“Цантсан цонхны цаана
Нүцгэн модод
Цаг хугацаа бүгдийг ялжээ...” гэж тэр бичжээ. Ерөөс цаг хугацаа, намар, шар навчсын тухай найрагч, тэр дундаа эмэгтэй хүн л ингэж эмзэг нандин бичнэ дээ гэж бодогдом сайхан шүлгүүдтэй эмэгтэйтэй өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буюу энэ оны арваннэгдүгээр сарын 28-нд “Намур” номын нээлтээ хийхэд нь анх удаа уулзлаа. Номын хуудас эргүүлэхэд л санаа алдам, эсвэл бүр гэгэлзэн догдломоор, бодолд дарагдмаар, сэтгэл уясгасан олон сайхан шүлэгтэй юм. Үүнийг та бүхэн түүний “Намур” номыг дэлгэж гэмээнэ сая мэдэрнэ. Цастай өвлөөр урь лав би уйт намар, улбар шар навчсын тухай бодол тээж байсангүй. Гэтэл ойрдоо гадаа өвлийн улирал атал дотор намар айлчилчихаад, түүний сэтгэл хөндүүрлүүлэх атлаа сэргээн татах найргийн амтанд орсон өдрүүд хөвөрч байна. Тийм ээ, энэ бол Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн тэргүүлэгч гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Энхээгийн Пагмаа. Завхан аймгийн Идэр сумын уугуул энэ эмэгтэй өмнө нь “Мөрөөдөл-I”, “Бүсгүй цэцэг” гэх хоёр ч шүлгийн түүврээ хэвлүүлсэн байна.
Төрийн соёрхолтой, яруу найрагч Ц.Бавуудорж “Намур” номын өмнөтгөлд Э.Пагмаа найрагчийн тухай “...Тэнгэрийг уншиж, байгалийн нууц шивнээг чагнаархаж, дотоод аглагийнхаа цуурдах чимээг сонордож яваа шүлэгч тэгвэл энэхүү анагаан илааршуулагч эмийн найрлагад орсон нэгээхэн ургамал нь биш гэж үү хэмээн эрхэм дүүгээр бахаднам...” гээд шүлгийнх нь мөрүүдээс түүн задлан тайлбарласныг энд мөн онцолмоор байна. Ингээд түүний номын нээлтийн үеэр багахан яриа дэлгэснээ уншигч танд хүргэе.

-Юуны өмнө танд “Намур” хэмээх гурав дахь шүлгийн түүврээ хэвлүүлж, номын нээлтээ хийсэнд баяр хүргэе. Нэг улирлаар дагнан бичсэн нь сонирхол татлаа?
-Баярлалаа. Энэхүү түүвэрт маань 150 гаруй шүлэг байгаагаас 70-80 хувь нь намрын тухай шүлэг байгаа юм. Миний хувьд намрын улиралд дуртай, давамгай ер нь намрыг бичдэг учир номын нэрээ “Намур” гэж өгсөн. Энд мөн миний гол онцлохыг хүсэж нэгэн зүйл бол эх орны өнцөг булан бүрд шүлэг, найрагт хайртай залуус байгаа. Бид хаана амьдарч, хаана ажиллахаасаа үл хамааран амьдарч байгаа цаг хугацаандаа шүлэг, бүтээлээрээ хүмүүст нөлөөлөх юм сан, урам зориг өгөх юм сан гэж хичээдэг шүү гэх үүднээс 1000 километрын цаанаас их хотоо зорин ирж, номын нээлтээ хийж байгаа юм.
-Хэзээнээс шүлэг бичиж эхэлсэн бэ?
-Зургадугаар ангиасаа шүлэг бичиж, хүүхдийн “Хүрэл тулга” наадам, оюутан болоод ямар л яруу найргийн наадам болно, тэр бүхэнд оролцдог байлаа. 2007 онд анхны “Мөрөөдөл-I” шүлгийн түүврээ хэвлүүлсэн. Дараа нь 2012 онд “Бүсгүй цэцэг” номоо хэвлүүлсэн. 2019 онд харин Монголын зохиолчдын эвлэлийн Г.Сэр-Одын нэрэмжит шагнал хүртсэн.

-Сэдэв, санаагаа хэрхэн олдог вэ?
-Ерөнхийдөө сэдвийн хувьд чөлөөтэй, өөрт мэдрэгдсэн бүхнээ л бичдэг. Өөрийнхөө бүтээлүүдэд анализ хийгээд үзэх юм бол “Мөрөөдөл-I” номоо арван тав, зургаа настай байхдаа бичсэн болохоор хүүхдийн гэнэн, цагаахан мөрөөдөл, хайр дурлал, нутаг ус, аав, ээжийн тухай голлосон байдаг бол “Бүсгүй цэцэг” ном маань оюутан ахуйдаа бичсэн болохоор арай өөр уянгын, залуу бага насны үе. Харин “Намур” ном маань ажил дээр гараад, гэр бүлтэй болоод, гурван хүүхэд төрүүлсэн хойно гаргасан болохоор илүү цаг хугацаа, намар, орчлон ертөнцийн тухай эргэцүүлсэн, уншсан нэгэнд илүүтэй ухаарал өгөхөөр шүлгүүдээс багтсан. Намар өөрөө мөнх бус гэдгийг бидэнд сануулж байгаа он цаг юм шиг санагддаг. Цаг хугацаа өнгөрөх тусам урсгалд нь хүмүүс элэгдэн гандаж, яг л намрын навчис унаж байгаа мэт алга болдог гэсэн утга санаа шүлгүүдэд минь бий.
-Аль сургуулийг төгссөн юм бэ?
-Монгол Улсын Их Сургуулийн Урлаг судлалын ангийг 2013 онд төгссөн. 2021 онд урлаг судлалынхаа чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Мэргэжлээрээ орон нутагтаа арав гаруй жил ажиллаж байна.
-Таныг шүлэг бичихэд хөглөдөг гол зүйл юу байдаг вэ?
-Улирал. Тэр дундаа намрын улирал. Намар бараг өдөр бүр шүлэг бичдэг гэж хэлж болно. Намраас өвөл рүү улирал солигдох, өвлөөс хавар болоод нялх ногоо цухуйх гэхчлэн байгалийн өөрчлөлт, тэр дунд бий болж буй торгон агшнуудыг мэдэрч буулгахыг хичээдэг. Ер нь ихэнхдээ намрын тухай, цаг хугацааны тухай их бичдэг ээ.

-Албан ажилтай үе санаан зоргоор хүссэн үедээ бичих зав гардаггүй байх. Өдрийн аль хугацаанд илүү бичдэг вэ?
-Би 2012 онд “Бүсгүй цэцэг” номоо гаргаад, гэр бүлтэй болоод, хүүхэд төрүүлээд ном гаргахгүй их удсан. Хүмүүс ч шүлгээ бичээч, номоо хэвлүүлээч гэнэ. Энэ дунд өөрийгөө гээхгүй байх хамгийн том зүйл бол шүлэг. Эмэгтэй хүн энэ завгүй амьдралд юунаас илүү эрч хүч авч, юу хийхээрээ илүү жаргалтай болдог вэ, юунд дуртай вэ гэдгээ ойлгох хэрэгтэй юм шиг санагддаг. Энэ ч үүднээс шүлгээ орхихгүй бага багаар бичиж байсан. Тэгээд л ажлаа ч хийнэ, гэр бүлээ ч авч явна, үр хүүхдээ ч өсгөнө, шүлгээ ч бичнэ гэж зорьдог.
-Сайн, муу шүлэг гэдгийг тодорхойлж, дүгнэж их ярьдаг болжээ. Энэ байдлыг та шүлэг найраг бичдэг хүний хувьд хэрхэн хардаг вэ?
-Ер нь бол яруу найргийг шүүн тунгаана, хооронд нь уралдуулна гэдэг хэцүү л дээ. Тухайлбал, би өөрийнхөө мэдрэмжээр бичсэн шүлгээ энэ нь сайн, муу гэж ялгах аргагүй. Тэгэхээр тухайн хүний ойлгож, хүлээж өнцөг ямар байна гэдэг их чухал. Үнэхээр монгол хэлний утга найруулга, эх хэлний мөн чанарыг алдагдуулсан ч гэдэг юм уу, гутаан доромжилсан биш л бол тэр хүний оюуны үнэт зүйл. Монголын ард түмэн шиг наадам хийгээд уралдуулаад, “Болор цом”-ын эзнээ тодруулдаг үндэстэн ховор. Энэ бол нэг талаасаа эх хэлээ хайрлан хамгаалж байгаа нэг хэлбэр. Тэгэхээр эх хэл маань бүтэн, яруу тансгаараа хадгалагдаж хойч үедээ өвлүүлэх гэдэг асуудал хэдхэн яруу найрагчдын нуруун дээр явж байна. “ХХ зууны яруу найрагчдын бүтээлийг уншвал тэнд эх хэл минь бүтэн байгаа” гэж Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Болор цомын эзэн Ц.Бавуудорж ах хэлсэн байдаг. Үүн шиг хүн бүр мэдрэмжээ илэрхийлж шүлэг бичиж, номоо хэвлүүлж байна. Гэхдээ энэ дотор эх хэл үнэхээр бүтэн байх, цаашдаа хойч үедээ зөв уламжлуулж үлдээх гэдэг чухал. Нэг талаасаа яруу найрагчид маань их, бага гэхгүй өөр өөрийн үүргээ гүйцэтгээд явж байгаа. Нөгөө талаас сайн, муугийн тухай ярьж байна. Энэ бол хүний харах өнцөг. Хамгийн гол нь хүнд үнэлэгдэхээс илүү өөрийн мэдрэмжээ илэрхийлэх, бүтээл төрүүлэх, өмнөхөөсөө чансаатай бүтээл туурвихын тулд бичдэг байгаасай. Хэн нэгэнтэй битгий уралдаасай, өөрөө өөртөө ялагч байгаасай гэж боддог.

