Хамт явсан ахын “Наад могойгоо алчихаач” гэх үг намайг наашаа ч үгүй, цаашаа ч үгүй хэсэг уяв. Махны бараа хараагүй удаж байгаа болохоор “Яах вэ” гэж эргэлзсэн ч байж мэдэх.Тэрхэн зуурт төөрөхөөсөө өмнө идсэн хулганын махтай халбага шөл бодогдож, арааны шүлс асгарч байлаа. Зөөлхөн амттай, өтгөн бор шөл байсан санагдана. Ухаан алдаж унасан залууг тэнхрүүлэхийн тулд хулгана агнаад, хийсэн шөлнөөс нь бид амссан юм. Тэр л бодогдоод, нүдэнд харагдаад байлаа. Гэхдээ би чинь хоёр хоёрын нялх үртэй хүн шүү гэх бодол миний өлсөж байгааг дийлэв. Өлсөж үхэх байсан ч лусын амьтан хороох зүрх надад байсангүй. Би “Энэ ойд ингээд үхэх байсан ч миний хоёр хүүхдэд үйлийн үр нь үлдэх вий” гэж үнэндээ айсан юм аа. Тэрүүхэн үедээ өлсөхөөс, үхэхээс айгаагүй хэрнээ хоёр үрдээ санаа зовсон учраас урагшаа чигээрээ алхахаар шийдэж, ахад “Алмаар байвал та алаарай. Би чадахгүй юм байна” гэж хэлсэн. Тав, арван алхам алхаад эргээд харахад өнөөх цагаригласан могой байрандаа байгаагүй. Нэг бодлын биднийг бурхан ивээсэн байх. Ингээд л бид могой идэхээргүй болж цаашаа алхсан даа.
Агуй байгаа газрыг олох гэж бид тамираа тасартал яваад эцэст нь арай хийн олов. Бид явсан газраасаа гурав, дөрвөн удаа эргэлдэхэд баавгай, чонын мөртэй олон таарсан. Яг л бидний явсан мөрний араас араатан амьтад дагасан байна лээ. Уулын бэлээр уруудаад явж байхад өндөр хадтай уул харагдаж, урд үзүүрт нь дөнгөж агуйны үзүүр цухуйж байгаа харагдсан. Зам дагаад алхаж байсан бид агуй байгаа зүг рүү чигээрээ алхав. Өвөл агуйгаар ороход замын хүмүүс боов, боорцог, будаа, сүү өргөсөн байсан нь нүдэнд харагдаж, гүйхээрээ явсан. Очихын даваан дээр хөл сөхөрч унаад, хадтай хэсэг рүү авирч чадаагүй. Цуг явсан Отгоог “Очоод юу байгааг харчихаад ир” гээд явууллаа. Өнөөх маань төд удалгүй гар хоосон “Хөгцөрсөн, хатсан боорцог ч алга” гэсээр ирсэн. Ингээд бид орхисон зам руу эргэж очоод, чигээрээ урагшаа алхав. Агуйнаас цаашаа машин хүртэлх замыг бид төвөггүй мэдэх учраас алхаад л байлаа. Орой болтол алхсан. Ингэж явсаар нэг горхины хажууд буудаллаа. Майхнаа барьж аваад, дөрвүүлээ түүхий гишүүнэ зажилж байгаад унтахаар хэвтсэн. Шөнө янз бүрийн дуу гарч, майхан тойроод хөлийн чимээ сонсогдож эхлэв. Майхны гадуур амьтан яваад байгаа бололтой, сонин дуу гарч, хаалга хэсгийг үнэрлээд байв. Гэхдээ хэн хэн нь ч хөдлөөгүй, нэг нэгэндээ мэдэгдээгүй. Айсандаа хашхирах юм бол араатан амьтны хоол болох учраас шөнөжин хөнжил дотроосоо толгойгоо гаргаагүй. Өглөө үүр хаяарч байхад майхнаасаа толгойгоо цухуйлгаж гадна хэсгийг харахад хэдэн буга ус ууж байсан. Майхнаас хүн гараад ирэх төдийд л тэд хэдэн тийшээ цахилж одно лээ. Чоно байнгын ульж, бидний араас дагаж байлаа.
