• Өнөөдөр 2024-04-19

ТЭМДЭГЛЭЛ: ТАМХИНЫ БУЙДХАН МУХЛАГ ШИГ ЕРТӨНЦӨД САЙН ХҮН БАЙХ БОЛОМЖТОЙ ЮУ

2022-11-25,   788

       “Ертөнц, хот, ер оршин буй ахуй гэдэг тамхи худалдаалдаг буйдхан мухлаг л юм” гэсэн бодол Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн “Сычуаны сайн хүн” жүжгийг үзээд төрсөн юм. Бид ертөнцийг уужим, тэнүүн, аугаа томоор бодож, төсөөлдөг. Тийм байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ эл жүжигт гарах гол дүрийн эмэгтэй Шин Тэ-гийн худалдан авсан тамхины мухлаг дахь хүмүүсийн араншин, дотор нь өрнөх үйл явдал бол ертөнцийн жижигрүүлсэн хувилбар юм уу гэлтэй. Эл мухлагт жирэмсэн эмэгтэй, ганц бие ээж, залхуу эр гээд янз бүрийн хүмүүс өөр, өөрийнхөөрөө оршино. Гэхдээ цөм залхуу төдийгүй “Бурхан бидэнд хэзээ нэгэн өдөр ирж тусална” гэсэн хоосон итгэл тээсээр сууна.

 

    Ийм хүмүүс бидний амьдралд ч бий шүү. Хүний мөн чанар өөрөө бэлэн бэлтгэгдсэн зүйлд дуртай. Яг цөм хөдөлмөрч, хичээл зүтгэлтэй, өглөөнөөс орой хүртэл шоргоолж шиг ажилладаг гэж үү. Мэдээж үгүй. Яг л эл жүжигт гарах дүрүүд шиг хэн нэгэн амьдралыг нь сайхан болгоно гэсэн холын мөрөөдлийг тээдэг нэгэн бий. Ийм бодлоосоо үүдэж хэн нэгнийгээ зовоож, зулгааж, тэжээлгэж амьдардаг. Энэ агуулгаараа хүмүүс сайн сайхан нэгнээ зовоож, муу муухай үйлдэл хийж, муухай зан араншин гаргахаас өөр аргагүйд хүргэдэг. Шэн ти шиг хэн нэгнийг хүмүүс яг л ийм шалтгаанаар хараар будаж, гэрэл гэгээг нь бүдгэрүүлж, гэгээн цайлганаараа ертөнцийг туулах боломжгүй болгодог. Мэдээж шулуун замаар гэгээн сайхнаараа ертөнцийг туулах ямар ч боломжгүй. Тиймээс л хатуу чанга, муу хүн болж гэмээнэ сая нэг ижил болж, сайн сайхан чанараа авч үлддэг мэт. Энэ санааг л “Сычуаны сайн хүн” жүжгээр дамжуулан  залуу найруулагч  Э.Ёндоншарав жүжигчин Т.Хулангийн дүрээр бидэнд хэлж байна. Өгүүлж байгаа санааг нь бүүр, түүрхэн тэмтэрсэн ч Ийм тамхины мухлаг шиг ертөнцөд нээрээ сайн хүн байх боломжтой юм болов уугэсэн асуултыг одоо ч өөртөө тавьсаар байна. Магад үүний хариултыг цаг хугацаа өнгөрөхийн хэрээр олж магадгүй л болов уу.

 

 

-ЧӨЛӨӨТ ЭХЛЭЛ БУЮУ ҮЗЭГЧИД Ч ЖҮЖГИЙН НЭГ ХЭСЭГ БАЙВ-

        Жүжиг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд гуай үзэгчидтэйгээ яриад эхэлнэ. Тэрбээр жүжгээ нээж байгааг зарлаад, уран бүтээлч хүүхдүүдээ тайзнаа дуудна. Дараа нь найруулагч Э.Ёндоншарав түүнд нэгэн захидлыг өгнө. Тэрбээр захидлыг уншаад л жүжиг шууд үргэлжилнэ. Үүнийг хэдийгээр жүжгийн эхлэл гэж байгаа ч жүжгийн нэг хэсэг мэт шууд өрнөөд явдаг нь өнөө л нэг эхлэл, өрнөл, төгсгөл гэсэн албан ёсны байдлаас гарч, чөлөөтэйгээр сэтгэсний нэгэн хэлбэр болов уу. Үндсэндээ үзэгч, тайз гэж хуваахгүйгээр цөм чөлөөтэй, нээлттэй байх боломжийг өгч байх шиг санагдсан. Жүжигчид жүжгийн турш үзэгчдийн дундуур хэдэнтээ явж, бүр харилцаж, үзэгчид өөрсдөө жүжгийн нэгэн хэсэгт орж, тоглож байв. Энэ нь  тус жүжгийн нэгэн онцлог байлаа.

