• Өнөөдөр 2024-05-01

ДОМГИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ҮР ТАРИГЧ Ж.ОТГОНБАЯР БАГШ

2024-04-03,   1593

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Б байранд тэр сууна. Тэр гэдэг нь оюутан, сурагч, багш нартаа О багш хэмээн хүндлэгддэг МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн багш Ж.Отгонбаяр. Багшийн сургуулийн босгыг давж, номыг нь сонсож байгаа оюутнууддаа хайш яйш хувцаслаж харагдсан удаагүй. Харин ч ажил, амралтын өдөргүй албаны хувцас, костюм, зангиагаар “гангарах” Ж.Отгонбаяр багштай МУБИС-ийн тэр л хичээлийн байранд нь нүүр дүүрэн инээмсэглэл тодруулчихаад ном сугавчилж явахтай нь таарах олон. Хичээлийн бус цагаар хэдхэн минутын өмнө лекц уншиж, хичээл хийлгэж байсан шавь нартайгаа зэрэгцээд оюутны гуанзанд хооллож, басхүү яриан дундаа тоглоом хийж, ёжилж суугаа нь харагддаг. Гэхдээ хичээлийн цагаар тэр оюутнуудын дунд орж, тоглоом хийж суугаа “дүр” ерөөс үгүй болдог. Гагц хүний олон хүүхдэд өөрийн мэдэхээ аль чадахаараа хэлж, ойлгуулах гэсэн огт өмнөө нэгэн багшийн “дүр” гарч ирнэ...

-УДАМ ДАМЖСАН СЭХЭЭТЭН-

Ж.Отгонбаяр багш Дундговь аймгийн Хулд суманд төрсөн. Малчин айлд төрсөн ч багаасаа номын дуу сонсож, амьдралынхаа дийлэнх хугацааг нийгэм, соёл, хүмүүнлэгийн салбарт зориулж яваа түүнийг удам дамжсан сэхээтэн гэдгийг сонссон хүн цөөн болов уу. Түүний аав Жамъян нь Дундговь аймгийн Луус сум, тус сумын сургуулийг байгуулалцаж, сургуулийн багшаас эхлээд захирал хүртэл нь ажилласан нутаг усандаа нэр хүндтэй том сэхээтэн байж. Иймийн ч учир Ж.Отгонбаяр багш бага ахуй наснаасаа ном, соёл, боловсролын салбартай ойр өсөж, багшийн мэргэжлийн үнэ цэнийг эртээс таньж мэдсэн ч байж мэднэ.

                           О багш оюутан, шавь нартаа “Бурхан хүнийг бүтээсэн байж магадгүй. Бусдыг нь багш бүтээсэн” гэдэг. Бурхан хүнийг бүтээсэн домгоос эхлээд нийгэм, түүх, соёлыг бүтээж, байгуулсан нарийн мэргэшлийнхэн, бүр барилгачин, жолоочийн эрдэм, боловсрол ч багшаас эхтэй гэдэг санаа. Багшлах арга зүйн хувьд ч яггүй хийгээд энэ салбартаа олонд хүндлэгдсэн тэрбээр “Материаллаг баялаг элэгдэж, хорогдож дуусна шүү дээ. Харин оюуны баялаг хэрэглэх тусам арвиждаг эд. Надад ганц санаа байвал би түүнийгээ нэг хүнд хэлж улмаар өнөө санаа маань хоёр санаа болж хувирна. Тэгэхээр би нэг удаагийн лекцээрээ 30 өөр санаа үйлдвэрлэж байна гэсэн үг” хэмээн ярьсан юм. Хичээлд нь сууж байгаа, сууж байсан оюутнуудынх нь ч хэлдгээр “Ж.Отгонбаяр багшийн хичээлд суух нэг л өөр, сайхан байдаг. “Яагаад” гэсэн асуултдаа ямар ч хариулт авсан баярлаж, хэний ч хэлсэн санааг ухаж, бусдаар нь тайлбарлуулж ойлгуулдаг багшлах чадварын хувьд гоё багш шиг санагддаг” гэдэг. Ирээдүйг түүчээлэх оюутан залууст мэддэг, чаддагаа хуваалцах хүсэлдээ хөтлөгдөж, хамтран ажиллагсдадаа, шавь нартаа хүндлэгдсэн түүнээс багшийн мэргэжил гэж юу болохыг ч харж болох шиг санагддаг. Магад түүний “Багш бүтээсэн” гэж хэлдэг нь ч Ж.Отгонбаяр багш мэргэжлийнхээ үнэ цэнийг хэр ойлгож, тэр үнэ цэндээ хүрэх гэж хэр урт замыг туулж яваагийнх нь “танилцуулга” ч байж мэднэ.

-УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДОЖ, ТӨР ТҮШИЛЦСЭН ТҮҮХ-

Монголын философи, соёл, хүмүүнлэгийн салбарын томоохон төлөөлөгчдийн нэг, орчуулагч Ж.Отгонбаяр багшийн хэн бүрд хэрэг болгож яриад байдаггүй түүхийн нэг нь УИХ-ын гишүүн болсон нь. Тухайлбал, тэрбээр 1990-ээд оны эхээр дээд боловсрол эзэмшээд удаагүй байхдаа буюу 26 настай идэр залуу байхдаа цэргийн алба хааж ирчихээд төрж, өссөн Дундговь аймагтаа Боловсролын хэлтсийн даргаар ажиллаж эхэлжээ. Харин тухайн үед нь Монголын төр, нийгэмд өөрчлөлт, шинэчлэлт эхлэхэд залуу сэхээтний хувиар өндөр хувь нэмэр оруулсан түүхтэй. Ардчилсан хувьсгал гараад удаагүй төр, нийгэм үймж байхад Ж.Отгонбаяр залуу сэхээтэн, багшийн хувиар тэр өөрчлөлт, шинэчлэлтэд оролцож, Дундговь аймаг дахь Монголын ардчилсан холбоог байгуулалцсан байдаг. Нэг намын системийг халж, олон намын тогтолцоотой болох шинэчлэлтэд өөрийн хувь нэмрээ оруулсан тухайн үеийн өндөр боловсрол эзэмшсэн залуухан сэхээтнүүдийн нэг Ж.Отгонбаяр багш ТББХ болон БОХБХ-д ажиллажээ. Улмаар 1996 оны УИХ-ын сонгуульд төрж өссөн нутагтаа өрсөлдөж, 51 хувийн санал авч, 1996-2000 оны парламентын гишүүн болж байсан юм.

                         Залуу сэхээтэн Ж.Отгонбаярын Ардчилсан хувьсгал гарснаас хойших Монголын нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтэд хувь нэмэр оруулсан явдал дээр дурдсанаар зогссонгүй. УИХ-ын гишүүн болсноосоо хойш Ашигт малтмалын тухай хууль, Уул уурхайн тухай хууль зэрэг Монголын ирээдүйг бүтээсэн, эх оронд маань томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжих эхлэл болсон хуулийн төслүүдийг хамтран өргөн барьж, батлуулсан байдаг. Гэхдээ дөрөвхөн жил үргэлжилсэн түүний улс төрийн замналыг гайхсан улс “Отгонбаяр аа, чи улстөрч байхаа болих юм уу. Улс төрөө хаяж байгаа юм уу” гэхчлэн асуудаг гэдэг. Парламентын гишүүн байсныг ч сонссон цөөн оюутан “Багш одоо тэгээд баяжчихаагүй юм уу. Яагаад багшилж байгаа юм бол” зэргээр нэгэндээ ярих нь олон. Харин Ж.Отгонбаяр багшийн улс төрд орж, парламентын гишүүн болсны ганц зорилго нь “Дундговь аймгаа цахилгаан станцтай болгох юм сан гэж бодож явсан” тухайгаа надад хэлсэн юм. Жилийн ердөө 30 тэрбум төгрөгийн улсын төсөвтэй тэр үед төрж өссөн нутгаа эрчим хүчинд холбуулчих сан гэх санаагаа биелүүлж, орон нутгийн төсөвтөө төсөл буулгаад парламентын гишүүнээсээ буусан гэдэг.

-МОНГОЛЫН ФИЛОСОФИД ШИНЭ САЛХИ АВЧИРСАН НЬ БУЮУ ДОМГИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ “СОФИЛО” ЦУВРАЛ-

МУБИС-ийн захирал асан, доктор Д.Мандах түүний талаар “Монголын эдүгээ цагийн философи, соёл, хүмүүнлэгийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн нэрт орчуулагч” хэмээн тодотгож, “Философид том хувь нэмэр оруулахын сацуу төр түшилцэж явсаар Ж.Отгонбаяр багшаар хичээл заалгаж байгаа нь манай оюутнуудын зол” хэмээн дурдсан байдаг. Гэхдээ түүнийг мэдэх хүмүүс О багш өөрийгөө “Философич” гэж хэлүүлэхэд дургүйг бага сага гадарладаг биз. Харин тэрбээр өөрийгөө философич гэхээс илүүтэй “Би философийг тайлбарлах гэж оролдож байгаа хүн” гэхийг сонссон нь олон байх. Гэсэн ч Ж.Отгонбаяр багш Монголын философи, сэтгэлгээний талд өөрийн хэлдэг “тайлбарлах”-аасаа илүү том хувь нэмэр оруулж яваа нэгэн юм.

 

                               Монголд Ардчилсан хувьсгал гарахаас эхлээд нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтэд өөрийн хувь нэмрээ оруулж, парламентын гишүүнээр ч сонгогдож явсан Ж.Отгонбаяр багшийн хүсэл нь ирээдүйг бүтээх хүмүүст, оюутан залууст өөрийн сонссон, мэдсэнээ аль чадахаараа зааж, өвлүүлэх байж. Тэрбээр эл хүслээ ч биелүүлж, амьдралынхаа дийлэнх хугацааг МУБИС-ийн хичээлийн байранд өнгөрөөсөн. Бас өөр нэгэн чинхүү хүсэл байсан нь Монголын философи, сэтгэлгээний салбарт хүн бүрийн, сэтгэгч бүрийн мэддэггүй, санадаггүй ч заавал харж, санах явах ёстой нэгэн төрлийг оруулж ирж, шинэ салхи эхлүүлсэн нь домгийн сэтгэлгээ. Ж.Отгонбаяр багш бага ахуй наснаасаа ном, уран зохиолтой ойр өссөн бөгөөд басхүү философи, сэтгэлгээний номнууд ч уншдаг байж. Харин гадаад хэл сурч, өөрийн хүссэнээ гаднаас уншдаг болсноор О багшийн өөрийн уншиж, судалснаа бусдад “таниулах” гэсэн зорилгын эхлэл болжээ. Тэрбээр парламентын гишүүнээ байхаа больж, МУБИС-ийн багшаар ажиллахдаа домгийн сэтгэлгээний номнууд орчуулж эхэлсэн байна. Эхэн үедээ “Домгийн логик”, “Бүтцийн антропологи”, “Балар эртний соёл”, “Онгон шүтлэг ба хорио цээр”, “Алтан гишүү” зэрэг дэлхийн философи, домгийн сэтгэлгээний сод төлөөлөх болсон сэтгэгчдийн номыг орчуулж, Монголын уншигчдад хүргэсэн нь манай сэтгэлгээний салбарт оруулж ирсэн шинэ салхи байв. Улмаар Ж.Отгонбаяр багш домгийн сэтгэлгээний “Софило” цувралаа эхлүүлсэн бөгөөд “Хүний тухай философи”-оор эхэлсэн уг цуврал өдгөө “Миклухо-Маклайн аялал”, “Бэлэг солилцоо”, “Сизифийн тухай домог”, “Балар эртний хүний оюун ухаан”, “Адамаас өмнө”, “Философийн хүн судлал”, “Домог зүйн сэтгэлгээ”, “Биехүний тухай философи үзэл”, “Домог зүйн хүн судлал” гэсэн 10 боть болон мэндэлсэн. Философийн тэр дундаа домгийн сэтгэлгээний 10 боть орчуулна гэдэг хэр баргийн хүний хийх ажил биш. Харин О багш тэр бүрийн сэтгэгч, философич орчуулагчаас хэтийдсэн цуврал бүтээл дэлгэчихээд “Би философи тайлбарлахыг оролдож байгаа юм аа” гээд инээвхийлэн сууж байдаг түүний мөрөөдөл “Миний зүгээс Монгол Улсдаа, залуу үеийнхэндээ зориулж байгаа чадал минь энэ. Харин “Софило” цувралыг маань дараагийн үе, залуус муулахдаа муулж, шүүмжлэхдээ шүүмжилж яаж ийгээд өвлөж авч үлдээд, үргэлжлүүлээсэй гэж хүсдэг” хэмээсэн юм.

“Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэдэг. Үүнтэй адил домгийн сэтгэлгээ, балар эртний хүмүүсийн оюун санаа, хүний тухай сэтгэлгээ философийн салбарт ямагт том туг байсаар ирсэн гэдэг. Харин “өнгөрсөн” ч гэж болох домгийн сэтгэлгээний үндсийг Монголын философийн “хөрсөнд” тарьж байгаа Ж.Отгонбаяр багш хуучин цагийн идеалист сэтгэлгээгээр шинэ цагийн сэтгэлгээний ирээдүйг бүтээж байгаа билээ.

                    Тэр хэзээд шинийг эрэлхийлэгч, шинэ салхийг оруулж ирэгч, гэтэлгэгч байсан. Ирээдүйд ч Монголын сэтгэлгээний, хүмүүнлэг, боловсролын салбарт гэрэл гэрэлтүүлж, гэгээ гаргагч байх болно гэж итгэдэг.

 


ДОМГИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ҮР ТАРИГЧ Ж.ОТГОНБАЯР БАГШ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-13 23:32:34
    Шавь: Хүнд санаанаас гардаггүй сайхан түүхүүд, сайхан хүн гэж байдаг тэр нь та байжээ багш минь.Үргэлж танаараа бахархаж суралцсаар байх болноо.Нэг тийм нөмөр нөөлөг мэдрүүлж байдагт талархаж байна.Ихийг хийж бүтээн туурвиж яваарай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-12 18:43:17
    Д.Сугаржав: Үеэл дүүгийнхээ эрдэм номын ажилд улам их амжилт хүсье.Уншаад ,судлаад ,орчуулаад байхаар улам л мэдэхгүй сонирхолтой зүйлстэй тулгарнадаа.Эрдэмд оройгүй,эрэлд хязгааргүйгэдэгдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-12 13:12:05
    Н.Туул: Үеэлдээ ажилд нь амжилт амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-06 11:08:15
    Мөнхбаяр: Тиймээ сайхан хүн байдаг нэг тийм дулаахан, мэдрэмжтэй, хүнлэг, нэг их тааралддаггүй хэрнээ нээх олон жил хамт байсан юм шиг ......Багшдаа эрүүл энх , сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-04 03:03:01
    Наурыз: Мундаг багш шүү ажлын амжилт хүсье !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-04 01:38:46
    Michidmaa: Mundag bagsh shu hvndelj yavdag bagsh mini
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-03 20:56:58
    4-2: Мундаг багш шүүдээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188