• Өнөөдөр 2024-04-20

НОГООЧИД: Иргэдийн худалдан авах чадвар муу байна, зарим хүнсний ногооны үнээ буулгахаас өөр арга алга

2021-08-19,   1031

            Нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд энэ сарын 3-наас эхлэн  “Алтан намар” шинэ ургацын хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж  эхэлсэн. Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул тэргүүтэй газар тариалангийн бүс нутгийн ногоочид жил бүрийн энэ үед шинэ ургацын ногоогоо нийслэлд авчирч борлуулсаар уламжлал болсон. Тэгвэл бид орон нутгаас ирсэн ногоочид шинэ ургацын хүнсний ногоогоо хэрхэн борлуулж байгаа, ямар хүндрэл тулгарч байгаа болон үнэ ханш, иргэдийн худалдах авах чадварын тухай сурвалжиллаа. Бид Баянгол дүүргийн IV хороонд байрлах хуучнаар “1000 машины зогсоол” гэгдэх талбай болон Чингэлтэй дүүрэгт байрлах Ялалтын талбайд гарсан үзэсгэлэнг худалдааг зорьсон юм. 
 

-Үнэгүй ашиглаж байгаа нэртэй ч өдөрт 60 мянгыг төлөхөд хүндрэлтэй байна-

 
         “Ялалтын талбай”-д нээгдсэн шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаанд голдуу Сэлэнгэ аймгийн сумдын ногоочдын лангуу байх аж. Голдуу гэдэг нь өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоогоо борлуулж буй ногоочидтой зэрэгцээд Хүчит шонхор захаас хүнсний ногоо бөөндөж аваад борлуулж буй иргэд ч бий учраас тэр юм. Энд лууван, төмс, манжингаас эхлээд бүхий л төрийн хүнсний нарийн ногоо ярайж харагдана. Нийт нутгаар бороо хур элбэгтэй, зуншлага сайн байсан нь хүнсний ногооны болцод ч сайнаар нөлөөлжээ. 
Бид Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас ирж, шинэ ургацын хүнсний ногоогоо борлуулж буй Б.Цэцгээтэй цөөн хором ярилцсан юм. Тэрбээр “Миний бие 10 гаруй жил хүнсний ногоо тариалж байна. Энэ жилийн хувьд бороо хур ихтэй байсан учраас хүнсний ногоо сайн ургасан ч тарвас, улаан лооль гэх мэт нарны элч шаарддаг жимс ногооны болц маш удаан байна. Шинэ ургацын ногоог зарж борлуулах тал дээр Улаанбаатар хотын захирагчийн албаны даргатай ногоочдын төлөөлөл уулзаж, худалдаа эрхлэгчдээс түрээсийн мөнгө авахгүй, зөвхөн хог, цэвэрлэгээний мөнгө авахаар зохицуулалт хийсэн ч Ялалтын талбай дахь нэг асрыг өдрийн 60 мянгаар түрээслүүлж байна. Ногоочид бид өмнө нь сумаасаа Улаанбаатар хот руу хоёр тонн ногоог 300 мянган төгрөгөөр ачуулдаг байсан. Гэтэл одоо бензиний үнэ өссөнөөс шалтгаалан ачилтын үнэ нэмэгдэж 450 мянган төгрөг болсон. Миний хувьд гэхэд 10 тонн ногоо Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас авч ирсэн. Үүнийгээ хуваарилж өгсөн газарт багтахгүй учраас хотод байдаг дүүгийнхээ хашаанд аваачиж хураагаад хагасыг нь үзэсгэлэн худалдаа руу авчирсан.  Энэ жил “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан иргэдийн худалдан авах чадвар  сайнгүй байгаа учраас ногоо борлуулагдахгүй асрын түрээсний мөнгөө ч төлж чадахгүйд хүрч байна. Хотын захиргаанаас асрын асуудлыг шийдэж, дараа дараагийн удаад ногоочид асраа өөрсдөө хийж ирэх юм уу, худалдаж авах боломжтойгоор шийдвэл сайн байна” гэсэн юм. 
Биднийг ярилцаж байх зуур нэг настай эмэгтэй ирж ногооны үнэ асуугаад “Доошоо байхгүй юу” гэж хэлээд өнгөрч одов. Энэ зуур Б.Цэцгээ “Иргэд үнэгүй талбайд ногоогоо зарж байж ногооныхоо үнийг буулгаж болдоггүй юм уу” гэх мэт дурамжхан асуултууд тавьдаг юм. Гэвч үнэндээ бид чинь түрээс төлж байна шүү дээ. Энэ бүхнээ үнэ асуусан хүн бүрд тайлбарлаад байлтай биш. Бас энд байгаа бүх худалдаа эрхлэгчид ойролцоо үнэтэй зарахгүй бол хоорондоо барьцалдаж, хэрүүл маргаан гарах тохиолдол ч байна” хэмээн учирлаж байлаа. 
 

"Луувангаас бусад хүнсний ногооны үнэ нэмэгдээгүй"

 
       Бид цааш явж “1000 машины зогсоол” дээр очиход Ялалтын талбайгаас хамаагүй олон лангуу байх боловч хүн хөдөлгөөн багатай, худалдан авагч цөөн байв. Ихэнх худалдаачид хийх байхаа олж ядан утсаа оролдож, зарим нь хураалттай ногоогоо налан эвшээлгэж суух аж. Бид Дархан-Уул аймгийн “Орхон жимс ногоо” хоршооллын   ногоочин Э. Мягмараас цөөн асуултад хариулт авсан юм. 
- Ургац арвин уу? Өнгөрсөн жилийнхээс үнийн хувьд өөрчлөлт гарсан уу? 
 
     -Нийт ургац хураалт одоогоор арай эхлээгүй байгаа. Ногоочид ургацынхаа зах зухаас л авчирч борлуулж байна. Манай нутагт өнгөрсөн жилийнхийг бодвол ургац бага ургасан. Ихэнх нутгаар бороо хур ихтэй байсан учраас ургацын 70% нь үерт автсан. Үнийн хувьд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад луувангаас бусад ногооны үнэ өсөөгүй. 
 
-Иргэд үзэсгэлэн худалдааг хэр их зорьж ирэн үйлчлүүлж байна вэ?
 
      -Иргэд ирж ногоо худалдаж авах нь маш бага байна. Энэ жил “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор эдийн засаг уналтад орж, иргэдийн худалдан авах чадвар муудсан бололтой юм. Тиймээс хүнсний ногооны үнэ ч гэсэн буурах хандлагатай байна. Миний хувьд лууванг 3000 төгрөгөөр худалдаалж байсан ч хүн авахгүй байгаа учраас үнээ буулгаж 2500 төгрөг болгочихоод зогсож байна.
 
- Энд аль аль аймгаас ирсэн ногоочид байна вэ?
 
      -Сэлэнгэ, Дархан, Зүүнхараа, Баруунхараа, Батсүмбэр гээд газар газраас ирсэн байна. 
 
“1000 автомашины зогсоол”-д худалдаалагдаж буй шинэ ургацын ногооны дундаж үнэ /кг/: 
 
Төмс – 800 төгрөг (Нэг шуудай нь 20 мянган төгрөг)
Лууван – 3000  төгрөг
Байцай – 1000 төгрөг
Хүрэн байцай – 2000 төгрөг
Шар манжин – 2000 төгрөг 
Хүрэн манжин – 2500 төгрөг
Сонгино – 1500 төгрөг
Өргөст хэмх – 1500 төгрөг
Улаан лооль – 3000 төгрөг
Чинжүү – 3000 төгрөг
Хулуу – 3000 төгрөг
Тарвас – 1500 төгрөг  
      “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд оролцохоор орон нутгаас ирсэн ногоочдыг дэмжих, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан төлбөр авахгүй байх, худалдаа эрхлэх боломжоор нь хангах талаар тодорхой зохицуулалтууд хийгдсэн гэх боловч бодит байдал дээрээ хэрэгжилт хангалтгүй байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар л гэхэд "Улаанбаатар хот бизнес эрхлэгч нартаа ээлтэй байх ёстой" хэмээн мэдэгдэж, ногоочдын асуудлыг яаралтай шийдэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон гэх. Гэтэл “Ялалтын талбай”-д үзэсгэлэнд оролцож буй ногоочин өдөр 60 мянган төгрөг төлж, “1000 машины зогсоол” үзэсгэлэнд оролцож буй ногоочид сул талбайгаа булаацалдан зодолдох шахаж байна. 
 
Түүнчлэн энэ жил иргэдийн худалдан авах чадвар муу, тариаланчид хураасан ногоогоо нөөцлөх боломжгүй байгаа зэргээс хамаарч хүнсний ногооны үнэ буурах шинжтэй байна. 
 
 
 

НОГООЧИД: Иргэдийн худалдан авах чадвар муу байна, зарим хүнсний ногооны үнээ буулгахаас өөр арга алга
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188