• Өнөөдөр 2024-05-04

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ХӨЛ БӨМБӨГЧ Н.НАМУУНАА: “Алтан бөмбөг” наадмын шилдэг эмэгтэй тоглогчоор шалгарсандаа баяртай байна

2023-02-10,   820

        Шилдэг хөл бөмбөгч шалгаруулах “Алтан бөмбөг” наадмын шилдэг эмэгтэй тоглогчоор шалгарсан үндэсний шигшээ багийн тамирчин, Storm клубийн довтлогч Н.Намуунаатай ярилцлаа.

-Алтан бөмбөг наадмын шилдэг эмэгтэй тоглогчоор шалгарсан танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                -Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэндээ үнэхээр баяртай байна. Мэдэрч байгаа сэтгэл хөдлөлөө үгээр илэрхийлж, хэмжих боломжгүй юм шиг санагдаж байна. Намайг дэмжиж, тусалдаг Storm клубийн хамт олон, багийнхандаа талархаж явдгаа хэлмээр байна. Мөн намайг энэ спортод хөтөлж оруулсан Дархан-Уул аймгийн дасгалжуулагч С.Жаргалсайхан багшдаа баярлалаа.

-Хэдэн настайгаасаа тус спортоор хичээллэж эхэлсэн бэ. Хөл бөмбөгийн юу нь сонирхолтой санагдсан юм бэ?

                -Аав минь  хөл бөмбөг тоглодог охидыг их сайшаадаг байсан юм. Тэгээд ааваасаа “Сайн байна” гэх үгийг сонсохын тулд анх хөвгүүдтэй нийлж хөл бөмбөг тоглож эхэлсэн. Гэхдээ төсөөлөөгүй зүйл болсон нь миний хөл бөмбөг тоглож байгаа нь аавд минь таалагдаагүй. Надад “Хичээлээ хий” гэж хэлсэн тэр үед “Бусад охид тоглож болж байхад би яагаад болохгүй юм” гэж бодсон ч хөвгүүдтэй хөл бөмбөг тоглосоор л байсан. Дараа нь С.Жаргалсайхан багштайгаа танилцаж, бэлтгэлд нь явдаг болсон. Бэлтгэлийнхээ ганц охин нь байсан даа. Багштайгаа нийлж Дарханд охидын хөл бөмбөгийн баг бүрдүүлж эхэлсэн. Тэр хугацаанд шантармаар зүйл олон ч тохисон доо. Ааваасаа “Сайн байна” гэдэг үг сонсохыг тулд анх тоглож эхэлсэн ч одоо бол багшаасаа “Сайн байна” гэдэг үг сонсохыг хүлээдэг болсон. Улаанбаатар хотод 14 настайдаа ирж  өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан юм. тус тэмцээнээс медаль хүртэж чадаагүй учраас дараагийн удаа заавал амжилт гаргана гэж өөртөө амласан. Тэр бодлоос эхлээд хөл бөмбөгт дуртай болсон байх.

Хөл бөмбөг үнэхээр гайхалтай спорт. Энэ спортоос хүнтэй зөв харилцах, хүндлэл, багаар ажиллах чадвар, тэсвэр хатуужил гээд энгийн хэр нь хүнд заавал бах хэрэгтэй чадваруудыг суралцсан. Спорт намайг хүмүүжүүлсэн. Тамирчид хожигдож байж хожлын амтыг мэдэрдэг юм шиг санагддаг.

-Анхны багийнхаа талаар ярихгүй юу. Одоо харьяалагдаж байгаа “Storm” клуб нь байгуулагдаад удаагүй юм билээ.

                -Анх Дархан-Уул аймгийн багаас тамирчны гараагаа эхэлсэн.  Storm  клубийн хувьд энэ жилийн дөрөвдүгээр сард байгуулагдсаны нэг жилийн ойгоо хийнэ. Байгуулагдсаныхаа дараа удалгүй эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн лигийн аварга болж байлаа. Энэ жил ч мөн адил амжилтаа бататгахын төлөө хичээнэ.

-Талбай дээр гарч анхны тэмцээндээ орж байсан үеэ дурсахгүй юу?

            -2015 оны өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс анхны ялалтаа авч байсан. Шүгэл дуугарч, тоглолт эхлэх үед бэлтгэл дээрээ байгаа юм шиг тайван байхыг хичээсэн. Гэхдээ анхны тэмцээн учраас үнэхээр их сандарч, догдолж байсан аа санадаг. Анхны тэмцээнээс гадна үндэсний шигшээд багийн гишүүн болчхоод өөр улсын багтай тоглож, эхний гоолыг  хийж байсан үеийн мэдрэмж, одоо ч саяхан юм шиг санагддаг.

-Хөл бөмбөг эрчүүдийн спорт гэх нь элбэг байдаг шүү дээ. Эмэгтэй хөл бөмбөгч байх ямар байдаг вэ?

            -эрэгтэйчүүдийн дийлэнх хувьд хөл бөмбөг тоглодог, үзэх дуртай байдаг. Биеийн хүчний тоглолт их хийдэг учраас эмэгтэй хүнээс тэсвэр, тэвчээр шаарддаг. Тамирчин бүр бэлтгэл дээрээ яг л тэмцээн дээр байгаа юм шиг хичээж, зүтгэж, хөлс хүчээ гаргавал тэмцээн дээрээ илүү тайван тоглолт хийлдэг гэдгийг мэдэх байх. Заримдаа бэлтгэлийн үеэр үнэхээр шантармаар үе гардаг. Гэхдээ “Би заавал чадах ёстой” гээд нулимстай бэлтгэлээ үргэлжлүүлдэг.

-Мэргэжлийн тамирчин байхын хажуугаар өөр ажил хийдэг үү. Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

            -Хөл бөмбөгт бүх сэтгэлээ зориулж байгаа, өөр ажил хийдэггүй. Тоглолтой өдрөөсөө хамаараад долоо хоногт тогтмол бус хуваарьтайгаар бэлтгэлээ хийдэг. Нэг бэлтгэлд ихэвчлэн хоёр цагийг зарцуулдаг. Бидэнд цалин байхгүй учраас урсгал зардлаа өөрсдөө даах хэрэгтэй болдог. Давхар ажил хийдэг тамирчид цөөнгүй байгаа.

-Тэмцээний үеэр багийнхантайгаа тогтмол ярилцаж чадахгүй учраас нэгнийгээ мэдэрч тоглох чухал байдаг байх. Storm клуб анх байгуулагдсаны дараа энэ тал дээр асуудал үүсэж байв уу?

            -Багийнхантайгаа ойлголцож, уусах бол хамгийн чухал зүйл. Шинэхэн баг учраас нэгнийхээ тоглолтын мэдэрч чадахгүй үеүд эхэндээ олон тохиолдсон. Гэхдээ дараа дараагийн тоглолт, бэлтгэлийн хүчээр нэгэн уусаж, ойлголцдог болсон. Одоо бол бараг харцаараа нэгнийгээ ойлгодог болсон доо.

-Таны багтаа гүйцэтгэх үүрэг юу вэ?

            -Багт байгаа хүн бүр өөр өөрийн үүрэг, хариуцлагатай байдаг. Миний үүрэг бол багтаа гоол хийх боломжийг бүрдүүлэх болон гоол хийх довтлогчийн байрлалд тоглодог.

-Олон улсын тэмцээнд хэр оролцдог вэ. Бусад улсын тамирчидтай өрсөлдөх ямар байдаг вэ? 

                -Азийн аварга шалгаруулах урьдчилсан шатны тэмцээнүүдэд оролцож, өөр улсын багуудтай учраа тааран тоглож байсан. Дөрөвдүгээр сард болох олимпын урьдчилсан шатны тэмцээнд оролцохоор үндэсний шигшээ баг бэлтгэлдээ орсон байгаа. Чансаагаараа тэргүүлдэг олон улсын шигшээ багуудтай ногоон зүлгэн дээр өрсөлдөх нэр төрийн хэрэг байдаг. Шилдэг багуудтай өрсөлдөж байгаа учраас ур чадвар, туршлага гээд биднээс илүү зүйл олон байсан.

-Үндэсний шигшээ багийн тамирчин байна гэдэг том үүрэг хариуцлага байдаг уу. Хэдэн онд шигшээ багт нэгдэж бэ?

                - Мэдээж үндэсний шишээ багийн тамирчин байна гэдэг нэр төрийн хэрэг, эх орноо төлөөлж явж байн гэсэн үг шүү дээ. Маш том хариуцлага байдаг. Би анх 2018 онд үндэсний эмэгтэй шигшээ багийн байгуулагдахад нь дуудагдсан. Тухайн үед шигшээ баг байгуулагдаж байгааг мэдээд тухайн багт байхыг их хүссэн. Тэр утгаараа бэлтгэлээ илүү сайн хийсэн дээ.

-Тамирчдын хувьд бэртэл гэдэг хамгийн том асуудал байдаг шүү дээ. Та бэртэлтэй байх үедээ ч тоглолтод оролцож байсан үе цөөнгүй юм билээ. тэр үед өөрийгөө хэрхэн хурцалж, талбайд гарсан бэ?

                - Би хийнэ гэсэн зүйлээ заавал хийж байж санаа амардаг зантай. Бэртсэн ч гэсэн тэсээд тоглож байх үедээ хамтдаа тоглож байгаа багийнхныгаа хараад хүчтэй болдог. Дараа нь уйлж өнгөрүүлсэн хүнд бэлтгэлүүд бодогдож, “Ингэж бэртээд талбайгаас гарах гэж бэлтгэл хийгээгүй шүү дээ” гэж бодож, өөрийгөө дайчилдаг.

- Эмэгтэй шигшээ багийн анхны Умард Марианы Арлуудын эсрэг хийсэн тоглолтод манай улс оноогоор хоцорч байх үед та сэлгээгээр талбайд гарч ирээд, хоёр гоол оруулж багтаа ялалтыг авчирч байсан юм билээ.   Тухайн үед ямар мэдрэмж төрсөн бэ?

                -Тухайн үед шигшээ багийн дасгалжуулагчаар Ц.Ганболд багш ажиллаж байсан. Тоглолт эхлэхийн өмнө гарааны 11 тамирчны нэрийг зарласан ч миний нэр дунд байгаагүй учраас сэлгээнд суух болсон. Тэр үед “Би сайн хичээгээгүй юм байна” гэх бодол төрсөн. Тэгээд халаалт хийхээр талбай дээр гарах гэтэл багш мөрөн дээр гараа тавиад “Чи миний нууц хөзөр шүү” гэж хэлсэн. Тэр үед би хэрэв талбай дээр гарах юм бол заавал гоол оруулна гэж бодсон. Эхний үе дээр манайх 2:0 харьцаатайгаар хожигдож байсан. Тэр үед багш “Өрсөлдөгч багийнхаа хамгаалагч, хаалгачийг хараад юун дээр алдаж байгаагаа хараарай. Чи талбай дээр гараад өөрчлөх ёстой шүү” гэж хэлээд талбайд гаргасан даа. Тэгээд багшийнхаа даалгавар, өөрийнхөө зорилгыг биелүүлж багтаа оноо авчирсан. Тэр ялалтын үеийн мэдрэмж сэтгэл хөдлөл хамгийн гайхалтай, мартагдашгүй нь байдаг.

 


ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ХӨЛ БӨМБӨГЧ Н.НАМУУНАА: “Алтан бөмбөг” наадмын шилдэг эмэгтэй тоглогчоор шалгарсандаа баяртай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-13 21:40:25
    С.Жаргалсайхан : Хамгийн анх хөл бөмбөгт оруулсан хүн бол Од цогцолборын багш О.Хүрэлбаяр.Охидын аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах үед Хүрлээ багштай Од цогцолборын баг орж билээ.Тэр тэмцээнээс анхны Дарханы охидын шигшээ багаа бүрдүүлж байлаа.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188