Ингээд бид нар мандах үеэр босож, майхнаа хураасан. Савандаа ус хийгээд зогсож байтал дээгүүр саарал өнгийн онгоц нислээ. Гол дээр байсан учраас хамгийн тод хувцсаараа даллаж, онгоц дуудсан. Гэтэл бидний дээгүүр эргэлдэж, гэрлээ анивчуулаад уул тойроод нисээд алга болсон. Нөгөө гуравтаа “Хөдөлгөөнд оролцохдоо ямар нэгэн дохио өгөхийн тулд гэрлээ анивчуулдаг биз дээ. Дээгүүр ниссэн онгоц биднийг харах шиг боллоо” гэж хэлээд тэндээ нэг хоног хүлээсэн. Баярлаж, догдолсон. Хүн хүрээд ирэхэд яаж ийм сэгсийсэн, хүн харах аргагүй царайтай байж байх вэ гэсэндээ нүүрээ угааж, үсээ гараараа самналаа. Халтар ч гэсэн хувцсаа янзалж өмсөөд, онгоц өдөржин хүлээсэн. Даанч эргэж ирээгүй. Өдөржин майхандаа өнжиж, зэрлэг сонгино, таван салаа ахиухан түүж авахаар зэхсэн юм. Сонгино түүхээр явж байгаад баавгайн бамбарууштай таарсан. Бид модны ар талаар нуугдаж, бамбаруушийг хол явахыг хүлээсэн юм. Хөөрхөн жижигхэн амьтан удаанаар алхаад ойн гүн рүү ороод явчихсан. Араас нь хөөж, туухгүй бол араатан амьтан яах ч үгүй юм билээ. Бид нуугдаад л өнгөрсөн. Бидний байрласан тэр хэсгийн горхиноос амьтад ус уудаг юм шиг байна лээ. Ширэнгэн ойн дунд горхи урсаж, цөөрөм болсон хэсэг газар таарна. Яг л үлгэрт гардаг ойн цоорхой тэр хэсэгт байсан.
Долдугаар сарын 17.
Онгоц ирэхгүй болохоор нь маргааш өглөө нь бид хөдлөхөөр болов. 24 цаг ирээгүй юм чинь биднийг хайж явсан онгоц биш юм байна гэж бодсон, үнэндээ. Тэнгэр рүү харан харан, чимээ чагнасаар бид урагшаа алхаад 500 метр хүрэхгүй газар хандгайн сэгтэй таарав. Эвэр, яс, туурай нь үлдээд, үлдсэнийг нь юу ч үгүй идчихсэн байна лээ. Эргүүлж, тойруулж хэсэг харж зогсоод идэх ч юм үлдээгүй байхаар нь бид тэндээс хөдлөхөөр болсон. Ядаж толгой нь ч гэсэн үлдсэн бол хэд хоногийн хоолтой болохгүй юу. Торлог дундуур алхаад л байлаа. Тэгээд модон дунд орж ирэхэд мойл жимс дөнгөж ногоорч байгаатай таарсан. Амандаа атга атгаар нь хийгээд, идэж явтал ам аргаад амьсгалахад ч хэцүү болдог юм даа. Түүхий жимс ихээр нь идэхээр аргаад, гэдэс хямардаг юм билээ. Өлөн, гэдэс базлаад, хүйтэн хөлс гараад, уруул чимчигнээд, гар, хөл бадайраад ухаан алдаж унахад хэзээ мөдгүй л бэлэн байлаа, бид дөрөв. Дээшээ хараад, мод налаад хэсэг хэвтэв. Болдоог явсны дараа Мөнхөө ах гөрөөс агнасан юм. Янзага нь бололтой жижигхэн амьтан байсан. Тэрний махнаас бид жаахан жаахныг идсэн. Маш гоё амттай байсан. Яг л рестораны үнэтэй хүрэн өнгөтэй зузаан мах шиг санагдсан. Өлдөөд унахад, гөрөөсний махаа дахиад идэж байна гэж төсөөлөгдөөд, аманд амтагдаад байлаа. Тэр газартаа хэсэг хэвтэж, нар жаахан буулгасан санагдана. Өдрийн хурц наранд өлөн ходоодтой алхах чинь үнэхээр хэцүү юм билээ. Би чинь хэзээний өлсөж чаддаггүй хүн. Энэ хэд хоногт тэвчээр зааж өлөн явж үзлээ, сөхөрч унасангүй, ойд ясаа тавихгүй гэж мөн ч их зүтгэсэн дээ.
