• Өнөөдөр 2024-04-20

Дээдсийн өмнө өвдөг сөгдөж, дэргэдэх ханьдаа нударга зангиддаг Ж.Мөнхбат

2021-06-23,   2313

“...Монголын төр чамд хэлэх үг байна
Гэм хийсэн буруутанг гэсгээж шийтгэхдээ чи
Аав шиг төр бай
Гэнэдэж яваа үрсийнхээ гэмийг нь уучлахдаа чи
Ээж шиг төр бай
Буруутай бол буруугаа хүлээчихдэг
Хүү шиг төр бай
Бусдын төлөө бүхнээ зориулсан
Бурханлаг төр бай...”
 
“Болор цом-29” наадмын дэд байрын шагналт “Төрд хэлэх үг” шүлгийн хэсэг.
 
         УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат намын хаяа сахисан “ядруухан” яруу найрагч байхдаа ийн шүлэглэж байлаа. Магад, тэр ийн бадрангуй шүлэглэж байхдаа хожим өөрөө “төр” болно, гэм хийсэн  ч гэсгээгддэггүй гэмтэн, буруутай атлаа хүлээдэггүй буруутан болно гэж төсөөлөөгүй л явсан биз. Хэрвээ төсөөлж байсан бол өөрийгөө “яллах” ийм шүлэг бичихгүй байсан байлгүй дээ. Өөрийнх нь шүлэглэснээр бол Монголын төр одоо л түүнд аав шиг хандаж, алганы амт үзүүлмээр, өөрөө ч хүү шиг байж, буруугаа хүлээмээр л байгаа юм. 
 

“Хүчирхийлэгч” Ж.Мөнхбат

 
           УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат энэ сарын 16-ны үүрээр гэртээ агсарч, эхнэрээ зодож, хаалгаа цөм өшиглөсөн мэдээлэл задарч, Архангайн сонгогчид агсамнагч, ар гэрийнхнээ хүчирхийлэгч хүн төрд сонгож явуулсандаа нүүр хийх газаргүй сууцгааж буй. Эхнэрийнх нь уруул сэтэрч, биеийнхээ хэд хэдэн хэсэгт ноцтой гэмтэл авсан гэх. Эрхэм гишүүний эл агсамнал анхных биш бөгөөд өнгөрсөн онд л гэхэд хоёр ч удаа гар хүрсэн гэж эхнэр нь мэдүүлсэн гэж байгаа. Хүргэнийхээ үнэн төрхийг өдий хүртэл мэдээгүй явсан гэх хадам ээж Д.Цэцэгээ нь өөрийн цахим хуудаснаа "УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбат эхнэр, гурван нялх хүүхдийнх нь ээж, миний амин хайртай охин Б-г удаа дараа зоддог нь үнэн боллоо. Охин минь гурван хүүхдээ бодоод аав, ээж, ах, эгч, нартаа ч хэлээгүй шаналж явсанд нь би мэдээгүй явсандаа харамсаад баршгүй. Хаалгаа цөм өшиглөж эвдсэн, одоо ч хаалганууд нь эвдэрхий хэвээрээ байгаа. Одоо би эцсийн амьсгалаа хураатал тэмцэн, өмгөөлж хамгаална Хайртай шүү охиндоо" хэмээн бичсэн. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруугаа хүлээх бүү хэл, өөрийнх нь тухай гадагш нь мэдээлэл задруулсан цагдаагийн алба хаагчийг олж, ажилгүй болгохоор улайрч байгаа гэх. Хатуухан хэлэхэд, УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй, хамгаалуулах намтай Ж.Мөнхбатын эсрэг хадам эх, хөөрхий эхнэр хоёр нь мянга тэмцээд “номхруулна” гэдэг юу л бол. Тэгсгээд хэрэг нь хаагдаж, хаалттай хаалганы цаана хүчирхийлэл үргэлжлэх болов уу. 
 

Гэр бүлийн хүчирхийлэгч л дутаж гэнэ дээ, энэ УИХ-д. Үгүй, ер нь тийм биз дээ. Бэлгийн хүчирхийлэгч, төсвийн хулгайч, тендер будлиулагч, араар тавигч, албан тушаал наймаалагч, архидан согтуурагч, хоосон өлсөгчөөр “дүүрэн” УИХ-д гэр бүлийн хүчирхийлэгчийн орон тоо л дутаад байж гэнэ.

 
Гаднаа буддын гүн ухаан, улсын хөгжил ярьж, дотроо “дотоожны” бодол эргэлдүүлж суудаг нэг гишүүн, хөхнөөсөө гараагүй шахам хүүгээ жирийн төрийн албан хаагчийн 20 зүтгээд хүрдэггүй даргын суудалд жишим ч үгүй залчихдаг нэг гишүүн, “хоёр бүхэлтэй” согтуу атлаа машин жолоодож, хашлага давж “нисдэг” нэг гишүүн, хатуу хөл хорионы дүрэм журмыг хэнэг ч үгүй зөрчиж, хөдөөгүүр баахан “тэнэдэг” нэг гишүүн,  200-хан километр замаа яаравчлуулах яриа хэлэлцээр хийж чадахгүй байж хараалын үгэнд хэлэмгий нэг гишүүн, ард түмний эрх ашгийн төлөө огт дуугараагүй байж, амин хувийн, албан тушаалын эрх ашгийн төлөө хүйтэн цемент дээр, хоолгүй хэд хоноход ч бэлэн нэжгээд гишүүн, эхнэрээ энгийн иргэдээс дээгүүрт эрхлүүлж, улаан бүсээр “зугаалуулдаг” нэг гишүүн, эсрэгээрээ эхнэрийнхээ өөдөөс нударга зангидаж, үүрээр гэртээ баахан агсамначхаад өглөө нь Төрийн ордонд хууль баталдаг бас нэг гишүүн  гээд дурдаад байвал энэ 76  дотроос нэр, мөр цэвэр хүн үлдэх нь үү. Ёс зүйн савных нь ёроол цоорчихсон энэ мэт хүмүүс яаж яваад УИХ-д сонгогдсоныг бүү мэд. Эрх баригч МАН, сөрөг хүчин нэртэй ч сар, нар нэвт гэрэлтдэг сиймийсэн бор гэртэй унхиагүй айл шиг АН-ын аль аль нь энэ мэт муу нэртүүддээ хариуцлага тооцох, дахиж нэр дэвшүүлэхгүй байх арга хэмжээ авахгүй бол мань найрагч шиг шинэ цагийн “хүчирхийлэгч”-ид парламентад ар араасаа нэмэгдсээр байх нь.
 

“Зусарч” Ж.Мөнхбат 

 
          2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН “алсан байвгайн арьс”-аа хуваах дээрээ дотроо хоёр талцахад Ж.Мөнхбат М.Энхболдын 32-ын бүлгийн тэргүүн эгнээнд жагсаж явлаа. Улмаар 2018 онд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцруулах тухай гишүүдийг гарын үсэгтэй саналыг УИХ-д өргөн барьхад ч Ж.Мөнхбат магнайд нь явсан. 
 
Тэр үед УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Шившигтэй юм болж байна. Ерөнхий сайдыг огцруулах хамгийн гол үндэслэл бол ЖДҮ-гийн хулгай шүү дээ. Асуудалд холбогдсон сайд нараа хөөхийг Монголын ард түмэн та бүхнээс хүлээж байна. Албан тушаал түр хугацааных, ард түмний эрх ашиг мөнхийн юм. 2016 оны сонгуульд У.Хүрэлсүхийг Хэнтийд нэр дэвш гэхэд татгалзаж, "гардан тулаан"-аас зугтаасан. 2020 онд нам ялагдвал өмнөх шигээ Австрали руу дахиад зугтаах уу” хэмээн хэнхэлзэж байлаа.
 
Хариуд нь У.Хүрэлсүх “1990 оноос хойш би энэ намд ажиллаж байгаа. Тэр үед миний дүү сураггүй байсан шүү. Би чамайг Солонгосоос олж авчирсан байх шүү, миний дүү. Би чиний талаар зөндөө зүйл мэднэ. Хүний тусыг битгий мартаж байгаарай. Чи бол их баялаг түүхтэй хүн шүү. Би чамайг мэднэ, карьерт чинь нөлөөлнө гэж бодоод ард түмний өмнө дуугүй байгаа шүү" хэмээн бараан намтрыг нь сануулж байлаа. 
 
Ж.Мөнхбат, У.Хүрэлсүх нар УИХ-ын чуулганы танхимд шөргөөцөлдөж, “хэрээ хэрээнийхээ харыг гайхацгаасан” нь ганц энэ биш. Ж.Мөнхбат “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо хүртэл “Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй зарчим таарахгүй байгаа юм. Намын дарга, удирдагч хүн эвлүүлдэг байтал эсрэгээрээ сэлэмдэнэ, сүхдэнэ гээл байвал хол явахгүй. Том булчингаар төрийг удирдахгүй, том ухаан, том ёс суртахуун, том эв нэгдлээр удирдана” гэж байсан. Ерөнхийдөө бол Ж.Мөнхбат, У.Хүрэлсүх хоёр аливаад нэг нэгнийхээ эсрэг байр суурьнаас хандаж, нэг нэгнээ үгүйсгэж, нударга зөрүүлэхээс наагуур л “үзэлцэж” байсан. 
 
Гэвч өнгөрсөн оны арвахоёрдугаар сард Ж.Мөнхбат гэнэт өнөөх зарчмын байр сууринаасаа ухарч, У.Хүрэлсүхэд илт “зусардаж” эхэлсэн.  Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааны үеэр “Хэд хоногийн өмнө Ерөнхий сайдад ажил танилцуулахаар албан өрөөнд нь ортол “Эх оронч сэтгэлгээгээр эрчим хүчээ гамнана аа” гэчихсэн арын өрөөнийхөө нэмэлт халаагуурыг салгасан байсан. Нэлээд хүйтэн, жаахан суухад жиндэх маягтай өрөөнд Ерөнхий сайд маань ажиллаж байна билээ” хэмээн нүүр улаймаар тал зассанаар өөрөөсөө урваж, өрөөлд шарваснаа илэрхийлсэн.
 
Чухамдаа “Улс төрд мөнхий дайсан гэж байхгүй, мөнхийн эрх ашиг гэж бий” гэх үг үнэн болохыг мань найрагч биеэрээ харуулсан даа. 
 

“Худалч” Ж.Мөнхбат 

 
         УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 2018 арваннэгдүгээр сард нэр бүхий гишүүдийн хамтаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас нь огцруулах саналыг УИХ-д хүргүүлээд байх үедээ нэгэн “ноцтой” мэдэгдэл хийж байв. Тэр нь “Өчигдөр шөнө УИХ-ын гишүүн миний зөвлөхийг гэртээ орох гэж байхад орцонд нь үл таних хоёр хүн халдаж төмрөөр толгойг нь хага цохиж, тархинд нь хүнд гэмтэл учруулж, араас нь боож, нүүр амыг нь гэмтээсэн байна. Орцонд болсон энэ явдлын дуу чимээнээр нэг давхрын айлаас хүн гарч ирэхэд нөгөө хоёр хүн зугтжээ. Хариуцлага алдсан Засгийн газрыг огцор гэж, УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна гэсний төлөө миний хэвлэл хариуцсан зөвлөхийн амь нас, эрүүл мэндэд ноцтойгоор халдсан байна. Албан тушаал эрх мэдэл хүний аминаас үнэтэй гэж үү? Энэ асуудлаар цагдаа, тагнуул, хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандана” хэмээх мэдэгдэл байсан. Түүний энэ зодоонтой киноны хэсэг шиг энэ яриа нийгмийг ихэд цочирдуулсан. Өөрөө ч Засгийн газрыг огцор гэснийхээ төлөө С.Зоригийн дайтай хэргийн золиос болох гэж байгаа аятай сүржигнэсэн. Гэтэл өнөөх зөвлөх нь үеэлүүдтэйгээ хамт архи ууж байгаад зодуулсан болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон байдаг. Өөрөөр бол, Ж.Мөнхбаттай огт хамаагүй шалтгаантай болох нь тогтоогдож, ард түмний эрх ашгийн төлөө амь дүйж яваа мэдээр “попорсон” Ж.Мөнхбат хэлэх үггүй болсон доо. 
 
Түүнчлэн, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатад "Казиночин", "Нүүрсний хулгайч" гэх хочууд ч бий. Алдарт "Хадгаламж" банкны 14 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон албан тушаалтнууд дунд Ж.Мөнхбатын нэр дурайж л явсан. "Тавантолгой"-гоос 20 сая ам.долларын нүүрс алдагдсан хэрэгт ч Ж.Мөнхбат гэсэн нэр дурдагдаж л байсан. Мөн их сургууль төгссөнөөсөө хойш намын хаяанаас салаагүй, хувийн бизнес хөөгөөгүй атлаа 100 мянган ам.долларын цаг зүүдэг, гурван тэрбумын хауст амьдардаг гэх дуулиануудын эзэн болж л явсан. Энэ удаад бараан намтраа "гэр бүлийн хүчирхийлэгч" гэдэг хочоор баяжуулж чадлаа. Хэдий хүртэл хар машин шатааж, давхар дээлтэй жагсаж асан гавьяагаараа хар түүхүүдээ даруулах гэсэн хүн юм бол доо. Эрх баригч МАН ирэх дөрвөн жил хэл ам бага өртөж, чихээ бага халууцуулъя гэвэл энэ мэт ёс зүй нь ёотонтой ч дүйхгүй хүмүүстээ хариуцлага тооцож, зайгай барих нь л зөв байх даа.
 
 
 

Дээдсийн өмнө өвдөг сөгдөж, дэргэдэх ханьдаа нударга зангиддаг Ж.Мөнхбат
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-23 21:06:04
    BE: Сайн бичжээ. Жинхэнэ хадаас
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-23 14:49:39
    Zichin: Setguulch ni unrn chadbarlag uym ..amjilt xusie......
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-23 14:19:46
    анрэаи: Гоё бичжээ. Мөнхбат бол адгийн шаар шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-23 12:16:00
    Zochin: Geree zasaagui hun turiig zasaltsana gej uy bhav dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-23 08:10:41
    Zochin: Yos zyigyi bydyyleg khog. Tsynkh barij, ******** dolooj bgd deeshee garsan yumnuud l iim yos zyigyi bdg doo.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-23 07:27:52
    хэнээр нь яах нь вэ: эхлээд энэ баримтаар хүрэлсох юм хий..................................................................................... хууль шүүхийн хүмүүс ажилла, дараа хоор зуураа ярилц.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188