• Өнөөдөр 2024-04-26

Хүчин, бэлгийн дарамт, “янаг амраг”-ийн хэрэгт нэр холбогдсон НАЙМАН ГИШҮҮН

2021-04-16,   1906

          УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “1000 эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан” гэх хэрэг нийгмийг “сэрээж” байна. Эмэгтэй хүн бүр, охинтой аавууд бүр бэлгийн хүчирхийллийг бүх шатанд таслан зогсоох “Меtoo” уриалгад нэгдэж, нийгэм даяар давлагаалж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд, компанийн захирлууд, хурган дарга нарын дунд ужгирсан бэлгийн дарамт, хүчирхийллийг цаг алдалгүй таслан зогсоох цаг болсныг Ц.Анандбазарын хэрэг санууллаа. Тэгвэл өнгөрсөн хугацаанд хэчнээн УИХ-ын гишүүн бэлгийн дарамт, хүчирхийллийн гэмт хэрэг болон охид бүсгүйчүүдтэй “янаг амрагийн холбоотой” хэрэгт нэр холбогдож байсныг уншигч танд сэргээн сануулъя. Олон нийтэд ил болсон мэдээллийг шүүж үзвэл 2010 оноос хойш УИХ-ын найман гишүүн бэлгийн дарамт, хүчирхийлэл, охид бүсгүйчүүдтэй янаг амрагийн холбоотой хэрэгт нэр холбогдож, дуулиан тарьж байжээ. 
 

“БАНДААШ” Д.ГАНТУЛГА

 
        УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон “зартай” нэгэн. Тухайлбал, тэрбээр 2017 оны зургаадугаар сард 25 настай Н гэх эмэгтэйг хүчиндсэн хэрэгт  холбогдсон. Хуулийн байгууллагууд хэргийг шалгаад эхэлмэгц хохирогч Н-ийн биеэс илэрсэн эс УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын бэлгийн эстэй таарч, хүчингийн хэрэг үйлдсэн нь батлагдсан гэдэг.  Улмаар Д.Гантулга шалгагдаж байх хугацаандаа буюу 2018 оны зургаадугаар сард УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Ингэхдээ зүгээр ч нэг явчхаагүй, төрийн ордны индрээс “уг нь хэргийн газраас бандаашаа өмсөөд гарсан юм” гэх тайлбар өгснөөр олон нийтийн дургүйцлийг хүргэж, “бандааш” хочтой анхны гишүүн болсон юм. 
 

Гэвч тун удалгүй буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд нэр бүхий эмэгтэй УИХ-ын гишүүн асан Л.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг. Ингэж “Бандааш” Д.Гантулгын хоёр дахь хүчингийн хэрэг ил болсон. Ингээд түүний шүүх хурал 2019 оны арваннэгдүгээр сарын 12-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүчиндэх” зүйл ангиар буруутгаж, эхний хүчингийн хэрэгт нь нэг жил дөрвөн сар, хоёр дахь хэрэгт нь найман сар нийт хоёр жилийн ял оноосон юм. 

 
Гэвч УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өнгөрөгч 2020 оны арванхоёрдугаар сарын 11-нд магадлангаар суллагдсан билээ. 

“БАНДААШГҮЙ” Д.МУРАТ

 
      2017 онд буюу “Бандааш” Д.Гантулгын дуулианы араас УИХ-ын гишүүн асан, “Бандаашгүй” Д.Муратын бэлгийн дарамт учруулсан гэх асуудал дэгдсэн байдаг. Тухайлбал, Б.Бахытгүл гэх эмэгтэй УИХ-ын гишүүн асан Д.Мурат өөрт нь бэлгийн дарамт учруулсан гэж хуулийн байгууллагад гомдол гаргаснаар энэ хэргийн дуулиан эхэлсэн байдаг. Тухайн үед Д.Муратын гэх бэлэг эрхтний зураг, түүний бичсэн гэх зурвасууд олон нийтийн сүлжээнд цацагдаж байв. 
 
Иргэн Б.Бахытгүл шүүхэд гаргасан гомдол болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлагадаа “УИХ-ын гишүүн асан Д.Мурат над руу бэлэг эрхтнийхээ зургийг явуулж, элдэв ёс бус үгээр доромжилж, дарамталж байсан. Эсэргүүцэл үзүүлэх бүрд зоддог байсан. Хуулийн байгууллагад хандана гэхэд минь 100 сая төгрөгөөр тохиролцох санал тавьсан” хэмээсэн нь энэ хэргийг илүү ноцтой болгосон байдаг. Ингээд хууль хяналтын байгууллагууд Д.Мурат болон түүний жолооч М.Елузаг шалгаж эхэлсэн. 
 

Нийслэлийн прокурорын газраас Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6.1, түүний жолооч гэх М.Елузагт Эрүүгийн хуулийн 11.4.1, 21.2.1 дэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Ингээд шүүх 2018 оны наймдугаар сарын 8-нд Д.Мурат, М.Елузаг нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцээд, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Шүүхийн шийдвэр гарсны дараа иргэн Б.Бахытгүл “Шүүх хуралдааны явцад Д.Мурат албан тушаал, эрх мэдлээрээ нөлөөлсөн. Шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна” хэмээн мэдэгдэж байсан юм. 

 
Хэдийгээр шүүх энэ хэргийг цагаатгах шийдвэр гаргасан ч “Мурат” гэх нэр бузар булай, бэлгийн хүчирхийллийн товчлол гэсэн утгатай мэт болж үлдсэн билээ. Өөрөөр бол энэ хэргээс хойш нийтийн дунд “бэлэг эрхтэн” гэдэг үг “мурат” гэж хэлэгддэг болсон нь түүний бэлгийн хүчирхийллийн гэх хэрэг нийгэмд ямар жигшил зэвүүцэл, уур бухимдал үлдээснийг илтгэх биз ээ. 

“Д.МУРАТ Б.ПҮРЭВДОРЖИД ХҮҮХЭН БЭЛЭГЛЭСЭН ГЭХ...”

 
        Д.Муратын бэлгийн дарамтын хохирогч гэгдэж байсан иргэн Б.Бахытгүл бас нэгэн УИХ-ын гишүүнийг нэр зааж, ноцтой мэдэгдэл хийсэн байдаг. Тодруулбал, иргэн Б.Бахытгүл “УИХ-ын гишүүн асан Д.Мурат нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид нэгэн эмэгтэйг бэлэглэж, өөрийн ажлыг бүтээлгэсэн” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, “УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэх асуудал олон нийтийн дунд шуугиан тарьсан юм. 
 
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ асуудалд “Татварын нэмэгдэлтэй холбоотой шуугианыг үүгээр дарах гэж байна. Улс төрч хүн бол ийм зэргийн дайралтыг даагаад гарах ёстой. Зургаадугаар сард Казакстан явсан нь үнэн. Гэхдээ өндөр хамгаалалттай орчинд тийм янз бүрийн асуудал гаргадаггүй. Энэ бол гүтгэлэг” хэмээн тайлбар өгснөөр энэ дуулиан намжиж байв. 

“ӨГЗӨГ” Д.ОДБАЯР

 
       УИХ-ын гишүүн асан, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаяр 2018 оны сүүлчээр онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан хэргээр БНСУ-ын Инчеон хотын цагдаагийн газарт саатуулагдаж байв. Д.Одбаяр тухайн үед Үндсэн хуулийн цэцийн дарга байсан. Тийм ч учраас түүний бэлгийн дарамтын хэрэг “Монголын төрийн өндөр албан тушаалтан “өгзөг”-ний хэрэгт холбогдлоо” гэх гарчигтайгаар нэг улирал шахам олон улсад шуугиан тарьсан. Улмаар БНСУ-ын Инчеон хотын прокуророос 2019 оны арваннэгдүгээр сард Д.Одбаярт долоон сая вонн буюу 16 сая төгрөгийн торгууль ногдуулж, сулласан юм. 

Харь оронд “өгзөг”-ний хэргээрээ дуулиан тарьж, тус улсад ажиллаж амьдардаг монголчуудаа нүүр хийх газаргүй болгосон Д.Одбаяр нутагтаа ирсний дараа Үндсэн хуулийн Цэцийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Ингээд 2019 оны арваннэгдүгээр сарын 22-нд Үндсэн хуулийн Цэцийн нийт гишүүд хуралдаж, түүний хүсэлтийг хэлэлцэж дэмжсэнээр даргын албан тушаалаас нь чөлөөлсөн юм. 

 
Тэрбээр Үндсэн хуулийн Цэцийн дарга биш болсон ч Цэцийн гишүүний ажлаа үргэлжлүүлэн хийсээр өдийг хүрч байгаа. Харин энэ долоо хоногт УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийллийн гэх хэрэгтэй холбогдуулан бэлгийн хүчирхийлэлд нэр холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудыг албан тушаалаас нь чөлөөлж хариуцлага тооцуулах ард түмний акц өрнөж эхлээд байна. Энэ хүрээнд өчигдөр Үндсэн хуулийн Цэцийн үүдэнд иргэд тайван жагсаал хийж, Д.Одбаярыг гишүүний албан тушаалаас нь чөлөөлөх шаардсан юм. 
 

“САХАЛ”, “ЯНАГ”, “ХАР БАНДААШ” Ж.БАТ-ЭРДЭНЭ

 

         УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ  өнгөрсөн 2020 оны сонгуулийн өмнөхөн “Сүнээ” буюу Б.Сүндэръяатай дотно харилцаатай гэх дуулианд холбогдож, хамтдаа тэврэлдэж авхуулсан болон цээж нүцгэн зургууд нь цахим орчинд тарж байв. Тухайн үед Ж.Бат-Эрдэнэ “Энэ бол над руу чиглэсэн бохир улс төр” гэх маягтай тайлбар хийгээд өнгөрсөн. Харин иргэн Б.Сүндэръяа энэ асуудалд “Би түүнийг танина” гэхээс өөр хариулт хэлээгүй байдаг. Уг нь хүүхдийн сайн эцэг, сайн хань гэгддэж, үүнийгээ улс төрчийн давуу тал болгож байсан ч ийнхүү залуу эмэгтэйтэй нэр холбогдож, эхнэрийнхээ араар тавьсан байж болзошгүй эл үйлдэл нь түүнийг муу нэртэй болгож орхисон. 

 
Түүнчлэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард улс даяар хатуу хөл хорио тогтоож, УИХ-ын чуулган цахим хэлбэрт шилжээд байх үед УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “бандааш”-тайгаа цахим хуралдаанд оролцсон нь олны дургүйцлийг хүргэсэн. Тэрбээр эл зүйгүй үйлдэлдээ уучлал гуйхын оронд “Харин ч би зангиатай байсан шүү” хэмээн тайлбар хийж байв. 

 

“САЙН АХ” Х.ТЭМҮҮЖИН

 
УИХ-ын гишүүн асан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин 2014 онд Г.Сарангэрэл гэх 20 ч хүрээгүй охинтой “янаг амрагийн холбоо”-той гэх дуулианд холбогдож байв. Магадгүй, түүнээс хойш л улс төрчдийн элдэв хоёрдугаар сувгийн асуудлууд дэгддэг болсон байх. 
 

Анх яаж ил болсон гэхлээр, Х.Тэмүүжинийг Хууль зүйн сайд байх үед ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, зарж борлуулсан хэргээр гурван охиныг саатуулан шалгасан гэдэг. Ингээд нэгнийх нь гар утасны дуудлагыг шалгах явцад 9910-тай дугаараас маш олон удаагийн дуудлага ирсэн байсныг тогтоосон гэх. Ингээд цагдаа нар тухайн 9910-тай дугаарыг хар тамхи, мансууруулах бодис худалдаалдаг “гол тоглогч” байж болзошгүй хэмээн цааш нь шалгатал тухайн утас нь тухайн үеийн хууль зүйн сайд Х.Тэмүүжингийнх болж таарсан гэдэг. 

Ингэж Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Г.Сарангэрэл хоёр “янаг амрагийн” холбоо олон нийтэд ил болж, Г.Сарангэрэлийг яам руугаа дагуулж орсон, үнэтэй гар утас авч өгсөн, МУИС-ийн Хуулийн ангид оруулж өгнө гэж амласан байсан гэх мэдээллүүд ч гарсан. Ингээд Х.Тэмүүжин “Сайн ах” хочтой болж үлдсэн. Түүнээс хойш Г.Сарангэрэл нь хэд хэдэн удаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, худалдан борлуулсан хэрэгт холбогдсон бөгөөд Х.Тэмүүжиний нэр ч түүнээс салаагүй явсаар өдийг хүрч буй. 
 

“Н.НОМТОЙБАЯРЫН ХОЁР ХЭРЭГ”

 
2012 оны сонгуулийн өмнөхөн Н.Номтойбаярын бие хамгаалагчаар долоон ажилласан Б.Батзориг гэх залуу нэгэн ноцтой зүйл ярьсан байдаг. Тухайлбал, тэрбээр “Н.Номтойбаяр, НАМЗХ-ны Ерөнхийлөгч байсан Л.Оюун-Эрдэнэ нар нийлж, үйлчлэгч бүсгүйг хүчирхийлсэн” гэж мэдэгдэж байв. Гэвч Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн болж, “Намайг гүтгэлээ. Хуулийн байгууллагад хандана” гэж мэдэгдсэн. Харин өнөөх Б.Батзориг гэх залуу гадаад руу гарсан гэгдэж асуудал мартагдсан юм. 
 
Сүүлд 2015 онд “Мунзуй” хочит Г.Нямдорж Н.Номтойбаярын талаар УИХ-ын Ёс зүйн хороонд өргөдөл гаргасан байдаг. Тус өргөдөлдөө мөн л “Н.Номтойбаяр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байх ангийн отгынхоо үйлчлэгч эмэгтэйг хүчирхийлсэн. 2011 онд Б гэдэг эмэгтэйг гэртээ аваачин зодож, хөмсгийг нь сэтэлсэн. Энэ хэргээ 500 ам.доллараар дарсан” гэж мэдэгдэж байв.  Гэхдээ дээрх хэргүүд хууль хяналтын  байгууллагаар шалгагдаад асуудал гараагүй өнгөрсөн. 
          10 жилийн хугацаанд нэр бүхий найман гишүүн хүчин, бэлгийн дарамт, охид бүсгүйчүүдтэй “янаг амрагийн холбоо” гэх хэрэгт холбогдоно гэдэг маш том тоо. Өөрөөр хэлбэл, Төрийн өндөр албан тушаалтнуудаас ёс зүй шаардах цаг болчихоод байгаад илүү дутуу тайлбаргүйгээр энэ тоо л хэлээд өгч байгаа юм. Эд бүгд хүчин хийсэн, бэлгийн дарамт учруулсан биш бохир улс төрийн хохирогч болж нэр нь холбогдсон байж ч болох. Гэхдээ л нэг биш удаа нэр нь чих халууцуулсан учраас энэ найм дунд багтаж байгаа юм. 
 
УИХ-д ард түмний итгэлийг өвөртлөн сонгогдсон эрхэм УИХ-ын гишүүд ёс зүйн, хариуцлагын өндөр хэм хэмжээтэй байх ёстой. Тэднийг тийм байлгахыг хүсдэг, шаарддаг. Тэгж байж зөв хууль баталж, төр чиглүүлэх учраас тэр.  Гэтэл хууль батлах үүрэгтэй УИХ-ын гишүүд нь охид, бүсгүйчүүдтэй гэр бүлээс гадуурх янаг амрагийн холбоо тогтоож, зөвшөөрөөгүй нэгийг нь хүчирхийлж, эсвэл байнга бэлгийн дарамтад байлгах замаар дур хүслээ хангадаг байж болох уу. 
 

Хүчин, бэлгийн дарамт, “янаг амраг”-ийн хэрэгт нэр холбогдсон НАЙМАН ГИШҮҮН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-16 12:49:03
    зочин: Өгзөг барьдаг Одбаяр, Өмдгүй зугтаадаг Гантулга, Хүүхэн найрдаг Ж.Бат-Эрдэнэ, Хүчингийн атман Номтойбаяр, Нуудгайгаа үзүүлдэг Мурат, Нугасгүй завхай Анандбазар, Хүүхэн бэлэглүүлдэг Пүрэвдорж, "Сайн ах" хочит Тэмүүжин, Саваагүй банзал эрхэмүүд.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188