Долдугаар сарын 18.
Жим хайж яваад бид хэсэг газарт дахиад төөрсөн. Уулын бэл рүү заагаад “Тэр хэсэгт зам байх шиг байна. Тийшээ очиж замд оръё” гэж ярилаа. Тэнд хүрэхийн тулд өргөн нь нэг метр орчим намгаар гарах хэрэгтэй болов. Намаг юм чинь мод тавьж байгаад үсэрч гарна гэж тооцооллоо. Отгоо нарийнхан хэсгээр нь үсэрч гарах гэж байгаад дунд хэсэгт нь унасан. Юу юугүй л шигдээд, улам доошоо яваад байдаг юм билээ. Бид гурав Отгоог гаргаж авах гэсээр байтал шавар хоёр суганд нь тулсан. Отгоогийн толгой нь цухуйгаад “Намайг авраач” гээд уйлаад л байсан. Би арай хийн цаад талд нь гараад, бургаснаас барьж, надаас Уянгаа зуурч байгаад Отгоог татаж гаргасан. Хамт яваа нэг маань голынхоо дуугаар “Намайг авраач дээ” гэж орилоод, нүдэн дээр шаварт шигдээд байхыг харах ямар хэцүү байсан гэж санана. Ингээд нэгийгээ алчихлаа л гэж бодсон доо. Нус, нулимстайгаа холилдсон бид арай гэж шавраас гараад нөгөө зам гэсэн хэсэгтээ ирсэн чинь буруу байсан. Дахиад буцаад ирсэн шавраараа гарах хэрэгтэй боллоо. Айдастай, түгшүүрийн байдалтай бид дөрөв нэг газар хэсэг сууж байгаад намгаар гарсан. Намаг дээгүүр ахиухан мод тавьж байгаад бид гурав эхлээд гарлаа. Хурдан гүйгээд л гарахгүй бол мод нь доошоо шигдээд аймшигтай байсан. Хамгийн сүүлд Төмрөө ах гарах гэж байгаад уначихлаа. Шавар бүсэлхий хэсэгт нь тулаад байхад бид гурав ахыг гуд татаад гаргаад ирсэн. Бөөн баяр. Тэрүүхэн тэндээ айдсаа давчихсан мэдрэмж төрж, амьд мэнд байгаадаа бид дөрөв баярлаж, тэврэлдээд орилолдсон.
Төөрсөн сүүлийн хэд хоногт үхэл, амьдралын заагаар явсан даа. Намагт шигдэж үхэх нь холгүй байсан бид гол гатлахаар болов. Тийм ч өргөн гол биш хэрнээ ширүүн урсгалтай, гүнзгий. Миний цээж хэсгээр татаж байсан санагдана. Өвөл ирэхэд хөлдүү байсан болохоор буцахдаа бид гол гатална чинээ төсөөлөөгүй. Хоёр уулын дундуур нь алхаад л байвал гэртээ харина гэж бодсоноос ийм их эрсдэл үүрч, үхэх нь холгүй явна гэж зүүдлээгүй юм. Яг гол гардгийн даваан дээр би хөл алдаад живчихсэн. Хамт явсан хоёр эмэгтэй маань өндөр болохоор түрүүлээд гол гарчихсан юм. Би араас нь гарч яваад, хөл алдчихсан. Ус залгиад, толгой маань шоволзоод, нохой самардаад голын эрэг дээрх бургасны үзүүрээс зулгааж байж амьд үлдлээ. “Ингээд үхдэг юм байна” гэж бодогддог юм билээ. Хоёр найз маань голын эрэг дагаж гүйгээд, намайг арай гэж гаргаж авсан. Гол, намаг гатлахад намхан хүмүүс үнэхээр хэцүү юм билээ. Ерөөсөө л үхэл хүлээж байна гэсэн үг. Төмрөө ах бид хоёр гол гатлах гэж үйлээ үзэж, үхэл амьдралын заагаас буцаж ирсэн дээ.
Ингээд бид тэндээсээ холгүйхэн хоноглолоо. Хэлэн дээрээ гишүүнэ ч тавьсангүй. Ус л уусаар байгаад унтлаа. Маргааш өглөө нь биднийг Минжийн гол гэж маш өргөн, гүнзгий гол хүлээж байгаа нь сэтгэл түгшээж, хэзээ ч гэртээ очихгүй мэдрэмж төрүүлж байсан. Нарийхан голд живсэн надад Минжийн голоор гарах зүрх, зориг өглөөг хүртэл байгаагүй.
Долдугаар сарын 19.
Минжийн гол гатлахаар алхлаа. Гол гаталчихвал хоёр хоногийн дараа л машин байгаа хэсэгт очно гэсэн тооцоотой байсан. Уул уруудаад гараад ирэхэд мэлтэлзсэн их ус. Үер ихтэй шаагьж байлаа. Зүрх минь хүчтэй цохилж, маш их сандарсан. Хоёр найз маань намайг голдоо хийгээд, сугадаад гаргахаар болов. Айж, бэргэж, зугтаж байгаад гол гатлахаас өөр аргагүй байдалд хүрлээ. Нөгөө хоёрынхоо голд нь зогсоод, гараас нь тас зуураад, нүдээ аниад голын эрэг рүү орлоо доо. Толгой эргэж, дотор харанхуйлж, хөл хүрэхгүй болж эхлэв. Тав алхаад л мэлтэлзсэн их ус цээжин дээр тулаад ирсэн. Би айсандаа “Буцъя” гэж орилоод, эргээд эрэг рүү гарав. Тэгээд “Би үнэхээр чадахгүй юм байна. Энэ гол хаана дуусна, тэрнийх нь төгсгөл хүртэл би алхана. Ийшээ орох юм бол үхэх л сонголт байгаа юм байна” гэж нөгөө хэддээ хэлээд эрэг дагуу алхлаа. Нөгөө гурав ч гол гарч чадалгүй миний араас алхав. Тэр хэсэг өвөл машин гардаг гарам юм билээ л дээ. Живээд үхчихвэл тэр холоос алхаж ирсэн тэмцэл, хоёр охиндоо амьд мэнд очих хүсэл минь замхран одно шүү дээ. Дорсмаа гэж хүн энэ хорвоод байхгүй болно гээд бод доо. Хоёр үрийнхээ жижигхэн гар, ангир цээжийг тэвэрч, үнэрлэж чадахгүй явчихна гэдэг ямар их харуусал гэж санана. Энэ тухай бодох төдийд цээжин дээр хар чулуу дараад, голын ус улам их болж байгаа юм шиг санагдсан. Бид эрэг дагуу өдөржин алхаж, үд өнгөрч байхад голын тэхий дунд том мод унаж, хүмүүс гүүр хийсэн бололтой газарт ирсэн. Модон гүүрний хоёр талд хоёр, хоёр алхмын зай бий. Тэр хэсгээр л аятайхан гарчихвал Минжийн голыг гаталчихлаа гэсэн үг. Намхан надад тэрүүгээр үсэрч, харайгаад гарна гэдэг үнэхээр хэцүү. Усанд хөл алдаад, модонд нүүрээ цохиод үхэх холгүй л Минжийн голыг гаталлаа. Төмөрөө ах ч гэсэн арай гэж гол гаталсан. Айдгаа ардаа хийчихсэн болохоор үхээд сэхэж байгаа юм шиг санагдсан. Болдог бол өнхрөөд явчихмаар санагдаж билээ. Усанд умбаад гарсан бидний хувцас нойтон, оройн сэрүүн орж, даарч эхэллээ. Майхан, хөнжил нойтон.
Энэ гол хаана дуусна, тэрнийх нь төгсгөл хүртэл би алхана. Ийшээ орох юм бол үхэх л сонголт байгаа юм байна” гэж нөгөө хэддээ хэлээд эрэг дагуу алхлаа.
Долдугаар сарын 20.
