• Өнөөдөр 2026-03-20

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР

2026-03-20,   67

СОГТУУ, ГАЛЗУУ МЭТ ШОРООН ЗАМААР ТООС МАНАРГАН ХУРДЛАХ ЮМ

    Говь үзээгүй суурин газар өссөн надад үлэг гүрвэлийн өлгий нутаг болсон өмнийн говийг үзэх боломж гарсанд баяртай явлаа. Төв аймгийг өнгөрөөд уулс намсаад жижиг дов толгод, намхан нүцгэн уулс, аараг толгод, уудам хөндий тал үргэлжлэх юм. Дундговь аймгийн төв Мандалговьд очлоо. Социализмын үеийн цөөн хэдэн барилгаас өөр хөгжил, цэцэглэлт гэхээр зүйл  энд огт алга. Харин Өмнөговь аймгийн төв Даланзадгад огт өөр юмаа. Орчин үеийн барилга, орон сууцнууд олонтой, бичил, жижиг хөөрхөн хот байлаа. Гэхдээ олон барилга, байгууламжаар нь тухайн аймгийн хөгжлийг дүгнэх нь буруу л даа. Иргэдийн амьдрал, эрүүл мэнд, ахуй амьдрал, ажил, хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогын түвшин, сэтгэл ханамж, аз жаргалын үзүүлэлтээр нь дүгнэж үзэх нь зөв болов уу.

   Сэврэй сумаас Гурвантэс сум орох 80 км шороон замаар сэгсчүүлэн явлаа. Хүнд даацын машинууд явсаар байгаад замыг нидрүүлэг шиг болгосон байна. Зөрж өнгөрөх машины тоосонд юу ч харагдахгүй юм. Тоосон дотроос гэнэт л машин гараад ирэх нь айдас төрүүлж байв. Юу ч харагдахгүй битүү цагаан тоосон дотор, ойр, холын ямарч гэрэл асаагаад нэмэр алга. Сохор аз, совин зөндөө найдахаас өөр сонголтгүй аж. Амьдрал, үхлийн заагийг замын цагаан тоос үнэхээр мэдүүлж байлаа. Ядахдаа өөдөөс ирж байгаа том, жижиг ямар ч машин хурд хэтрүүлэн нисэх мэт, ойж бууна давхих юм. Зуу гаруй километр цагийн хурдтайгаар яг л согтуу, галзуу мэт давхин зөрж өнгөрөх машинууд айдас, аюулын мэдрэмжийг улам бүр нэмэгдүүлнэ. Хурдтай давхих үед замын овон товон мэдрэгдэггүй, машины сэгсчээн багасдаг гээд л хурдалдаг юм байна. Шороон замаар, тоосон дунд үхлээс ч айхгүй, амиа золиослогч шиг, хурд хэтрүүлж давхих нь эрлэг, там рүү яаран довтлох үүд хаалгыг нээдэг бололтой.

ТӨСӨӨЛЛИЙН ГОВИО ХАЙГААД ОЛСОНГҮЙ

    Хотоос гараад 10 гаруй цаг яваад хүссэн газраа очлоо. Гурвантэс сумын төв боломжийн том юмаа. Хатуу хучилттай зам, гэрлэн дохио хүртэл байх юм. Би машинаас буугаад “Энэ говь мөн юм уу” гээд л өөрийн эрхгүй асуучихлаа. Хамт явсан хүмүүс намайг шоолж, “Мөн байлгүй яах вэ. Үүнээс өөр ямар говийг хүсээд байгаа юм” гэлээ. Би “Энд их элс алга, хайрга, чулуу, намхан нүцгэн  уул, хад, толгод ихтэй юм байна. Хангай юм биш үү. Эсвэл нөгөө “Хурган говь гэдэг нь энэ үү” гэсэнд тэд баахан шоолж, инээлдэв.  “Хөл дор чинь элс зөндөө байгаа биз дээ. Бүх говиуд ийм л байдаг шүү дээ” гэх юм. Харин би төсөөлөхдөө эцэс, төсгөлгүй уудам тал, элсэн манхан толгод байх юм бодсон. Үгүй ядахдаа манай нутгийн Хараа голын баруун эргийн дагуух Ширээ нурууны их элс, Алтанхундагын элсэн эрэг, ганга, жалга шигээр төсөөлж байв. Миний төсөөлөл зөрсөнд их гайхлаа.

ГУРВАНТЭСИЙН МОНГОЛ ЭЗЭНТЭЙ, ХЯТАД АЖИЛЧИДТАЙ УУРХАЙНУУД

   Гурвантэс сумаас нүүрсний уурхайнууд хүртэл 50 гаруй км шороон зам байх аж. Замын хажуугаар уулын чулуу, хайрганы карьерууд цөөнгүй. Хүнд даацын цагаан тоос татуулан галзуу мэт давхих уурхайн машинуудаас айж, болгоомжилж л явлаа. Гурвантэс сумын стратегийн чухал орд газарт “МАК”, “Эс Жи Эс”, “Хүрэн толгой коал майнинг”, “Өсөх зоос” болон тээвэрлэлтийн олон компани байна. Одоо “Алт-2” төсөл хөтөлбөрийн хүрээнд тус сумын Баясах багийн нутагт шинээр дөрвөн уурхай нээх гэж байгаа бололтой.

    Гурвантэс сумын малчид уурхайнуудаас болж, малын бэлчээр,  амьдрах орчингүй болж, нүүхээс өөр гарцгүй болжээ. Сумын уугуул иргэд сумандаа ая тухтай амьдрах боломж, улам бүр хумигдаж байгаа аж. Удахгүй ундны усгүй болж мэдэх аюул нүүрлэхээр байна. Тоосжилтоос болж малчид эрүүл мэндээрээ хохирч, малын бэлчээргүй болсон. Ургамал, ногоо ургахаа больж, ган гачигийн давтамж, олширсон гэлээ. Гоёот болон Тост багт цөөн хэдэн малчин айл үлдсэн байна. Баясах баг, Овоот чиглэлд малтай байх ямарч боломжгүй болж. Ус, горхи, булаг шанд ширгэсэн, малын бэлчээргүй болж, тоос шороонд ургамал ургахаа больжээ. Биднийг  очих үед “Эс Жи Эс” компанийн цэвэрлэх байгууламж нь бохир усаа ил урсгасан байдалтай, өмхий үнэр хавь ойр орчимд, хамар цоргин үнэртэж байв.

    Нүүрсний ил уурхай нь байгальд муу нөлөөтэй аж. Нүүрсний уурхайд хөрс хуулалтын дараа, нүүрсэнд агуулагдах пирит, төмрийн сульфид нь ус, агаар, хүчилтөрөгчтэй урвалд орж, хүхрийн хүчил үүсгэдэг аюултай юм байна. Уурхайн усыг шүүрүүлэх явцад уг хүрхрийн хүчил гадагшилдаг аж. Мөн уурхайн отвол дахь төмрийн сульфид ч борооны устай урвалд орон удаан хугацааны туршид, тасралтгүй хүхрийн хүчил үүсгэдэг гэнэ. Хүхрийн хүчил нь хөрс, гүний усанд нэвчин, улмаар урсгал болон тогтмол усныг хордуулан амьтан, ургамлыг мөхөлд хүргэх нөлөөтэй ажээ.

   Гурвантэс сумын уурхайн отвод, овоолго дээр хятад ажилчдын бүхэл бүтэн кемп бий болжээ. Уурхайнуудын эзэд нь Монгол хүн гэдэг ч яг үнэндээ хятадууд бүхний эзэн суужээ. Уурхайгаас Моринзаг, “Элбэг” дэлгүүр, улсын хил Шивээхүрэнгийн боомт хүртэл нүүрс ачсан машины тасралтгүй 20 гаруй км урт цуваа үргэлжилсэн байв. Тэмээн сүрэг зүүнээс баруун тал руу гарах гээд урт цувааг ширтэх нь уйтай мэдрэмж төрүүлнэ.

