• Өнөөдөр 2024-04-28

НЭРТ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ ЛОДОНГИЙН ТҮДЭВИЙН ХҮЙ ЦӨГЛӨСӨН НУТГААС...

2024-02-05,   4321

   Л.ТҮДЭВ ГУАЙГ “САЙН СЭТГҮҮЛЧ, ЗОХИОЛЧ БАЙСНААС ГАДНА САЙН ЭРХЛЭГЧ” БАЙСАН ГЭЖ ҮЕ, ҮЕИЙН СОНИНЫ ЭРХЛЭГЧ НАР, СЭТГҮҮЛЧИД ДУРСАН ЯРЬДАГ

  Өвөр замын өтөг гэж өндөр, өндөр уулсаар хүрээлүүлсэн, салхи, шувуу, бугын урамдаанаас өөр аниргүй намуухнаас намуухан нутаг бий. Дүнсгэр уулсынх нь баруухан энгэрт нурж, эвдрээд сүйд болчихоогүй ч олон жилийн түүхийн гэрч  болсон энэ намхан чулуун хороо бол агуу их соён гэгээрүүлэгч Лодонгийн Түдэв гуайн онож, төрсөн бууц юм. Алсын ууланд манан бууж, бороо ганц нэг дусагнасан намраар Улаанбаатар хотоос 1050-аад километрийн зайд орших түүний хүй цөглөсөн нутгийг бид зорьсон билээ. Гэрийнх нь буйр байсан болов уу гэмээр тэрхэн хавьдаа тэгшхэндээ орох хавтгай, эвдэрч, зэвэрсэн хуучны төмөр зуухны хойхно талын товгор дээр зогсохдоо өндөрт халих шувуудыг нь, үе үехэн шуугих салхи, бороог нь, өөдөөс улам бүр ойртох шиг дүнхгэр уулсыг нь буй биеэрээ мэдэрч, бишрэн биширсээр байлаа. Энэ бол Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариачийн багт орших Өвөр замын өтөг гэх авшигтай газар.

     Түүний шилбүүр унаж гүйдэг байсан толгод бүхнээр мөрийг нь хөөж гүймээр, тоглож байсан болов уу гэмээр чулуу бүхэнд нь хүрч үзмээр дэггүй зан эрхгүй хөдөлнө. Эндээс л түүний хорвоотой танилцсан түүх эхэлсэн байх аа. Тэрээр дүү нартайгаа хургаа хариулахдаа, аавыгаа дагаж адуунд давхихдаа, ээжийнхээ цайгаа самарч байгаа амгалан царайг нь харж өсөхдөө ертөнцийн буй бүхэнд хөглөгдөж, тэднээс л жигүүрлэсэн байх. Тэр “Хорвоотой танилцсан түүх” зохиолынхоо морьтой танилцсан түүх хэсэгт нь  “Адуу янцгаан үүрсэж, амгалан дуу хангинахад, аяа ямархан монгол хүү, амгалан сууж чаднам билээ. “Монгол хүн морин дээр төрөөд, морин дээр өөд болдог юм шүү” гэж эцэг минь ярьдаг сан. Анх би чулуун морьтой байлаа. Голын сайр дотроос түүнийг олсон юм. Чулуун морио хоёр хуруугаар зайдагнан унаж цовхчин дэгдэн тоглодог байлаа. Дараа нь саваагаар морь хийв. Хурга ишиг хариулахдаа шилбүүрээ морь болгон зайдагнаж, хуйваар нь цулбуур хийж тоос татуулан гүйдэг сэн. Морь бид хоёрын явж өнгөрсөн газар нүцгэн хөлний мөрний хоорондуур нарийхан зураас үлддэг сэн. Хожим нь хурга унадаг байлаа. Хариулж яваа хурганууд дотроосоо хамгийн бядмаг сэргэлэнг барин авч морь болгож унаж, зугаацдаг байлаа. Тэгтэл нэг л мэдсэн ямар ч хурга биднийг даахаа болив. Тэр үед хонь, ямаа унах санаачилга гарлаа. Гэвч хонь, ямаад хургыг бодвол их залхуу янгууч тул олигтой унаа болдоггүй юм билээ. Ашгүй нэг өдөр дүү маань сонин юм бодож оллоо. Уулын энгэр дэх цасыг бараг цөмийг нь өнхрүүш болгон доош буулгав. Нэг мэдсэн гэдэс өлсөж байлаа. Их удсан бололтой. Бид мориндоо мордон хар хурдаар давхиулан явж гэртээ ирэв. Хүмүүс биднийг хол газар явж өчнөөн удаан тоглоод ирж дээ гэж огтхон ч сэжиглэхгүй байлаа. Хэрвээ явган явсан бол өдийд дөнгөж тэр газраа хүрч байгаа даа гэж дүү хэлэв. Нээр ээ тийм. Морь гэдэг мөн хурдана аа гэж би бахархан баярлаж билээ. Морьтой хүн хол явдгийг тэгж мэдэв” хэмээн дүрсэлсэн байдаг. Тэр Алтайн сүрлэг уулсдаа ингэж л тоглож, нутгийнхаа чулуу бүхнийг шүлэг, бүтээл болгож чаджээ.

     Хүн бүрийн сэтгэлд дүүрэн багтдаг ч хол оршдог тэр агуу хүний тухай, хэнд ямар хэрсүү үг хэлж байсан тухай нь Говь-Алтай аймгаас Өвөр замын өтөг хүртэлх 30 гаруй километрийн турш түүний үеэл дүү, нутгийнхнаас нь сонсох сайхан байлаа.

Биднийг өнгөрсөн есдүгээр сарын 13-нд түүний төрж, өссөн өвөлжөөн дээр очиход ойр хавьд нь айл өвөлжиж, хаварждаггүй юм байна. Эзгүй нутагт нь эзгүй түүний тухай бодол сэтгэлээс огт гарсангүй. 80 гаруй жилийн өмнө түүний хурга, ишигтэй хөөцөлдөн тоглодог, бууцанд нь хөлбөрч өссөн чулуун хорооных нь өмнө үеэлийнх нь хүү Г.Гантөмөртэй цөөн хором ярилцсан юм.

-Агуу их Л.Түдэв гуай 88 жилийн өмнө энэ бууцан дээр мэндэлжээ. Та Л.Түдэв ахынхаа тухай хэр сайн мэдэх вэ?

       -Би Л.Түдэв ахыг ганц, хоёрхон удаа харж байсан болохоор сайн мэддэггүй юм. Миний ээж Л.Түдэв ахын үеэл. Ах 1933 оны хоёрдугаар сарын 9-нд бидний зорьж ирсэн энэ бууцан дээр С.Лодон ахын том хүү болон мэндэлсэн гэдэг. Ах хоёр эмэгтэй дүүтэй байсан. Ахыг төрсөн даруйд аав нь хуучны нэршлээр Арын хүрээний ламаас нэр авахаар очиход лам нь “Сайн хүү төржээ, сайд хүү байна” гэж бэлгэшээгээд нэрийг нь хайрласан гэдэг.

Л.Түдэв ах арван хэдэн нас хүртлээ лав энэ нутагт амьдарсан байх. Тэднийх Ялаатын голоор хаваржиж,  Шонт, Өвөр гол, Ар голоор зусдаг байсан гэж ярьдаг. Би түүнийг 1990-ээд онд Халиун суманд ирж, депутатаар сонгогдож байхад нь анх харж байлаа. Тэр үе ах нүдний шилтэй, цагаан царайтай хүн ирж байсан санагддаг. Түүний дараахан Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшээд гараагүй юм. Түүнээс хойш нутагтаа бараг ирээгүй болохоор бид уулзаж чадаагүй.

-Та Л.Түдэв гуайн тухай ээжээсээ сонсдог байсан гэлээ. Чухам ямар хүн байсан гэж ээж нь танд дурсдаг вэ?

      -Ах Говь-Алтай аймагт орос хэлний багшаар нэг жил ажилласан гэдэг. Ээжийг хааяа нэг очиход нь шөнө унтдаг юм уу, үгүй юү гэмээр ном их уншдаг, хөдөлмөрч хүн байсан гэж ярьдаг. Ээж үеэл ахыгаа дурсахдаа “Онцгой содон авьяастай, сургуульд суугаагүй байхдаа бичиг, үсэг сурсан. Бид нэг гэрт тоглож өссөн ч Л.Түдэв  сургууль, соёлын мөр хөөж, томорч, тодорсон” гэж ярьдаг байсан. Ахын тухай сонсоход, ном, зохиолыг нь уншихад Монголд битгий хэл дэлхийд ховор хүн байжээ гэж боддог. Бас шударга, даруухан, зарчимч хүн байсан юм билээ.

-Танайхан ахынхаа төрж, өссөн өвөлжөө, хаваржааг нь эргэж, тойрдог уу. Энд айл өвөлждөг үү?

      -Манайх эндээс хол нутагладаг болохоор байнга ирж чадахгүй. Баргийн машин явахааргүй амаргүй замтай байгааг чи сая мэдэрсэн биз дээ. Хааяа зорьж ирэхдээ цай, сүүнийхээ дээжийг өргөдөг юм. Уг нь тэднийхээс хойш хэд хэдэн айл өвөлжсөн байх ёстой. Харин ойрын жил энд айл өвөлжихгүй байна. 

-Л.Түдэв гуай бичих авьяас, эрдмээс гадна өөр юунд гарамгай хүн байсан бол. Танай удамд Л.Түдэв гуайгаас өөр эрдэм, номын боловсролтой хүн байсан болов уу?

     -Манай өвөө  их эрдэм, номтой лам байсан юм билээ. Түүний дараагийн үе нь Л.Түдэв ах байсан байх. Ахыг аав, ээждээ тусладаг, аж ахуйч, ухаалаг, сэргэлэн хүү байсан гэдэг юм. Одоо энэ нутагт Л.Түдэв ахын тухай мэдэх, дурсах хамаатан садан тун цөөхөн болжээ. Тэр холоос ахын минь төрсөн бууцыг, биднийг зорин ирсэн та бүхэнд баярлалаа хэмээсэн юм.

Л.ТҮДЭВ ГУАЙН ЗУРЖ, БИЧИЖ ӨССӨН УУЛЫН БЭЛЭЭС...

     Малчны хотонд төрсөн зохиолч, сэтгүүлч, төр, нийгмийн зүтгэлтэн Л.Түдэв гуай онцгой сайн ой тогтоолттой хүүхэд байжээ. Түүний тухай төрсөн дүү Л.Лхагва нь “Ах минь хонь, хурга хариулж явахдаа бэлчээрт яваа адууг зүсээр нь тоолж, ажиглаж ирдэг болохоор адууны эрэлд яваа малчид малаа ахаас асууж лавлана. Ах ирсэн хүмүүсийг дуу хоолой, үйл хөдлөлөөр нь дуурайж бидныг үргэлж инээлгэдэг шооч хүүхэд байсан” хэмээн дурссан байдаг. Мөн бэлтгэл хурандаа О.Жандал гэгч “Л.Түдэв хаана ч явсан хад чулуу, цасан дээр элдэв дүрс зурж, бичдэг байсан нь багаасаа номонд дуртай сонирхолтойг нь илтгэдэг юм” хэмээсэн бол, Хөдөлмөрийн баатар Х.Цэвлээ гуай “Их унших, гүн сэтгэх, бүтээлч ажиллах, цаг хугацааг цагийн механизм шиг ашиглах, аливаа дэл сул занг үл таашаах, хүмүүст хариу нэхэхгүй тусч сэтгэлээр хандах, үзэл бодолдоо үнэнч байх, холч мэргэнээр харах замаар тэр амжилтад хүрсэн” гэж дурсдаг билээ.

      Л.Түдэв гуайн аав С.Лодон Говь-Алтай аймгийн Наран сум одоогийнхоор Халиун  сумын алдартай мужаан, дархан хүн байжээ. Тэрээр хүүгээ сургуульд ороход нь цуурга цоожтой модон цүнх урлаж явуулсан гэдэг. Тэр хэзээний төлөв даруу зантай, ажлын төлөө нойр, хоолгүй зүтгэдэг, гүндүүгүй сайхан эр байсныг мэдэх хүмүүс нь дурсан ярьдаг байжээ.

Харин Л.Түдэв гуайн ээж  Н.Цаян нь нутгийнхандаа Жүүжээ хэмээн авгайлагддаг, орсон гарсан хүмүүсийг дайлж, цайлсан сайхан ааштай эмэгтэй байсан гэдэг. Ийм сайхан нутагт хөдөлмөрч аав, ээжийн хүү болсон түүний зүрх тэнүүн, бодол саруул, сэтгэл дүүрэн байхаас аргагүй юм даа гэх бодол төрж, түүнийг ямархан эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, оюун санааны манлайлагч байсныг нь нэхэн дурсъя.

МАЛЧНЫ ХОТНООС ТӨРСӨН ДЭЛХИЙН ОРГИЛ ЭРДЭМТЭН

      Л.Түдэв гуай 1961 онд “Үнэн” сонинд Утга зохиолын нарийн бичгийн даргаар томилогдон очихдоо Ерөнхий эрхлэгчийн нарийн бичгийн дарга байсан Н.Цагаач гуайд сэтгэл алдарч, түүнтэй дотносож, гэр бүл болж Шүрбум, Ширитүм, Дарьбум нарын аав, ээж болсон байдаг. Н.Цагаач гуай нам төрийн төв хэвлэл, өдөр тутмын том сонины хариуцлагатай албанд ханьтайгаа хамт зүтгэж, гадаад улс төрийн том сургуульд мэргэжил дээшлүүлэн, эрдмийн зэрэг цол хамгаалахад нь дэргэд нь байж үр хүүхдүүдээ өсгөж, хаана ч түшиг тулгуур болж зүтгэсэн байдаг. Н.Цагаач гуай Улсын төв номын санд Хүүхдийн уншлагын танхимын эрхлэгчээс хэлтсийн дарга, Анагаах ухааны их сургуулийн номын дарга зэрэг албанд насан турш хүч хөдөлмөрөө зориулахдаа эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийгээ тал бүрийн мэдлэг, мэдээллийн олон эх сурвалжаар хангаж ажиллаж, амьдарсан эрхэм хүн байжээ.

     Тэрээр 1962 онд “Соёл утга зохиол” сонины эрхлэгчээр томилогдож, 1964 оноос Москвад гурван жил сурч ирээд 1968 оноос Монголын зохиолчдын эвлэлийн орлогч даргаар ажиллажээ. 1984-1996 онд “Үнэн” сонины эрхлэгчээр ажиллахдаа "Доктор Л.Түдэвийн долоон үг" цуврал өгүүлэл, нийтлэл, эсээ хэвлүүлж, монголчуудын оюуныг тэтгэж байсан. Тэр нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд хүчин зүтгэж, алсын хараатай бодлого, уйгагүй хөдөлмөр зүтгэл, залуу үеийг дэмжин халамжилсан ачлал, сонины редакциасаа олон алдартнуудыг “төрүүлсэн” ер бусын хөдөлмөрч занг нь үнэлж баршгүй билээ. Харин 1996 оноос Монголын анхны зөгнөлт “Дал” сонинг эрхлэн гаргаж, хожим ханийнхаа нэрэмжит болгон хэвлүүлж байв. Л.Түдэв 1950-аад оноос эхлэн уран бүтээлээ туурвиж нийгэм, улс төр, уран зохиол, сэтгүүлзүй, эрдэм шинжилгээний салбарт бахдам амжилтад хүрч, “Дэлхийн оргил 100 хүний нэгээр” шалгаран Монгол түмнийхээ бахархал болсон эрхэм хүмүүн билээ. Тэр 23 насандаа “Уулын үер” романаа хэвлүүлж, ахмад зохиолчдоос үг сургамжийг нь сонсож, уран бүтээлүүдээ туурвисан байдаг. Зохиолч Л.Түдэв гуай бол уйгагүй эрэлч, шантаршгүй судлаач, амьдралыг бүрэн төгс танин мэдсэн нэгэн болох нь түүний зохиол бүтээлүүдээс нь тод харагддаг. Түүний “Хорвоотой танилцсан түүх”, “Нүүдэл суудал”, “Оройгүй сүм”, “Хөдөөнийхөн”, “Мөнхийн ус" тэргүүтэй тууж, роман, “Зэрэг нэмэхийн өмнө”, “Миний монгол”, “Говь хянганд тулалдсан нь”, “Таван нуурын дууль”, “Бөхөн” тэргүүтэй кино зохиол болон сэтгүүл зүйн бүтээлүүд он цаг өнгөрөх тусам эзнээ дархалж үлдэнэ.

Л.Түдэв гуайг “Сайн сэтгүүлч, зохиолч байснаас гадна сайн эрхлэгч” байсан гэж үе, үеийн сонины эрхлэгч нар, сэтгүүлчид дурсан ярьдаг. “Далай ээж цаазын тавцанд”, “Шорон дотроос өшөө авагч байдаг юм биш биз”, “Мөнхийн бүтээл мөхлийн эрмэгт” зэрэг сэтгүүлчдийнхээ бичсэн бүтээлүүдийг нь чамбайруулдаг, гарчгийг нь сайжруулдаг, сайн материал бичихэд нь чиглүүлдэг байснаас нь харж болно. Түүний эрхлэгч байсан он жилүүдэд өөдөөс нь үг хэлж чаддаг сайд, дарга байгаагүй нь түүнийг ямархан том эрхлэгч, сэхээтэн байсныг илтгэх биз ээ.Түүн шиг сэтгүүлч, эрхлэгч болохыг мөрөөддөг, хөдөлмөрлөдөг олон залуу бий гэдэгт итгэдэг юм.

      Их суу билэгтний төрсөн энэ өвөлжөөний урдханталын Шонын хондонд хошууч, генерал Я.Чойжамц, баруун талынх нь Шар шувуутын худагт бригадын генерал Ж.Заяабаатар, Ар замын өтөгт хошууч генерал Ж.Баатар, Бугын толгойтод Д.Цэдэв хэмээх дөрвөн генерал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, СГЗ, Төрийн шагналт, доктор, профессор, ХХ зууны манлай сэтгүүлч Л.Түдэв гуайн өвөлжөөг тойрч, төржээ. Бид их зохиолчийн нутагт түр саатаж, гал түлж, нутагт нь сүү өргөөд буцах цаг болов. Тэдний өвөлжөөний зүүн уул болох Дугуйн усаар тойроод гарч ирэхэд 10 гаруй буга таарсанд хамт явсан хүмүүс “Энэ хавьд буга нутагладаг ч гэлээ хүн бүхэнд төдийлөн харагдаад байдаггүй юм. Бороо шиврээд л, намрын ууланд буга урамдаж, тэнгэрт тас шувуу нар зөв эргэлдэж байхыг бодоход лус савдаг минь лав баярлаж байгаа бололтой” хэмээн бэлгэшээж байв. Бидний бараагаар бугын сүрэг улам бүр дээшилнэ. Зам бартаа ихтэй, харуй, бүрийгээр явахад хад мөргөчих гээд хэцүү ч Халзан хамрын голыг өгсөөд уужирна. Агуу их зохиолчийн хүй цөглөсөн нутгаас нь түүний хувиршгүй үнэнч зан, цуцашгүй авьяас, хайрлаж, энэрч чаддаг өрөвч нинжин сэтгэлийг нь олох шиг гэгээн бодолд дарагдаад буцсан юм. Замдаа Өвөр замын өтөг, Алтайн сүрлэг уулс яасан сайхан суутнуудыг, билэг танхай авьяастнуудыг “төрүүлдэг” хийморь “далласан” нутаг вэ хэмээн сүсэглэж явлаа.


НЭРТ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ ЛОДОНГИЙН ТҮДЭВИЙН ХҮЙ ЦӨГЛӨСӨН НУТГААС...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 21:30:23
    Батболд: Монгол улсын Ерөнхиилөгч болсон бол энэ олон алдаа завхрал байхгүй байх байсан даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 12:09:52
    Хүүккк: Агуу хүмүүн байлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 07:20:10
    С.Зэвсэг: Гайхамшигтай эрдэмтэн байлаа. Тэр их хүн, өчүүхэн намайг сэтгүүлчийн ажил руу хөтөлж дэм өгч, урам хайрлаж “Үзэг цаас хоёр минь” номыг минь ариутган шүүж үг утга агуулга, ухаан сургаал, өглөг буяны цэнхэр хадаг өргөж байлаа. Би багшаа хэмээн дээдлэн залбирч явдаг даа. Энэ сайхан нийтлэл бичсэн хүмүүст баяр хүргэе. Ах дүү төрөл садан үр хүүхдүүдэд нь эрүүл энх сайн сайхныг хүсье!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 06:54:47
    Энхжаргал: Агуу хүн шүү. Хүндлэн дээдэлж явдаг даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 22:41:56
    Л.Түдэв монгол улсын хайртай зохиолч,төр нийгмийн нэрт зүтгэлтэн байсан,бид энэ хүний хүний төрөлхийн ухаан, өргөн мэдлэг ,эрдэм чадлыг байнга дурсан санах болно :
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 19:22:47
    Bolormaa : Minii hundelj yvdag humuun
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 12:44:42
    Зочин: Дэлхийн эрдэмтэн ч арай худлаа байх аа. Ердөө л зөгнөлт зохиолч төдий шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-06 10:03:24
    Дэ: Ерөнхийлөгч болсон бол
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 23:43:14
    Чука : Бидний хэдэн Монголчуудын Хөх толбоны талаар МОНГОЛ ТОЛБО нэртэй гурамсан эссэ г уншаагүй нэгэн нь уншаарай хүмүүсээ... Гайхалтай бичсэн шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 22:32:51
    Батдэлгэр: Энэ агуу их хүнийг бид анхны ерөнхийлөгчөөр сонгоогүйд л харамсаж явдагдаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 19:37:36
    Буянбаатар : Дэлхийн оргил зуун хүний нэг энэ бахархалт хүний удамтай ханилж үр хүүхдүүд маань энэ мундаг хүний удмын хүн шүү гэж сайн нэрийг нь сайхнаар нь дуудуулж яваасай гэж боддогдоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 10:15:40
    Иргэн: Монгол оронд маань дахин олонтой төрж, олон төрөлдөө сайн, сайхан болгоноо саадгүй бүтээн дэлгэрүүлж байх болтугай. Ум сайн амгалан болтугай.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188