• Өнөөдөр 2024-04-20

ХАМГИЙН ГОЁ ӨНГӨТЭЙ ХАРАНДАА

2023-06-29,   2427

      Намайг үүрч, дүүрч өсгөсөн цаг хугацаагаа санаад, дүүг минь надаар авахуулах гэж яасан их төсөөлөн мөрөөдөж, хүлээсэн бол

        Хангайн бүсийн уулархаг нутаг болоод ч тэр үү манай нутагт өвлийн урь эрт орж, арван сар дөнгөж гаргаад л уулсын оройд цас тогтчихно. Одоогоос 10-аад жилийн өмнө өвлийн урь орчихсон ийм жиндүү өдрүүдэд ноосон малгай хөвөнтэй бээлий өмсөөд, уртаа гэгч мод нэг нэгийг тулж эгч бид хоёр уулын оройгоод мацаж явсан болов уу. 
 
      Тугалдаа явахдаа бид хоёр өдөржин хөөцөлдөж тоглоод, орой нар жаргахын алдад хэдэн тугалаа хураагаад, цасан дунд таягаараа тулж, нэг гулгаж, нэг эрхэлсээр түнтийлээ улайчихсан хоёр юм бууж ирдэг сэн. Тулж явсан модоо газрын уруу руу алдчихаад тас тас инээлдэн, “Хэнийх нь хурдан уралдах нь вэ, харъя” гээд л цасан дээгүүр урт нарийн модоо уралдуулж тоглодог байсан минь саяхан мэт санагдавч хэдийнэ арав гаруй жил алсарчихжээ.
 
     Бид эхээс гурвуулаа, би айлын дундах охин нь. Зулайг минь гишгэж төрсөн ганц эгч минь надаас гурван насны зөрүүтэй учир  бид хоёрыг хүмүүс “Дэрсхэн өсөж яваа” хэмээн өхөөрддөг байв. 

     Өндөр, нуруулаг биетэй, хонгор шаргал үстэй, өндөр хамартай, цовоо цайлган зантай эгчийг минь Ундрал гэдэг юм аа. 

      Гурван нас дөнгөж хүрээд ээжийнхээ мөөмнөөс ч салаагүй байхад нь дүү нь төрчихсөн учир намайг төрсөн цагаас эхлээд эгч минь эмээгийн хүүхэд болсон. Эмээ дээрээ өссөн болоод ч тэр үү багын хэрсүү, басхүү жаахан дураараа. Намайг төрсний дараа манайх Ирэхийн өвөр гэдэг газар нутаглаж, харин  эмээгийнх Хутаг-Өндөрийн бэлд өвөлждөг байсан гэсэн. Хоорондоо тав орчим километрийн зайтай учир эгч эмээгийнх рүү нэг явчихвал мөд ирэхгүй. 

 
     Тэр үед машин, унаа ховор байсан болохоор тэр хоёрын хооронд эгчийг мориор зөөдөг байсан гэдэг. Нэг удаа ээжийн хамгийн бага дүү нь эмээгийнхээс эгчийг минь дүүрч явахдаа өрөөсөн гутлыг нь гээчихсэн гэдэг. Хэлд бүрэн ороогүй жаахан амьтан гутлаа унагаасан гэдгээ “Төөдөг” гэхэд нь ах юу ч анзааралгүй өвлийн хүйтэнд давхисаар нялх амьтны хөл хөлдөх шахсан гэртээ ирсэн хэмээн ээж шогширдог сон. Тэр цагаас хойш Төрөө ахыг “Дөдө” хэмээн хочилдог болсон гэсэн
     Ээж, аавдаа эрхлэх орон зайгаа дүүдээ алдсан болоод ч тэр үү эгч минь заримдаа гэнэт “Мөөмөө булаавал булаацалдана шүү” гээд  буруу хараад гомдоод суучихдаг байсан гэдэг. Гэсэн ч дүүдээ бүхнээс илүү хайртай эгч минь айлын хүүхдүүдээс харамлаад, өлгийг нь орны урд руу унжуулчихсан, намайг тас тэврээд сууж байсан гэж ээж ярьдаг юм.
 
      Харин би сургуульд орж, эмээгийнд суухаасаа эгчээрээ тойгуулж, халамжлуулж эхэлсэн учраас тэрнээс хойших үеийн эгчтэйгээ байсан дурсамжууд сэтгэлд тодоос тод байна. Эгч минь айлын том, хэрсүү болохоор намайг сургуульд ороход эгээ л том хүн шиг намайг хардаг байв. 
 
