• Өнөөдөр 2024-04-28

УЛСТӨРЧДИЙН СҮРЖИН ЭХЭЛЖ, ДАРЖИН ДАРАГДСАН ХЭРГҮҮД

2023-12-10,   15885

      Монголын түүхэнд хамгийн олон гишүүн нь гэмт хэрэгт холбогдсон УИХ-аар энэ удаагийн парламент нэрлэгдэх нь тодорхой биз ээ. Сонгуулийн үр дүнг зарлаж, парламентын 76 гишүүн тангаргаа өргөсөн цаг үеэс л нэлээд хэдэн гишүүн хууль хяналтын байгууллагын үүд сахиж байв. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, авлигын гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр хуулийн байгууллагаар шалгуулж байсан улстөрчид УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал гэх нэрээр хамгаалуулснаар аюулаас түр зуур холдсон. Тэдний араас ч олон гишүүн авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдож, бүрэн эрхийнх нь асуудал хөндөгдөж эхэллээ. Үндсэндээ парламентад суугаа улс төрийн гэмт хэрэгтнүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй. Тэгвэл УИХ-д сууснаас хойш хэрэг нь замхарсан УИХ-ын гишүүдийн хэргийг эргэн сануулж байна.
 
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГ, Н.АЛТАНХУЯГ, Х.ГАНХУЯГ, Г.АМАРТҮВШИН
 
УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал оруулж байсан нэр бүхий дөрвөн гишүүний хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Хөгжлийн банкнаас эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарыг яллагдагчаар татан шалгаж байгаа. УИХ-ын чуулганаар дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж халдашгүй дархан байдлын ханцуй дор нуугдсан гишүүдийн хэрэг шүүхийн шатанд яваа бөгөөд шүүх хурлын товыг хойшлуулаад буй. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг шүүх хурлыг нээлттэй явуулах шаардлагатай гэх  саналаа илэрхийлж байсан. Харин УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өөрийгөө Хөгжлийн банкны хэрэгт холбоогүй хэмээж байгаа. Ямартай ч хуулийн байгууллагаас дээрх нэр бүхий дөрвөн гишүүнийг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаагаа мэдэгдээд буй.
 
Энэ мэт УИХ-ын гишүүдийн холбогдсон хэргүүд нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэргийн дуулианаар дарагдаж, өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Мэдээж гишүүдийн хэргийг халдашгүй дархан эрх гэдэг хамгаалалтаар шалгах явц нь удааширдаг гэдгийг хууль хүчнийхэн онцолж буй. Сүржин эхэлж, даржин дарагдсан улстөрчдийн хэрэг хуулийнхны ширээн дээр овоорчээ.
 
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭРДЭНЭБАТ
 
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг сонгуулийн сурталчилгааных нь үеэр авлига албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хоригдож байх хугацаандаа парламентад сонгогдсон анхны гишүүн болсон. 
Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байх Улаан сайр-II гэх 1463.82 га талбайн тусгай зөвшөөрлийг “Элбэг орд” ХХК-аас өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” ХХК-д шилжүүлж авсан, зургаан сарын дараа цааш нь зарсан, мөн Засгийн газрын 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар ашигт малтмал хайх найман тусгай зөвшөөрөл олгож, тус компанид давуу байдал олгосон гэх хэрэгт буруутган шалгаж байсан.
 
Улмаар 2020 оны зургадугаар сард яллагдагчаар татан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ. Ингээд шүүхийн шийдвэрээр 6.6 жилийн ял сонсоод байв. Харин  2021 оны гуравдугаар сард хавтаст хэрэг нь прокурорт буцааснаар  батлан даалтад гарч, суллагдсан юм. Ингэснээр гишүүний тангаргаа өргөж, халдашгүй дархан эрхээр хамгаалуулсан.
 
Үүнээс хойш хэргийг дахин шалгах үйл явц ямар шатандаа яваа нь тодорхойгүй хоёр жил болжээ. Гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрх нь баталгаажсан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат өнгөрсөн хугацаанд УИХ дахь чимээгүй гишүүдийн тоонд багтаж, чуулганы хуралдаан дээр ч үг дуугарахаа больсон, “амьгүй” гишүүдийн нэг болоод байна. Хэдийгээр тэрбээр батлан даалтад гарч, гишүүний бүрэн эрхээ эдэлж байгаа ч хэрэг нь шийдэгдээгүй хэвээр байгаа юм.
 
УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА
Ардчилан намын гишүүн С.Одонтуяа УИХ-ын гишүүнд сонгогдохоосоо өмнө авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, сөрөг хүчний гишүүний үүргээ гүйцэтгэж чадахгүй суугаа. Түүнийг  УИХ-д суух гэж нэлээд хүч хаяж, луйвар хийж сонгогдсон байж болзошгүй хэмээн хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн. Ингэхдээ УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн өмнө Дорноговь аймагт байрлах “Арвижих хоршоо” гэх аж ахуйн нэгжийн нэрээр 10 гаруй чингэлэг буюу 15 тонн бэлэн хувцас хилээр нэвтрүүлж, “Комиссын бараа” хэмээн гаалийн бүрдүүлэлт хийсэн гэдэг. Гэтэл уг хувцас нь “комиссынх” биш, нэр бүхий брэндийн хувцас байсан нь илэрч, их хэмжээний ам.долларын өртөг бүхий брэндийн хувцсыг хуучин хувцас хэмээн татвараас зайлуулсан, түүнийгээ сонгуулийн сурталчилгаанд ашигласан байж болзошгүй гэгдэж буй.
 
Энэ хэргээ тэрбээр Дорноговь аймгийн гаалийн байцаагч Э-тэй үгсэн хуйвалдах замаар үйлдэж, түүний найз ял сонссон гэх мэдээлэл бий. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн тайлангаа танилцуулах үеэрээ “Вакцин худалдан авалтад С.Одонтуяа болон түүний нөхөр саад учруулсан” хэмээн мэдэгдэл хийж байлаа. Тус мэдээллийн дараа С.Одонтуяа, Л.Оюун-Эрдэнэ хоёрын хооронд багагүй маргаан өрнөсөн байдаг.
 
УИХ-ЫН ГИШҮҮН П.АНУЖИН
 
П.Анужин УИХ-д сонгогдсоныхоо дараа албан тушаалын хэрэгт нэр холбогдсон удаатай. Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Анужинг АТГ-аас эрх мэдэл  албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж байв.    Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Р.Будын хүүтэй хамтарч, нийтийн эзэмшлийн газрыг албан тушаал, эрх мэдлээ ашиглан, хүч түрэн булаан авч, эзэмшсэн гэх хэргээр хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан. Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах Доржийн гудамжны нийтийн эзэмшлийн газар дээр тэд “Лүнда” нэртэй барилга барьж, цэнгээний газар, биллияард, авто угаалгын ил зогсоол ажиллуулсан гэдэг. Гэвч энэ хэргийн явц ямар шатандаа яваа вэ гэдэг нь тодорхойгүй байна.
 
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БЕЙСЕН
 
Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Б.Бейсенийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан тангаргаа өргөсөн цагаас нь хойш хуулийн байгууллагууд шалгаж буй. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга тэргүүтэй Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмчийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон үндэслэлээр, тус аймгийн 514 иргэнийг дээрх хэрэгт холбогдуулан шалгасан байдаг.
 
Тус аймгийн 40 гаруй эмч, эрүүл хүнийг хэлгүй, дүлий, сэтгэцийн өвчтэй хэмээн хуурамч онош тогтоон, хөдөлмөрийн чадвараа алдсан гэж насан туршийн халамжид хамруулдаг байсан. Ингэхдээ  нэг хүнээс  500 мянгаас хоёр сая төгрөгийн авлига авдаг байсан нотлогдсон байдаг. 500 гаруй иргэн эмч нарт авлига өгсөн асуудлаар мэдүүлэхдээ эмч нарын дарамтад байнга орж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэдэг. Эл хэргийн гол зохион байгуулагч нь 2020 онд УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан, Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Бейсен хэмээн хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.
 
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ
 
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан хууль зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр 2015 онд хэрэг нээн шалгаж байв. Улмаар түүний хэргийг өнгөрсөн жилээс дахин сэргээн шалгаж эхэлсэн гэдэг.
 
ИХШХЕГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын төсөвт нийтдээ 276.6 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг 2020 оны арваннэгдүгээр сард сэргээн шалгуулахаар прокурор шийдвэрлэж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст прокурорын даалгаврын дагуу нэмэлт ажиллагаа эхлүүлсэн гэдэг мэдээлэл байна. Түүнчлэн гишүүнийг Засгийн газрын тусгай сангийн хууль зөрчиж, Мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авахад эрх мэдлээ ашиглан оролцсон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл ч бий.
 
УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ
 
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хамаарал бүхий “Вестерн Холд” ХХК нь Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан ч төлөөгүй гэх асуудал хөндөгдөж байлаа. Үүнд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хөгжлийн банкнаас “Вестерн Холд” ХХК-ийн авсан зээл зориулалтын дагуу ашиглагдаж байгаа. Мөн 2019 онд авсан, хугацаа хэтрээгүй зээл юм билээ.
 
Гэтэл үүнийг надтай холбож, хууль бусаар авсан юм шиг, зээлээ төлөхгүй зугтаад байгаа мэт ярьж байна. Ийм зүйл байхгүй. Өнгөрсөн 2012 онд авсан зээлүүд төлөгдөөгүй явж байна. Нийт 66 төслөөс 50 орчим нь төлөөгүй, хугацаа хэтэрсэн гэх асуудал яригдаж байна. Хийж, бүтээж байгаа орлогыг нухчин дарж, гүжирдээд байвал үйлдвэрлэл явуулах хүн байхгүй. Томхон төслөө дэмжих ёстой. Харин авсан зээлээ төлөхгүй, хугацаа хэтэрчихсэн, зориулалтын бусаар ашиглаж байгаа нөхдөд хариуцлага тооцох ёстой” гэх тайлбарыг өгсөөр байгаа билээ.
 
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ӨНӨРБОЛОР
 
АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг Дархан цаазат Богд хан уулын Зайсангийн аманд их хэмжээний газар хууль бусаар авч эзэмшин, улмаар тансаг зэрэглэлийн орон сууц барьж, асар их ашиг олсон үндэслэлээр хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Авлигатай тэмцэх газрын, хамтарсан Ажлын хэсэг оффшор бүсэд данстай улс төр, бизнесийн “томчууд” мөнгөө Монголд оруулж ирж, тансаг зэрэглэлийн барилга барьж зарах байдлаар угаасан байж болзошгүй ноцтой хэргийн сэжүүр илрүүлсэн талаар бид мэдээлж байлаа.
 
Тиймээс Дархан цаазат Богд хан уулын амуудыг самнаж, тэнд баригдсан үнэтэй тансаг амины болон орон сууцуудыг хэний ямар компани барьсан, санхүүжилт нь хаанаас гарсан, газрын зөвшөөрлөө ямар замаар авсан, хууль зөрчсөн эсэх гээд бүх мэдээллийг эхнээс нь нягтлан шалгаж, цаад эздийг нь илрүүлэх ажиллагааг хууль, хяналтынхан эхлүүлээд чамгүй хугацаа өнгөрсөн гэдэг. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Богдхан ууланд газар наймаалдаг БОАЖЯ-ны дарга нарт хариуцлага тооцно гэх асуудлыг сөхөж байсан. Хэрэв зээ Л.Оюун-Эрдэнэ хэлсэндээ хүрч газрын наймаачдаа зарлаад эхэлбэл Д.Өнөрболорын хэрэг ч сөхөгдөнө гэсэн үг. Эндээс МАН-ын фракцынхан жинхэнэ утгаараа сэрж, хэн нь хэн болохоо үзэж мэднэ. 
 
УИХ-ЫН ГИШҮҮН, ХХААХҮ-ИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН
 
Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт буруутгагдан шалгуулж байсан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун давхар дээл өмсөж, сайд болоод буй. УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, өөрийн хамаарал бүхий “Дорнод гурил” ХХК-аар дамжуулж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт буруутган хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан. Х.Болорчулуунд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, НПГ-т шилжүүлсэн байдаг. Түүний үүсгэн байгуулсан “Дорнод гурил” ХХК нь 2016 оны арваннэгдүгээр сарын 20-нд ЖДҮХС-гаас хоёр тэрбум төгрөг авсан нь тогтоогдсон байдаг. Ингэхдээ Х.Болорчулуун гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга асан А.Энхтүвшинтэй хуйвалдаж, хуурамч бичиг, баримт бүрдүүлж, зээл авсан нь тогтоогджээ. Тодруулбал, газрын дарга А.Энхтүвшин нь Хүнс, хөдөө ах ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ЖДҮХС-нд “Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багт байрлах “Дорнод гурил” ХХК нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч болохыг тодорхойлов” хэмээх хуурамч албан бичгийг явуулсан гэдэг. Өөрөөр хэлбэл, жилийн хэдэн тэрбумын орлоготой, үйлдвэрлэлтэй тус компанийг ЖДҮ хэмээн хуурамчаар тодорхойлсон юм. Мөн үүгээр ч зогсохгүй тухайн үеийн ЖДҮ-ийн Хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нь “Дорнод гурил” ХХК-ийг ЖДҮ эрхлэгчээр бүртгэж, авч байжээ.
 

УЛСТӨРЧДИЙН СҮРЖИН ЭХЭЛЖ, ДАРЖИН ДАРАГДСАН ХЭРГҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-10 19:05:32
    S: SEKSEER TAICHN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-10 13:29:12
    Зочин: Оюунэрдэнэ Нямбаатар 2 бас шалгагдах уу Хууль зүйн сайд Энхбаяр одоо хүртэл Боловсролын сангаас хууль бусар мөнгө хэзээ буцааж төлөх вэ???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-10 11:07:49
    Ганбаатар: Эдэнд хууль нь очиж шийтгэж эс чадваас ардийн хилэн хөдлөхийн цагт ёстой нулимс урсгаад ч хожимдсон байх вий дээ! Эрхэм Нөхөд Хулгайчид аа!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-10 08:24:00
    НАМ БУС ТӨРИЙН АЛБАН ХААГЧ: АРД ТҮМНИЙГ 33 ЖИЛ ИРЭХ ЖИЛ 34 ЖИЛЭЭ ОЙГОО ТЭМДЭГЛЭХ МАН АН ХОЁРЫГ ЗАЙЛУУЛААД ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧИНТЭЙ ХҮН НАМ БОЛОН БИЕ ДААГЧ НАРЫГ СОНГОХ ТОМООХОН 2024 ОНЫ СОНГУУЛЬДАА ГАР БИЕ ОРОЛЦНОО.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-10 07:57:39
    зочин: Энэ хэргүүдийг ажиглаж байхад гол гэмтэнгүүд МАН ынхан байна. АА харин АН ынхныг болохоор яаж зүгээр байхав АН аас оруулая гэсэн санаа давамгайлж байх шиг. Нөгөө СУ хулгайчийн хөрөнгийг хураая гэхээр Элбэгдоржийнхыг хамт хураая гэлэгтэй л ижил байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-08 17:03:47
    zochin: Mongol ulsiig udirdaj baigaa xumuus bugd gemt xeregtenguud baidag yum baina gej oilgoloo Denduu oi gutmaar jigshmeer zevuu xurmeer adgiin muusain ******** shavxruunuudaar uls ornoo udirduulaad suuj baigaa mongolchuud archaagui ard tumen yumaa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188