• Өнөөдөр 2024-04-27

СЭТГЭЛД УЯАТАЙ, САНААНААС ГАРДАГГҮЙ ТЭР ЖИЛИЙН НААДАМ

2022-07-01,   1099

                Балчир насны гэнэн томоогүй үеийн минь гэгээн дурсамжуудын нэг хэсэг нь наадамтай холбоотой. Аав, ээж хоёр  минь аймгийн төвд суурин ажилтай гээд  зургаан нас ч хүрээгүй намайг хөдөө явуулж өвөө, эмээгийн "туслах" болгосон. Ингэж явсаар сургуулийн амралт болгоноор яг л хөдөөний хүүхэд шиг өвөө, эмээдээ очдог байлаа. Есөн нас хүртлээ айлын ганц охин гэж эрхэлж явсан надад хэр баргийн хүний үг сонин биш ч өвөө, эмээгийн үг хууль байсан. Манай аав Булган аймгийн Хутаг-Өндөр сумын гаралтай хүн. Харин ээж минь Орхон сумынх. Нэг аймгийнх ч гэсэн хоорондоо зайтай хоёр сум. Хүн өсөхдөө хамт байсан хүмүүстээ л илүү дасдаг юм билээ. Багаасаа л ээжийн талын хамаатнууд, эмээ өвөөтэй хамт байсан болохоор бусдаас  илүү дотночилдог. Одоо ч хэвээрээ. 
               
 
        Хөдөөгийн бор охин болоод, эмээгийн заавраар олон зүйл сурсан. Хамгийн анх хоёрдугаар ангийн сурагч байхдаа үнээ сааж сураад бөөн баяр болж билээ. Ингэж л би бага багаар хөдөөний хүүхэд болж хөдөөд дурласан юм. Өглөө эрт үнээнд гарах нь надад тун чиг хэцүү санагддаг байсан.  Уг нь бол надаар  нэг их дутаад байсан зүйлгүй. Харин эмээ минь л намайг юм сураг гэж “шахаж” буй хэрэг. Өвөөгийнх зундаа том гэрээ барьж, зусдаг байлаа. Өвөөгийн том гэрийн хажууханд хүргэн, хүүхдүүдийнх гээд холоос харахад хөндий дүүрэн долоон гэрээрээ зусдаг сан.

Зундаа нутагладаг газар нь Өрмийн цагаан нуурынхаа урд, Алтан дэвсгэрийн хормойдоо хаашаа ч харсан хангайн сайхныг мэдрүүлэм тийм л тансагхан газар зусдаг байлаа. Үеийн найзууд зуслан явж байхад би, хөдөө хоёр буурлынхаа дэргэд даалуу, хөзөр тоглоод л өтгө, шороо зөөж зуны амралтаа өнгөрүүлдэг сэн. 

             
 
Долоон сарын эхээр өвөөгийнд зорьж ирэх гийчид эрс нэмэгдэнэ. Дархан, Улаанбаатар, Эрдэнэт гээд энд тэндээс цуглана. Учир нь, манай өвөө, эмээ хоёр есөн хүүхэдтэй, ач, зээтэйгээ нийлээд олуулаа. Ер нь л наадам дуустал өвөөгийнд гийчин тасрахгүй. Хүн ирэхэд хэчнээн сайхан угтаж авдаг байсан гэж санана. Байгаа зүйлсээ харамлалгүй өгч “Нэрэлхэлгүй идэж, уугаарай” гээд л цагаан идээгээ ширээ дүүрэн өрж өгнө. Яаж ч ядарсан инээгээд угтаж, үддэг сайхан хүмүүс байж билээ. 
           Зуны амралт болгоноор хөдөө явдаг надад, наадам гэхээр эмээ, өвөөтэй өнгөрүүлсэн наадам л төсөөллөгддөг. Би өвөө, эмээгийн энгэрийн зүүлт мэт хаа ч явсан үргэлж хамт. Өвөө, эмээ 70 нас дөхсөн хоёр гэхэд дэндүү цоглог, ёс уламжлалаа алдалгүй үр хүүхдүүддээ эвээр ойлгуулна. Айлын ганц гэдэг тодотголоо сольж, айлын том гэж дуудуулах болсон би арван нас хүрээд л ухаан сууж эхэлсэн байх.

