• Өнөөдөр 2024-04-29

ГАЗАР ХӨДЛӨХӨӨС ХЭДХЭН ЦАГИЙН ӨМНӨ...

2023-08-11,   2701

УЛААНБААТАР

        Туркийн гурван хотын эгэл бус дүр, туркүүдийн хөмсгөө зангидсан, ер нь л бухимдуудуу төрх, хар зах дээрх наймаачин эрчүүд нь эелдэг сайхан ярьж байснаа яг юм худалдаад авахаар гараас мөнгө булааж, угзарч авдаг нь, эргэл мөргөлийн цаг нь эхлэхээр юу байгаа бүхнээ хаяад олбогоо дэвсээд залбираад суучихдаг нь, үүндээ тийн үнэнчээр ханддаг шигээ талх, гурилан бүтээгдэхүүнийг сайхан амттай хийдэг нь, таксины жолооч нар нь нэгнээсээ ялгах юмгүй огцом огцом хаазалж, түүн шигээ тормосоо гишгэлж, сандчиж, юунд ч юм бухимдаж, адгаж давхидаг нь гээд хүн зоных нь араншин, аж байдлын онцлогийг мартахгүйн тулд дурсан дурсан бодож байлаа, газар хөдлөхөөс хэдхэн цагийн өмнө.

     Юм бүхэн болж өнгөрснийхөө, нэгэнт дууссан хойноо эсвэл бүр хагацан одсоны дараа үнэ цэн нь мэдрэгддэг, тодордог, үгүйлэгддэг, зүрх сэтгэлд өөрийн орон зайгаа эзлэн, гэгээ дүүрэн дурсамж, эсвэл гуниг харуусал болдог нь ертөнцийн жам юм даа. Учир нь, Туркийн туурь мэт эртний хэв маягаа хадгалан буй хотуудаар аялж явахад юм бүхэн нь ерийн л нэгэн амьдрал, жирийн л нэгэн хот, улс санагдаж байсан билээ. Гэтэл одоо бол огт үгүй, ялангуяа Турк, Сирийн газар нутгийг дамнасан 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн гамшиг дэлхий нийтийг шимшрүүлж байгаа энэ үед тэндэхийн юм бүхэн гэгээн хийгээд баяр жаргал, инээд хөөр, бүрэн бүтэн, тэнүүн дүүрэн байсан бодогдоно... Сааралтан бүүдийж байдаг тэнгэрийн хаяаг нь шаргалтуулан жаргадаг наран шигээ хамгийн аядуу хүмүүс, амар амгалан газар орон хэмээн дурсагдана. Бүр бидэнтэй учирч таарсан, зарим хөмсгөө зангидсан бухимдуу хийгээд байгаа нь л тэр эрчүүд ч хамгийн эелдэг нэгэн байсан мэт шимшрүүлнэ.

     ...Хар дарсан зүүд мэт гашуун өдрүүд үргэлжилж байна аа. Нуранги, нурангин дундаас олдож буй нялх үрс, бэртэж, гэмтсэн хүмүүс, халуун ам бүлээрээ унтаагаараа, үрсээ энгэртээ тэвэрч хамгаалаад өөрсдөө хальж одогсдын дүрс бичлэгийг үзэх тусам зүрх сэтгэл минь түгшин оволзож, байж суух газраа олж ядан багтарч, аль нэг эд эрхтэн минь урагдан, хугарч байгаа юм шиг шархирч байна. Ердөө хэдхэн хоногийн өмнө тэр улсын, тэр хотын хүн зонын амьдрал хийгээд байшин барилга, худалдаа наймаа, гудамж талбайг сонирхон хэсүүчилж явсан минь намайг тэр хүмүүсийн харьяат нэгэн болгочихсон юм шиг, тэнд би хайртай бүхнээ үлдээсэн, аварч чадалгүй өнчирч үлдсэн турк эмэгтэй ч юм шиг санагдана...

Гэхдээ энэ гашуун өдрүүдийн тухай тэмдэглэхгүй, тэндэхийн сайн сайхны тухай дурсахгүй үлдэж болохгүй билээ

     ...Аяллын эхний өдөр бид Истанбулын онгоцны буудлаас Анталъя руу таксидсан юм. Таксины жолооч манай Билгүүнтэй туркээр ярьж, инээлдэх мөртлөө үе үе тун чухал царайлан хөмсгөө зад зангидаад, шунгинуулж гарна. Амарч, аялж, аяглахаар яваа бидэнд сарампай тэргэнд суусан мэт хурдтай давхих, тэгснээ огцом огцом тормос гишгэн савчуулах нь тун тохигүй. Жолоочийн байр байдлыг харахаар уурлаж, бухимдсан юмгүй боловч байгаа нь л нэг тийм адгуу. Чихрийн худалдаачин залуу, бэлэг дурсгалын төвийн ахимаг насны эр, бидэнд алчуур зарсан худалдагч ах гээд бүгдийнх нь дүр төрхийг кино зургийн хальс мэт эргүүлэн “гүйлгэж”, “үзлээ”. Аяллын туршид монголчууд шиг, ялангуяа монгол эрчүүд шиг амгалан төрхтэй эртэй бараг таараагүй билээ. Шашин, зан заншил, амьдралын хэв маягийн онцлогоосоо шалтгаалаад үндэстэн, ястан бүр өөр байдгийн жамаар тэдний байгаа нь л тэр. Тэр өдрүүдэд харсан тийм адгуу дүр зураг бол тэдний хамгийн амар амгалан төрх. Ингэж бодох тусам энэ өдрүүдийн өнчрөл хагацал, зовлон шаналал, цөхрөл арга барагдалтынх нь дүр төрхийг төсөөлөхөд бэрх, зүрх халшрам гачланд автан цурхирмаар давчидна. Нөгөөтээгүүр аяллын тэмдэглэлдээ оруулах гэж байсан дүрүүдээ би тэр өдрүүдийнхээр нь бичиж чадахгүй болчихоод сууж байна. Гэхдээ энэ гашуун өдрүүдийн тухай тэмдэглэхгүй, тэндэхийн сайн сайхны тухай дурсахгүй үлдэж болохгүй билээ.

АНТАЛЪЯ

        Тээр тэндээс, цэв цэнхэр тэнгэрийн хаяанаас тэмүүлэн тэмүүлэн ирэх давалгаа зүрхийг минь догдлуулан, шуугин цалгилсаар довтолгож байснаа өмнө ирээд санаа алдах мэт чимээ тасарна. Санаа алдах мэт болоод чимээ тасрах бүрд буй бүхэн минь давалгаа болно... Давалгаадыг ирэх тусам дүүрч, буцах бүрд хоосрон хоосрохыг яана.

        Бүхнийг мартах орон зай эрж явсан би тэр бүхнийг нэг бүрчлэн санан зураглаж, зураглах тусмаа өлмийд минь ирээд тамирдан унах давалгаа болно.

       Давалгаа чи юунд ингэтлээ санаа алдана вэ, юунд ингэтлээ тамирдан шанална вэ. Эрэг рүү тэмүүлэхээсээ өмнө туулсан бүхнээ энд ирэхээсээ өмнөх бүхнээ мартахыг хүссэн над шиг яарсандаа ийн тамираа барагдтал давалгаалсан хэрэг үү...

    Тэгээд мартагдах нь уу...

     Мартах, мартахыг хүсэх, мартахыг хичээх тусам мартагдахгүй байх...

     ...Хааяа хааяахан би их муухай зүүд зүүдлээд, дагжин чичирч, хашхиран уйлмаар болоод сэрдэг. Тэр зүүдийг зүүдэлж сэрсэн өдөр бүхэлдээ түгшүүр айдастай, сэтгэлийг минь хүнд юмаар дарчихсан юм шиг л өнгөрдөг. Мартахыг хэчнээн хүссэн ч огт мартагддаггүй зүйлсийн минь нэг бол энэ зүүд. Энэ өглөө би тэр зүүднээсээ сэрсэн.

