• Өнөөдөр 2024-04-27

ЦАХЛАЙ, ЦАГААН ХАД ХОЁР ХЯРГАСЫН ӨНӨ МӨНХИЙН ҮЗЭСГЭЛЭН

2022-08-27,   1283

-ХЯРГАС 170 МЯНГАН ХАВТГАЙ ДӨРВӨЛЖИН УУДАМ НУТГААС ЭХТЭЙ АЖ-

         Урд шөнийн давлагаан чимээг яана. Халгиж, цалгиад л. Шөнө болоод ч тэр үү эрчлэх давлагаа нь эргээ балбаж, хөөсрөх нь хүртэл сүртэй, чимээтэй гэж жигтэйхэн. Орчлонгийн бүх анирыг хөөж, элдчихээд бидэнд зөвхөн өөрийгөө гайхуулж, онгирч үзүүлсэн энэ их нуурыг Хяргас гэнэ. Бид нар жаргахаас өмнө нуурын хөвөөгөөр хэсэг саатаж, зугаацав. Хэцүү хадны зарим орой уснаас цухуйх нь арал мэт сүртэй. Бас сүрлэг. Бид оройхон очсон болохоор ус нь тогтуухан, яруухан, мэлтийж, өдөржин төөнөх нарын элчинд бүлээсэх аятай болсон байв. Нуурын эрэг бүрийг цагаан хадан арал сувд мэт өнгө, үзэмж нэмэх аж. Бид нуурын эрэгт хонохоор майхан, асраа барьж, оройн хоолоо бэлдэж, төвхнөөд удаагүй байтал нар жаргав. Гүелзэн, мяралзах нуурын дээгүүр нарны улбар шаргал туяа гэгээ татаж, аялагчдыг улам бүр гайхшируулж, "Ямар сайхан юм бэ. Үнэхээр үзэсгэлэнтэй юм" гэтэл нь  баясгах нь тэр.

          Хяргас нуурын эрэг бүхэн, хөвөөнд нь үзэсгэлэн нэмэх цагаан хад, чулуу бүхэн, бидний арай гэж туулж ирсэн элс, хойморт нь дүнхийх алс хязгаарын сарьдаг уулс, усны давлагаа, нууран дээр бороо ганц, нэг тусах нь хүртэл ер бусын, өнө мөнхийн үзэсгэлэнтэй аж. Мөн Хяргас нуур нь усны шувуудын диваажин юм. Цав цагаан цахлай Цагаан хаданд үүрээ засаж, өндөглөнө. Тус нуурт Алтайн сугас, осман, монгол хадран, хайруус, шар загас зэрэг олон төрлийн загастай. Харин тэд аялагчдын болон Хэцүү хаданд үүрээ зассан шувуудын гол хоол тэжээл болдог байна.  Хар галуу хүртэл хэд хэдэн хөвөлзөн, шумбаж байгаа харагдана лээ.

           Их нууруудын хотгорын хамгийн том эрдэст нуур болох Хяргас нь Увс аймгийн Завхан, Наранбулаг, Цагаанхайрхан, Малчин, Хяргас сумын нутагт Их нууруудын хотгорт, Ханхөхий нурууны урд хэсэгт оршдог аж. 75 километр урт, 31 километр өргөн, усны мандал нь далайн төвшнөөс дээш 1028 метр өндөрт оршдог байна. Хяргас нуур нь тектоникийн хотгорт тогтсон учраас эргийн шугам хэрчилт ихтэй. Тиймээс хэд хэдэн нарийн хошуу түрж орсон байдаг гэх. Тэдгээрийн хамгийн том нь нуурын шугам бөгөөд долоон километр. Харин Чацарганы шугам нь дөрвөн километр, Могойн шугам нь таван километр байдаг байна. Нуурын эргээс гүн рүү ороход 40-50 метр хүртэл гүнзгий гэх. Хамгийн гүнзгий нь Чацарганы шугам орчимд 80 метр хүрдэг аж.

-"ХЯРГАС НУУР ТОМ, ХӨХ БУХТАЙ " ГЭХ ДОМОГ БИЙ-

        Мөн Хяргас нуур Алтайн хангайн уулархаг нутгаас эх авч, Их нуурын хотгор руу урсах бүх голын төгсгөл болдог байна. Алтайн нурууны зүүн ба хойд хажуу, Хангайн нурууны баруун хажууг бүхэлд нь хамарсан 170 мянган хавтгай дөрвөлжин уудам нутгаас усжина. Энэхүү талбайгаас эх авсан гол горхинууд Их нууруудын хотгорын бүлэг нууруудаар дамжиж Айраг нуурт очиж, тэндээс Нуурын хоолой гэдэг ганц хоолойгоор Хяргас нуурт цутгана. Тус нуур нь гадагш урсгалгүй тогтмол нуур бөгөөд нуурын мандал асар их ус ууршуулах давсны уусмалаар ханасан байдаг гэнэ. Түүнд илүүдэл усаа өгөх Айраг нуур нь 143.3 хавтгай дөрвөлжин километр талбайтай бөгөөд Айраг нуурыг Хяргас нуураас 50-80 метр өндөртэй урт ухаа толгод тусгаарлах бөгөөд таван километр урт, 200-300 метр өргөн Нуурын хоолойгоор холбогддог байна.

 Хяргас нуурын урд хөвөөнд таваг чулууны булаг, хойд хэсэгт Чоно долоохын булаг, Могойн булаг зэрэг булаг шандтай. Нуурын хойд эрэг дээр Хар тэрмэсийн рашаан хэмээх амралт сувиллын газар бий. Дотор өвчин анагаах рашаан байхаас гадна шаврыг нь эмчилгээнд хэрэглэдэг. Хяргас нуурын савдаг нь нэгэн том хөх бух байдаг хэмээх домогтой. Тэр бух намар болгон нуурын гүнээс урамдан гарч ирээд  аль нэгэн айлын хотонд очдог байна. Бух очсон тэр айлын үхэр өсдөг юм гэнэ лээ” гэсэн домогтой аж.

АЯЛАГЧИД ЭНД, ТЭНДГҮЙ “НЭГ, ХОЁРЫН ГУРАВ АА” ГЭЖ ХҮЧ НЭГТГЭЭД ЭЛСЭНД СУУСАН АВТОМАШИНАА ТҮРНЭ

            Баруун аймгуудаар аялах аялагчид Хяргас нуур үзэхээс гадна Цагаан хадыг илүү сонирхож, зорьдог байна. Хэцүү хад нь Хяргас нуурын зүүн хэсэгт усан доогуур 5-7 километр үргэлжлэх 20 метр өндөр хадан цохио байх. Хэцүү хад орохын тулд засмал замаас салж, нуурын эргээ дагаад 45 километр сул элс, дэржигнүүр ихтэй зам туулдаг. Элс ихтэй замд автомашин жаахан хүч алдах, зогсох төдийд дорхноо суучихдаг юм билээ. Энэ их элсэнд аялагчдын автомашин нам суучихсан байх. Аялагчид энд, тэндгүй “Нэг, хоёрын гурав аа” гээд л хүч нэгтгэж, автомашинаа хойноос нь нэг түрж, урдаас нь нэг түлхэж үзнэ. Бүр болохгүй бол хэвтэж байгаад бүх элсийг нь ухаж, хүчтэй, том автомашины жолоочоос "Элснээс гаргаад өгөөч" гэж царайчлах аж. Уг нь хөнгөн, жижиг автомашинууд нь түрэхэд элснээс дорхноо гарчих мөртлөө удахгүй дахиад л элсэнд зоогдчихдог юм билээ. Жолооч нь жаахан туршлагагүйтвэл том, жижиг гэлтгүй бүх автомашины дугуй элсэнд хий эргээд явдаггүй гэх. Зарим нь Цагаан хад, Хяргас нуураа үзэж ядахгүй элснээс буцдаг гэх юм билээ. Наадмын олон хоногийн амралтаа Хяргас нуур, Цагаан хад орчмоор аялагч ихтэй байсан гэнэ. Аялагчид байгалийн сайхныг биширч, бие сэтгэлээ сэргэхээр хаа холоос элс, шороонд суун барин ирдэг. Гэвч Хяргас нуур, Хэцүү хад  отоглох газар муу. Ойр орчим нь гишгэх газаргүй болтлоо ялгадас, ариун цэврийн цаас, оймс, хувцсанд дарагдчихсан байх нь ой гутмаар. Эл харагдах ганц, хоёр жорлон нь түгжээтэй, Тиймээс хүмүүс хээрийн 00-д орчихдог юм билээ. Аялагчдаас хоногийн мөнгө авч байвал хүрээлэн буй орчин нь ямар ч хамаагүй бололтой. Орноос өөр юмгүй гэрт 70-100 мянган төгрөгөөр хонодог юм билээ. 

