• Өнөөдөр 2024-05-05

ТӨГСГӨЛГҮЙ ҮЛГЭРҮҮД

2022-11-01,   1142

       Судалгаанаас үзэхэд хүүхэд бага насандаа номын гол баатрын үйл явдлыг сонирхож эхлэхийн зэрэгцээ сэтгэл хөдлөлд нь өөрчлөлт ажиглагддаг байна. Дөнгөж хэлд орсон хүүхэд “Энэ юу вэ” гэх асуултыг тавьж эхлэхээс авхуулан түүнд зурагт ном үзүүлж ажиллахад сайн үр дүн гардаг ажээ.

       Харин сургуулийн дунд ангилалаас доош насны буюу бичиг үсэг сонирхож эхлэл үед нь хүүхдэд сонгодог уран зохиолын ном бариулаад суулгачихаж болохгүй нь мэдээж. Гэвч хүүхдэд өгөөж ихтэй боловч хэт нуршуу, бага насанд тохиромжгүй үйл явдлууд ихээр гардаг сонгодог зохиолууд бий. Мөнхүү улс орон болгоны ёс заншил, соёлыг шингээсэн язгуурын асар том, баялаг бүтээлийг томчууд л унших ёстой гэсэн бодлоор “хүүхдэд өгөөжтэй” хэсгийг нь мартаад орхичихож болохгүй. Учир нь тэдгээр үлгэрийн шинжтэй сонгодог зохиолуудад хүүхдэд хэрэгтэй ёс зүйн үзэл санаа агуулагдсан байдаг. Тэдгээрийн нэг нь “1001 шөнийн үлгэр” юм.

        “Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакц нь хүүхдийг хөгжүүлэх, сонирхолыг нь татах, нас сэтгэхүйд тохирсон олон номуудыг эрхлэн гаргахаас гадна сонгодог зохиолуудыг насны онцлогт нь зориулан “Хүүхдэд зориулав” гэсэн дэд гарчигтайгаар уншигчдад хүргэсээр байна. “1001 шөнийн үлгэр” номын өмнө “Монголын нууц товчоон”  гарсан. Бид өнөөдөр нэг номыг тахин шүтэж хоймортоо залах бус үргэлж хэрэглэж, уншиж судлах нь зүй ёсны асуудал. Тиймээс л сонгодог бүтээлийг хялбаршуулсан хувилбарт оруулсан хэдий ч дээрх номын зохиогчид утга агуулгыг нь огтхон ч өөрчилж, орхигдуулаагүй байна.

Хүүхдэд зориулсан үлгэр нь амьдралын бодит хуулбар биш ямар нэг байдлаар дээгүүр түвшинд бичигдсэн байдаг. Түүн дотор хүн байхуйн бодит үнэнг ямар нэг хэмжээгээр тааруулан урлах нь элбэг.

       Английн их зохиолч Чарьлз Диккэнс хүүхдүүдийг зохиолын баатар болгон урладаг. Түүний “Дэвид Коппэрфилд”, “Оливер Твист”, “Зул сарын хүүрнэл”, “Домби хүү хоёр” зэрэг зохиолуудад хүүхдүүд маш сул дорой эмзэг гэдгийг тодотгож өгдөг. Мөнхүү томчуулын ертөнцөөс хэчнээн өөр газарт хүүхэд амьдардаг гэдгийг уншигчддаг ойлгуулна. Гэвч тэр л амархан эмзэглэдэг, эвдэрдэг хүүхдүүд хэзээ ч сайхан сэтгэл, баатарлаг зоригоо алдаггүй гэдгийг эцсийн хүүрнэл болгодог. Тиймээс л хүүхдэд хэрэгтэй ном бүтээх нь томчуудад ч тустай үйл хийхийн нэр болж буй юм.

ХҮҮХЭД БА НОМ

      XIX зуунаас тусдаа салбар болон хөгжиж ирсэн хүүхдийн уран зохиолд Виллиам Голдингийн “Ялааны хаан”, Люс Кэроллын “Алиса гайхамшгийн оронд”, Ж.К.Роулингийн “Харри Поттер”, К.Левисийн “Хувцасны шүүгээн дэх арслан ба шулмын домог” |Нарниа|, Толкений “Бөгжний эзэн”, Марк Твений “Хаккэлбэрри Финнд” тохиолдсон адал явдлууд” зэрэг зохиолууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Өмнө нь зөвхөн хүүхдүүдэд зориулсан үлгэрүүд л байв. Харин уран зохиолд ийм дүрүүд гарч ирсэн ч гэлээ хүүхдүүд үлгэрт гардаг өнөөх шидэт ертөнцөөс огтхон ч уйдсангүй. Санхүүгийн асуудлаас болж үргэлж л томчуудын хатуу шүүлттэй тулгарч ирсэн хүүхдийн уран зохиолыг тэгэхээр үлгэрээс салгах аргагүй гэх бодол толгойд эргэлдэнэ. Учир нь Сатэрлэндийн өгүүлснээр “Хүүхэд үргэлж эмнээс илүү чихэрт дуртай улс” байдаг билээ. 

“1001 шөнийн үлгэр”-ийг тэгвэл хүүхэд унших нь хэр зохимжтой вэ? Сонгомол эх хувилбарт нь хүндхэн хүчирхийллийн үйл явдлууд, янаг амрагийн учрал ихээр гардаг. Харин алхам тутмаас нь ид шид биежих, хоорондоо сүлжилдсэн амтат үлгэрүүдийг хүүхэд сонирхох нь мэдээж. “Алладин ба шидэт дэнлүү”, аварга халим, үлэмж биетний орон, хүслийг биелүүлдэг бирд, “Али Баба ба дөчин дээрэмчин” хэмээн захаас нь дурдвал мэдэхгүй хүүхэд ховор. Аргентиний суут зохиолч Борхес л гэхэд “Хүүхэд наснаасаа л дуртай байсан номынхоо тухай, “Мянга нэгэн шөнийн үлгэр”-ийн тухай ярина гэдэг гайхалтай” хэмээн уулга алдсан байдаг.

        Энэ номын тухайд анх хэрхэн зохиогдсон нь нууц. Гэхдээ энэ нь бичиж буй зүйлд минь авцалдахгүй ч гэлээ хүүхэд нууцлаг зүйлст л дуртай байдаг. Тиймээс “1001 нэгэн шөнийн үлгэр”-ийг хүүхдэд зориулсан хувилбараар хэвлэх чухамхуу зөв сонголт болж таарна. Ах дүү Гриммийн үлгэрүүд зуун дамжин түгсээр одоог хүртэл дэлхий дахинаар уншигдсаар байгаагийн хамгийн гол нууц нь сонгомол эхийг хэсэгчлэн задалж, хүүхдийн насны ангилалаар хэвлэж тараасанд оршино. Гол нь энэхүү ажлыг хийсэн ямарч хүн сонгомол эхийн гол утга агуулгыг эвдээгүй гэдэгт хамаг учир бий.

“1001 шөнийн үлгэр”-ийн эх зохиол нь “Шахрияр Шахземан хэмээх ах дүү хоёр хааны үлгэр”-ээр эхэлдэг. Харин гуравдугаар бүлгийн эхэнд “Загасчны үлгэр” бий. Харин “Худалдаачин бирд” хоёрын үлгэр эхний шөнүүдэд л яригдчихдаг. Гэвч тус номны тухайд гэвэл бидний уншиж буй эхээс ч олон үлгэрийн далай бий гэдэг. Зөвхөн монгол хэл рүү дуун хөрвүүлснийг нь л бид уншиж байна.

         Гэтэл хүүхдэд зориулсан хувилбарын эхний үлгэр нь “Загасчин бирд хоёр” бөгөөд хорон санаат бирдээс өвгөн амиа аврахын тулд сонирхолтой үлгэр өгүүлснээр ном эхэлнэ. Мэдээж үлгэр доторх үлгэр гэдгийг уншигчид ойлгож буй биз ээ. Харин төгсгөлийг нь мөн “Худалдаачин бирд хоёрын үлгэр”-ээр хашиж өгчээ. Ийнхүү эх хувилбарт өгүүлэгдэх үлгэрийн дарааллыг сольсон ч утга агуулгад нь өөрчлөлт гарсангүй. Харин ч үлгэрүүдийн доторх зохиомжийг нарийн ажигласнаар тус номыг зохиогч Б.Чанагнянгар хоёр бирд, хоёр өвгөний тус тусын боловч ойролцоо үйл явдал бүхий үлгэрүүдээр анхаарал татаж чадах, хүүхдэд илүү ойлгомжтой хэлбэрээр уншигдах боломж бүхий нэгэн сонирхолтой хувилбарыг бүтээжээ.

         Францын судлаач Цветан Тодоров “1001 шөнийн үлгэр”-ийн тухай өгүүлэх “Үлгэрчид” эсээнд “Нэг үлгэр нь таван өөр үлгэр дамжин өрнөж байж тайлалдаа хүрдэг урлахуйн их сонин арга энд ашиглагджээ” хэмээн өгүүлсэн байдаг. Мэдээж ид шидтэнүүд, зам дээр гэнэтхэн гараад ирдэг хүсэл биелүүлэгчтэй лонх, алхимичид, далайн аварга халим гээд л олон алдартай домгууд ч энэ үлгэрт хамрагдана. Гэхдээ түүнийг бодит байдал руу уруу таталгүйгээр шидийн ертөнцтэй хольсон нь хүүхдийг дурлуулдаг. Тиймдээ ч “Уолт Дисней” компани хүүхэлдэйн киноны олон алдартай дүрүүдийг тус номноос авч бүтээсэн гэдгийг бид мэднэ. Хамгийн гол нь уртын урт шүлэглэсэн мөрүүд, дээр өгүүлсэн шиг нэг үлгэрийн тайлал олон үйл явдал дамжин өрнөх нь хүүхэд уншихад нэн төвөгтэй байсан хэрэг. Тиймдээ ч хүүхдэд зориулсан эл хувилбарын талаар дахиад ганцхан, энгийн нэг жишээг аваад үзье.

“...хэмээн Шахрезеда ярихаа зогсоов. Учир нь шөнө дунд хэдийн өнгөрсөн байлаа. Үлгэрийн төгсгөлийг сонсохыг хүссэн хаан бүсгүйг маргааш болтол амьд үлдээхээр шийдэв. Хаан маргааш нь өдөржин улсын хэрэг шийдээд үдэж болоход үлгэрээ сонсохоор ирэв. Шахрезеда урьд шөнийн үлгэрээ үргэлжлүүлэн ярилаа...”

Үлгэрүүдийн хооронд буй энэ холбоос текст огтхон ч өөрчлөгдөхгүй. Тиймээс хүүхдүүдэд толгой эргэх явдал гарахгүй нь мэдээж. Тэдэнд ч бас хаантай адил дараагийн үлгэрийг сонсох хүсэл төрнө. Гэвч шөнө болсон тул унтах хэрэгтэй. Үлгэрийг дараа нь үргэлжлүүлэн ярихаар үлдээнэ. Энэ бүгдээс үзэхэд үдэш гэртээ суугаад хүүхэддээ үлгэр уншиж өгөх нь түүнийг уран зохиолд дурлуулж, номонд шимтдэг хүн болгох хамгийн зөв зам юм.

ХҮҮХЭД БА НОМЫН ЗУРАГ

    Хүүхдэд зориулсан ном хийхэд мэдээж зураг маш чухал үүрэгтэй. Номын үйл явдалд оролцож буй дүрүүдийг хүүхэд зургийн нөлөөгөөр таньж дотроо төсөөлөн боддог. Тэгэхээр зүгээр л нэг бийрээ атгах биш эхлээд бичвэрийг уншсан хойно “Хүүхэд хэрхэн төсөөлөх бол” гэдгийг тунгааж үзэх хэрэгтэй болов уу гэж санагддаг.

        "1001 шөнийн үлгэр" бүтээлийн зургийг "Жангар" редакцийн хүүхдийн номын зураач Э.Базаррагчаа урлажээ. Хүүхэд их сониуч. Томчуул зарим зүйлсийг “хэрэгцээгүй” гэж боддог бол хүүхдэд бүр өчүүхэн жижиг зүйлс ч сонирхолтой байдаг байна. Тэд гашуун эмнээс илүү чихэрт дуртай байдаг шигээ бичвэрээр илүүтэйгээр номын зурагт татагдах нь мэдээж хэрэг. Гэхдээ хүүхдийн номын зурагт тухайн зүйлсийг байгаагаар нь биш өөрт төрсөн сэтгэгдэл, мэдрэмжийн дагуу л буулгах хэрэгтэй. Impression буюу сэтгэгдэл гэх үгнээс гаралтай уран зургийн төрөл үүнд илүү чухал үүрэг гүйцэтгэнэ.

        “1001 шөнийн үлгэр”-үүд номын зураг ч дээрх төрөлд хамаарагдана. Мэдээж үйл явдалтайгаар холбоотой дүрүүдийг урласан ч тэднийг илүү өнгөлөг, хүүхдийн анхаарал сайн татахуйц тод байдлаар дүрсэлжээ. Мөнхүү хүмүүсийн нүдэнд айсан, гайхсан, баярласан зан чанарын шинж тэмдэгүүд тодхон илэрсэн байна. Хүүхэд бичвэрээс гадна зургийг үзчихээд л “Энэ хүн айсан байна, юу болсон бол” хэмээх сониуч зандаа хөтлөгдөх нь мэдээж.

         Нөгөөтэйгүүр бичвэр болон зураг хоёр хоорондоо уусан нэгдэж байх ёстой ч зураач бичвэрийн орон зайг бодож зургуудаа бүтээсэн нь номноос тодхон харагдана. Заримдаа номын зургийг бичвэрээс нь тусгаарлаж нэг хуудсыг бүхэлд нь чимэглэн зурах арга ашиглажээ. Мэдээж тус номын ихэнх нөхцөлд 10-аас дээш насны хүүхэд унших учир энэ арга хамгийн тохиромжтой байж таарна. Учир нь энэ зохиол бол арабын шөнийн нууцлаг ертөнцийн хэзээд үл дуусах төгсгөлгүй үлгэрүүд билээ.

Б.Алтанхуяг 

 


ТӨГСГӨЛГҮЙ ҮЛГЭРҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188