• Өнөөдөр 2024-04-26

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАР ХҮЧИНГИЙН ХЭРГҮҮДЭЭ ХААЛГАЖ, ЦААШЛААД ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХААР САНААРХАЖ БАЙГАА ГЭВ ҮҮ

2022-04-26,   2266

        Хүчингийн хэргийнхээ араас Хөгжлийн банкны хэрэгт холбогдчихсон яваа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын тухай дахиад хоёр ч ноцтой мэдээлэл сонсогдох болов. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нэр холбогдсон хүчингийн хэргүүдийнхээ хохирогчдыг дарамтлах, авлигадах, хууль хяналтынханд нөлөөлөх замаар хэргээ хэрэгсэхгүй болгуулахаар санаархаж буй тухай ноцтой мэдээллүүд хууль хяналтынхны зүгээс гарах болов. Цаашлаад, Ардын намынхан, тэр дундаа УИХ-ын дарга Г.Занданшатар Ц.Анандбазарын холбогдсон хэргүүдэд хариуцлага тооцох нь бүү хэл, Засгийн газрыг огцруулах “акц”-ыг хамтран өрнүүлж эхэлсэн гэх мэдээлэл ч байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАР ХҮЧИНГИЙН ХЭРГИЙН ХОХИРОГЧДОО ДАРАМТЛАХ, АВЛИГАДАХ ЗАМААР ӨРГӨДЛИЙГ НЬ ТАТУУЛЖ, ХЭРГЭЭ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГУУЛАХААР САНААРХАЖ БАЙНА ГЭВ ҮҮ

        УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчингийн хэргүүдийн дуулиан одоогоос яг жилийн өмнө дэгдэж байлаа. Харамсалтай нь, бүтэн жил тойроход эцэслэн шийдвэрлэгдсэнгүй, хавтаст хэрэг нь хууль хяналтынхны хэн нэгний шүүгээнд хав дарагдаж, хохирогчид нь нэг нэгээрээ өргөдлөө татсаар, эцэстээ түүнд хамаарах хүчингийн хэрэг хэрэгсэхгүй болох тийшээ хандаж буй гэх. Тэгвэл 1000-гаар тоологдох хохирогчтой гэгдэж байсан Ц.Анандбазарт холбогдох хүчингийн хэрэг бүтэн жил эцэслэгдэхгүй, эсрэгээрээ хэрэгсэхгүй болох зам руугаа орсны цаана авлига, албан тушаалын ноцтой хэрэг үйлдэгдэж байж болзошгүй мэдээлэл байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар албан тушаалаа ашиглан хүчингийн хэргийн хохирогчдоо дарамтлах, авлига өгөх, хэргийг нь хариуцсан хууль хяналтынханд нөлөөлөх зэргээр хэргээ хохирогчгүй болгож, эцэст нь, хэрэгсэхгүй болгуулах ажиллагаа явуулж буй мэдээлэл байгаа юм. 
         
Тэгвэл түүнд холбогдох хүчингийн хэргийн дуулианыг дарааллын дагуу эргэн сануулъя.
         
       Иргэн Б.Сүндэръяа өөрийгөө УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хүчирхийлүүлсэн гэх мэдээллийг 2021 оны дөрөвдүгээр сарын 11-нд олон нийтийн сүлжээнд цацсан. Улмаар гурав хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 14-нд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хүчирхийлүүлсэн хохирогчийн өргөдлөө  цагдаагийн байгууллагууд хүргүүлсэн. Тухайн үед Б.Сүндэръяа “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчингийн хэрэгтэй холбоотойгоор надтай 1000 гаруй эмэгтэй холбогдсон. Ийм олон хүн холбогдоно гэж огт төсөөлөөгүй байсан” гэж мэдэгдэж, энэ хэргийг илүү дуулиантай болгосон.
 
         Үүнээс хэдхэн хоногийн дараа буюу мөн оны дөрөвдүгээр сарын 31-нд “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлэг цацагдсан. Тус нэвтрүүлэгт зургаан хохирогч, гурван гэрч буюу нийт есөн эмэгтэй оролцож, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өөрийг нь хэрхэн хүчирхийлсэн тухай ноцтой баримтуудыг ярьсан. Ингэхдээ УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өөрийн эзэмшлийн “Өргөө” кино театр болон “Бага тэнгэр” цогцолбортоо ажилладаг охидоос бие хаа, царай зүсээр сонгож, улмаар шөнийн ээлжинд ажиллуулах нэрээр “Бага тэнгэр”-ийн аманд байх хаусдууддаа аваачиж, бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсныг нь илчилсэн байдаг. Дараахан нь 20 гаруй жилийн өмнө Ц.Анандбазарын гэрийн үйлчлэгч хийж байсан гэх эмэгтэй мөн л Ц.Анандбазарт хүчирхийлүүлж байсан тухайгаа дэлгэж, хэвлэлүүдэд ярилцлага өгч байсан. Ийнхүү Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийллийн хэргийнх нь хохирогчдын тоо болон үзэн ядагчдынх нь тоо тэнцүү нэмэгдсээр “Ме too” хөдөлгөөн болон өргөжсөн. 

Гэвч Ц.Анандбазарт холбогдох бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг хууль хяналтын байгууллага дээр очоод “гацаж”, өдгөө бүтэн жил тойрч байна. Тэгвэл дээрх дурдсанчлан Ц.Анандбазар өөрийн үйлдсэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийнхээ хохирогчдыг дарамтлах, авлига өгөх, хууль хяналтынханд нөлөөлөх өгөх зэргээр хэргээ хэрэгсэхгүй болгуулахаар санаархаж байгаа тухай ноцтой мэдээллүүд байна. Ганцхан жишээ дурдахад, “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлгийг бэлтгэж цацсан сэтгүүлчид нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн байдаг. Тэд “Бид хохирогчдын нэр, царайг нууж, танигдахааргүй байдлаар ярилцлага авч, нэвтрүүлэгтээ оруулсан. Гэтэл нэвтрүүлэг цацагдсаны дараахан Ц.Анандбазар гишүүн бүгдийг нь хайж олоод гэр бүл, ах дүүсээр нь дарамталсан байсан. Мөн хоёр хохирогч “Өргөдлөө татъя” гэж прокурорт хандсан байна. Бас нэг хохирогч эмэгтэй амиа хорлохыг завдлаа” гэсэн байдаг. 

         Түүнчлэн нэмээд бас нэг хачирхалтай зүйл байгаа. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг “Бэлгийн хүчирхийлэгч” гэж зарлаад яг нэг жил өнгөрч байна. Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Намайг гүтгэж, нэр төрд минь ноцтой халдлаа” гэж нэг ч удаа мэдэгдэл хийсэнгүй. Мөн тэр “Нэр төрд халдаж, бэлгийн хүчирхийлэгч гэж гүтгэлээ” хэмээн хэн нэгнийг шүүх, цагдаад өгсөнгүй. Яагаад тэр вэ. Улс даяар “УИХ-ын гишүүн Ц.Анандбазар бэлгийн хүчирхийлэгч” гэж хэвлэлийн хурал хийж, хохирогч болсон гэх хүмүүс нэвтрүүлэгт хүртэл оролцоод байхад УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нэг удаа гомдоллож, хэн нэгнийг шүүх, цагдаад өгч, тайлбар гаргаагүй нь хэргээ хүлээн зөвшөөрч байгаа гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар баримтын өөдөөс өөрийгөө өмгөөлж чадахгүй яваа буюу хэргээ хүлээн зөвшөөрчихсөн дүр зураг харагдаж байгаа юм. 

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ УНАГАХ АЖИЛЛАГААГ УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАР ГАРДАН ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА УУ

         Саяхнаас УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газартай “нэгийгээ” үзэж эхэлсэн мэдээллүүд гарах болсон. Эх сурвалжууд ч Төрийн ордонд Г.Занданшатарын, Л.Оюун-Эрдэнийн гэх хөгшин, залуу хоёр үеийн дунд “түймэр” дэгдээд байгааг баталж буй. Шалтгаан нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нам доторх нөлөөллөө томруулж, Засгийн газрын шийдвэрээ УИХ-аар ногоон гэрлээр дэмжүүлдэг болохын тулд УИХ-ын дарга Г.Занданшатарыг “зайлуулж”, оронд нь өөрийн хүнээ томилуулахаар санаархаж буй гэх. Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд одоо л албан тушаалаа хамгаалж үлдэж чадахгүй Л.Оюун-Эрдэнийн талд алдчихвал ахиад дээшлэх боломж байхгүй гэж болно. Тиймдээ ч “ах нар”-ын төлөөлөл болох Г.Занданшатарын хувьд зайгаа зүгээр тавиад өгөхгүй, Засгийн газартай шаг, мад нүүж буй гэх. 
 
Тэгвэл Г.Занданшатарын Засгийн газрыг унагах ажиллагааг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гардан зохион байгуулж байгаа гэх “шуум” Саарал ордноос гараад удав. УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хоёрын хоршил аль эртнийх гэдэг нь нэгэнт нууц биш болсон. УИХ-ын дарга Г.Занданшатар Ц.Анандбазарт Булганаас нэр дэвших мандат атгуулсныхаа хариуд Бага тэнгэрийн аманд хаус хүртэл авсан мэдээлэл ч байдаг. Дээрээс нь Ц.Анандбазарын дүү болон Г.Занданшатар нар хамтарсан компанитай буюу халаас нэгтэй гэх баримтууд ч гарч ирж буй. Ингэж харвал, Г.Занданшатар, Ц.Анандбазар хоёр хамтарч, Засгийнхаа өөдөөс “босож” буй гэхэд гайхах зүйлгүй. 
 
         Түүнчлэн, УИХ-ын дарга Г.Занданшатар одоогоос яг жилийн өмнө “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын холбогдсон бэлгийн хүчирхийллийн асуудлыг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоор авч хэлэлцэхийг үүрэг болголоо” гэж зарлаж байлаа. Мөн “Уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулан, олон нийтэд мэдээлэх хэрэгтэй” гэж байв. Гэтэл жил өнгөрчихөөд байхад УИХ-ын дарга Г.Занданшатар Ц.Анандбазарт холбогдох бэлгийн хүчирхийллийн тухай дахин ярьсангүй, холбогдох байнгын хороогоороо хэлэлцсэнгүй, хууль хяналтын байгууллагаар шалгуулах гэж шавдуулсан ч үгүй. Чухамдаа хаацайлж, хамгаалсаар өдий хүрэв. 
 
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өөрт нь холбогдох бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг нь бүтэн жил хаацайлж, хамгаалж ирсэн байж болзошгүй УИХ-ын дарга Г.Занданшатарын ачийг Засгийн газрыг огцруулж өгөх замаар хариулж байж болох. Нөгөөтэйгүүр, хэрвээ Ц.Анандбазар Г.Занданшатарын Засгийн газрыг унагах ажиллагааг амжилттай удирдаж, үр дүнд хүргэж чадвал өөрт холбогдох бэлгийн хүчирхийллийн гэмт хэргээ нэг мөр хаалгах том “тохироотой” байхыг ч үгүйсгэх аргагүй юм. 

ЭРХ БАРИГЧ МАН Ц.АНАНДБАЗАР ТЭРГҮҮТЭЙ АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН “ГЭМТ ХЭРЭГТЭН”-ҮҮДЭЭСЭЭ САЛАХГҮЙ БОЛ 2024 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛЬД “УНАНА”

          Эрх баригч МАН-ын үнэмлэхүй олонхиор байгуулсан одоогийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёрхон жил үлдлээ. Хоёрхон жилийн дараа ард түмнээр дүнгээ тавиулна. Харамсалтай нь, Ардын нам Ц.Анандбазар тэргүүтэй хүчин, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон “хэрэгтэн”-үүдээсээ салахгүй бол ахиад үнэмлэхүй ялалт байгуулах боломж байхгүйг ард түмний хандлага шууд харуулах болов. Өөрөөр бол, Ардын нам УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг хаацайлж, хамгаалсаар байвал хоёрхон жилийн дараа болох 2024 оны УИХ-ын сонгуульд унах шалтгаан нь тэр болох нь. 
 
Ардын намынхнаас Ц.Анандбазар, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин, Ч.Ундрам, С.Бямбацогт, Б.Баттөмөр тэргүүтэй долоон гишүүн нь Хөгжлийн банкийг хуу тоносон хэрэгт холбогдчихсон байгаа. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хувьд бусдаасаа ялгаатай нь тэр Хөгжлийн банкны хэргээсээ гадна хүчингийн хэрэгт нэр холбогдчихоод байгаа. Түүнд холбогдох хүчингийн хэрэгт хууль хяналтын байгууллагад бүтэн жил дарагдаж байгаа бол Хөгжлийн банкнаас “Тос, тосолгооны материалын үйлдвэр барина” гэж 669.8 сая иенийн зээл авчихсан мөртөө үйлдвэрээ бариагүй буюу зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй нь Хөгжлийн банкныхны шалгалтаар тогтоогдсон гэх. Өөрөөр хэлбэл, хүчингийн ба Хөгжлийн банкны гэх хоёр хавсарсан хэргээрээ хууль хяналтын хаалга татах ёстой нэгэн. Гэтэл Ардын намынхан Ц.Анандбазарыгаа хаацайлж, хамгаалсаар хууль хяналтын байгууллагын босго алхуулахгүй өдий хүрэв. 

Монгол ардын намын удирдлагууд аман дээрээ “Авлига, албан тушаалын хэрэгтнүүдэд хатуу хариуцлага тооцоно” гэж ярьдаг мөртөө Ц.Анандбазар гэдэг ганц хүндээ хариуцлага тооцож чадахгүй бол Засгаа унагуулж, шангаа хүртэж мэдэх нь ээ. 

 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАР ХҮЧИНГИЙН ХЭРГҮҮДЭЭ ХААЛГАЖ, ЦААШЛААД ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХААР САНААРХАЖ БАЙГАА ГЭВ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-26 16:57:56
    zochin : саарал ордонд бас шааж байгаа биз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-26 13:07:33
    Зочин: Анадбузар амэркад байсан бол өдийд 10 удаа цаазлуулсан байгаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-26 12:32:56
    zika: bagatengert baidag z enhbold anand duugee jargalsainnaar hamgailj baihad ter hichin baitgua hereg zamharah bailgui
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-26 08:38:34
    Тэрбишийн Жамьянмядаг : Би ч хүчиндүүлсэн гээд олон хүнийг шоронд хийсэн дээ гоё Сүнээ ч чадахгүй бна даа эгчээсээ туршлага судлаарай 99110611 залга
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188