-БУРХАН САЙН ХҮНИЙГ ХАЙЖ, ШЭН ТИГ ОЛОВ-

          Бурхан үдлэх газар хайж, усны худалдаачнаас хэн гэртээ хонуулах боломжтойг асууна. Худалдаачин Сычуан мужийн айлуудаас асуух ч цөм гэрт багтахгүй, хүн хонуулах илүү зай байхгүй гэсэн хариултыг өгч, зарим нь бүр бухимдацгааж байв. Харин энэ үед ШЭН ТИ гэх биеэ үнэлэгч эмэгтэй л бурханыг гэртээ хонуулахыг зөвшөөрнө. Үүний хариуд бурхан Шин ТЭ-д мөнгө өгснөөр тэр муждаа л хамгийн бэл бэнчинтэй нэгэн болж, тамхи худалдаалах жижиг мухлаг худалдаж авна. Өөрөөр хэлбэл, тамхины мухлагийн эзэн гэсэн үг. Үүний харсан хотын иргэд цөм л түүн дээр ирж, бүр мухлагт нь амьдарч эхэлнэ. ШЭН ТИ хүмүүстэй аль болох сайхан харилцаж, ойлгохыг хичээх ч цөм даварч, дийлдэхээ болино. Арга барахдаа тэр үеэл ахтай гэж худал хэлээд эрэгтэй хувцас өмсөж, хиймэл үс зүүж, малгай тавиад баян мөртлөө ширүүн зан төрхтэй нэгэн болон хувирна. ШЭН ТИ “Зөөлөн байхаар ингээд давардаг байхгүй юу” гээд эрэгтэй хувцсаа өмссөнөөр үйл явдал эхэлнэ.

 

-ҮЕЭЛ АХ ШУЙ ТА БУЮУ ШЭН ТИ-ГИЙН МУУ ТАЛ-

          Сайхан сэтгэлтэй, гэнэн цайлган ШЭН ТИ байх боломжгүй болсон тул арга барахдаа тэр ШУЙ ТА буюу үеэлийн ахын дүрээр хүмүүстэй уулзана. ШЭН ТИ-д өөрийгөө хамгаалах арга үүнээс өөр байгаагүй. Үеэл ах буюу ШУЙ ТА-гийн дүр бол Шэн ти охины муу тал. Учир нь сайн сайхан хүн байхаар толгой дээр гарч, давардаг хүмүүстэй тэр хатуу чанга зан араншингаар үзэхээс өөр аргагүй болсон. Тиймээс л хүнд байх муу, сайн чанарын нэг болох муу талаа ШУЙ ТА гэх үеэл ахын дүрээр тэр гаргаж байв. Үндсэндээ энэ хоёр дүр бол жүжгийн гол санааг илэрхий өгүүлж буй. Нэг ёсондоо сайн хүн байхын урьд муу хүн байх хэрэгтэй, муу муухайг хийх хэрэгтэй гэдгийг хэлж байгаа юм. Тэгэхээр хүн бусдаас хамаарч сайн, муу хүн байх сонголтыг хийдэг байна. Нэг өнгөөр байх боломж түүнд байхгүй аж. Шэн ти ганц мужийнхаа хүмүүсээр л хүний мөн чанарыг ойлгоогүй. Хайр дурлал нь хүртэл харгис байсан болохоор хатуу харгис, хүнийг хайрлаж мэдэхгүй ийм нэг ертөнцөд орь ганцаараа эмэгтэй хүн өөрийгөө хамгаалахын тулд үеэл ах гэсэн дүрээр хүмүүстэй уулзаж, ШЭН-ТИ-г хамгаалж, хайрласан. Ингэж л өөрийгөө авархаас өөр арга түүнд байгаагүй. Учир нь сайн сайхан байя гэхээр хүмүүс хэтэрхий даварч, дийлдэхгүй байсан учир өөрсдөд нь таарсан муу хүн байж, муу үйлдлийг хийхээс өөр сонголтгүй болсон. 

-ШЭН ТИ, ТҮҮНИЙ  ДУРЛАЛТ ЗАЛУУ ЯН СУН БОЛОН БУСАД ДҮР-

       Далавчгүй шувуу, онгоцгүй нисгэгч Ян сун буюу жүжигчин Н.Ялалт. ШЭН ТИ буюу сайн хүний дүрд жүжигчин Т.Хулан нар тогложээ. Жүжгийн хоёр гол баатар. Шэн ти бол яг л Т.Хулан байсан. Шаливхан биетэй, сайхан сэтгэлтэй, гэнэн цагаан, гэрэлт охины дүрд тун сайхан зохицсон. Үүгээр найруулагч дүрээ оносон гэмээр. Т.Хулангийн хувьд өмнө нь УДЭТ-т ажиллаж байсан уран бүтээлч. Ер нас болоод уран бүтээлчийнхээ хувьд жигдэрч, жин дарж яваа жүжигчин гэдэг нь  ч эл жүжгээр илт харагдаж байв. Нөгөө талаар Т.Хулан гэх эмэгтэйн үндсэн мөн чанар, жүжигчний ур чадварыг нээн илрүүлсэн дүр бол яах аргагүй Шэн ти байлаа. Ярианы өнгө, нүдний харц, үйл хөдлөл нь өд шиг л байв. Харин Н.Ялалт жүжигчнийг тайзан дээрээс тэгээд бүр бүтэлгүй, унхиа муутай, мөрөөдөхөөс өөр ид шидгүй Ян суны дүрээр харах сонин байв. Тэгээд бүр Шэн тигийн дурлалт залуу шүү дээ. Дүрээ сайн ч гүйцэтгэсэн гэдгийг үзэгчид хэлж, магтаж буй. Мөн л дунд үеийн чамгүй туршлагатай, олон сайхан дэлгэцийн дүрээр үзэгчдэд танил нэгэн. Сонин өнгө төрх, содон бэлгийг тэр үзэгчдэдээ Ян суны дүрээр барьж чадлаа. Харин бусад дүрийн хувьд Ардын жүжигчин Н.Сувд гуай тэргүүтэй чимэг болсон, өнгө нэмсэн дүрүүд байв. Онцолж дурдвал, жүжигчин Д.Хосбаяр, О.Долгор, О.Гэрэлсүх нарын дүр содон, сонин байв. Тайзнаас харж байгаагүй уран бүтээлчид болоод  ч тэр үү яах аргагүй анхаарал тусаж байлаа. Харин өсөж яваа, бүр өсөх, өсөхдөө нэлээд чангарах нь уу дээ гэсэн уран бүтээлч бол жүжигчин Б.Шинэбаяр юм. Эл жүжигт тэрбээр Шэн тид хайртай үсчингийн дүрд ажиллажээ. Чамгүй ур чадвар ч харагдаж байсныг үзэгчид анзаарсан байх.

- ОРОС ЗУРААЧИЙН ӨВӨРМӨЦ ТАЙЗНЫ ШИЙДЭЛ-

      Жүжгийн ерөнхий зураачаар Оросын зураач Анна Гребенникова ажиллажээ. Хөшгөө цоолж, түүгээр нь жүжигчид толгойгоо гарган бүтээлээ хүргэх нь улиг болсон тайз засалтаас өөр шийдэл байв. Энэ эл жүжгийн мөн нэгэн онцлог гэмээр. Үндсэндээ жүжгийн ихэнх өрнөж буй гол обьект нь хөшиг байсан нь сонирхолтой бөгөөд ойлгомжтой байсан. Хөшигний цоорхойгоор гарч ирэх хүмүүсийн араншин, өнгө төрх ч тодорхой ялгагдаж, онцгой харагдаж байв. Мөнхүү ахуйдаа хэрхэн оршдогийг нь ч ялгаж өгч байгаагаараа өвөрмөц байв.

  Ийнхүү санаа, дүр, тайзны шийдэл гээд цөм шинэлэг, өвөрмөц жүжиг болжээ. Жижигхэн, үл анзаарам зүйлээр том санааг ч илэрхийлсэн харагдав. Үүгээрээ залуу найруулагч, шинийг санаачлагч гэдгээ баталж чаджээ.

 


ТЭМДЭГЛЭЛ: ТАМХИНЫ БУЙДХАН МУХЛАГ ШИГ ЕРТӨНЦӨД САЙН ХҮН БАЙХ БОЛОМЖТОЙ ЮУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188