• Өнөөдөр 2024-05-05

ЯНЬТАЙ УУЛ, ЯНМА АРАЛ, ЧАОЯН ГУДАМЖ, ЖАНЮЙ ДАРСНЫ МУЗЕЙД СААТСАН ХОЁР ӨДӨР

2023-10-05,   373

  Монгол, Хятадын сэтгүүлчдийн нэгдсэн форум дуусаад цааш Яньтай, Чиндао хотоор аяласан тэмдэглэлээ хүргэж байна.

         Шар тэнгис, урьд нэрийг нь л дуулж байлаа. Шар тэнгис, өмнө нь Хятад болон Солонгосын хойгийн хооронд байх шар мөрний усаар зөөгдсөн тэнгис л гэж уншиж байлаа.

      Харин Шандүй мужад хүрч, эрэг дээр нь зогсохын чинээ санаагүй. Тэр ийш ирэх улсын хамгийн том татах соронз, бүр дэргэдээ суулгаад тайтгаруулах орон зай нь аргагүй мөн юм билээ. Тэр гэдэг нь өнөө шар тэнгис шүү дээ. Яньтай эл тэнгисээр хүрээлэгдэн оршдог 13.900 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 708.3 мянган хүн амтай намуухан мөртлөө чамбай хөгжсөн хот байв. Далайн эргээ дагаж, давалгааг нь чагнаж, хүн зон нь тэр элчилгүй уудам тэнгис шигээ гүн бодолтой, аливаад буурьтай, үгүйдээ л дөлгөөн санагдсан. Угаас тэдний ахуй амьдрал, цаашлаад араншин, аливаад хандах хандлагад нь хүртэл далай нөлөөлж, бүр тэтгэн тэнхрүүлж, сэхээрүүлэн, хөгжүүлдэг гэхээр тийм санагдахаас аргагүй байх. Далайн өргөст хэмх, сам хорхой, хярс, хясаа гээд далайн эрдэнээр баялаг, ёстой юу байна түүгээрээ дайлна гэдэг шиг далайн гаралтай бүхнээр дүүрэн, түүнээсээ үүдэн товхийтэл хөгжсөн додигор хот биднийг угтсан юм. Үүгээр ч зогсохгүй далайн түвшнээс дээш 46 далайн фермтэй гээч. Нийт талбай нь 1.4 акр байдаг. Тийм ахуйд бид хоёр өдөр саатаж, ирсэн гийчид сонирхон үздэг олон газраар нь зочилсныг тус бүр тэмдэглэсэн минь энэ.

        СЭТГЭЛД ДУЛААХАН ЯНЬТАЙ УУЛ 

            Далайгаар хүрээлэгдсэн үзэсгэлэн тэр уулын орой дээр гарахад эрхгүй тайвшрам, цаанаа нэг сэтгэл татсан мэдрэмж өнөө л хэвээр төрүүлж, салхи нь хүртэл биднийг таатайхан илбэх шиг санагдсан. Яньтай угаас тийм нэг увдислаг, өнгө үзэмж дүүрэн нутаг гэдэг нь нэгээс нөгөөрүү нь явах бүрд, үгүйдээ л гудамж талбайд нь алхах, дэлгүүрээр ороход л мэдрэгдэж, дотно дулаан, амар тайвныг өгч байлаа. Үдэш онгоцноос буухад л хэзээний удаан уулзаагүй танилтайгаа уулзаж, өсөж төрсөн ахуйдаа ирж байгаа мэт, далайн амьсгаа, салхины зөөлөн мөртлөө аргадангуй илбээ, хүн зоны намдуухан, аясаар оршдог төрх байдал тодорч, буудалласан буудалдаа орохын өмнө л өөртөө багахан ойлголт авч, маргааш чухам ямархан хотоор аялж, аж ахуй, соёл, уламжлалтай нь танилцахаа тааж ядна. Бидэнд өгсөн номоос үзэхэд бол эхлээд Яньтай хотоор нэрлэгдсэн уул хүрч, дараа нь эртний туурь болсон гудамж талбайгаар явах, тэгээд дарсны үйлдвэртэй танилцаж, музей орно гэсэн төлөвлөгөөг л олж уншив. Гэсэн ч ерөнхийлөн бичсэн зүйл үзэхийн сайханд, газар дээрээс нь мэдрэхийн сайханд хүрэхгүй гэдгийг өмнөх бичвэртээ онцолж байсан, эндээ ч мөн дурдаж сануулан явах нь зүйтэй биз ээ.

                Тэгээд би нүдээ аниад "Далайн давалгаа сонсогдох нь уу" гэж чагналаа. Мэдээж энэ битүү бөх ханатай олон давхар буудлын өрөөнд байгаа надад бүтэшгүй зүйл шүү дээ. Цонх онгойлгоод чагнах гэж оролдлоо, төдийлөн санасандаа хүрсэнгүй. Тэгээд жаахан урам хугарахдаа энд монгол гэр авчраад баривал "Энэ хотын юм бүхэн л сонсогдох байх даа" гэсэн болхи бодол ч төрөөд амжсан. Анх нисэх буудалд нь буусан цагаас л дотно дулаан, урин зөөлөн мэдрэмж төрүүлж буй эл хот надад тун таатайгаас гадна аялан явахдаа “Энэ хотын хаа нэгтээ өөр ямар сайхан зүйл оршиж, бид үзэхгүйгээр буцах бол” гэхээс битүүхэн гуниг төрж, хоргодом, холдомгүй, бүгдийг нь мэдэж, таниж, сэтгэлдээ тогтоомоор, санаж дурсах бүрдээ дулаацмаар мэдрэмж нэмэгдсээр байлаа. Яньтай уул далайн түвшнээс 42.5 метр өндөр, 45 га талбайтай бөгөөд  бөгөөд 600 гаруй жилийн настай байна. Бүхэл бүтэн зургаан зуун жилийн салхи бороотой ханьссан гэхээр энэ уул, түүний ойр хавийн юмс хэчнээн ихийг, зорин ирсэн хүн зоны дурсамжийг өгүүлэхээр байв. Гэсэн ч уул гэдэг хэний ч нууцыг, дурсамжийг, хүсэл мөрөөдлийг тэр хэнд ч ярьдаггүй байх. Харин өөртөө агуулж, үлдээж, түүнийг нь чанд хадгалж, ивээдэг л байх. Оршин буй он удаан жилийг нь сонсох төдийд л ийм нэг зурвас бодол төрсөөр уруудан явлаа. Яньтайд очсон хэн бүхэн энэ уул өөд гарч, буцан буух хооронд өөр өөрсдийн тээн яваа бодлыг үлдээдэг биз ээ.

 

          ЯНМА АРАЛЫН ЭРЭГ ДЭЭР

    Арал гэдэг тэр чигээрээ тайвшрал, тайтгарал, амар амгалан, аяс холын бодол руу хөтөлдөг газар аж. Зөөлөн салхи илбэж, далайн давалгаанаас намуухан, бүр үл мэдэгхэн цэнхэртэн оршиж, үүрийн гэгээ мэт, үгүйдээ л үдшийн бүрий мэт яруу. Янмай арлын эрэг дээр хэсэг зогсож, эрэг даган алхаж яавахад хурдлан давхих гал тэрэг гэнэт зогсох шиг, юмс хормын дотор аниргүйд уусан алдрах шиг. Тэр үед би Робинзон крузод анх удаа атаархах мэдрэмж төрсөн. Учир нь хүнд заримдаа арал дээр ганцаар орхигдмоор, эсвэл бүхнээс зугатаамаар, зүрх сэтгэл, бодол доторх бүхнээ тайлмаар зөнгөөр мэдрэмж төрдөг. “Эрх чөлөө гэдэг чинь арал, далай л юм байна. Амар амгалан гэдэг чинь энд нуугдаад, ахуйн тийм их хүлээс, уяанд бид хүлээтэй явдаг байх нь” гэж санаад “Намайг энд орхиод яв, би амар амгалан гэдгийг чинь олчихлоо” гэж хашгирмаар, эрэг дээр нь суугаад хоцорчихмоор зориг төрж байсан ч хашгирч, ориллоо гээд, хамаг бүхнээс зугтлаа гээд яах билээ гэсэн бууж өгөм, бодит бүхэнтэйгээ эвлэрэм бодол ч ургаж л байсан. Ийн эсрэг тэсрэг бодол миний дотор эсрэгцэн оршиж байснаа эвсэх шиг, бүр нэг зөвшилцөлд хүрэх шиг болсон. Янма арлыг зорин ирсэн хүмүүс өөр өөрийнхөөрөө нэрлэдэг бөгөөд "Дорнын хавай", "Бяцхан Мальдив" хэмээх нь ч бий аж. Далайн амьтдаас хясааны төрөл оршиход илүү зохицдог бөгөөд далайн өргөст хэмх, Абарон, Остерайда, хунгийн өндөг болон бусад далайн бүтээгдэхүүн элбэг оршдог юм билээ.

ТЭР ЦАГ ХУГАЦААНД БАЙГАА МЭТ

       Надад лав миний оршоогүй, амьдраагүй, бүр би гэж хүн байгаагүй цаг хугацаа хамгаас сонирхолтой, тийш нэг хүрээд ирэх сэн гэсэн хүслийг төрүүлдэг. Хуучин цагийн туурь барилга, хот тосгод миний энэ хүслийг улам дэврээж, аль ч газрын тийм нэг ахуйд очиход тэр цаг хугацаанд байгаа мэт мэдрэмж буудаг. Бидний үзсэн Сүө Чэн Ли гэх гудамж яг л тийм нэг ахуй, бодолд хөтөлж, гудамжаар нь явахад “Энд өссөн улс энэ л ахуй орчныг санан дурсаж, мөрөөдөж, гэгээн тунгалаг бага нас, гэрэлт үеэ дурсдаг байхдаа” гэж бодогдоно. Эл гудамжинд төрж, өссөн хэний, ямархан үрийн мөрөөдөл дундуур зүсэн яваа бол доо ч гэж санааширсан. Яг ийн бодох зуурт “Энд төрсөн бол энэ газарт л өсөж хүн болох байлаа” гэсэн хөтчийн үг бодлыг минь тааж байна уу гэлтэй. Уламжлалт соёлын үнэр дотно, ахуй орчин нь хэдийнэ дархлагдсан байдаг. Үүгээр зогсохгүй урлаг соёлыг харуулсан дэлгүүр, сонин содон айлууд, өвөрмөц онцлогтой зоогийн газар жуулчдыг татаж, эрхгүй хараа булаалдан байсныг дурдах нь зүйн хэрэг биз ээ. Хараад, ширтээд, тэр нэг уур амьсгалд нь татагдан үлдмээр, эсвэл сэтгэлийнхээ аль нэг буланд тэдгээр тууриудыг өрж байрлуулчаад, хаа нэг гарган ирж Яньтайд ирснээ дурсаж, тэдний гуниг, баяр, ганихрал, түүх өгүүлэх он жилийн их нас намбыг нь үгүйлэн дурсаж, давтан, давтан санагалзмаар.

         Цааш аяласан гудамж бол Чаоян. Яньтай хотын худалдааны хөл хөдөлгөөн ихтэй гол газар. Хуучин Яньтайн гадаадын алдартай пүүс, дэлгүүр энд цугларсан бөгөөд Хятад, Англи хэлээр үйлдвэр, пүүс, банк, үзвэр үйлчилгээний газрыг харуулсан самбартай. Эл гудамжинд барууны хэв маягийн барилгуудын гоёмсог чимэглэл, ханан дээрх харь үгсийн зураг нь хүмүүсийг төсөөлөн бодуулж, бодол санааг нь цаг хугацаа, орон зай алслан аялуулж, зуун жилийн өмнөх гудамжны өнгө төрх нь харсан хүн бүхний сэтгэлийг аргамжиж, хөнгөн бодол, хөг баярыг төрүүлдэг байна. Түүхэн барилга гудамж нь зорчин ороход эрхгүй битүүхэн дурсамж хөглөсөн ч энд оршсон дурсамж байхгүй болохоор хоосон хөндүүр оргино. Тэгээд тэр бүхний дэргэд нь зогсоход тэр цаг хугацаанд байгаа мэт л мэдрэмж төрж, өөрийнхөө бага нас, аав, ээж, хайртай бүхэн минь байгаагаар төсөөлөн үзэхэд цээжин цаана халуу оргиж, жаргалаас илүү хөнгөн гуниг, хүлээлт мэдэрч билээ.

 

 

                           КЕЯ ДАРСНЫ ҮЙЛДВЭР БА ЖАНЮЙ ДАРСНЫ МУЗЕЙ

            Дарс. Аз жаргал, уйтгар гуниг аль ч үед амтлахад хань болдог эд. Бидний аялалын хамгийн сайхан мөртлөө үнэр нь хүртэл тансагхан газрын нэг бол Кея дарсны үйлдвэр байв. Эл газрыг зорин очиход энэ хотын нэгэн өнгө төрх, амт, үнэрийг мэдэрч, дарс шимэнгээ бодол болж, тархиа жаахан амраах орчин аж. Тухтай мөртлөө дулаан, төөнөсөн. Тус дарсны үйлдвэрийн ихэд сонирхолтой бөгөөд бүр дарсаа хадгалдаг зориор нь хүртэл зочилсон. Францын лиму ойн бүсээс царс модоор хийгдсэн дарсны савтай, эртний уламжлалт дарс исгэх төхөөрөмжийг барин дарс нэрдэг байна. Хадгалах тусам, он жил өнгөрөх тусам үнэ цэн нь тодрох дарс, тэдгээрийн  үүх түүх бидний өмнө тодхон байлаа. Жанюйн компанийн 200 сая юнийн хөрөнгө оруулалтаар барьсан үйлдвэр байна. Усан үзмийн талбайгаар хүрээлэгдсэн нэн таатай, цаанаа нэг тансагхан орчин байв. Цааш бид Жанюй дарсны музейгээр орж, олон ч түүх, дурсгал, дарстай холбоотой бүхэнтэй танилцсан. Тус музейн үндсэн барилга нь бараг 4000 хавтгай дөрвөлжин метр талбайг эзэлдэг бөгөөд нийт барилгын талбай нь 10 мянган хавтгай  дөрвөлжин метр байдаг ажДарсны музейд тааралдсан гунигтай харцтай залууг ч энд дурсахгүй байх аргагүй. Хэдий тэр хөшөө ч цаанаа нэг хүчтэй сэтгэгдэл төрж, газар ширтсэн гунигтай харц нь өөрийн эрхгүй анхаарал татаж байлаа. Дарс их шидтэй ундаа. Хүний уйтгар гуниг, баяр жаргал, гомдол цөхрөл, сэтгэл хөөрөл гээд сэтгэлийн түмэн үймээн, төрөлтэй хамт оршдог, тэднийг бүр хөгжөөн, хөөргөгч нь мөртлөө ихэнхдээ тайтгаруулан, аргадсан, хань бараа болсон, жаахан ч болов ахуйн хүлээснээс чөлөөлж, өөр ертөнц аваачдаг зүйл аж. Өөрийнх нь өлгий нутаг, үйлдвэрлэсэн оронд нь зочлон ирэх хэн бүхнийг Кея дарс дайлан гаргаж, гуниг, баяраас нь одоо ч хуваалцаж байгаа.

           Янтай уул, янмай арал, Чаоян гудамж, Кея дарсны үйлдвэр, жанюй музей гээд үзүүлэхээр зорьж, өөрт буй бүхнээ харамгүй дэлгэсэн Яньтай хотынхонд, ороод гарах төдийд л бүх сэтгэлээ дэвссэн эл ахуй орчин, орон газарт баярлалаа. Сайхан бүхнээ хадгалж, түүнийгээ бусдад үзүүлэхээр яарч, сайхныг нь олж хараасай гэж хичээхийн сайхныг бид ч мөн мэднэ ээ. Харсан шүү, Яньтай. Шар тэнгисээр хүрээлэгдсэн дүүрэн сайхан нутаг минь. Хэнийг ч яваад очиход энэ л хэвээр, үүнээс ч илүү хөгжөөд оршин байгаарай. Сэтгэлийнхээ хамгийн дулаан тасалгаанд ямагт дурсахаар байрлуулсан шүү. Шар тэнгисийн давалгаа харин үргэлжилсээр, цааш бид Чиндаог зорилоо...


ЯНЬТАЙ УУЛ, ЯНМА АРАЛ, ЧАОЯН ГУДАМЖ, ЖАНЮЙ ДАРСНЫ МУЗЕЙД СААТСАН ХОЁР ӨДӨР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188