• Өнөөдөр 2024-05-08

ХАВРЫН ЧУУЛГАНААР УИХ-ААС БҮРЭН ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ГИШҮҮДТЭЙ ТАНИЛЦ

2023-03-15,   710

        Хаврын чуулган өнөөдрөөс эхэлнэ. Энэ хаврын чуулганаар Их хурал “амь” орж, улс төрийн халуун үйл явдлууд өрнөх нь. Хамгийн эхэнд энэ удаагийн парламент бүрэн бүрдэхүүнээрээ цаашид үйл ажиллагаагаа явуулах уу, үгүй юү гэдэгн асуудал хөндөгдөх юм.

    Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайн гэх хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүд холбогдож, хуулийн хяналтын байгууллагаас яллагдагчаар татан шалгаж байгаа гишүүдийн тоо нэгээр тогтохгүй. Цаашид ч нэмэгдэхээр байгааг эх сурвалжууд мэдээллүүд буй. Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон хоёр ч гишүүн Их хурлын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн АТГ-аас нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шалгах шаардлагатай байгааг мэдэгдлээ. Тодруулбал, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар дээр нэмээд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа Их хуралд хуулийн байгууллагаас оруулахад бэлэн болоод байгааг зарлалаа.

    Түүнчлэн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд нарыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа. шаардлагатай бол бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ч хөндөнө гэдгээ хуулийн байгууллагынхан албан ёсоор мэдэгдсэн. Ийн 2020 оны сонгуулиар бүрэлдсэн парламентын гишүүдээс хоёр нь чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, гурван гишүүний бүрэн эрх хөндөгдөх дээрээ тулчихсан байна. Угтаа бол энэ удаагийн парламент бүрэн бүрэлдэхүүнээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болтлоо асуудал хүндэрч байна. Хаврын чуулганаар улс төр эд халуурч нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүдээ Г.Занданшатарын “ангийнхан” авч үлдэх үү үгүй юү гэдгээс олон асуулт урган гарах нь. Угтаа бол ирэх хаврын чуулганаар Үндсэн хуульд гар хүрэх цаашлаад сонгуулийн товыг наашлуулах чухал асуудлуудыг хэлэлцэх төлөвлөгөө Их хуралд бий. Харин нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүд бүрэн эрхээсээ татгалзаад гишүүдийнхээ саналыг хууль хяналтын байгууллагын саналтай хүлээгээд авчихвал энэ удаагийн парламентын ирцийн бүрэн бүтэн байдал хөндөгдөж, саналын тооны зөрүү гарна. Тиймээс гишүүдийн кнопны үнэ цэн улам бүр нэмэгдэх нь.

    Нэг талаараа сөрөг хүч сайн ажиллаж чадвал боломж олдох бол нөгөө талаараа “ханцуйн доторх улс төрийн наймаа” хүчээ авна гэсэн үг. Хаврын чуулганаар бүрэн эрх нь хөндөгдөх, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүдийн баримтыг хүргэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН, ХНХ-ЫН САЙД Т.АЮУРСАЙХАН

      Нүүрсний хулгайн хэргийн гол зангилаа УИХ-ын гишүүн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхантай шууд холбогдож байгаа. Түүний хамгийн ойрын хамтрагчдыг толгой дараалан хуулийн байгууллагаас цагдан хорьж байгаа ч “дээл”-ээ давхарласан гишүүн “Би нүүрсний хулгайн хэрэгт ямар холбоогүй” гэж гүрийсээр л байна.

      Тухайлбал, Т.Аюурсайханын хамгийн ойрын хамтрагч “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал асан Б.Ганхуяг нүүрсний хулгайн хэрэгт буруутгагдан, цагдан хоригдоод багагүй хугацаа өнгөрсөн. Үндсэндээ нүүрсний хулгайн хэргийн хамгийн том оролцогч Б.Ганхуяг нь Т.Аюурсайхантай бизнесийн хувьд ч, ажил амьдралын хувьд дотно харилцаатай.

       Угтаа бол улс төрд анх орохдоо тэд намынхаа дэргэд Төрийн бус байгууллага байгуулж, өвөр түрүүндээ орохоос наагуур нөхөрлөж байсан. Түүнчлэн Т.Аюурсайханыг УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон түүхтэй. Б.Ганхуягийг төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын албанд очиход Т.Аюурсайханы нөлөө их байсан гэдэг. “Шударга тав”-н гишүүн Төв талбайд жагсаж байхад Б.Ганхуяг Т.Аюурсайхантай хамт тэмцэж, хөдсөн дээлэнд хөл, гараа хамт бүлээцүүлж явсан дотнын нөхөд.

              Түүгээр ч зогсохгүй Т.Аюурсайханы шадар туслах И.Даваадорж, түүний хамаарал бүхий этгээдүүдийг нүүрсний хулгайн хэрэгт буруутган, гэр болон ажлын байранд нь хууль хяналтын байгууллагаас нэгжлэг хийж, цагдан хориод байгаа. Т.Аюурсайханы хоёр шадар туслах болох Б.Отгонжаргал, И.Даваадорж нар хуйвалдаж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Уурхайн ажилчдын хотхон барих” 8.9 тэрбум төгрөгийн тендерийг будилаантуулж, өөрсдийнхөө “Лаки лайф” компанид авсан талаарх баримтыг бид хөдөлшгүй баримтаар ил болгоод буй. Түүгээр ч зогсохгүй Т.Аюурсайханын туслах И.Даваадорж 2018 оноос хойш “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний квотыг дамлах, тендерүүдийг нь хулгайгаар түүж, хууль бусаар хөрөнгөжиж, улмаар 2020 оноос эхлэн хэд хэдэн газарт хаус хотхон барих замаар хулгайн мөнгөө угааж эхэлсэн байж болзошгүй баримтууд ч ил болсон.

      Үндсэндээ Б.Ганхуягийг "Эрдэнэс Тавантолгой"-н захирлаа томилогдсоноос хойш Т.Аюурсайхан, түүний хамаарал бүхий этгээдүүд “Үрээгээ танихгүй” баян болтлоо хөлжсөн гэдэг. Энэ нь ч яалт ч гүй нүүрсний хулгайн асуудалтай шууд холбогдож байгаа юм. Харин хамсаатан, саднаасаа нүүр буруулж, Их хурлын гишүүний халдашгүй дархан байдал гэх нэрээр хар толгойгоо хамгаалж байгаа Т.Аюурсайханыг нүүрсний хулгайн хэргээр бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр эхний жагсаалтад багтаасан баримт байна. Төв талбайд хөлөө жиндтэл, хацраа хайруулж зогссоныхоо хариуд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын суудлаар шагнуулж, “давхар дээл” нөмөрсөн тэрбээр, “давхар дээл”-ээ тайлах хугацаа тун дөхөж байгаа бололтой.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ

       Нүүрсний хулгайн хэрэг 10 гаруй жилийн өмнө яригдаж эхлэхэд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нүүрс хулгайлдаг гишүүдийн тэргүүн эгнээнд багтаж байлаа. Гэвч өнөөдрийг хүртэл том араар хамгаалуулж, “Нүүрсний хулгай хийх нь битгий хэл нүүрс барьж үзээгүй” гэж өөрийгөө өмгөөлдөг яруу найрагч гишүүний нүүрстэй холбогдох хөдөлшгүй баримтууд хуулийнхны гарт очиж, бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх бэлтгэл ажил хэдийнээ хангагдсан сурагтай.

        Түүний хамгийн ойрын нотолгоо нь шадар туслахыг нь хуулийнхан дуудаж, байцаагаад, баттай баримт, ноцтой сэжүүр олсон гэх. 10 гаруй жил гүрийж, өдийг хүргэсэн ч, Ж.Мөнхбат энэ удаад хөдөлшгүй баримтаар нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдсон гэдэг

        Ж.Мөнхбатын нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байж болзошгүйг гэрчлэх хамгийн ойрын жишээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал асан Д.Ариунболд болоод буй.

       Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирлаар Д.Ариунболдыг томилоход Ж.Мөнхбат хамгийн гол үүргийг гүйцэтгэж, захирал болсон цагаас нь хойш нүүрсний хулгайн хэрэгт гар бие оролцож эхэлсэн гэх цуу яриа олны дунд олон жил ам дамжин яригдсаар ирсэн. Улмаар Ж.Мөнхбатын багын найз, бизнесийн хамтрагч Б.Чойжилжалбуутай хамтарч нүүрсний салбараас хулгайлсан мөнгөөрөө “Жаргалант” хотхонд 46 хаус барьсан байж болзошгүй баримтыг бид дэлгэсэн билээ.

        Өнгөрсөн хугацаанд “давхар дээл”-тэй сайдын суудалд олон ч удаа горилсон ч намынхаа дарга нарын итгэлийг хүлээж чадаагүйн дээр гишүүний суудал ганхаад эхэлсэн сурагтай. Саяхан түүний казино тоглосон бичлэг олон нийтийн сүлжээд цацагдаж, энэ тухай тэрбээр “27, 28 настай залуу байхдаа казиногоос 100 сая ам.доллар хожиж явсан” хэмээн өөрийгөө өмөөрч байгаа харагдсан. Түүнчлэн Ж.Мөнхбат эхнэртээ гар хүрсэн гэх дуулианд нэр холбогдож, нутгийнхаа тамирчинд худал хэлсэн гэх зэргээр улстөрчийнхөө тарааг таниулсаар буй.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН

       УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байх үедээ тухайн үеийн ЕТГ-ын дарга З.Энхболдын захиалгаар тушаал гаргаж, түүний хамаарал бүхий этгээдүүдийн “Страто” ХХК, “Их дэлгэмэл ингүүн” ХХК-иудад хууль бусаар нүүрс тээврийн зам бэлдэж өгсөн хэргээр яллагдагчаар татах санал гаргасан байна. Хамгийн ноцтой нь, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын энэхүү хуйвалдааны гороор нь говьд гамшиг нүүрлэж, гурван аймгийн долоон сумын хөрс, хүн, мал хохирсон нь тогтоогдоод байгаа ажээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД

      АТГ-аас анх нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон 17 нэр задрахад нэр нь нэлээд дээгүүрт бичигдсэн Ш.Раднаасэдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход тун ойрхон байгаа гэнэ. Түүнийг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан нэрийг нь зарлаж, АТГ-т удаа дараа мэдүүлэг өгсөн ч, өөрийгөө хамгаалах гарцгүй болж, хэрэг нь дараагийн шат руу шилжсэн бололтой. АТГ-т даргаар ажиллаж, хуулийн процессыг сайн мэдэх хүний хувьд хэргээ цайруулж чадахгүй, хөдөлшгүй баримтад бүдэрсэн гэх яриа ч гараад эхэлсэн байна.   Ш.Раднаасэдийн нүүрсний хулгайн хэрэгт холбогдох гол сэжим нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболдтой холбогддог. Д.Ариунболдыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан 2016 оны есдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нүүрс худалдах, тээвэрлэх гэрээг хэнтэй, хэдэн төгрөгөөр хийх гэх мэт хамаг “хор”-ыг хамт хутгалцаж, дундаас нь ашиг хүртэж байсан байж болзошгүй маш ноцтой баримтууд гарч ирсэн гэдэг. Тиймээс ч АТГ-аас УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг “Нүүрсний хулгай”-н хэргээр шалгаж буйгаа ил тод зарласан аж.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.НАРАНБААТАР

      Өмнөговийн Засаг дарга байснаараа нүүрсний хулгайн хэрэгт буруутгагдаж байна гэж уйлан дуугарч, гомдол мэдүүлж яваа гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийн асуудал хөндөгдөөд эхэлсэн гэнэ.

      УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Очгэрэл нь “Эвт повер майнинг” ХХК-ийг “Хостамга групп” ХХК, “Энбо тайж транс” ХХК-тай хамтран эзэмшдэг. Тэгвэл “Хостамга групп” ХХК-ийн захирал Очирын Оюунбат нь Хонг Конгийн “Anda investment international” компанитай хамтран “Оюут болор эрдэнэс” ХХК-ийг эзэмшдэг. “Оюут болор эрдэнэс” ХХК нь Өмнөговь аймгийн Баян-Овоо нүүрс угаах үйлдвэр барьж буй. Эндээс харахад Н.Наранбаатар нүүрстэй ямар ч холбоогүй байх үндэслэлгүй бөгөөд, хууль хяналтын байгууллага ч түүнийг нь нотлож, АТГ-т шалгаж эхэлсэн.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТ-ЭРДЭНЭ

       УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг 2012-2016 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа “Таван толгой” ХК-ны ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарт хууль бусаар нөлөөлсний улмаас 323,900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Таван толгой” ХК, “Тавантолгой транс” ХК-иудын хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж “Тавантолгой” ХК-д 18,478,856,284 төгрөгийн хохирол учруулан хөрөнгө завшихыг удирдан зохион байгуулсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь / Хөрөнгө завших/ заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна. Түүнчлэн Д.Бат-Эрдэнэт таслан сэргийлэх арга хэмжээ авч, хилийн хориг тавьсан гэдгийг хуулийн байгууллагаас албан ёсоор мэдэгдээд буй. Ийн нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон Ардчилсан намын хоёр гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөж, эхлэх нь тодорхой болоод буй.

УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭН

      АН-ын А.Адъяасүрэн УИХ-д орж ирэхээсээ өмнө Хятадуудтай хамтрагч нүүрсний бизнес хийдэг байсан. Нүүрсний автомашинууддаа “С” зөвшөөрөл авах гэж авлига өгсөн хэргээр АТГ-т ээрэгдэж ч явсан. Тэгвэл УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн Хятадуудтай хамтран эзэмшдэг байсан компаниуд нь өдгөө “Дайлингийн хишиг тээвэр” ХХК, “Хишиг сайхан ундрах” ХХК, “Ивээл сар транс” ХХК, “Азын хишиг дэлгэрэх” ХХК гэж нэрээ өөрчилж, зүсээ хувилгаад “Эрдэнэс тавантолгой” ХК-иас 504 автомашинаар нүүрс тээвэрлэж байна. Түүнчлэн, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хүү Амарсанаагийн Санчир, төрсөн дүү Амгалангийн Тогтохбаяр нарын хамтран эзэмшдэг “Топ транспорт” ХХК нь 30 автомашинаар БНХАУ руу нүүрс зөөж байна.


ХАВРЫН ЧУУЛГАНААР УИХ-ААС БҮРЭН ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ГИШҮҮДТЭЙ ТАНИЛЦ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188