      Сургуульд орсон жилээ хөөрхий эгчийгээ мөн ч их зовоосон доо. “Гэрээ санаад байна, хичээлдээ явахгүй” гэж уйлна. “Даалгавраа хийхгүй, эмээ миний үсийг муухай самначихлаа” гээд далимдуулж эрхэлнэ. Тэр болгонд  арван нас дөнгөж хүрч байсан эгч минь хэзээний том хүн шиг намайг аргадаж, өөрөө идэхээр авсан амттай бүхнээрээ намайг аргаддаг байв. Аавын үлдээсэн мөнгийг цүнхэндээ хадгалаад хичээлдээ явах болгонд минь хорийн чавга, аврын чихэр, алим тэргүүтнийг цүнхэнд хийгээд явуулна..
 
     Үеийнхнээсээ хамаагүй биерхүү, өндөр, нуруулаг, эршүүд зантай учир үеийнхэн бүгд л түүнээс эмээнэ. Намайг хэн нэгэн шоглож, шоолсон байвал хаана ч хамаагүй яваад оччихсон, өмөөрөөд зогсож байдаг сан.
     Эгчийг долоодугаар, намайг дөрөвдүгээр ангид орох жил аав шинэ мотоцикл авч, бид хоёр амралтын өдрүүдээр гэртээ харьдаг болов. Тав дахь өдрийг тэсэн ядан хүлээсэн надад тэр өдрийн хичээлийг л багш хамгийн удаан заагаад байгаа юм шиг санагдана. Хонх дуугарч, хичээл завсарлахтай зэрэгцээд аниа ангийн гадаа ирчихсэн сууж байдаг сан. Аав биднийг мотоциклийнхоо ард суулгаад том шар чемодан ард нь даруулаад  гэрийн зүг давхиж өгнө. Бид хоёрыг унтчих вий гэсэндээ аав “Дуулаарай, миний хүүхдүүд” гэхэд эгч минь салхины өөд хоолой мэдэн дуулангаа “Хажуугаар хүн зөрвөл хоёулаа улам чанга дуулна шүү” гээд орилдог байж билээ. Харин би ичсэндээ нүүр улайж, “Та ямар солгой юм бэ” гэдэг байж билээ. Тийм л дэврүүн, дураараа зан нь одоо ч сэтгэлд тодхон.
 
     Эгч спортоор хичээллэж, бөмбөг тоглох дуртай,  спортын тэмцээн, уралдаан хаана болно түүнд нь орж, заавал шагналтай гэртээ ирдэг байв. Шагналынхаа мөнгөөр хоёр дүүдээ чихэр, жимс,тоглоом гээд хүссэн бүхнийг авч өгнө. 
      Намайг дунд ангид орсон жил биеийн тамирын багш “Ундралын дүү бил үү. Тэгвэл ч сагсан бөмбөг, гар бөмбөг сайн тоглох юм байна даа” гэв. Гэтэл би сайн тоглох нь битгий хэл бөмбөгнөөсөө айдаг, барьж чаддаггүй, бүтэлгүй нэгэн байв. Түүнээсээ ичиж, өөрөө тоглож сураагүй хэрнээ эгчийгээ л буруутай юм шиг түүнд уурладаг байлаа. 
 
     Хар багын л намайг асарч, хаана явна тэр газраа л дагуулж явдаг эгч минь 2011 онд их сургуулийн оюутан болж, алс хол Улаанбаатар хотыг зорилоо. Ээж, аав хөдөө малаа маллаж, би дүү нартайгаа сумын төвд амьдардаг болов. Бүх зүйлээ бэлдүүлж, үсээ  хүртэл самнуулдаг байсан надад эгчийг оюутан болоод явсан тэр жил их урт, бас их хүнд санагдаж билээ. 

     Гэхдээ хот орж үзээгүй надад эгч минь оюутан болоод хотын ганган охин болно гэдэг их л сайхан санагдаж, хотоос шинэ хувцас, элдэв чамин юм явуулахад  нь ангийнхандаа гайхуулдаг байлаа. Ингэж, тэгсээр гурван жилийн дараа би оюутан болж, эгчтэйгээ хамт хотод амьдарсан минь арван жилдээ өнгөрүүлсэн тэр л хугацааг гүйцдэггүй санагдана.

     Оюутны ширээнээс буухтайгаа зэрэгцэн эгч айлын хүн болсон. Хүний хүн болоход нь хар багаасаа асарч, тойглуулсан би эгчийгээ харамласандаа ч тэр үү, хүний нутагт, танихгүй хүмүүс дунд үлдээгээд явахад эвгүй байсан ч юм уу өдөржин усан нүдэлж билээ. Түүнээс хойш би хотод, эгч хөдөө амьдарч, бид хааяа л утсаар ярихаас цаашгүй, уулзаж чадалгүй нэлээд удлаа.
 
      Насаараа л эгчтэйгээ хамт байж, аргадуулж, эрхэлж амьдрах юм шиг санаж байсан би түүнтэйгээ  уулзалгүй хагас жил болов. Харин эгч минь өөртэйгөө адилхан гэж жигтэйхэн бяцхан охиноо өлгийдөн авч, биднийг асардаг байсан шигээ өөртөө томоос том хариуцлага үүрүүлсэн дээ. 
 
     2018 оны долдугаар сарын 23. “Хайртай эгч” гэж тэмдэглэсэн дугаараас “Аниа нь чамайг санаад байна. Чи гэртээ нэг ирээч” гэсэн зурвас ирсэн байв. Өдөр нь анзааралгүй үлдээчихсэн эгчийнхээ дээрх зурваст хариу өгөхөөс төвөгшөөгөөд унтаад өгч билээ. 
 

       Маргааш өглөө нь ээж утасдаж, “Аниагийн чинь бие өвдсөн. Түргэний машин аваад явлаа. Удахгүй ээж, аав нь араас нь явна. Чи дүүгээ нааш нь явуулах хэрэгтэй байна. Дүүг нь харах хүн хэрэгтэй” гэв. Би ч тэр үедээ элдэв зүйл бодолгүй дүүгээ унаанд суулгаад, өөрөө ажлаа хийхээр хоцорсон юм. Ажлынхаа цаг заваар орой нь ээжтэй утсаар ярьж, эгчийн биеийг асуучихаад л, өөртэй нь ч ярихгүй хэд хонолоо. 

 
     2018 оны долдугаар сарын 26-ны орой ажлаа тараад гэр рүүгээ харьж явах замдаа ээж рүү залгалаа. Утсаа авсангүй. Нэлээд хэдэн цагийн дараа ээжийн утаснаас хамаатны ах их л дуу муутай, ёозгүй өнгөөр “Ахын дүү хотоос хурдхан наашаа гарах хэрэгтэй байна. Яаралтай шүү. Өнөөдөртөө багтаад унаа олоод гар” гэх нь тэр. Би дотроо бага зэрэг түгшсэн ч эмчийн захисан эм тариаг тэр даруй цуглуулж, цүнхэндээ ойр зуурын хувцас бэлтгээд замын унаанд суув. 
 
     Манай сум хотоос 700 орчим километрийн зайтай. Шөнөжин давхиж, замын унаа дамжсаар маргааш нь үд дундын үед сумын эмнэлгийн гадаа очив. Эмнэлгийн гадуур олон машин мотоцикл, эгнүүлэн тавьж, хүний хөл хөдөлгөөн тасралтгүй холхино. Эмнэлгийн үүдээр холхих хүмүүсийн олонх нь манай хамаатан байх бөгөөд ээж, аав, дүү, эгчийн аль нь ч харагдсангүй. 
 
     Машинаас буухтай зэрэгцэн хүмүүсийн харц над дээр тусаж, бүгд л дуу муутай, өрөвдсөн харцаар цоо ширтэцгээнэ. Эмнэлгийн коридороор алхахад  нуруунаас хүйт дааж, таагүй мэдрэмж бүчив. Гэвч эгчдээ хэрэгтэй эм тариаг нь аваад очиж байгаа юм чинь бүх зүйл сайхан болчих юм шиг санагдаж байлаа. 
 
     “Сэхээн амьдруулах тасаг” гэх хаяг бүхий хаалгаар ороход амьсгалын аппаратны дид дийд гэх дуу тасралгүй сонсогдож, орон дээр эгч минь ухаангүй хэвтэж байв. Аманд нь томоос том амьсгалын аппарат залгаж, хөл, гаранд нь битүү, дусал тариа залгачихсан байсан. Хэн ч надад эгчийг минь ухаангүй болсон гэж хэлээгүй учир хэсэг балмагдаж, яахаа мэдэхгүй үүдэнд нь хэсэг зогслоо. Ээжийн нүд бүлцийтэл хавдчихсан намайг үнсэхэд нь сая сэхээ авч, хөдөлгөөнгүй хэвтэх эгчийнхээ толгой руу дөхөв. “Аниа дүү нь ирчихлээ” гэж хэлэх гэж хэчнээн хичээсэн ч хоолой зангираад, дуу гарсангүй. Хоёр нүднээс нулимс өөрийн мэдэлгүй асгарч, “Хамгийн сүүлд бичсэн зурваст нь хариу өгчихгүй яав даа” гэж дэмий л өөрийгөө буруутгаж зогссон сон. Хөл, гарнаас нь атгахад бүлээхэн мөртлөө эгч огтхон ч хөдөлсөнгүй.   Гаднаас аав орж ирээд “Миний охин дүү дээрээ очоод байж бай” гэв. 

      Монхор хамартай, тув тунгалаг хар нүдтэй, өтгөн хөмсөгтэй бяцхан дүү минь өлгийндөө юу ч болоогүй мэт үнэгчлэн унтах нь даанч өхөөрдөм. Төрсөн цагаас нь хойш нэг ч удаа эргэж очиж амжаагүй надад ийм бяцхан, хөөрхөн үрээ харуулах гэж эгч минь намайг ирээсэй гэж хэчнээн хүлээсэн бол.

      Намайг үүрч, дүүрч өсгөсөн цаг хугацаагаа санаад, дүүг минь надаар авахуулах гэж яасан их төсөөлөн мөрөөдөж, хүлээсэн бол. “Эдгэрээд  ирэхээр нь хүүхдийг нь харж, хамтдаа хиймээр байгаа бүхнийг нь хийж өгнө дөө” гэж өөртөө зөндөө хэлсэн. 
 
Гэвч эгч минь ухаан орохгүй байсаар намайг очсоны дараахан өөдөсхөн бяцхан үрээ, өсгөж хүмүүжүүлсэн ижий, аав, ижилхэн хоёр дүү, өсөж, өндийсөн нутаг усаа орхиод холын хол одчихсон. 
 
     Эмээгийнд хамт байхдаа хамаатны хүүхдүүдээс нуугдаж, хоёулхнаа чихэр хувааж иддэг байсан, хад цуурайттал тас тас инээлдэн уулын уруу руу мод уралдуулдаг тэр л үе рүүгээ буцах сан.  Хамгийн гоё өнгөтэй харандаа хамгийн түрүүнд дуусдаг шиг та минь миний хамгийн гоё өнгөтэй харандаа байж дээ.
 

ХАМГИЙН ГОЁ ӨНГӨТЭЙ ХАРАНДАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-17 18:09:49
    Гантуяа: Насан багын найзаа их л үгүйлэх юмдаа . 1-11жил хүртлээ хамт 1ангид сурч хүүхэд насны минь бүх л сайхан дурсамжуудыг хамт бүтээждээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-17 17:14:13
    Д.Алтантуяа: Миний дүү чинь миний насан багын минь найзын хайртай 3 охины хамгийн том нь байсан даа.Хамгийн гоё ....байсан болохоор...буцсан байхдаа.....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-06 20:53:34
    Тогтохсүрэн: ulaan hatsartai 2 dershen dvv mini nvdend haragdlaa nvdendee nulimastai unshlaa minii ah egch hoer 2 dvvd mini hoorhon ohin torvvlj ogson ni burhanaas ogson bileg um da
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-28 00:44:04
    Зочин: Хөөрхөн ааштай, жаахан дураараа ч зөөлөн зантай шавь минь одооч сэтгэлд тодхон. Би зандарч л байсан байх гэдээ хэзээ ч тэр минь гомдоогүй багшаа гээд л гүйж явдагсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-27 22:51:32
    Цээгий: Хөөрхөн ааштай сайхан охин байсан шүү. Цээг й эгчээ гнэд үргэлж л инээж явдаг охин байсан даа… одоо хүртэл итгэж өгдөггүй юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-27 22:27:26
    tseegii: har bagiin hamgiin sn nzaa aldsan daa uurd setgel zurhend min hamt baidagdaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-27 17:57:03
    Зочин: үүнийг би эмнэлэгийн буруу, эмч нарын чадваргүйнх гэж хардаг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-27 12:54:48
    Сувдаа: Уулзаж удаан ярилцаагүй ч хэзээний танил хүмүүсээ бид энэхүү явдлыг маш эмгэнэлтэй сонсож хүлээж авч маш их өрөвдөж билээ. Хамгийн гоё харандааг хамгийн гэгээнээр үргэлжлүүлэн будаарай
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188