• Өнөөдөр 2024-04-26

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэд ёс зүйн хариуцлага тооц, эсвэл Төрийн ордонд ч бандааштай суухыг нь зөвшөөр

2020-11-22,   2372

-Ёс зүйгүй гишүүндээ хариуцлага тооцооч, Г.Занданшатар дарга аа-

     Жирийн иргэдийг “бандааш”-тай бүү хэл жинсэн өмдтэй ч нэвтрүүлдэггүй Төрийн ордонд залрагсдаас үе үе “бандааш”-ны асуудал дэгддэг нь сонин шүү. Өмнө нь УИХ-ын гишүүн асан Д.Муратын “бандааш” ч үгүй зураг дэлгэгдэж байв. Дараа нь УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын “бандааш”-тай байсан эсэх асуудал шуугиан дэгдэж, “өмсөөд гарсан” гэж өөрөө мэдэгдэл хийж байсан. Мөн УИХ-ын гишүүн Б.Баярсайхан БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа албан өрөөндөө, бүр шуурхай хурлын үеэр “бандааш”-аа тайлсан дуулианд холбогдож байв. Гэтэл өнгөрөгч баасан гарагт УИХ-ын гишүүн, “Сахал” хочит Ж.Бат-Эрдэнэ Монгол Улсын 2021 оны төсвийг батлах цахим чуулганд “бандааш”-тайгаа оролцож, улстөрчдийн“бандааш”-ны асуудлыг түүчээлэв.

Бандааштай, айрагтай баталсан анхны “согтуу, ёс зүйгүй” төсөв

     Ирэх онд төсвийн орлого тасалдах гээд, алдагдалтай төсөв батлагдах гээд дээр дооргүй бухимдалтай, хажуугаар нь хэсэг бүлэг нь ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хэдэн төгрөг илүү гаргачих гээд ядаж байхад “хар бандааш”-тай нэг нөхөр л аягатай айраг барьчихаад босож харайгаад байсан нь Ж.Бат-Эрдэнэ байв. Өнөө “Сахал” ч улсын төсвийг бандааштай баталсандаа гэмшсэн, гирэвшсэн янзгүй “Уг нь ёс зүйгээ бодоод зангиа хүртэл зүүсэн юмсан”, “Гонжоомтой жомбоолтой биш. Харин ч түмнээ хүндэлж зангиа зүүсэн шүү. Хаха” гэж доромж утгаар пээдэлзэх аж. Тэгснээ “Хүүхдийнхээ дуртай шарсан төмсийг нь хийж өгье дөө” хэмээн “гонжоом”-той зургаа цахим хуудастаа оруулж даапаалав. Хамгийн хоржоонтой нь мань “Сахал” Ж.Бат-Эрдэнэ ард түмний өмнө хууль батлахдаа “бандааш”-тай, хүүхдийнхээ өмнө хоол хийхдээ албаны хувцастай байдаг ажээ. Уг нь төрөө хүндэлбэл, эсвэл хүсвэл өмд өмсөх зав түүнд байдаг нь эндээс харагдана.

Жирийн иргэдийг “бандааш”-тай бүү хэл жинсэн өмдтэй ч нэвтрүүлдэггүй Төрийн ордонд залрагсдаас үе үе “бандааш”-ны асуудал дэгддэг нь сонин шүү

    Тийм ээ, улс даяар хөл хориотой, бүгд гэртээ байгаа. Гэртээ “бандааш”-тайгаа суугаа хүмүүс бишгүй л бий. Гэхдээ төрийн түшээ хүн бүхэл бүтэн улсын төсөв батлах чухал асуудал хэлэлцэж байхад, тэгээд бас ажлын өдөр, өдрийн 14:00 цагт “бандааш”-тайгаа түмний өмнө сууж байдаг нь ямар гээчийн ёс зүй вэ. Үнэхээр л гэртээ байнга “бандааш”-тайгаа байж гэмээнэ тухтай байдаг, басхүү “бандааш”-тайгаа байж гэмээнэ оюун санаа нь сийрэг ажилладаг юм бол босон суун өндөлзөж, “хар бандааш”-аа олон нийтэд гайхуулахгүй байх байсан юм.

Бас “Ордонд оруулдаггүй айргаа дэргэдээ тавиад онлайн хуралдаж байна. Болно байгаа” хэмээн жиргэсэн нь ч “бандааш”-наас дутахгүй асуудал. Яагаад ордонд айраг оруулдаггүй вэ. Айраг бол согтууруулах ундааны нэг төрөл. Тиймээс төрийн түшээдийг халамцуу хууль батлуулахгүй гэсэндээ оруулдаггүй юм. Хөл хорионы үед УИХ цахимаар хуралдаж, гишүүд гэр гэрээсээ оролцож байгаа боловч хууль батлах процесс явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, Төрийн ордоны чуулганы танхимд мөрдөгддөг дүрэм журам цахим чуулганд ч мөрдөгдөх ёстой. Гэтэл Ж.Бат-Эрдэнэ “бандааш”-тайгаа цахим чуулганд морилж, айраг ууж, халамцах зуураа хууль баталсан нь ёс зүйн том асуудал. Найранд уригдаад аяга айраг амсаад  харьж яваа хүнийг тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон гээд жолоо барих эрхийг жилээр нь хасдаг биш бил үү. Тэгвэл Ж.Бат-Эрдээ айраг аяга аягаар нь уучихаад төр жолоодолцож байхад яагаад хэн ч хариуцлага ярихгүй байгаа юм бэ.

“Хууль батлалцаж л байвал гэртээ байгаа хүн бандааштай байна уу, чармай шалдан байна уу, хэнд падлий байна” гэнэ үү

       Түүнчлэн ард түмэн Төрийн ордонд сууж байгаа хүмүүсийг төр гэж хүндэлдэг. Гэтэл төр нь түмнийхээ өмнө “бандааш”-аа гялалзуулаад сууж байж болох юм уу. Тэгвэл заавал төрийн ёслол хүндэтгэлийн хувцас өмсөж “гангарах”,  албаны хувцас өмс гэж лоозондох хэрэг байгаа юм уу. Төрийн алба хашдаг хэн бүхэнд сардаа нэг нэг “хар бандааш” тараадаг болбол хувцсанд зарцуулдаг төсвийн мөнгө хэмнэгдэх юм биш үү.

    Үүнээс гадна Ж.Бат-Эрдэнийг өмгөөлж, хаацайлагсад нь “Хууль батлалцаж л байвал гэртээ байгаа хүн бандааштай байна уу, чармай шалдан байна уу, хэнд падлий байна” гэж илт зөвтгөх давалгааг өрнүүлж байна. “Булганы айраг ч сайхан даа”, “Мужик, хээгүй эр” ч гэх шиг. Тэд ч бас ийн пялдага өмгөөлөл хийхдээ “бандааш”-тай сууцгааж байгаа гэдэг нь эргэлзээгүй. Хамгийн гол нь тэд ийм маягаар “Яг л байгаагаа, хээгүй” нэр зүүлгээд хариуцлагаас мулталж байгаад асуудал нь байгаа юм. Гэтэл энэ бол ёс зүйг чухалчилдаг улсад энэ бол ноцтой асуудал. Жишээ нь, Японы парламентийн гишүүн дотуур хувцасны загвар өмсөгчтэй зургаа авхуулсныхаа төлөө ёс зүйн хариуцлага хүлээн огцорч байсан. Чухамдаа манай ард түмэн ёс зүй шаарддаг байсан бол Ж.Бат-Эрдэнэ хэдэнтээ огцрох болзол хангасан баймаар.

Төрийн ордоны чуулганы танхимд мөрдөгддөг дүрэм журам цахим чуулганд ч мөрдөгдөх ёстой. Гэтэл Ж.Бат-Эрдэнэ “бандааш”-тайгаа цахим чуулганд морилж, айраг ууж, халамцах зуураа хууль баталсан нь ёс зүйн том асуудал

Ж.Бат-Эрдэнэ гэж хэн бэ

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гэж ер нь хэн бэ. “ТМС”-ийн арьс нэхийний ангийн атаман байхад нь ОХУ руу сургуульд явуулсан. Тэгээд яасан, ОХУ-д сурах нэрээр есөн жил ганзагын наймаа хийж, тарваганы арьс хэдэн мянгаар нь хил давуулан зөөсөн. Хойноос ирмэгцээ “Ашид Эрдэнэ” компани байгуулж, хотын гудамжнуудыг зарлалын самбараар дүүргэсэн. Автын ч билүү, механик ч бил үү, инженер мэргэжлээ бараг л мартаж, бизнес хөөж явахад нь гэнэт л намаас нь Авто тээврийн газрын дарга болгож, төрд оруулсан. Дараа нь Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичиг болгож, дэвшүүлсэн. Тэгээд Монголын төмөр зам, Монголын иргэний агаарын тээвэр гэх хоёр том байгууллагын ТУЗ-ийн даргаар ажиллуулсан. Тухай бүрт нь тендер будлиулсан, бусдад давуу эрх олгосон, цавчаа хийсэн асуудлууд яригдаж байсан ч тэгсгээд намжсан. Бүр УИХ-ын гишүүн болгож, бас давхар дээл нөмрүүлж, Зам, тээврийн хөгжлийн сайд болгосон. Гэтэл удирдаж буй яаманд нь онц ноцтой хүн амины хэрэг гарч, аргагүйн эрхэнд дуртай дургүй огцруулсан. Хувийн амьдралынх нь талаар ч сайн юм дуулддаггүй. Эхнэр Д.Отгонсүрэн нь “Чойжин ламын сүм музей”-н захирал болоод тус музейн хананы хөх тоосгонуудыг хуулж авч, сүүлийн үеийн улаан тоосгоор солиод, түүхэн өвд тооцогдох тэр хөх тоосгонуудыг хувийн хауснуудын камен зуух болгож, зарсан асуудал дэгдсэн ч бас л чимээгүй болсон. Өнгөрсөн хавар “Сүнээ” гэх бүсгүйтэй гэр бүлээс гадуур нэр холбогдож, тэдний тэврэлдсэн, цээж нүцгэн зургууд нь цахим орчноор нэг тархсан. Бас л эсрэг намын пи-ар гэгдээд дарагдсан. Энэ бүхэн нь мартагдаж, тэр өнгөрсөн сонгуулиар дахиад л УИХ-ын гишүүнээр сонгогдоод гарч ирсэн. Одоо байгаа байдал нь “бандааш”-тайгаа хууль батлаад сууж байна.

        Эцэст нь, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэд хариуцлага тооцож, ёс зүй шаардахгүй юм уу Г.Занданшатар дарга аа. Эсвэл бүр Төрийн ордон ч “бандааш”-тай суухыг нь зөвшөөрчих юм уу, яршиг.

 

 


УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэд ёс зүйн хариуцлага тооц, эсвэл Төрийн ордонд ч бандааштай суухыг нь зөвшөөр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188