Хар модны мөөг олов. Уулаар 10 гаруй хоног алхаж ирээд тэндээс мөөг оллоо. Хортой эсэхийг нь ч мэдэх арга алга. Бөндгөр цагаан мөөг л байсан. Галаа түлж, тогоогоо тавиад гурван ширхэг мөөгөө гараараа хувааж, хуурав. Галын цог час час хийж дуугараад, тогоон дотор “хоол” шаржигнаад, түлэгдэж байгаа мэдрэмж төрлөө. Ямар гоё байсан гэж санана. Яг л хоёрдугаар хоол хийж байгаа юм шиг мэдрэмж төрж, шүлсээ залгиад, хоолоо болохыг хүлээв. Гэхдээ сэтгэл дотор хортой мөөг байвал яана гэх айдас бий. Хоол ч боллоо. Нэг нэгээрээ идэхээр болов. Хоолоо яг тэнцүү дөрөв хувааж, аягалаад Отгоо түрүүлж идэхээр боллоо. Таван минутын зайтай идэхгүй бол хортой мөөг байвал бүгд үхнэ гэж бодсон юм. Отгоогийн дараа Уянга, тэгээд би, Төмрөө ах идсэн. Хамгийн гоё нь хэнд нь ч сөрөг нөлөө үзүүлээгүй. Ууланд ингэж хоёр дахь удаагаа их хоол идчихсэн юм шиг мэдрэмж авч, хооллож билээ. Хүч тамир авсан бид дөрөв өдөржин алхсан юм даа.
Долдугаар сарын 21.
Долдугаар сарын 22.
Ус уугаад хөдлөв. Алхаад л байлаа, алхаад л байлаа. Энэ эцэс төгсгөлгүй хөвч тайгаас хэзээ ч гарахгүй мэт мэдрэмж. Хаашаа ч харсан ширэнгэн ой. Хашхираад, хашхираад нөгөө гурваас минь өөр хэн ч миний дууг сонсож чадахгүй. Үнэхээр аймшигтай. Биднийг авч явсан хүмүүст гомдож, гол зурж, цээж давчдаад урагшаа алхлаа. Хэнтэй ч юу ч ярьсангүй, цөмөөрөө алхаад л байлаа. Нэг нэгээрээ цуварч, хол тасарч үлдэв. Төмөрөө ах биднээс дөрөв, таван километрийн зайтай үлдсэн. Араас бидний явсан жимээр алхаад ирэх учраас бид “Хүүе, хаая” гэж дуудсангүй. Хаана очиж унана, тэр хүртэл явахаар шийдчихсэн байлаа. Гэтэл отог...
Бид гурав хар хурдаа гүйж очоод, хогийг нь түрүүлж ухав. Газарт цагаан будаа асгаж, дээгүүр нь өт ярзалзана. Будаатай нь, шороотой нь, өттэй нь хуу хамаад бид гурав амаа олохгүй идлээ. Яг л махчин амьтад шиг ам руугаа чихэж, өтийг нь хүртэл нэг нэгэнгүй идсэн. Арвалзаад, аман дотор хөдлөөд байгаа нь мэдрэгдэж байсан ч тоогоогүй. Будаатай хуурга л гэсэн үг. Тэр хэсгийн будаа, өтийг түүж идээд, хажуу тал руу нь харахад ялзарсан төмс, луувангийн хальс харагдав. Түүж аваад, түрүүний идсэн шиг буцалгана гэж бодсон. Газраар мөлхөж, төмсний хальсаа түүгээд, дээшээ бослоо. Бага зэрэг тэнхэл орсон санагдаж байна. Тэр хэсгийг лавшруулаад ухтал модны ёроолд цаасан хайрцаг, таван литрийн есийн тос, будаа, сахар харагдлаа. Нөгөө хоёртоо “Тэнд юу байна вэ” гэж хэлээд бид гурав гүйгээд очсон. Сахраар хийсэн чихэр, шуудайны тал гурил, давс, амтлагч хайрцаг дотор байлаа. Хамгийн ёроолд нь ногоон өнгийн жижигхэн тэмдэглэлийн дэвтэр байв. Отгоо “Энэ дэвтэр манай тогооч эгчийнх байна шүү дээ” гээд хашхирсан. Бид гурав дэвтрийг нь урах нь холгүй эргүүлж, дотроос нь “Бид түрүүлээд даваа руу явлаа. Та хэдийг хүлээгээд ирэхгүй байна. Энэ хүнснүүдийг идээд, тэнхэрч аваад, нэг хоног сайхан амраад араас очоорой. Даваа даваад, чигээрээ хоёр километр алхаад бидэн дээр очно. Бид машинтайгаа хүлээж байна. Эндээс гурван цаг алхана. Бид