         Ээж минь намайг үүрд орхиж байгаагаа хэлээд, эргэж ч харахгүй уйлаад яваад өгдөг юм, тэр зүүдэнд. Ийн хаях бүрд нь би уйлан уйлан, тарчлан тарчилсаар сэрнэ. Тэгээд зүүд байсанд нь баярлавч, зүрх битүү хөндүүр, цээжинд багтаж ядан оволзоно. Мэдээж бодит амьдрал дээр миний ээж намайг хаяад, эсвэл “Ээж чинь байхаа болилоо” гэж хэлээд явчихгүй л дээ. “Ийм муухай зүүд зүүдэллээ” гэж би ээждээ нэг ч удаа хэлж байсангүй. Хэрвээ хэлбэл, ээж минь намайг үнэрлээд “Хммм, яалаа гэж охиноо хаяад явах вэ” гээд ширэглэж ч мэднэ. Муухай зүүд зүүдэлсэн өдрөө би юм бүхнийг тайван, хамгийн сайнаараа хийхийг хичээж, ээжийг утсаар яривал урьд урьдынхаасаа илүү чих тавин сонсож, алив асуудал гарвал аль болох бүтээж өгөхийг, бүр ямар ч шалтгаангүйнгээр баярлуулахыг бодно. Гэхдээ л энэ муухай зүүдний айдас надаас салалгүй уддаг.

        ...Нэг удаа би ээжийгээ уйлуулж байсан. Ээж эрэгтэй дүүд амь. Гурван охиноосоо, ах дүүсээсээ, хэн бүхнээс, ер нь алдаа бүхнээс нь өмгөөлнө, хамгаална, хаацайлна. Хэрэг мандаасан 20 настыг “Ээж чамд юм хэлдэггүй юм бол би хэлээд өгье л дөө” гээд халуун тогооны залгуураар ороолгож байтал ээж ороод ирсэн. Нөгөөх ч надад зүгээр зогсоод зодуулна гэж байхгүй. Гэрээр нэг хөөсөн, хөөцөлдсөн, хашхирч орилсон хүмүүс байхыг ээж тэрүүхэндээ суугаад хараад л байсан. Тэгж байснаа хацрыг нь дагаад нулимс нь урсаад эхэлсэн. Халуун тогооны залгуураар зодох нь битгий хэл хатуу үг ч хэлж үзээгүй өсгөсөн охин нь дүүгээ элдэж хөөж байгаад ороолгохыг, хавийн хүнээс зөв, буруугүй өмөөрсөөр хэлээд ойлгохгүй болтлоо эрхийн тэнэг болчихсон хүүгээ хараад хэлэх үг олдохгүйдээ тийн уйлсан байх гэж би боддог юм. Ээжийн уйлах надад тэнгэр хөмөрчих шиг л санагдаж, орох байх газар олдохгүй, хэлээд тайтгаруулчих үг ч эвлэхгүй, давчдан олон хоног бодогдсон. Ээжийн тэрсхэн өссөн хүүхдүүдээ хоорондоо муудалцахаар “Ухаан дутахаар уур хүрдэг юм гэнэ билээ. Дутах ч ухаангүй амьтад биесээ зодож, нүддэг юм даа” гэдэг үг нь байн байн сонсогдоно. Тэр өдрийн явдлаас хойш ээжийгээ уйлуулснаас өөрөө зовж, өвдөж байсан минь, өөрөөр хэлж ойлгуулах арга олох нь хавь илүү хөнгөн, дээр гэж бодогдоно. Тийм учраас л “Дахиж уйлуулахгүй юм сан” гэх бодол минь зүүдэнд намайг тарчлааж, “Ухаан чинь дутах гээд байна шүү” гэж сэрэмжлүүлэн сануулдаг юм болов уу.

     Давалгаа цолгиун гэгч давалгаалан наашилсаар өмнөхөн минь санаа алдан чимээ тасарна...

    Давалгаа чи юунд ингэтлээ санаа алдана вэ, юунд ингэтлээ тамирдан шанална вэ. Эрэг рүү тэмүүлэхээсээ өмнө туулсан бүхнээ энд ирэхээсээ өмнөх бүхнээ мартахыг хүссэн над шиг яарсандаа ийн тамираа барагдтал давалгаалсан хэрэг үү...

     Тэгээд мартагдах нь уу...

      ...Тэр үргэлж л миний юу бодож, төсөөлж, мөрөөдөж байгааг тааж мэдэхийг хичээнэ, оролдоно, эрнэ. Өнгөрсөн 10 гаруй жилд ийн оролдоогүй нэг ч өдөр түүнд үгүй байх. Гэхдээ би “Надад хайртай болохоор хий хардаж, бас надаар дамшигладаг биз” хэмээн сэтгээд бараг тоодоггүй байлаа л даа, энэ занг нь. Гэтэл саяхны нэг өдөр ойр зуурыг ярин инээлдэж сууснаа гэнэтхэн өөрөө ч мэдэлгүй огтын танихгүй, төв царай гаргаад “Чиний сэтгэлийн хөг хаана алдарч, юугаар хөглөгдөж, юу бодож байгааг мэддэг болох юм сан. Тийм аппарат, техник хэрэгсэл зохиож болдог болов уу” гээд гүнзгий гэгч нь санаа алдчихаад, үргэлжлүүлэн инээвхийлсэн билээ...

      ...Хамт яваа хүмүүс бие биенийхээ зургийг дарж, зарим нь далайд сэлж, зарим нь тасралтгүй ирэх давалгаадаар хөлөө булхан инээлдэнэ. Тэд ч бас ийм зүйл боддог болов уу. Ялангуяа эрчүүдийнх нь хэн нэгэнд ядаж нэг удаа ч болов энэ бодол орж ирж байсан болов уу. Чанга чанга инээлдэх тэднээс жаахан алсхан зогсохын тулд бас намайг чиглэн ирэх давалгаадыг хүлээн авахын тулд би хэсэг алхлаа.

      Бидний буусан зочид буудлын орчимд хэдэн арваараа байсан цахлайн ижил сүрэг үү, эсвэл тэд ч юм уу эрэг орчмоор шунган шунгах нь их далайн үзэсгэлэнг улам нэмнэ. Тэд найзууд бүр магад найз бүсгүйчүүд байх аа, ийм уран, гоо нисэлдэж байгааг бодоход... Найз бүсгүйчүүд гэснээс зарим найз минь хаана, хэрхэн, юу хийж амьдарч байгаа бол.

Амьдралын аль нэгхэн нугачаа, он цагийн хамгийн гоё учрал тохиолд бид эргэн уулзах байх

       ...Нэг хөөрхөн найз маань найз залуутайгаа хөдөө амьдрахаар явлаа гэж яваад л сураг алдарсан. Сураг тасрахаасаа өмнө, танилцсанаасаа хойш бид салдаггүй байж билээ. Тэр байнга манайхаар ирнэ, эсвэл би очно. Бид нэг сургууль, тэр надаас нэг эгч. Завсарлагаан бүрээр уулзана. Ангиар нь шагайна, үүдэндээ хүлээнэ. Ээж надад юм авахдаа найзад маань нэмж авдаг болтлоо ижилдэж билээ. Айлын ихэр охид шиг л өссөн дөө. Тогоотой хоолоо өргөж дийлэхгүй хоёр талаас нь дамжилдаг, барьсан талхаа тэнцүү хуваагаад хоёр гэртээ дүү нартайгаа амтархан иддэг жаалууд байв шүү дээ. Нэг зун нагац эгчийнд маань хонь хариулж, үнээ сааж, Хараа голд шумбаж хамт зуссан сан. Үнээ сааж байгаад тугалд хөлөө гишгүүлээд, халцарч, шалбараад эдгэж өгөхгүй зовоосон хоёр хурууг минь даавуу цуулж байгаад л ороож өгдөг сөн. Ороож дуусангуут нь л өвдөхөө байчихыг нь яана. Би морь унах дуртай. Харин найз маань айдаг.

     Найзынхаа айдсыг гаргаж, морь унах ямар гоёыг мэдрүүлэх гэж зунжин хөтөлж алхсаар гэртээ буцах болоход найз минь моринд хайртай, салхи амсан давхидаг болсон байж билээ. Бид бие биенийхээ үсийг сүлжих их дуртай... Тэр маань охинтой болсон болов уу. Охинтой болсон бол үсийг нь самнах бүрдээ намайг дурсан санаж байх учиртай даа. Амьдралын аль нэгхэн нугачаа, он цагийн хамгийн гоё учрал тохиолд бид эргэн уулзах байх. Тэр үедээ биесээ хараад уйлах болов уу, эсвэл гирэвшин намжирдаад энгийн л танилууд шиг “Сайн уу...” гэх болов уу... Нэг сонин нь бараг 20-оод жил уулзаагүй хэрнээ зүрх сэтгэлд үлдсэн дурсамжууд минь биднийг үргэлжлүүлэн нөхөрлүүлдэг... Ер тэгээд найз гэдэг учрах, уулзах, хамт байхдаа биш, уулзахын мөрөөдөл, догдлолоор дүүрэн санан үгүйлж байхдаа улам бүр гагнагддаг ч байж мэднэ.

        Өөр нэг найз минь... өшөө зөндөө найз минь... Би дунд сургуульд байхын л “Хүнд өөрөөс нь өөр сайн найз байдаггүй” гэж боддог, түүнийгээ өдрийн тэмдэглэлдээ бичиж, өөртөө байнга сануулдаг хүүхэд байлаа. Одоо ч энэ бодол минь бат нот хэвээрээ. Хамгийн чухал нь хэн нэгэн надаас болж зовохыг, эсвэл яг өөрийнхөөрөө хайрлаж, хүндэлж байгаагийн минь төлөө цаг хугацааны аль нэгэнд надад өчүүхэн ч болтугай худал хуурмаг зан гаргах хийгээд барьцан атаархаж байгааг нь мэдрэх хамгийн муухай байдаг. Ийм зүйл мэдрэгдэх төдийд л бүх зүйл утгагүй болж, хамаг бие минь янгинан яг л нялх хүүхэд хаана нь өвдөөд байгаагаа хэлж чадахгүй уйлаад байдаг шиг болчихдог. Ийм шаналал цээжинд минь хэд хэдэн удаа шатан дүрэлзсэн болоод ч тэр үү, би нөхөрлөлд яг л гангар шаазанд хүрэх гэж буй мэт ханддаг. Тэгээд тэмдэглэлийн дэвтэртээ хэдэн зуун удаа хуулж бичсэн үгсээ санадаг. Тэгээд л бараг эдгэрдэг дээ. Тэд надтай урьдынхаараа инээж хөхөрч, зовлон жаргалаа ярьж л байдаг. Намайг ойр ойрхон уулзсангүй, уулзсан ч ууж, инээж хөгжилдөлгүй явчихлаа гэх нь олширч байгаад уулзалт, элдэв юмандаа дуудахаа больдог, ашгүй. Гэхдээ би бүгдийг нь уучилсаан, энд нисэлдэж байгаа цахлайд шиг элин халин сүрэглэн нисэж явсан гэгээн сайхан үе бидэнд бий шүү дээ.

      Давалгаа цолгиун гэгч давалгаалан наашилсаар өмнөхөн минь санаа алдан чимээ тасарна...

      ...Тэр урвалтыг үзэж чаддаггүй. Үзэж чаддаггүй шигээ өөрөө хэнээс ч урвахгүй, тун цөөхөн хүнтэй үнэнч нөхөрлөдөг юм шиг санагддаг. Хэн нэгэн урвахаар эсвэл худлаа ярихаар, хуурамч зан гаргахаар маш их шархалж, үнэн сэтгэлээсээ гомдохыг нь яана. Тийм атлаа бусдад “Аа, юунд нь тэгдэг юм. Иймхэн юм туулж чадахгүй байхдаа яадаг юм” гэж зөвлөнө. Тэр өөрөө хэнээс ч урвадаггүй шигээ хүмүүсийг ч бас тийм байгаасай гэж хүсдэг нь нялх хүүхдийн гэнэн цагаан, цэвэр ариун сэтгэл, хүсэл шиг. Юм бүхэнд ийн ханддаг нь надад таалагддаг гэх үү дээ. Урвахгүй амьдрахад маш их сэтгэлийн хат, бараг юм бүхнийг хэлтрүүлэн уучлах ухаан хэрэгтэй байх гэж надад бодогддог...

      Давалгаа цолгиун гэгч давалгаалан наашилсаар өмнөхөн минь санаа алдан чимээ тасарна...

    Давалгаа чи юунд ингэтлээ санаа алдана вэ, юунд ингэтлээ тамирдан шанална вэ. Эрэг рүү тэмүүлэхээсээ өмнө туулсан бүхнээ энд ирэхээсээ өмнөх бүхнээ мартахыг хүссэн над шиг яарсандаа ийн тамираа барагдтал давалгаалсан хэрэг үү...

     Тэгээд мартагдах нь уу...

    Хүмүүстэй далайн эргээр явахад нүдээ баясгаж, инээж, хөөрч гүйсээр таардаг бол энэ удаад ийн удтал зогсжээ...

ЖАРГАЛЫН ОРОН ПАМУККАЛЕ

          Туркээр аялах тухай сонссон даруйдаа интернэтээс хайж олсон газар бол Истанбул хотоос 662 км, Анкарагаас 479 км, Измир хотоос 236 км зайд оршдог, Денизли мужийн байгалийн үзэсгэлэнт, түүхийн дурсгалт Памуккале. Тийм ч болохоор тэнд л оччихвол хамаг хүсэл биелчих гэж байгаа юм шиг яарсаар Анталъяагаас Денизлид автобусаар хүрэв.

      ...Ахиад л их усан. Ус усдаа бүр цагаан хадан цохион дээрх цэв цэнхэр, тув тунгалаг ус. Эртний ромчуудын ариун ус хэмээн билэгдэж, хотоо дунд нь барьж, байгуулсан гэгддэг байнгын 36-38 градусын температурын рашаантай энэ газар жуулчдын хөл тасарна гэж байхгүй. Газар дундын тэнгисийн эрэгт давалгаанд хөлөө булхан зогссон бол энд хүсвэл халуун усанд зогсож, хөлөө амрааж, ер нь яаж ч болно. Жуулчдын зарим нь бүтэн биеэрээ усанд булхаж байхад цөөнгүй нь өмдөө өвдгөө хүртэл татаж байгаад цэнхэр усан дунд алхаж яваа харагдана. Ромын Аполлоны сүм хийдийг тойрон урсах халуун рашааныг эртний домогт “Энэхүү рашаанд орвол 10 насаар залуужих шидтэй” хэмээдэг байсан гэнэ. Миний хувьд ийш зүтгэсний өөр нэг утга учир нь 4000 жилийн настай эртний театр Хераполис. Гантиг чулуугаар хийсэн 26 эгнээ бүхий 12 мянган хүний суудалтай энэхүү театрын туурь бол хүн төрөлхтний гоо зүй, урлагийн мэдрэмж, таашаалын үүтгэл болсон ариун сүмүүдийн нэг юм. Ромын эзэн хаад Хадриан, Септимус Северус нарын үед баригдсан гайхамшигт ур хийц бүхий тус театрын тайзнаас дуу өсгөгчгүй дуулахад 12 мянган суудал бүрд ижил сонсогддог гэх. Хераполис оргил үедээ хэчнээн дуучин, хэдэн зуун жүжигчинд даль жигүүр ургуулан алдаршуулж, хэчнээн хүүхэд, залууст шинэ мөрөөдөл, хүсэл бэлэглэсэн бол...

      Цээж дүүрэн амьсгаа аваад, ханатал харж зогссон хэрнээ хараад л баймаар, зогсоод л баймаар энэ театр дэлхийн найман тэрбум хүний хэчнээнийг ийн өөртөө соронздон татдаг бол... Хүн төрөлхтний жаргалын нэгэн орон Памуккале.

