үнэнч-Чих худалч студ эрэг 70 гаруй эвлэл, холбоо, мэргэжлийн байгууллага нэгдээд байна.

Тус зөвлөл нь:

  • Хууль, бодлогын судалгаа
  • Нөлөөлөл
  • Зохион байгуулалт гэсэн үндсэн гурван ажлын хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулах аж.

Хууль, бодлогын судалгааны ажлын хэсгийг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа ахлаж байгаа бөгөөд хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөгөөр мэргэшсэн хуульчидтай хамтрах, дотоодын болон олон улсын зөвлөхүүдээс сургалт, зөвлөгөө авах, улмаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, сэтгүүлчид, редакцуудаар хэлэлцүүлэн санал тусгах зэргээр хамтран ажиллаж, хуулийн төслийг эрх баригчдад санал болгох юм.

Нөлөөллийн ажлын хэсгийн ахлагчаар Эрхэт Монгол” медиа группийн захирал, сэтгүүлч Х.Мандахбаяр ажиллаж буй бөгөөд хэвлэл мэдээллийн салбарын хууль, эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, өөрийн зохицуулалт, мэргэжлийн ёс зүй зэрэг салбарын асуудлаар олон нийтэд мэдээлэл түгээх үндсэн чиглэлтэйгээр үйл ажиллагааг явуулах юм байна. Харин зохион байгуулалтын ажлын хэсэгт Үндэсний зөвлөлд нэгдээд буй эвлэл, холбоод, мэргэжлийн байгууллагууд эрх тэгш оролцох бөгөөд сэтгүүлзүйн салбар, редакциудад зөвлөлийн үйл ажиллагааны мэдээллийг түгээх, хурал, уулзалт, сургалт зохион байгуулах чиглэлээр ажиллах аж.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ЯАГААД ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ ВЭ

1998 онд батлагдсан уг хуулийг өөрчлөн шинэчлэх шаардлага үүсээд удаж буй. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль бол иргэн бүрийн үнэн бодит мэдээлэлтэй байх, түүнийг хангах хууль юм. Угн хуулийн төслийг үеийн үед эрх баригчид боловсруулж ирсэн бөгөөд ямар нэгэн хэлбэрээр төрийн хяналтад оруулах зохицуулалт тусгагдаж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хоёрдугаар зүйлд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гэж заасныг бусад хуулиараа хязгаарлаж буй. Энэ нь хэвлэл мэдээллийн салбарын эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Учир нь хэн нэгэн төрийн албан хаагч, эрх мэдэлтэн, эсвэл мөнгөтэй хүн иргэдийн үнэн бодит мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлаж, хэвлэл мэдээллийн зах зээлд хүссэн мэдээллээ цацаж, иргэдэд очих мэдээллийг гуйвуулж болохгүй юм. Тийм учраас нийгэмд сайн сайхныг бий болгох үүрэгтэй хэвлэл мэдээллийн салбар бие даасан, мэргэжлийн ёс зүйтэй, хараат бус байхыг уг хуулиар хангах ёстой. Иймд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгаа юм.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуультай энд дарснаар танилцах боломжтой

ЭРҮҮГИЙН ХУУЛИАР СЭТГҮҮЛЧДИЙГ “ЯЛЛАХ” ЗААЛТ ОРУУЛАХЫГ САНААРХАВ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2020 оны арванхоёрдугаар сарын 18-нд албан ёсны цахим хуудастаа байршуулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн 13.14 “Худал мэдээлэл тараах” заалтыг өөрчилж, хэвлэлийн болон иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бүхий л талаар хянан цагдах, хязгаарлахыг тусгасан бөгөөд үүнийг хэвлэл мэдээллийн салбар бүхэлдээ эсэргүүцэж буй.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар тус хуулийн заалтыг хэт ерөнхий байсан учраас дахин нэмэлт өөрчлөлт оруулж,гэмт хэргийн шинжийг нь тодорхой болгох, улмаар шийтгэлийг нь чангаруулах ёстой гэж үзжээ.  

Тодруулбал, хуулийн төсөлд “13.14 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ, ТҮГЭЭХ 

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж гутаах, эсхүл олон нийтийг төөрөгдүүлэх, эсхүл айдаст автуулах зорилгоор хортой, илтэд худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн мэдээллийн сүлжээний хэрэгсэл ашиглан тараасан, эсхүл илтэд худал мэдээлэл болохыг мэдсээр байж түгээсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэжээ. 

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарснаар унших боломжтой.


Сэтгүүлчид ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨӨРСДӨӨ БОЛОВСРУУЛАХ санаачилгад нэгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188