-Одоогоос 12 жилийн өмнөх Орхон сумын наадам миний санаа, бодлоос ер гардаггүй юм. Учир нь тэр наадам өвөө, эмээтэйгээ хамтдаа үзсэн сүүлчийн наадам байлаа-

             Нар мандахтай зэрэгцэн эмээ минь эртлэн босож цайгаа чанана. Цайгаа чанаж дуусмагцаа намайг сэрээж “Энкүүшээ, миний охин босоорой. Айлууд бүгд үнээндээ гарчихлаа шүү” гэж аяархан дуудна. Нэг дуудуулаад шууд босчихгүй, нэлээн удаан эмээгийн хоолойг сонсож зүүрмэглэж байгаад арай хийж боссон сон. Босоод хамгийн ихээр эмээд гомдоно. “Жаахан унтуулчихгүй муухай юм даа” гэсэн бодол тээж, гадагш гарна. Шаргал нар уулын цаанаас гялайж, ногоорон ургасан өвсөн дээгүүр чийг тогтоод мөн ч сайхан байдаг байж билээ. Дөнгөж орноос босоод хөл нүцгэн чийгтэй өвсөн дээгүүр хэд алхаж байж сая нэг юм сэрнэ. Өглөө болгон энэ үйл явдал өрнөдөг ч тэр жилийн тэр өдөр харин онцгой байсан юм. Учир нь,тэр өдөр өвөө, эмээ бид гурвын хамт үзсэн хамгийн сүүлчийн наадмын өглөө байсан.  
            Зүүд, нойроо ялгалгүй үнээний зэлэн дээр очоод золтой л үүрэглэчихгүйхэн шиг үнээгээ саана. Тугалын хашааны хажуугаас холдож чаддаггүй байсан би гурван жилийн дараа тоохоо больж, үнээ саахыг ч, тугал татахыг ч ажрахгүй амжуулдаг болсон байв. Наадмын өглөө сэтгэл тогтохгүй, үнээний зэлэн дээрээс бор гэр рүүгээ байн байн харна. “Энэ жил эмээ, өвөө хоёр намайг авч явах болов уу. Арай үлдээх юм биш биз дээ” гэсэн юм бодож хэдэн үнээгээ гялс саачихаад, хашаа хороогоо цэвэрлэн долоон цагтай уралдаж гэртээ орж ирэв. Намайг үнээнд гарсан хойгуур эмээ гэрээ цэвэрлэчихсэн, өвөө гоёлын дээлээ өмсөөд явах бэлтгэлээ базааж байв. Саасан сүүгээ шүүж, тогоонд хийчхээд гар нүүрээ угааж өвөө, эмээ хоёрт хандаж “Би ганцаараа үлдэхгүй шүү. Аягүй бол та хоёрыг байхгүйд хүн хүрээд ирнэ” гэж хэлэхэд эмээ “Охиноо юу гэж орхих вэ дээ. Өглөөний шинэ сүүгээрээ бяслаг шахаад аваад явчихна. Харин чи хувцсаа солиод, явахад бэлдээрэй” гэхэд нь тайвшрах шиг болж байж билээ. Сааль, сүүний ажил дуусаж бид ч сумын төв рүү, наадмын талбай руу хөдөллөө. Ингэж л миний наадам эхэлдэг байлаа. 
             Эрээн асар, ээлжлүүлэн өрсөн сумын наадамд ирлээ. Эхэндээ эмээ, өвөөгийн гарснаас ер тавихгүй зууралдаад л явна. Харин хэсэг хугацааны дараа, үеийн хүүхдүүдтэй нийлж, тоглоно. Эмээ, өвөө л холдчихгүй бол би жаргалтай. Наадмын бөх, морь юу болж байгааг ер анзаарах завгүй. Олны чигийг даган баярладаг байж. Таньдаг хүмүүс таарвал өхөөрдөж мөнгө өгнө. Өгсөн мөнгийг нь ус, ундаа, тоглоомонд зарцуулна. Эмээгийнхээ энгэрээс, өвөөгийнхөө гараас зуурсаар бид өдөржин наадмын талбайд өнждөг байлаа. Эмээ, өвөө хоёр хөл муу учраас бид тэдний хөл болж хуушуур, ундаа зэрэг элдвийн юм авчирч өгнө. Ингэсээр байтал нэг л мэдэхэд хэдийнэ нар жаргаж, үдэш болж бид гурав ч наадмын асраас гарч, хонох айл руугаа хөдөлнө. Тав тухтай байсан үгүйг нь мэдэхгүй ч сумын төвд байх ахындаа очиж байсныг би одоо ч тод санадаг. Өдөржин нааш, цааш гүйж, тоглосон би эмээг бараадан сууж байгаад унтчихсан байсан. Өглөө сэрээд харахад л эмээтэйгээ унтаж байдаг байсан. Босоод хувцсаа өмсөөд, хармагц өвөө минь хэдийнэ сэрчихсэн, цэмбийчихсэн сууж байдаг сан. Айлын хүмүүс босож дууссаны дараа бид хэд наадмын талбай руу ахиад л хөдөлнө. Өвөө танилуудтай мэндлэн асар бараадан алхана. Харин эмээ нэг гараараа намайг хөтлөн, нөгөө гараараа таягаа тулна. Арай хийж олон дундуур суудал олж суухад өвөө, эмээг холгох хүн олон. Согтуу хүн ирээд мэнд мэдээд сүрхий байснаа сүүлдээ архины мөнгө гуйна. Өглөөгүүр цайгаа тухтай уугаагүй учир би эмээд хандаж “Гурвуулаа юм идэх үү” гэж байн байн хэлнэ. Хариуд нь эмээ түрийвчнээсээ арван мянган төгрөг өгч намайг баярлуулна. Тэр мөнгөөр нь би өвөө, эмээ хуушуур харин өөртөө чихэр, ундаа авч өөрийгөө шагнана. 
          Зуны гурван сар хөдөө байдаг надад наадмын баяраар дэлгүүрээс зайрмаг, ундаа, чихэр авах нь сайхан санагддаг байж дээ. Өвөө, эмээгийнхээ мөнгийг хэрэггүй зүйлд мөн ч их үрсэн санагдана. Нар бууж наадамчин олон тарахын алдад бид гурав ч явах бэлтгэлээ базаана. Наадамд хэний морь түрүүлснийг, ямар бөх  цол авсан зэргийг юу ч мэдэхгүй өвөө, эмээгийн энгэрийн зүүлт мэт дагаж явдаг байж. Манай өвөө надад их сайн. Учир нь зуны амралт болгоноор зорьж, очиж тусалдаг нь би байсан болохоор тэр байх. Өвөө толгойг минь илээд юмны учрыг их тайлбарлаж өгнө. Би ойлгож байгаа дүр эсгэж, эрхэлнэ. Наадам гэж юу байдгийг ч мэдэхгүй шахуу, хоёр буурайтайгаа хэдэн жил баярласан байдаг. Тухайн цагт утга учрыг нь мэддэггүй байж. Харин одоо эргээд бодоход өвөө, эмээ хоёр минь миний дэргэд инээгээд сууж байна гэдэг дэндүү тансаг санагдаж байна. Наадам бол миний хувьд морь, бөх биш харин эмээ, өвөө хоёр минь байсан гэдгийг томрох тусмаа л ойлгох болсон. Одоогоос 12 жилийн өмнөх тэр наадам өвөө, эмээ бид гурвын хамтдаа үзэх хамгийн сүүлийн наадам гэдгийг мэдэж байсан бол өвөөгөө арай их анхаарч, тэвэрч, бас үнсүүлэх байсан юм. 

-Бага байхаасаа эмээ, өвөөгийн хүүхэд болж хүмүүжсэн надад өвөөгөөсөө салах нь хамгийн том хагацал байсан-

            Бодох төдийд л  догдолж тэрүүхэн хугацаанд сэтгэлд баяр, гуниг нэмдэг дурсамж хүн бүрд байдаг байх. Бага байхаасаа эмээ, өвөөгийн хүүхэд болж хүмүүжсэн надад өвөөгөөсөө салах нь хамгийн том хагацал байсан. Эргээд бодоход миний амьдралыг чиглүүлэгч, хүмүүжүүлэгч, хамгаалагч нь өвөө минь байсан юм билээ.
          Дүүгийн минь хоёр насны төрсөн өдөр болох гээд би гэдэг хүн аймгийн төв орох унаанд дайгдан гэртээ харьсан. Олон жил айлын ганц гэж дуудуулж явсан надад хань болон төрсөн дүүдээ юунаас ч илүү хайртай байдаг. Тийм болохоор өвөө, эмээ хоёр надад хэд хоног гэртээ харих чөлөө өгсөн хэрэг. 2010 оны наймдугаар сарын 10-ны өдөр манай дүүгийн төрсөн өдөр тохиож, гэр бүлийнхэнтэйгээ лагерт гарч нам гүм газар сайхан тэмдэглэсэн. Гэтэл маргааш өглөө нь ээжийн утас дугарч, ээж утсаа авч ярьснаа намайг хараад тэвэрч аваад уйлаад эхэлсэн. Юу болсон гэдгийг мэдэхгүй ч  муу зүйл л болсон нь илт. Тэгээд хэсэг хугацааны дараа жаахан тайвшраад дүү, бид хоёрыг хувцсыг бэлдэж, машин руу зөөгөөд “Хэдүүлээ хөдөө явцгаая” гээд өөр юу ч хэлсэнгүй. Би ч ээжийг гайхаж, чимээгүй машинд суугаад, хэсэг унтаад сэрэхэд нагац эгч маань “Аав үүрээр босож бие засчхаад, сэрээгүй гэнэ” гээд уйлаад өвөөг минь яриад эхэлсэн. Би ч түүнийг сонсоод өөрийн эрхгүй уйлсан. Үнэхээр ийм харамсалтай зүйл болно гэж төсөөлсөнгүй. Хоёрхон хоногийн өмнө эрүүл, саруул намайг явахад “Энкүүшээ, ээжийнхээ мөөмийг идэхгүй биз дээ” гээд инээгээд сууж байсан өвөө минь эргээд ирэхэд өрх нь татаастай гэрт, хамаг бие нь хүйтэн болчихсон, намайг сонсохгүй байхыг ямар муухай байсан гэж санана.  Би итгээгүй. “Надаар тоглож л байгаасай” гэж хүссэн. Гэтэл өвөө минь үнэхээр биднийг орхиод явчихсан байсан. Яагаад ч юм инээгээд босоод ирэх юм шиг санагдсан. Би өвөөг тийм байдалтай харснаас хойш дахиж намайг, өрх нь таатай гэр рүү оруулаагүй. Эмээ минь хамгийн өрөвдөлтэй нь ганцаархнаа гэж бодохоор хажуунаас нь холдмооргүй. 
           Өвөөгөөс хойш эмээгийн минь бие муудаж эхэлсэн. Хичээлийн амралтаараа очих бүрд анзаарагдаг байлаа. Үргэлж инээж суудаг эмээ минь, нэг л зовиуртай. Ингэж явсаар би арванхоёрдугаар ангийн сурагч болж, ЭЕШ-д бэлдэж тун чиг завгүй болсон. Энэ үетэй зэрэгцэн эмээ минь хэвтэрт ортлоо бие нь муудсан. Би ч, манай ээж ч, бүгд л эмээгийн биед санаа зовж аймгийн төв дээр авчирч, өвлөөс хавар хүртэл хангалттай сайн гэсэн эмчилгээг хийлгэсэн ч бие нь муудсаар байсан. ЭЕШ дөхөж, эмээгийн минь  биеийн байдал улам л муудаж сэтгэл хоёрдмол нөхцөлд шалгалтандаа бэлддэг болсон. Хичээлийн хажуугаар эмээгийн даавууг угааж, чадахаараа л асар ч “Бие нь дээрдээд босоод ирээсэй” гэж хүсдэг байсан. Ээж болон хамаатнууд бүгд ирж эмээг асрахад тусалж, хичээсэн ч үр дүн гараагүй. Ингэж явсаар ЭЕШ болж би  найман хичээлд бэлдэж өгснөөс, унаагүй ч гэсэн  сансаныг бодоход муу оноо авсан. Гэсэн хэдий ч зорьсон сургуульдаа орж чадсан. Санаа зовоож байсан хоёр асуудлынхаа нэгийг нь шийдсэн учир эмээдээ л ихэнх цагаа зориулахыг хичээсэн. Бие нь нэг л сайжрахгүй хэвтрийн байдалтай байсан ч намайг дэмжиж, гараас минь атгаж урам өгдөг байсан. “Эмээ нь удахгүй хөл дээрээ босоод охиныгоо их сургуульд нь явахад гаргаж өгнө” гэж хэлж, урагш түлхдэг байсан сан. 2016 оны наадмыг эмээтэйгээ хамт хөдөө гэрт өнгөрүүлсэн. Өвөөгөөс хойших наадам надад нэг л хоосон санагдах болсон. Олон хүн  бужигнасан газар очихоос илүү эмээ болон гэрийнхэнтэйгээ гэртээ байхыг илүүд үздэг болсондоо. Хичээл эхлэхтэй зэрэгцэн оюутан болох бэлтгэлээ базааж, Улаанбаатар руу явах үед эмээтэйгээ уулзахад “Чи ааштай шүү. Олон хүүхдүүд дунд ороод гэртээ байгаа юм шиг аашлаад байв. Миний охин сайн сураарай”  гээд хэдэн сар тариа хийлгэж, хөхөрсөн гараараа миний гарыг атгаад, хоёр хацар дээр минь үнссэн. Би “Эмээ та яагаад хоёр хацар дээр үнсэж байгаа юм бэ, өвлийн амралтаар эргэж ирээд нөгөө хацар дээрээ үнсүүлэх байсан шүү дээ” гэхэд  “Зүгээрээ тэр үед нь дахиад үнсчихнэ” гээд инээгээд үлдсэн сэн. Энэ явдлаас хойш 12 хоногийн дараа эмээ минь өвөө рүү явсан даа. Юугаа ч мэдэхгүй шинэхэн оюутан гээд мунгинаж байхад намайг дахиад л орхиод явчихсан. Өвөөгөөс хойш эмээ, ээж, хамаатнуудынхаа дэргэд тэвчиж байсан нулимсаа зургаан жилийн өмнө дуустал нь уйлж билээ. 

-Хамгийн ихээр харуусал төрдөг зүйл бол тэдэндээ юу ч өгч чадаагүйдээ гэхээр дотор давчдаж, нулимс цийлэгнэдэг-

           Баяр наадам гэхээр л өвөө, эмээ хоёр минь бодогддог. Тэр хоёроосоо хойш сэтгэл дүүрэн наадмыг баярыг тэмдэглэж үзсэнгүй. Яагаад ч юм хоосон орон зай байх шиг мэдрэмж төрдөг. Хамтдаа зусдаг байсан зуслангийн буйр харагдах бүрд  би нулимсаа залгидаг. Халуун, дулаан хайраар өсгөж, хүмүүжүүлчхээд өөрсдөд нь тэр хайрыг буцааж өгч амжаагүй байхад явсанд нь би одоо ч харамсдаг. Хааяа нэг тэдний минь хэлсэн үг үнэн санагдаж, өөртөө гомддог ч хаа нэгтээгээс намайг хараад шаналах вий дээ гэж эмээдэг. Цаг хугацааг ухрааж болдог бол өвөө, эмээтэйгээ үзсэн тэр жилийн наадам дээр очиж, тэднийгээ залхтал нь тэвэрч, зэмлэлийг нь сонсмоор байна. Сэтгэл дотор үргэлж хадаатай явдаг, бодох, санах төдийд нулимс асгаруулдаг хоёр буурайтайгаа зүүдэндээ ч болтугай инээгээд, уулзах юм сан. 
 

СЭТГЭЛД УЯАТАЙ, САНААНААС ГАРДАГГҮЙ ТЭР ЖИЛИЙН НААДАМ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-01 16:01:42
    Шинээ: Сайхан нийтлэл болжээ. Нээрээ л тийм шүү гэтэл сайхан бичсэн байна. Хоёр сарын дараа уншиж байгаа ч дүүгээрээ бахархаж байна. Эмээгийн шар охин ийм том болоод хэрсүү байгааг мэдрэх урамтай юм. Эмээ, өвөө нь уншиж чадахгүй ч энэ их тэмүүлсэн сэтгэлийг мэдэрсэн байх. Амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-02 15:45:03
    Gantsolmon: Миний охин мундаг байна .Цаашдын ажилд нь амжилт хүсье. Аав,ээжийгээ саначихлаа.Хайртай шүү охиндоо
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188