    Өнгөрсөн 2025 онд Хятад Улсын  нүүрсний олборлолт хамгийн дээд хэмжээнд буюу 4.8 тэрбум тоннд хүрсэн гэсэн мэдээ байна. Олон улсын Эрчим хүчний агентлаг болон бусад байгууллагын зарим судлаачдын үзэж буйгаар энэ 2026 онд Хятадын нүүрсний эрэлт болон олборлолт сул байна гэж үзжээ.

МЕТАН ХИЙ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ ЮМ БИШ ҮҮ

    Бид Моринзагаас цагаан гэгээ тасрах үед хөдөлсөн. Уурхайн замаар давхиж байтал замын хажууд гал асаж байлаа. Гайхан хартал газ бололтой “Мөнхийн галт бамбар” мэт дүрэлзэж байв. Уурхайн олборлолт, тээвэрлэлт, цагаан тоос, хог хаягдал, бохир ус, хятад ажилчдыг талаар бодож уйтгарлан явсан сэтгэл, хийн цооногийг хараад сэргээд явчихлаа. 

   Нүүрсний давхаргын метан хийг ашиглах “TMK Energy Pty Ltd”-ийн төслийг “Тэлмэн Ресурс” ХХК хэрэгжүүлж эхэлж байгаа юм байна. Метан хий Монголын ирээдүй юм биш үү. Монгол Улсаа ахуйн хий, газаар бүрэн хангах нөөц энд байгаа бололтой. Оросын хийн хоолойг нутаг дэвсгэр дээгүүрээ явуулах шаардлага бидэнд алга. Хятадын хилээс 20-30 км-ийн зайд метан хий илэрсэн нь үнэхээр гайхалтай. Хятад руу хий нийлүүлэх боломж байгаа юм биш үү.

   “TMK Energy” болон “Тэлмэн Ресурс” ХХК  компани анх удаа өдөрт 1000 метр, куб хий олборлож, өмнөх дээд амжилтаа ахиулсан байна. Ингэснээр "Гурвантэс XXXV" төслийн хийн гарц хоёрдугаар сарынхаас 100 хувиар өсжээ. Нийт олборлолтын 70 хувийг нь хамгийн сүүлд өрөмдсөн “Lucky Fox 07” цооног хангасан гэнэ. Тус цооног нь десорбцийн түвшинд буюу хийн урсгалыг дорвитой нэмэгдүүлэхэд шаардлагатай даралтын түвшинд хүрсэн анхны цооног болж байгаа нь чухал эргэлтийн цэг болжээ. Тус компанийн хувьд 2021 онд нүүрсний давхаргын метан хийн талбайд Ашигт малтмал, газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, өнөөдрийг хүртэл тасралтгүй хайгуул, туршилт судалгааны ажлыг хөгжүүлж байгаа юм байна.

АЛСЫН ЗЭРЭГЛЭЭНД  СҮҮМЭЛЗЭХ ААВЫН НУТАГ

    Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас Баянхонгор аймгийн Шинэжинст сумыг зорин хөдөллөө. Аавынхаа төрсөн нутаг руу аяны жолоо залах болсонд сэтгэл догдолж, бодол үсчиж байлаа.

    “Секэр ресорсус Монголиа” компани хатуу хучилттай зам тавихгүйгээр шороон замаар тээвэрлэлт хийж эхэлжээ. Тэр үед нь шороон замын тоосноос болж осол гарч гурван хүнд эндсэн аж. Тэгээд л Өмнөговь, Баянхонгор аймгийн нутгийн иргэд, малчид эсэргүүцэж, тээвэрлэлтийг зогсоосон байна. Иргэд хатуу хучилттай зам тавиад, тээвэрлэлт хий гэсэн шаардлага тавьжээ. “Секэр ресорсус Монголиа” компани нутгийн иргэдийн эсэргүүцлийг хүлээн авч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн боомтоос Баянхонгор аймгийн Шинэжинст сумын уурхай хүртэл 295 км урттай хатуу хучилттай зам тавихаар болжээ.  Зэвсэгт хүчний 110-р анги замын суурийн ажлаа эхлүүлсэн байлаа. Замын дагуу олон чулуу хайрганы карьерууд, замын ажилчдын кемпүүд байрласан байв.

    Алдуул морь шиг гүйгээд ирэхэд
    Аавын нутаг адуу шиг сайхан

    Нутгийн чулуудаа дэвтэж уяртал

    Нулимсаа нэрэх сархад шиг сайхан...

  Аавын нутгийн захад очиход нөгөө миний хүсэж, төсөөлөөд байсан жинхэнэ говь харагдлаа. Үнэхээр гайхамшигтай яг үлгэрийн мэт диваажинд ирчихсэн мэт сэтгэгдэл төрүүллээ. Аав маань хуучнаар Сайн ноён хан аймгийн Эрдэнэ бандид хутагтын шавийн хүн билээ. Одоогийн Жинст сумын говийн хүн. Далайн түвшнээс дээш 3957 метр өргөгдсөн мөнх цаст Их Богд уулын Тариатад аавын маань хүй цөгөлсөн газар бий. Ноён Богд, Сэгс цагаан Богд, Тариат, Нарийн харын нуруу, Хонгорын тал, Хүйс, Хөнөгийн хоолой, Тэвшийн хүрэн, Хавцгайтын хавцал, Жинст, Зүрх хайрхан зэрэг үзэсгэлэнт үржил шимт нутгаар аавынх нутагладаг байсан гэнэ лээ.

       Хослон цэнхэртэх хангай, говийн

       Хонгор нутаг, Хонгор нутаг минь ээ

       Хосгүй чамдаа хайртай...

   Аавын нутгийн элс нь шаргалтаж, алсын хязгаарт тэнгэр газрын савслагад хөх зэрэглээ дуниартаж байлаа. Загийн шугуй, тэмээн сүрэг, шаргал элс, үеэлзэх зэрэглээ говийн үзэсгэлэн төгөлдөр харагдуулах юм. Манайхан надаар тоглож, “Тэр цэлэлзэж байгаа нууран дээр очих уу” гэж наргиж явлаа. Тэнгэрт бүртийх ч үүл харагдахгүй. Томоос том улаан, шаргал наран говийг улам бүр гоёмсог болгон чимэх юм. Ертөнцийн хязгаарт, тэнгэрийн хаяанд ирчихсэн мэт, Ногоон цавийн элсэн дундах аараг толгод, үнэхээр ер бусын хэлбэр дүрстэй. Элсэн манханууд, говийн чимэг болсон заган шугуй, дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээн сүрэг гоё юмаа. Египетийн пирамид, цац суварга шиг, харь гариг, сарны гадаргуу ийм байдаг байхдаа гэсэн төсөөлөл төрнө. Цав хоолойнууд шаварлаг үе давхрагаас тогтсон байлаа. Бороо, салхи, хурц нар байгалийн ер бусын тогтоцтой толгодыг урладаг бололтой. Алсын зэрэглээнд дунд сүүмэлзэх аавын маань нутаг үнэхээр бишрээд барамгүй сайхан байлаа.

Баянхонгор Жинс сум 2025.3.16.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 


ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 08:36:16
    арай арай: Энэ сайхан нутгийг уурхайгаар яаж сүйтгэснийг харчихаад харамсах ч үгүй, бас газ гаргана ч гэх шиг. Нутгаа хамгаалах ганц ч үг хэлэхгүй, ийм юм бичээд ямар хэрэгтэй юм бээ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 08:36:12
    арай арай: Энэ сайхан нутгийг уурхайгаар яаж сүйтгэснийг харчихаад харамсах ч үгүй, бас газ гаргана ч гэх шиг. Нутгаа хамгаалах ганц ч үг хэлэхгүй, ийм юм бичээд ямар хэрэгтэй юм бээ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-20 08:35:40
    арай арай: Энэ сайхан нутгийг уурхайгаар яаж сүйтгэснийг харчихаад харамсах ч үгүй, бас газ гаргана ч гэх шиг. Нутгаа хамгаалах ганц ч үг хэлэхгүй, ийм юм бичээд ямар хэрэгтэй юм бээ?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188