       Байгалийн өвөрмөц тогтоц бүхий тус газрыг Оросын жуулчин А.В.Бурдуков “Хэцүү хад бол байгалийн гойд сонин тогтоц, үзэсгэлэнт сайхнаараа Монголд хоёрдогч нь юм” хэмээн өөрийн тэмдэглэлдээ бичсэн байдаг. Энэ гадаадын олон судлаачдыг Монголд, тэр тусмаа Хяргас, Цагаан нуурт ирэх сонирхлыг нэмэгдүүлсэн гэх.

       Баруун аймгуудаар аялах аялагчдын зам дагуу хүмүүсийн хоноглож, үзэх дуртай байгалийн өвөрмөц тогтоц бүхий хэд хэдэн газар бий. Улаанбаатар хотоос 280 орчим км яваад Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дэвсгэрт орших Элсэн тасархайд хүрнэ. Энэ нь Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80 орчим км урт элсэн манхан байдаг. Харин түүний дараагийн зогсоол бол Өвөрхангай аймгийн Хархорин сум. Хархоринд Монгол Улсын хамгийн эртний Бурхан шашны хийд болох Эрдэнэзуу хийд бий. Хүмүүс тус хийдэд мөргөж, сүсэг, бишрэлтэй ханддаг. Хархорин сумаас 120 км яваад Архангай аймагт очино. Ингээд аймгийн төв болох Цэцэрлэг хотоос 160 км яваад байгалийн өвөрмөц тогтоц бүхий Чулуутын хавцалд хүрдэг. Уг гол нь хангайн нурууны хамгийн өндөр хэсгээс эх авдаг уналт их, урсгал сайтай уулын гол юм. Чулуут голын нийт 415 км урт. Ингээд цааш Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо, Ганц хүний агуй, Залуусын агуй, Шар нохойн там, Долоон чулуун гэр, Тайхар чулуу гэх мэт байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар үзэж болдог. Мөн Завхан аймгийн Солонготын даваа, Тэлмэн нуурын ойролцоо хүмүүс хоноглох дуртай байдаг юм билээ. Завхан аймгийн цаад талын сум болох Сонгино сумаас Хяргас нуурын зүүн эрэг хүртэл 135.7 км хатуу хучилттай автозамыг 2019 онд ашиглалтад оруулсан байдаг. Тус автомзам ашиглалтад орсноор Увс аймгийн 19 сумын 93 баг, Баян-Өлгий аймгийн зүүн хойд Ховд аймгийн хойд сумд, Завхан аймгийн Ургамал, Сантмаргац, Цэцэн-Уул, Сонгино зэрэг сумын иргэд хот хооронд хатуу хучилттай автозамаар ая тухтай зорчих боломжтой байна.

        Нов ногоон уулын бэлээр манан будан хөшилдөж, хөхөө донгодох, тунгалаг булгийн ус харгиа, боргио үүсгэн талын энгүйг хөглөнө. Нар өнгө өнгийн цэцгийн толгойг бүлээн илчээрээ улам бүр ээж, зулай дээрээс төөнөх аж. Ийм нозоором халуунд зайгуул салхи үе үехэн сэвэлзэж, хамаг амьтныг сэрүүцүүлж, гоо охидод үзэсгэлэн нэмнэ. Ай, ийм сайхан зунаар Хяргас нуурын хөвөө хүн, цахлай хоёроор дүүрэн байна.

 


ЦАХЛАЙ, ЦАГААН ХАД ХОЁР ХЯРГАСЫН ӨНӨ МӨНХИЙН ҮЗЭСГЭЛЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188