• Өнөөдөр 2024-04-26

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ, Т.АЮУРСАЙХАН, Ш.РАДНААСЭД, Н.НАРАНБААТАР НАРЫН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ САНАЛЫГ АТГ, УЕП-ООС ИХ ХУРАЛД ӨРГӨН БАРИНА

2023-01-18,   2420

      “Нүүрсний хулгайн хэрэгт орооцолдох нь битгий хэл, нүүрс гэж юу байдгийг  мэдэхгүй” гэх мэдүүлэгтэй нэр бүхий дөрвөн УИХ-ын гишүүнийг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж, цаашлаад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа Улсын ерөнхий прокурор Их хурлын даргад өргөн мэдүүлэхээр бэлтгэл ажлаа хэдийнээ хангасан гэнэ.

       Нүүрсний хулгайн хэрэгт холбоотой 17 улстөрчийг АТГ-аас зарлахад МАН-ын таван гишүүн АН-ын хоёр гишүүн дугтуйтай нэрсээс сугалагдан нийтэд нэр нь ил болсон. Улс төрийн энэ хэрэгт намынх нь олон гишүүн “оролцоотой” ч  нэр цохон, гишүүдээсээ сугалан зарлахад МАН-ын таван гишүүн гомдсондоо, хоёр жил гаруй хугацаанд улс төрд чимээгүй сууж, хуулийн төсөл өргөн мэдүүлээгүй шахам байсан тэд хоёр дараалаад Их хурлын даргад хавтас дүүрэн хуулийн төсөл өргөн мэдүүлчихээд байгаа.

     Тэгвэл дараагийн арга хэмжээ буюу гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өргөн мэдүүлэхэд гишүүдийн тунирхал ямар байдлаар илрэх нь сонирхол татаж байна.  Тэгвэл эхний ээлжинд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулах, хуулийн байгууллагын анхааралд ороод буй нэр бүхий дөрвөн гишүүний хэн нь хэн болохыг танилцуулж байна. АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт гарцаагүй холбогдсон УИХ-ын гишүүдийн жагсаалтыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат,  нар тэргүүлж, Улсын ерөнхий прокурорын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр Их хурлын даргад өргөн мэдүүлэх хавтастай бичигт нэр нь тэмдэглээтэй байгаа аж.

     Харин хэзээ өргөн барих вэ, гэдгээ шийдээгүй, боломжит цагаа хүлээж байгаа гэх. Тэгвэл эдгээр нэр бүхий дөрвөн гишүүн ямар сэжмээр нүүрсний хулгайн хэрэгт холбогдоод байгаа вэ гэдгийг танилцуулж байна.

НӨХДӨӨСӨӨ “НҮҮР БУРУУЛСАН”  Т.АЮУРСАЙХАН “ДАВХАР ДЭЭЛ”-ЭЭ ТАЙЛАХ УУ

      Нүүрсний хулгайн хэргийн гол зангилаа УИХ-ын гишүүн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхантай шууд холбогдож байгаа. Түүний хамгийн ойрын хамтрагчдыг толгой дараалан хуулийн байгууллагаас цагдан хорьж байгаа ч “дээл”-ээ давхарласан гишүүн “Би нүүрсний хулгайн хэрэгт ямар холбоогүй” гэж гүрийсээр л байна.

      Тухайлбал, Т.Аюурсайханын хамгийн ойрын хамтрагч “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал асан Б.Ганхуяг нүүрсний хулгайн хэрэгт буруутгагдан, цагдан хоригдоод багагүй хугацаа өнгөрсөн. Үндсэндээ нүүрсний хулгайн хэргийн хамгийн том оролцогч Б.Ганхуяг нь Т.Аюурсайхантай бизнесийн хувьд ч, ажил амьдралын хувьд дотно харилцаатай.

       Угтаа бол улс төрд анх орохдоо тэд намынхаа дэргэд Төрийн бус байгууллага байгуулж, өвөр түрүүндээ орохоос наагуур нөхөрлөж байсан. Түүнчлэн Т.Аюурсайханыг УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон түүхтэй. Б.Ганхуягийг төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын албанд очиход Т.Аюурсайханы нөлөө их байсан гэдэг. “Шударга тав”-н гишүүн Төв талбайд жагсаж байхад Б.Ганхуяг Т.Аюурсайхантай хамт тэмцэж, хөдсөн дээлэнд хөл, гараа хамт бүлээцүүлж явсан дотнын нөхөд.

        Харин нүүрсний хулгайн хэргээр цагдан хоригдсоноос нь хойш Т.Аюурсайхан Б.Ганхуягаас зайгаа барьж, тэр байтугай хэвлэлийнхэнд “Бид найз нөхрийн харилцаатай ч, айхтар дотно харилцаагүй. Ажил амьдралаа ялгаж салгадаг” гэх тайлбарыг удаа дараа өгч харагдсан.

      Түүгээр ч зогсохгүй Т.Аюурсайханы шадар туслах И.Даваадорж, түүний хамаарал бүхий этгээдүүдийг нүүрсний хулгайн хэрэгт буруутган, гэр болон ажлын байранд нь хууль хяналтын байгууллагаас нэгжлэг хийж, цагдан хориод байгаа. Т.Аюурсайханы хоёр шадар туслах болох Б.Отгонжаргал, И.Даваадорж нар хуйвалдаж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Уурхайн ажилчдын хотхон барих” 8.9 тэрбум төгрөгийн тендерийг будилаантуулж, өөрсдийнхөө “Лаки лайф” компанид авсан талаарх баримтыг бид хөдөлшгүй баримтаар ил болгоод буй. Түүгээр ч зогсохгүй Т.Аюурсайханын туслах И.Даваадорж 2018 оноос хойш “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний квотыг дамлах, тендерүүдийг нь хулгайгаар түүж, хууль бусаар хөрөнгөжиж, улмаар 2020 оноос эхлэн хэд хэдэн газарт хаус хотхон барих замаар хулгайн мөнгөө угааж эхэлсэн байж болзошгүй баримтууд ч ил болсон.

      Үндсэндээ Б.Ганхуягийг "Эрдэнэс Тавантолгой"-н захирлаа томилогдсоноос хойш Т.Аюурсайхан, түүний хамаарал бүхий этгээдүүд “Үрээгээ танихгүй” баян болтлоо хөлжсөн гэдэг. Энэ нь ч яалт ч гүй нүүрсний хулгайн асуудалтай шууд холбогдож байгаа юм. Харин хамсаатан, саднаасаа нүүр буруулж, Их хурлын гишүүний халдашгүй дархан байдал гэх нэрээр хар толгойгоо хамгаалж байгаа Т.Аюурсайханыг нүүрсний хулгайн хэргээр бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр эхний жагсаалтад багтаасан баримт байна. Төв талбайд хөлөө жиндтэл, хацраа хайруулж зогссоныхоо хариуд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын суудлаар шагнуулж, “давхар дээл” нөмөрсөн тэрбээр, “давхар дээл”-ээ тайлах хугацаа тун дөхөж байгаа бололтой.

КАЗИНОГООР "ОВОГЛОСОН" Ж.МӨНХБАТ ГИШҮҮН НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРГЭЭР БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТҮДГЭЛЗЭХ ҮҮ

       Нүүрсний хулгайн хэрэг 10 гаруй жилийн өмнө яригдаж эхлэхэд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нүүрс хулгайлдаг гишүүдийн тэргүүн эгнээнд багтаж байлаа. Гэвч өнөөдрийг хүртэл том араар хамгаалуулж, “Нүүрсний хулгай хийх нь битгий хэл нүүрс барьж үзээгүй” гэж өөрийгөө өмгөөлдөг яруу найрагч гишүүний нүүрстэй холбогдох хөдөлшгүй баримтууд хуулийнхны гарт очиж, бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх бэлтгэл ажил хэдийнээ хангагдсан сурагтай.

        Түүний хамгийн ойрын нотолгоо нь шадар туслахыг нь хуулийнхан дуудаж, байцаагаад, баттай баримт, ноцтой сэжүүр олсон гэх. 10 гаруй жил гүрийж, өдийг хүргэсэн ч, Ж.Мөнхбат энэ удаад хөдөлшгүй баримтаар нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдсон гэнэ. Өнгөрсөн хугацаанд нүүрсний хулгайн хэргээс нэр цэвэр мултарч байсан түүний хувьд бүрэн эрхээсээ түдгэлзэх гишүүдийн эгнээнд багтсандаа багтарч ядан ууртай байгаа гэх бор шувуу ч нисэх боллоо.

        Ж.Мөнхбатын нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байж болзошгүйг гэрчлэх хамгийн ойрын жишээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал асан Д.Ариунболд болоод буй.

       Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирлаар Д.Ариунболдыг томилоход Ж.Мөнхбат хамгийн гол үүргийг гүйцэтгэж, захирал болсон цагаас нь хойш нүүрсний хулгайн хэрэгт гар бие оролцож эхэлсэн гэх цуу яриа олны дунд олон жил ам дамжин яригдсаар ирсэн. Улмаар Ж.Мөнхбатын багын найз, бизнесийн хамтрагч Б.Чойжилжалбуутай хамтарч нүүрсний салбараас хулгайлсан мөнгөөрөө “Жаргалант” хотхонд 46 хаус барьсан байж болзошгүй баримтыг бид дэлгэсэн билээ.

        Өнгөрсөн хугацаанд “давхар дээл”-тэй сайдын суудалд олон ч удаа горилсон ч намынхаа дарга нарын итгэлийг хүлээж чадаагүйн дээр гишүүний суудал ганхаад эхэлсэн сурагтай. Саяхан түүний казино тоглосон бичлэг олон нийтийн сүлжээд цацагдаж, энэ тухай тэрбээр “27, 28 настай залуу байхдаа казиногоос 100 сая ам.доллар хожиж явсан” хэмээн өөрийгөө өмөөрч байгаа харагдсан. Түүнчлэн Ж.Мөнхбат эхнэртээ гар хүрсэн гэх дуулианд нэр холбогдож, нутгийнхаа тамирчинд худал хэлсэн гэх зэргээр улстөрчийнхөө тарааг таниулсаар буй.

 Ш.РАДНААСЭДИЙН АТГ-Т ДУУДАГДАЖ, ТАЙЛБАРАА ӨГСӨН Ч ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛЖ ЧАДСАНГҮЙ БОЛОЛТОЙ

       АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон 17 нэр задрахад нэр нь нэлээд дээгүүрт бичигдсэн Ш.Раднаасэдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход тун ойрхон байгаа гэнэ. Түүнийг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан нэрийг нь зарлаж, АТГ-т удаа дараа мэдүүлэг өгсөн ч, өөрийгөө хамгаалах гарцгүй болж, хэрэг нь дараагийн шат руу шилжсэн бололтой. АТГ-т даргаар ажиллаж, хуулийн процессыг сайн мэдэх хүний хувьд хэргээ цайруулж чадахгүй, хөдөлшгүй баримтад бүдэрсэн гэх яриа ч гараад эхэлсэн байна.

       Ш.Раднаасэдийн нүүрсний хулгайн хэрэгт холбогдох гол сэжим нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболдтой холбогддог. Д.Ариунболдыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан 2016 оны есдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нүүрс худалдах, тээвэрлэх гэрээг хэнтэй, хэдэн төгрөгөөр хийх гэх мэт хамаг “хор”-ыг хамт хутгалцаж, дундаас нь ашиг хүртэж байсан байж болзошгүй маш ноцтой баримтууд гарч ирсэн гэдэг. Тиймээс ч АТГ-аас УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг “Нүүрсний хулгай”-н хэргээр шалгаж буйгаа ил тод зарласан аж.

“ГЭМГҮЙ” ГИШҮҮН Н.НАРАНБААТАРЫН ГЭМИЙГ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЖ БАЙГААД “ШҮҮХ” ҮҮ

      Өмнөговийн Засаг дарга байснаараа нүүрсний хулгайн хэрэгт буруутгагдаж байна гэж уйлан дуугарч, гомдол мэдүүлж яваа гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийн асуудал хөндөгдөөд эхэлсэн гэнэ.

      УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Очгэрэл нь “Эвт повер майнинг” ХХК-ийг “Хостамга групп” ХХК, “Энбо тайж транс” ХХК-тай хамтран эзэмшдэг. Тэгвэл “Хостамга групп” ХХК-ийн захирал Очирын Оюунбат нь Хонг Конгийн “Anda investment international” компанитай хамтран “Оюут болор эрдэнэс” ХХК-ийг эзэмшдэг. “Оюут болор эрдэнэс” ХХК нь Өмнөговь аймгийн Баян-Овоо нүүрс угаах үйлдвэр барьж буй. Эндээс харахад Н.Наранбаатар нүүрстэй ямар ч холбоогүй байх үндэслэлгүй бөгөөд, хууль хяналтын байгууллага ч түүнийг нь нотлож, АТГ-т шалгаж эхэлсэн.

     Ийн нүүрсний хулгайн хэрэгт холбоотой нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгох уу, үгүй юү гэдэг нь Ардын намынхны “атганд” байна. Хөгжлийн банкны хэргээр дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал Улсын ерөнхий прокурор оруулж байсан ч МАН-ынхан улаан нүүрээрээ хамгаалаад үлдсэн түүхтэй.


УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ, Т.АЮУРСАЙХАН, Ш.РАДНААСЭД, Н.НАРАНБААТАР НАРЫН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ САНАЛЫГ АТГ, УЕП-ООС ИХ ХУРАЛД ӨРГӨН БАРИНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-21 20:54:11
    Искра: Инээдтэй ч юм аа даа замдаа тээг болж болзошгүй гэж зайлуулж бгааг чинь ард түмэн мэднэ шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-18 09:53:13
    Ү: Шалгаад алаад өг.Уих.чхдахгүи бол ард түмэн шүүгээд өгии.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188