• Өнөөдөр 2024-04-18

МАН-ын ээлжит утсан хүүхэлдэй Т.ДОРЖХАНД уу

2021-04-17,   895

          Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Үүрцайх, О.Мөнхсайхан нарын гаргасан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрсөн байна гэх маргааныг хэлэлцсэн. 
Улмаар дээрх хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн нь үнэн гэх дүгнэлтийг Цэц гаргаснаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг цаашид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэж үзлээ. Хэдийгээр энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Цэцийн их суудлын хуралдааныг товлон зарлах эсэхийг шийдэх ч МАН-ын бүлэг олонхоороо дэмжвэл асуудал эцэслэгдэнэ гэсэн үг.
Үнэн хэрэгтэй бүрэн эрхийн хугацаа нь дууссан хоёр гишүүний нэг нь чөлөөлөгдөж, нөгөө нь гол маргаанд оролцсон. Цэцийн гишүүн  Д.Солонго УИХ-ын гишүүн Т.Доржханд нарын гомдлыг хүлээн авч маргаан үүсгэх боломжтой гэж үзээд өөрөө МАН-аар хамгаалуулаад зөөлөн суудалдаа үлдэж, Ш.Цогтоог хугацаа нь дууссан гээд явуулчихсан.
Цаг хугацааны хувьд эргэн харахад УИХ-ын гишүүний Цэцэд гомдол гаргасан үетэй яг таг давхцаж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Угтаа бол жирийн иргэний хувьд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан гэх УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд МАН-ын ээлжит бай болсон бололтой. Монгол Улсад төрийн эрхийг барьж буй ганцхан томоохон хүчний доороос жижиг намууд гарч ирнэ гэдэг амаргүй. Тиймээс л УИХ-д ганц суудал авсан ХҮН-ыхан дараа дараачийн улс төрийн карьераа бодож МАН-нд дагаар орчихлоо. Үүнийг нотлох томоохон жишээ нь Цэц тойрсон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн маргаан байв. 
Т.Доржхандын тухайд УИХ-ын ээлжит сонгуулиар Хан-Уул дүүрэгт олонхын санал авч, ялалт байгуулсан цагаасаа л олны анхаарал татсан. УИХ-ын гишүүний тангараг өргөхөөр ирэх үедээ Төрийн ордонд пүүзтэй ирж, хэвлэлийнхний дуранд өртсөн тэрбээр өөрийгөө олонд таниулах хүсэлтэй, маркетинг сайтай нэгэн гэдэг нь илт харагдаж байв. Ганц хүн гал болохгүй гэгчээр олны дэмжлэгээр гарч ирсэн ч түүнд парламентад дангаараа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх амаргүй. Магадгүй асуудал хүндэрвэл улс төрийн карьер нь нэг удаагийн сонгуулиар дуусахыг ч үгүйсгэхгүй. Тиймээс л хэн нэг эрх мэдэлтний талд “үйлчилэх” зайлшгүй шаардлага үүссэн тул эрх баригч намынхны бөөрөнд наалдсан бололтой. 

Түүнийг эрх баригч намынхантай тохиролцож, намынхандаа албан тушаалын тохироо хийсэн гэх бор шувуу Саарал ордноор төдийгүй иргэдийн дунд нисэх болжээ. Асуудлыг эргэн харвал Цэц дээр үүссэн дээрх маргаан МАН-ын 62 гишүүнтэй шууд хамаараалтай. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэдгийг нь мэдсээр байж олонх гар өргөөд ногоон гэрлээр хуулийг нь баталчихсан гэсэн үг. Хэрэв зээ өөрсдөө энэ талаар гомдол гаргавал тэд олны элэг доог болох учир ХҮН-ыханд албан тушаал амлаж, маргаан үүсгэсэн байх магадлалтай юм. 

Хэн маргаан үүсгэх вэ гэдэг нь чухал болохоос түүнд хэн ямар оролцоотой вэ гэдэг нь хаалганы доторх өрнөх асуудал. Тиймээс л эрх баригч нам Т.Доржхандын арыг дааж, Цэцийн гишүүдийн дунд халаа сэлгээ хийсээр дээрх гомдлыг хуль зөрчсөн нь үнэн гэх дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээр гаргуулчихлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн төлөөх энэ улайрал МАН-ыг муухай харагдуулахаас гадан Т.Доржхандын үнэн царайг илчилчихсэн.
 
Цэцийн дунд суудлын хуралдааны дараа Т.Доржханд өөрийгөө шудрага үнэнийг тогтоож байгаа хэмээн мэдэгдсэн ч үнэн хэрэгтэй ардчилсан тогтолцоог үгүй хийж, нэг намын хараат байдлыг бий болгож буйгаа ялгаагүй болчихлоо. Эрх баригч намын энэ танил технологи урьд нь ч өрнөж байсан. УИХ-д цөөнх болсон намын гишүүдийг өөрт нь дагаар оруулж, ашигладаг энэ бохир технологийн бай энэ удаа ХҮН-ыг тойрсонгүй. Гэвч эцсийн дүндээ хэрэгцээ нь дуусвал МАН хэнийг ч хаалганы гадна үлдээж чадах учир Т.Доржханд тэдний утсан хүүхэлдэй болчих вий.
 

МАН-ын ээлжит утсан хүүхэлдэй Т.ДОРЖХАНД уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-17 16:14:01
    Нэр: Зөв юм хийж байгаа шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-17 15:57:33
    Зочин: Мэрүүлэх юмаа хийж ч байгаа хүн !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-17 14:58:33
    Иргэн: Энэ залууг байнга л мэрж байх юм. Идсэн эрүү хувхайрна гэж үг бий дээ!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188