ТЭНД ГАЗАР ХӨДӨЛСНИЙ ДАРААХ ЭНДЭХ БИ

      ...Газар хөдөлсөнд би буруутай ч юм шиг санагдана. Тэгж санагдах тусам амьсгал минь хүндрэн давчидна. Давчдах тусмаа шашиндаа үнэнч эрчүүд, эрчүүддээ үнэнч бүсгүйчүүд, дэндүү царайлаг хүүхэд, залуусын энэ тэмдэглэлийн эхэнд бичсэн шиг буй байдал нь л юунд ч юм яаран адгаад, бачимдан цухалдаад байх шиг төрх нь үзэгдэнэ. Үзэгдэх тусам нь буцсаны минь дараахан болсон газар хөдлөлтийн хойдох тэдний дүр төрхийг төсөөлөхөд ч бэрх байна. Бэрх юм бүхэн сэтгэлд дүүжлэгдэн, хааш нь хөдөлгөхгүй багалзуурддаг шүү дээ...

         ...Улирал нь тэгж таарсан болоод ч тэр үү хүйтэн устай шиврээ бороо байсхийгээд л орно. Өдөр ч, шөнө ч, өглөө ч шивэрсээр л байсан. Бороотой болоод ч тэр үү Истанбул тэр чигтээ нам гүм. Хуучин номын худалдаа, худалдааны төвүүд, тэдний хувьд амь амьдрал нь болсон эртний хэв маягаа гайхуулан сүндэрлэх сүмүүд, уулсыг хот болгосныг нь ядах юмгүй илтгэх хотгор, гүдгэр замууд, түүнийхээ эвийг олоод барьчихсан мянга мянган байшин барилгууд, олон хүний очихын хүслэнт Орхан Памукын гэр музей, орчлонгийн зөвхөн тэндээс л олох анхилам үнэрт талх, нарийн боовнууд, амттай гэж жигтэйхэн том том гүзээлзгэнүүд, эрчүүддээ зориулан оёдог, үйлдвэрлэдэг гоё цамцнууд, монголчуудынхаар бол томхон хундаганд хийсэн өтгөн цай гээд бидний хэдэн өдөр сониучирхан тэнэсэн Истанбулын эгэл жирийн гудамжууд, одоо ч ховсдон урьж буй дүр төрх, яагаад ч юм буй байдал нь л тэр чигээрээ хөнгөн гуниг сэвшээд байх шиг Туркийн тэнгэр... Тэнд газар хөдлөхөөс хэдхэн цагийн өмнө өөрсдийнхөөрөө л тэгш дүүрэн байсан бүхэн... Бас миний бичихээр зураглан бодож байсан дурсамж бүхэн одоо давалгаад шиг бүхнээ татсаан... “Чиний дотор юу бодогдож байдаг бол. Болдог бол бүгдийг нь олж мэдэх, мэдрэх юм сан” гэх хүсэл яг давалгаад шиг харахад үзэсгэлэнтэй их усан цэнгээд байгаа мэт боловч тийм гэхийн аргагүй анир чимээгүй, тэгтэл цэнгээд байгаа юмгүй гүн гүнзгий, баяр, гунигийн алинаа ч хуваалцан өмнөх шигээ цалгилахгүй, нэг л янзаар давалгаалан давалгаалан оршиход төрдөг юм болов уу гэж гэнэт бодогдлоо. Хэдхэн хоног зорчсон ч үүнээс хойш хэзээд хамт байх гайхамшигт дүнсгэр орон газар минь...

      ...Ахин Газар дундын тэнгисийн эрэгт хөл нүцгэн удтал зогсож, буцсанаас очих хүртэлх бүхнээ давалгаа болгон зогсох болно оо. Тэгж очиход миний ч, чиний ч энэ өдрүүдийн шарх аниагүй байхыг, тэнд зогсож байж л бид бие биедээ юүлэхийг мэдэрч байна аа, Турк минь.

    Тэгээд ч мартагдах болов уу...

                                                             2023.02.10

 


ГАЗАР ХӨДЛӨХӨӨС ХЭДХЭН ЦАГИЙН ӨМНӨ...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-13 23:33:35
    Бичих хэрэгтэй: Унших дуртай сэтгүүлчдийн нэг. Бичих нь цөөрөөд л байх юм. Зогсохгүй л байх хэрэгтэй дээ. Сайхан юм олныг бичих хэрэгтэй байна. Амжилт хүсье
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188