-Яруу найрагт хөтөлсөн, шүлэг, бүтээлийг нь харж өгдөг багш бий юү?
-Намайг сурагч байхад Завхан аймгийн Идэр сумын маань монгол хэл, уран зохиолын Л.Лхагважав багш маань байсан. Багш маань намайг шүлэг найрагт дурлуулж, бичсэн шүлгийг нэг бүрчлэн уншаад, задлал хийгээд, зөвлөж өгдөг байсан. Оюутан болж ирээд, Завханы зохиолчдоо дагаад шүлгээ бичээд, уншаад явдаг байсан. Энэ мэтчлэн багш, ах, эгч нараасаа заавар, зөвлөгөө, урмын үг авч байсан. Намайг дэмжиж хайрладаг, шүлгийг минь унших дуртай бүх хүнд энэ ташрамд талархаж байгаагаа илэрхийлмээр байна.
-Завханы утга зохиолын нэгдэл хэчнээн гишүүнтэй, хэрхэн үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Завханы утга зохиолын нэгдэл 70 жилийн түүхтэй байгууллага байдаг. Одоогоор 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, нэгдлийн тэргүүнээр яруу найрагч Б.Баяржавхлан ажилладаг. Тэргүүлэгч гишүүн гээд арав орчим гишүүн бий. Манай утга зохиолын нэгдэл аймгуудын утга зохиолын нэгдлүүд дотроо үйл гайгүй үйл ажиллагаатай. Орон нутгийн тогтсон наадамтай, гишүүдийнхээ номын баяр, Ерөнхий сайдын ивээл дор жил бүр болдог номын баярт ч манай утга зохиолын нэгдэл түүчээлэн орон нутагтаа зохион байгуулдаг. Мөн улс, бүсийн чанартай уралдаан, тэмцээнд ч мөн идэвхтэй оролцдог.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
***
Намар
Навчис дэрлээд
Цасан дор нам унтав
Нулимс болоод
Аньсган дор
Нуур болов
Эмзэгхэн юм даа
Эрх сэтгэл минь
Ижийдээ л очих гэж тэмүүлэх
Эрвээхэй нас минь
Энд ч бас төгсөөгүй л явна даа...
***
Чамд би цэцэг мэт дурлаад
Хагдрахаа эс мэдэн дэлгэрэв
Чамд би нар мэт дурлаад
Жаргахаа умартан гэрэлтэв
Навчис, навчсаа дэрлээд
Намар болсныг зураглав
Наддаа чи минь ирээд
Хайр ирснийг шивнэв
Ялдамхан инээмсэглэлүүд сэтгэлд минь тодроод удав
Яруухан үгс зүрхэнд минь хүрээд амилав
Яг ийм мөчүүдийг мөрөөдөж суусан шиг бодогдов
Янагхан минь би чамайг би л их удаан хүлээв
Галбирхан навчсууд уруулын минь хээтэй
Газарт унав
Ганганан зэллэсэн шувууд дурлалын түүхтэй
Тэнгэрт хургав
Чи минь
Нар үнэртүүлж
Надад ирсэн өглөө
Чи минь навчис дэлгэрүүлж
Надад ирсэн хавар аа...
***
Гуниг дүүрэн намрыг
Гарцаагүй үүрсэн
Том шар навч
Тойрмын усанд хөвнө
Хаврын эхэнд
Цэцэглэж явсан түүнээс
Мөнх бусын орчлонг
Гарцаагүй би танина
Ай намар аа
Ахиад чамтай учрахдаа гунихгүй гэж амлая.
Алаг энэ хорвоод
Амьдарч л явна гэдэг юутай их зол вэ...
***
Мод шиг бөхийхөд
Үр минь түшнэ
Навч шиг тасрахад
Үр минь үргэлжилнэ...
***
Цасны чимээ
Цантсан сормуус
Чиний хөөрхөн инээмсэглэл
Үл мэдэг ягаахан туяатай хацар
Үргэлж би үнсэхийг хүсдэг тийм л нандин
Өвөл...
| НАМАР БОЛООД НАВЧИСЫГ МЭДРЭГЧ ЭНХЭЭГИЙН ПАГМАА |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |