Сав шим ертөнц бүхэлдээ хүмүүний энэлэнт явдлаар хахаж гулигаж байдаг юм санж гэсэн нэгэн сөөлжүү гэмээр бодол хаа нэгтээгээс гэтэх нь “Тэнгэрт нуусан уулс”- ын сүүдэр хүүшилж дотог цадигийн сэрүүн сэрхрээ сэвэлзэхийн адил аа ...
*** *** ***
Огторгуйг, оршихуйг гурван хэмжээст багтаах, хөгжмийг долоон нотоор илэрхийлэх нь хүн төрөлхтөн хөгжлийнхээ түүхэнд бүтээсэн ололт хэдий ч учир дутагдалтай гэмээр... Зэрэгцээ ертөнц, сүнс, өнөө хэр тайлагдаагүй хачирхалтай учир битүүлэг үзэгдлийн нууцууд гээд хариу тайлал нэхсэн жигтэй явдлууд дээрх эргэлзээний зөвтгөл болмоор... Хүн үүссэн цагаасаа тайлж үл чадах юмс үзэгдлийн өмнө гартахдаа үлгэр домог зохион цаг цагийн морины галигаанд ам дамжуулан хэлцэж улмаар Иллайдей,Одиссей, Гэсэр Жангарыг бүтээж барлан өнөөгийн бидэнд хүргэжээ. Учир битүүлэг юмс үзэгдэл гэдэг өөрөө хүний сонирхлыг татаж чангаан эрэлд хатаах идтэй. Тиймээс л шинжлэх ухааны нээлтүүд гарч, шашны номлолууд бий болсон буйзаа. Магадгүй шинжлэх ухаан, шашин хоёрын дунд үл тайлагдан үлдсэн асар уудам орон зай, цаг хугацаатай эрлийн хувь ерөөл нь уран бүтээлчдийнх юм сан уу.
Өгөгдөлт хувиа эдэлж асар уудмаас “шанаганыхаа: хэмжээгээр хутгах нь уран бүтээлчийн сэтгэлгээний цараа, өгөгдөлт мэдрэмждээ дулдуйдсан хөдөлмөр, хичээнгүй судалгаа гээд томоохон бүтээл туурвихуйд зохист бүхэн шаардлагатай буюу. Цараа мэдэж, бяд заан туурвисан Сааюугийн Баттулгын “Тэнгэрт нуусан уулс” хэмээх “томоохон, шинэлэг” туульсийн бүтээл эрхгүй учир нуршихад хүргэв.
“...Нэгэн цагт хөх тэнгэрийн дор, хөрстийг доргиож явсан эрэмгий догшин нүүдэлчдийн он цагийн түүхийг ачаалсан хүлэг морин эрдэнийн эмээлээ гэдсэндээ авч, жолоо цулбуураа хөглөрүүлж одсон...” уртаас урт гунигт “...Түүхийн золиосонд боолын боол босгоны шорооноос ч дор хаягдсан...” нийгмийн доод давхаргынхны энэлэн ганилан, зовлонгийн түүхийг зуун зуун дамнуулан хүүрнэсэнээрээ “томоохон” гэх тодотголд дүйнэ.
Хайсан хэрэмт хаан |Манж Чин гүрэн|-ы
Мөн
“...Ухаан бодол оюун санаагаа хөвчлөн зөн совингийн тэртээх нууцын чинад нэгэн цэгт тархины эрчмээ хураан цогцлоосны эцэст тэнгэрийн цээлд одод гэрэл цацруулан харван одохын адилаар амин оньсоо мулталлаа. Энэхэн агшинд огтхон ч гэнэ сэрэггүй хэвтсэн хөөрхий золбин халтар цочин өндөсхийсэн авч асар их хүчинд цохигдох мэт ганхийж ч амжилгүй хөсөр ойчлоо. Түүнтэй зэрэгцэн Харцагадай ч мөн сүүлчийн амьсгалаа цээжнийхээ гүнээс татав. Ийнхүү эзэн биеэ орхин сайн заяанд төрөх учиртай золбин халтрын сүнсийг эрлэгийн элчис тэнгэрийн заадсаар хөтлөн авч одох үес халуун биед нь Харцагадай аль хэдийн сүнсээ юүлсэн байлаа...” гэх зэргээр хүнээс нохойнд эсвэл хэрээ шувуунд сүнс сэлгэн юүлсэнээр романы туршид эхнээсээ аваад дуустал дүрүүд нь төрөл сэлгэн хувиравч өнгөрсөн одоог холбосон нэг л “танил дүр”, нэг л Харцагадай, Сүйжин ээдрээт олон хэргийн гэрч болж уншигчийн дагуулан уг хэргүүдийн учир начрыг тайлах эрэлд хөтөлж буйгаараа “шинэлэг” гэх үнэлэмжийг уг туульсийн бүтээл өөртөө бий болгож чаджээ.
Маркесийн “Зуун жилийн жилийн ганцаадал” романы зөвхөн ганц өгүүлбэрийг задлахдаа “...Хүн нэг насаараа хэдэн ч оймс элээж болдог бол бас нэг оймс хэдэн ч хүнийг элээж болдогийг ойлгов...” |Бэнсэн үлгэрч| хэмээн Гүр. Нямдорж уулгадсан шиг нэг сүнс хэдэн төрөл бодь гал сэлгэн үхэшгүй мөнх амьдрана вэ гэж дуу алдмаар.
Орчин үеийн шидэт реализмын байж болох дээд түвшнийг тогтоосон Габреаль Маркесийн “Зуун жилийн ганцаардал” тэргүүтнийг эх хэлээрээ уншсан уншигчдийн өөдөөс түүхийг “шидлэг” байдлаар туурвин барина гэдэг нэг талдаа эрсдэлтэй ч тэр чанарааараа уран бүтээлчээс багагүй оюуны бяд, зөн сэрэхүйт хийсвэр сэтгэлгээ шаардана. Шинэ юм гэдэг сайтар мартагдсан хуучин юмыг хэлдэг гэх нэг үг буй. Хэр ч биз. Сав шим ертөнц гэдэг өөрөө нэг л сав юм хойно түүнд багтаж эргэлдэх бүхэн тоо хэмжээтэй буюу.
“...нүүдэлчдийн нутгийн нэгээхэн захыг эмжээрлүүлж, арвин их оны турш тоолж баршгүй зарц, боолын хөлс, цусыг урсган тоймгүй их шавар чулуу зөөж босгосон хэмжээлшгүй урт Хайсан хэрэмт хааны нутгийг...”
Эшлэн буй энэ өгүүлбэр угтаа Хятадын Цагаан хэрмийн бүтээсэн хөлс, цус “ивж өндөрлөсөн” яс, ам???ыг зураглана. Түүнчлэн үүн лугаа адил ерөөс хүний ертөнцийн түүх нь харгислал, эзлэн түрэмгийлэл ихэс дээдсийн зөрчлийн золиосонд эгэл ард гашуун нулимс халуун цус, үйрэх яс, үгтэх амиа “өргөж” бүтээсэн түүх юм гэж харуусан хашхирмаар ажгуу. Мөн уг туульсийн бүтээл нь энэ л халаглан харуусмаар гашуун түүхийг эхнээсээ аваад дуустал хүүрнэнэ. Тиймээс энэ бол бүхэлдээ “ертөнцийн бодь гал бүхний зовлонгийн түүх” ажээ. Магадгүй уншигчдад нүсэр хүнд бараан бүр төсөөлөгдөмгүй оюун санааны дарамтат мэдрэмжийг тулгаж мэдэх ч дахин хэлэхэд туулж өнгөрүүлсэн их түүхийн ивээс гагнаас нь үнэн хэрэгтээ эгэл ардын дусалсан хөлс, урссан цус, эрсэдсэн амь л билээ. Харамсалтай нь энэ бүхэн ялалт, ололт амжилтийн их уухайд дарагдан бүдгэрсээр мартагддаг. Цуурайнд бүдгэрэн мартагдсаныг нэхэн дурсаж уран сайхны аргаар нээн туурьвиж өнөө ба хожмын уншигчдад хүргэх нь уран бүтээлчдийн ажлын нэг хэсэг юм.
“... Үүлсийн дээр оршигч Ирүүлийн хөх уулс...” зовж туйлдаж харгис төрийн дарамт шахалт, үймээн самуун, эцэс төгсгөлгүй мэт улангассан булаан эзлэлт, дайн тулаанаас зулрах орон зай хайж үгүйлсэн зон олны хүсэл мөрөөдөл, оюун санаандаа бий болгосон хорго, цайз, диваажин юм. Тийн хэдий ч Ирүүлийн хөх ууланд бүгэгсэд “уулнаасаа бууж” уулгалан довтолж дээрэм тонуул хийнэ. Олзлогсодоо боолчлоно. Өөрсдөө амь наана, там цаана дутаасан эзлэн түрэмгийлэгчид болон харгис төрийн дарангуйллаас эгээ ялгарахгүй байгаа биз.!!! Зохиолч яагаад хүсэл мөрөөдөл, оюун санааныхаа диваажинд залсан туульсынхаа баатруудаар тийн харгислал, бурангуйг үйлдүүлнэ вэ? гэсэн асуулт эрхгүй ургана. Хэр ч биз. Хүн төрөлхтөн үүсэж бий болсон цагаасаа хүчтэй нь хүчгүйгээ залгидаг нийгмийн тогтолцоог халж чадаагүй л өнөөг хүрсэн билээ. Хэлбэрээ өөрчилсөн “залгилт” цаашид ч хүний нийгмийн түүхийг бүтээсээр байх бизээ. Ерөөс ертөнцийн амьдрал өөрөө тэмцэл, ололт ялалт, уналт босолт ээлжлэх зөрчлийн эрчлээс хуйлраа дундаас хөгжил бий болдог билээ. Тиймээс өнөө хэр байсаар л байгаа цаашид байсаар л байх оршихуйн жамд эргэлдэн оюун санаа, зөн сэрэхүй, сэтгэлгээний чөлөөт нисэлтээр “бүжжээ”.
Бодь мөрийг сахиж агуйд даяанчилан хоосон чанарын эрэлд “хатаж суугаа” Хумбагаа лам, ахархан хугацаанд хачирхалтай уртын урт зам, хувь тавилан туулж Хөх самганы |удганы| угийг авч хэц хэнгэрэгийг амилууан дуугаргасан Ажай охин |удган| гээд шашин, бөө мөргөлийн төлөөлөлт дүрүүд нь үнэн хэрэгтээ мөнөөх л үл тайлагдахуйн нууцад нэвтрэх гэсэн хүн төрөлхтөний мөнхийн эрмэлзлэлийн бэлгэдэлт дүрүүд юм.
“...Тэндээс цааш охин хоёр хэрээгээр дамжлуулан ниссээр Зүүн Тагнын нурууны нүүгэлтсэн их ой, хөвч тайгын гүн дэх удган хоригт хүрч очсон ажээ...” Танил үлгэрийн зохиомж л доо. Гэхдээ дээр өгүүлсэнчлэн сав шим ертөнц бүхэлдээ уламжлал шинэчлэлийн тойрогт багтаж эргэлдэх нь жам.
Мөн түүнчлэн “...Алтайн их уулсаар нутагтай эртний нэгэн овгийн тэргүүн хэнд ч үл дийлдэх эр зориг хүч тэнхээтэй баатар эртэй болохыг хүсчээ....”
“...-Тийм баатар эр төрүүлэх эм хүйстэн энэ орчлонд л ганц л буй. Тэр бол энэхүү их уулсын тагтад хүний нүднээс далд нуугдан амьдрагч буюу...” хэмээснээр агуй оромжноосоо богтлогдсон Аюу |эм алмас| хатан, Архудай баатар хоёрын дундаас төрсөн Аюудай гээд домгийн дүрүүд нь эрх чөлөөг хүсэмжилсэн бэлэгдэлт, уламжлалт дүр болно. Түүнчлэн хааны хүүгийн амины төлөөсөнд төрөл сэлгэн “...Ирүүлийн хөх уулсын эзэн савдагаар сонгогдсон цагаас хойш мянга илүү он жил...”-ийг элээсэн Айжур бүсгүй |савдаг|, “...Зуугаар тогтохгүй он жилийг харанхуй нүхэнд багваахайн дүрээр нуугдсаар...” нэгэн насны үйлээсээ зугтан эрлэгийн данснааснуугдсан эр эм хоёр, Төв халхын зарим нутагт ч өнөө хэр ам дамжин яригдаж хаа нэгтэй оргүй хоосноос биежин өндийх мэт болдог “олон үе дамжин амилсан догшин эзээ...” үлгэр домог аман хуучийн шидлэг дүрүүдтэй уншигчийг нүүр тулгуулан ямар нэгэн сэжмээр зэрэгцээ ертөнцийн гүн рүү яргуулна сэртхийлнэ. Ерөөс уг туульсын бүтээл нь бүхэлдээ домог зүй, ёр бэлгэ, зөн совин, шидлэг байдлыг нэвт шингээснээрээ дахин шинээр төрсөн үлгэр домог мэт сэтгэгдлийг төрүүлж улмаар шимтэн автуулна.Тэгвэл уран зохиол өөрөө үлгэр үү? Үлгэр нь уран зохиол уу? Эсвэл... ?
Буурь сэлгэх нүүдэл суудал лугаа адил цагийн аяс дагасан хөгжлийн явцад шинэ нь хуучнаа халж зарим нь бүр үгүйсгэсгэнээр хүмүүн төрөлтөний эртний ой санамж улам бүр бүдгэрсээр байгаа. Ялангуяа төвлөрсөн суурин орон хотын нүргээнд дөжирч санах сэрэхүйн үүд нэг мөр хаагдахуй нүүдлээс гээгдсэн өнчин ишиг шиг хөдөөд тэр тусмаа зах хязгаарт үндсэн гарвалиараа нэн цөөн ёс заншил, өв соёл “амь дүйн дэнжигнэж” үлдсэн.
“...-Ээ хөх тэнгэр минь... амьд зүрхээр домнохгүй нь болохгүй нь...”, “...улаан цус бялдсан хоёр гарынхаа алган завсар цовхчих амьд зүрх хашиж атгаад...”, “...Эм дом, эм дом...” Өнөө цагийн уншигчид цочирдон хирдхиймээр хэсэг л дээ. Гэхдээ магадгүй баруун монгол, тэр дундаа баядуудын дунд өнөө хэр хадгалагдан үлдсэн энэхүү хүүхдийн ам гэмтэх, чих булагтах зэрэгт эмнэл зүй болгон ашигладаг дом нь мартахуйн дансанд орчихоогүй нь сайн хэрэг. Магадгүй бөөгийн ёс заншлаас үлдсэн ч байж мэднэ. Эрдэмтэн судлаачид нэгийг хэлэх бизээ. Энэ мэтчилэн “...Нүүдэлчдийн түрэмгий гогцоо...” гэж харийнханд ширвээтэн адлагдаж “... Хайсан хэрэмт хааныхан |Манжийн хаан Ц.Г| ... өөрсдийнхөө үнэнч боол албатууд болгохын тулд айл өрх бүрээр нэгжлэг явуулж олон зэр зэвсэг, ном судруудыг хураан авч эдлэж хэрэглэхийг нь бүрмөсөн хориглосон зүйлийн нэг бугуйл |...”|-ын оронд нүүдэлчид ... уурга барих болжээ...” гээд эш татвал нэн баялаг өв соёл, эртний ой санамжуудыг тээсэн мэдээлэл багтаасныг анзаарч болно.
Үйл явдлыг дэлгэх хэсэгт нь тал мэт дэлхэн “арсалдуулж”, хураах газар нь, атгаж банжсан шагай мэт цомцойлгох нь уран бүтээлчийн мэдрэмж, туурвих чадвараас шууд хамааралтай. “...-Ээвэн голыг бид хүн малынхаа хүүрээр гүүр тавьж гаталсан юм шүү дээ хэмээн нулимстай хүүрнэх...” Эцэс төгсгөлгүй дайн тулааны хөлд шахагдан дайжсан их нүүдлийн хүнд бэрхийг бэлээхэнээ ийн гол зурам “цомцойлгожээ”.
“...Жүдэй ч мөн дэргэд нь зогсоод тэр зүг сайтар ажвал баахан хувхай мөчир цуглуулж барьсан, том найман ханатын буурин чинээ хэмжээтэй шувууны үүр шиг зүйл харагдлаа...”
”...Хувхайрсан мөчрүүд гэж бодсон зүйлс нь мөчир бус харин хүний яснууд байв... ясан үүр...”,“... ясан үүрний дэргэд ирвээс... ...хоёр том шувуу зөрөлдөн хэвтээ харагдав... ” Хажуудаа хань бараатай |Үргээ өвгөн| бас хань бараа болсон нэгнийхээ цогцсыг үүрээд явж байхдаа, эцэст нь өөрөө төрөл сэлгэн зуурьдын орныг гэтэлж ахуйдаа ийнхүү гурван өөр янзаар нэгэн сонирхол татам, аягүйцэн жийрхэм шувууны үүрийг олж харна. Зэрвэс гүйлгэн уншихад үл ялиг эндүүрэл мэт ч сайтар тунгааваас аливаа зүйлсийн үнэн төрх, мөн чанар нь хүмүүнд танигдах цаг хугацаа, үүссэн нөхцөл байдлаас хамааралтай гэмээр...
Байгааг үгүйд бод, байхгүйг бийд тооц хэмээн сургадаг өвгөдийн үг сургаалийн гүн ухаан ердөө л энэ ажгуу. Байхгүйг бий болгож шидлэг хэлбэрээр хүүрнэн хөтлөх шидэт реализм нь сав шим ертөнцийн нууцлаг хийгээд оршихуйн мөн чанар руу өнгийж туурвидагаараа зөвхөн хүний нийгмийн хөрс суурин дээр үйл явдлаа хэлхдэг реалист бүтээлээс ангид давуу талтай юм. Магадгүй хэн нэгний уран зохиолыг үзэх үзэл хандлагатай зөрчилдөж болох ч бас хүлээн зөвшөөрөх нэгэн ч байх болов уу...
МЗЭ болон Алтан өд шагналт зохиолч Цэвэгжавын Ганболд
Гэрэл зургийг Балдоржийн Алтанхуяг.
"ТЭНГЭРТ НУУСАН УУЛС"-ЫН СЭРХРЭЭ... |
|
2025-04-02 06:00:00
2025-04-02 06:00:00
2025-04-01 18:33:37
2025-04-01 17:03:00
2025-04-01 15:51:51
2025-04-01 15:43:06
2025-04-01 15:42:34
2025-04-01 15:40:22
2025-04-01 15:36:53
2025-04-01 15:35:04
2025-04-01 15:07:10
2025-04-01 13:49:50
2025-04-01 13:47:49
2025-04-01 13:01:31
2025-04-01 12:33:50
2025-04-01 12:28:01
2025-04-01 07:59:43
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |