• Өнөөдөр 2024-04-26

Монголын төр Х.Бадамсүрэнгийн мөнгө "идсэн" гэмт хэргийг нь мартаж, морь уядаг "хобби"-г нь үнэллээ

2021-06-05,   737

         Өчигдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Манлай уяач цолоор шагнууллаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн мөнгөөр охиныхоо сургалтын төлбөр болох 100 гаруй сая төгрөгийг төлүүлсэн, 200 гаруй сая төгрөгөөр хувийн орон сууцаа тохижуулсан, хагас тэрбумын үнэтэй автомашин, мөнгөн аяга, массажны сандал, уран зураг худалдаж авсан гээд хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө хувьдаа “завшсан” Х.Бадамсүрэнд хариуцлага тооцох бус эсрэгээрээ манлай уяач болгон мандуулж орхилоо. Монголын төр түүний мөнгө идсэн гэмт хэргийг нь мартаж, морь уядаг “хобби”-г нь үнэлчихлээ. Төрийн өмчит үйлдвэрээс тэрбум тэрбумаар нь мөнгө идсэн хүн төмөр торны цаана суух бус харин ч Төрийн ордонд заларч, Ерөнхийлөгчөөр энгэрээ цоолуулж байхыг харлаа. 

“Эрдэнэт”-ээс тэрбум тэрбумаар нь мөнгө “идсэн” нь илчлэгдсэн, хэтийдсэн тансаг хэрэглээгээрээ зард гарсан Х.Бадамсүрэнд Засгийн газар өнөөг хүртэл хариуцлага тооцоогүй байж манлай уяач цолоор шагнаж байгааг учир мэдэх хүмүүс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал, У.Хүрэлсүх 2019 оны дөрөвдүгээр сард “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-т онц байдал тогтоож, тус үйлдвэрт үүссэн асуудлыг шалгах ажлын хэсгийн ахлагчаар тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг илгээсэн байдаг. Гэвч Л.Оюун-Эрдэнэ тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнтэй “нэг тал” болоод буцаж ирсэн гэдэг. Түүнээс хойш Л.Оюун-Эрдэнэ Х.Бадамсүрэнгийн “булхай”-г нуух, хариуцлагаас мултлах бүхий л аргыг сүвэгчилж, улаан  нүүрээрээ хамгаалах болсон гэлцдэг.

 
Нэг жишээ хэлье. Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын мөнгөөр тансаглаж, эрээ цээргүй, ил цагаан “идэж уусан” баримтууд нь “Шилэн данс”-аар ил болж, ид шуугиан тарьж байх үед буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 13-нд Засгийн газраас нэг том шийдвэр гаргасан байдаг. Тэр нь 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1 хүртэлх долоон сарын хугацаанд 900 мянган айл өрх, 120 гаруй мянган аж ахуйн нэгжийн цахилгаан, ус, дулаан, хогны төлбөрийг тэглэх шийдвэр байсан. Ингэхдээ тог цахилгаан, ус дулааныг тэглэхэд шаардлагатай 650 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гаргахаар болсныг Засгийн газар дуулгасан. Тухайн үед Х.Бадамсүрэнгийн “Эрдэнэт”-ээс мөнгө “идэж уусан” асуудлын талаар Л.Оюун-Эрдэнэ “Амжилтдаа бардсандаа тансагласан зүйл байгаа. Засгийн газраас хоёр удаа сануулсан” хэмээн илт “хамгаалаад” өнгөрч байв. Харин Л.Оюун-Эрдэнээр “хамгаалуулсан” “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Өнөөдрийн шийдвэрийг “эзэн нь юм аа мэдэж, эрэг нь усаа хашдаг” зарчмаар шийдвэр гаргалаа” хэмээн их л додигор мэдэгдэл хийж байлаа. 
 
Ингэж Х.Бадамсүрэн айл өрх, албан байгууллагын тог цахилгаан, ус дулааныг тэглэсэн “Ардын баатар” болоод, төрийн өмчийн үйлдвэрээс тэрбум тэрбумаар нь мөнгө идсэн гэмт хэрэг нь мартагдаж орхисон.  
 
Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн хэлснээр Х.Бадамсүрэнгийн “Амжилтдаа бардсан тансаглал” өнөө ч дуусаагүй хэвээрээ байгаа. Тэрбээр хамгийн сүүлд л гэхэд 105 сая төгрөгөөр жигнэмэг, 48 сая төгрөгөөр хар чавга, 107 сая төгрөгөөр цай, 265 сая төгрөгөөр алим, лийр, мандарин, киви, тарвас, ханборгоцой, жүрж зэрэг 26 нэр төрлийн жимс, 2.3 тэрбум төгрөгөөр үхэр, хонь, тахиа, гахайны мах, дайвар бүтээгдэхүүн худалдаж авах тендер зарласан нь ил болоод буй. Х.Бадамсүрэн эхлээд 100 саяар охиноо сургаж, 200 саяар байраа засварлаж, хагас тэрбумын машин унаж, 50 саяын массажны сандалд тухалж байсан бол одоо 265 сая төгрөгийн жимс идэж, 107 сая төгрөгийн цай ууж, 105 сая төгрөгийн жигнэмэг идэж байна гэхээр тансаг хэрэглээ нь улам бүр л хэтийдэж байна гэсэн үг. Гэтэл төсвийн ганц саалийн үнээний дэлэнг баруун солгойгүй шувтарч суугаа Х.Бадамсүрэнд хариуцлага тооцох бүү хэл харин ч манлай уяач болгоод мандуулчихлаа. 
 
        Уяж уралдуулсан морьдынх нь түрүү айраг Манлай уяач цолны болзол хангасан байж болно.  Гэхдээ төрийн өмчит үйлдвэрээс тэрбум тэрбумаар нь мөнгө гэмт хэргүүд нь торны цаана суух болзол хангачихсан гэдгийг мартах учиргүй. Өөрөөр бол, эрх баригч МАН-ын “Хулгайчидтай хатуу тэмцэнэ” гэсэн сүржин амлалт хэрвээ хэвээрээ бол Х.Бадамсүрэнг тойрох ёсгүй юм. 
 

Монголын төр Х.Бадамсүрэнгийн мөнгө "идсэн" гэмт хэргийг нь мартаж, морь уядаг "хобби"-г нь үнэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188