замдаа эрээн даавуугаар тэмдэг тавиад явна” гэж бичсэн захиа олсон юм. Бидний очсон энэ отог урал машин байсан хэсэг ажээ. Тэгээд нөгөө хоёртоо “Өнөөдөр хэдүүлээ хоолтой, дулаахан газар хононо” гэж хэлээд Уянга, Отгоо хоёрыг усанд явуулаад, гал түлэхээр зэхсэн. Би ганцхан ширхэг чүдэнзний зуруултай үлдсэн байлаа. Байгаа бүх гурилаараа гамбир хийж авна гэж тооцоолсон байсан. Бас төмсний хальсаа угаагаад, будаатай хуурга хийх байсан юм. Ингээд энэ бүгдийг хийх гээд гал руугаа дөнгөж тонгойход онгоц дуугарч эхэлсэн. Уянгаа “Цаанаас чинь онгоц дуугараад байна” гэж хэлэхээр нь итгэж чадахгүй байлаа. Рашаан руу явж байгаа аялал жуулчлалын л онгоц байлгүйдээ гэж өөрсдийгөө тайтгаруулж, биднийг авахаар ирж байгаа гэж бодоогүй. Гэтэл уулын хошуу ороогоод нэг онгоц гараад ирсэн. Бидний дээгүүр эргэлдэж, шар алаг хувцастай хүн гараа даллаад байсан. Итгэж чаддаггүй юм билээ. Гэхдээ нөгөө хэддээ “Энэ онгоц яг буух газар хайгаад байна” гэж хэлсэн. Зүрх түг түг цохилоод, сандраад байлаа. Бидний дээгүүр нисэж байгаад нөгөө онгоц, буцаад явчихсан. Амаа хамхиж чадахгүй хашгирч, орилоод араас нь хараад зогсож байтал онгоц буцаж ирээд газардсан. Онгоц газардаад дотроос нь нэг хүн бууж ирээд “Та дөрөв чинь хаачдаг юм бэ” гээд орилохоор нь л биднийг авахаар иржээ гэж итгэсэн. Газар сөхөрч унаад, тэнгэрээс харж байгаа ижий, аавдаа, хоёр охиндоо залбирч, ингээд аврагдлаа гээд уйлж гарсан. Тэгээд ухаан алдаад уначихсан байна лээ. Ингээд нэг мэдэхэд Улаанбаатар ирсэн байсан даа.
Намайг хоёр үртэй минь хамт дулаахан гэртээ эсэн мэнд уулзах хувь тавилан хайрласан бүх хүнд баярлалаа. Мөнгө олохоор яваад, мөнгө ч үгүй, надтай адилхан амьдрахаар зүтгэж байгаа халуун сэтгэлтэй монголчуудын талхны мөнгөнөөс хумслаад л ирлээ. Гэрээсээ гарахдаа 70 гаруй килограмм байсан би 23 килограмм турж, эцжээ. Ядарсан, айсан, зүдэрсэн, үхэх юм шиг мэдрэмжтэй өдрүүд ард хоцорч, та бүхний халуун сэтгэл, нэгнээ гэсэн хайраар тань өнөөдөр би энэ бүхнийг яриад сууж байна хэмээн тэрбээр хэлээд санаа алдангаа инээмсэглэж билээ.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Улиастайн хуучин эцэс, Монгол Улсын иргэн Д.Дорсмаа. 2021.10.01
Хөвч тайгад төөрсөн Д.ДОРСМАА бүсгүйн АМЬДРАХ, АМЬД ГАРАХЫН ТӨЛӨӨХ 129 ХОНОГИЙН ТЭМЦЭЛ-V |
|
2025-04-03 07:00:00
2025-04-03 07:00:00
2025-04-03 07:00:00
2025-04-03 07:00:00
2025-04-03 07:00:00
2025-04-03 07:00:00
2025-04-03 06:00:00
2025-04-03 06:00:00
2025-04-02 17:24:08
2025-04-02 15:57:56
2025-04-02 15:45:18
2025-04-02 15:24:22
2025-04-02 15:02:59
2025-04-02 14:20:59
2025-04-02 14:15:21
2025-04-02 14:10:31
2025-04-02 14:03:06
2025-04-02 13:12:12
2025-04-02 12:46:09
2025-04-02 12:27:55
2025-04-02 12:13:43
2025-04-02 12:00:00
2025-04-02 11:50:40
2025-04-02 10:49:00
2025-04-02 10:20:54
2025-04-02 09:21:01
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 07:00:00
2025-04-02 06:00:00
2025-04-02 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |