“Ковид-19” цар тахалтай холбоотой зарим асуудлаар АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, Монгол Улсын гавъяат багш, АУ-ны доктор, профессор, академич Г.Батбаатартай ярилцлаа.
-Коронавируст халдварын талаарх маш олон мэдээлэл цахим сүлжээгээр гарч байна. Тухайлбал, халдвар авсан иргэний дархлаа насан туршдаа сул болно, байнгын эмчилгээ хийлгэнэ гэх мэт. Тэгэхээр үнэн бодит мэдээлэл нь яг юу юм бэ гэдгээс яриагаа эхэлье?
-2019 оны арванхоёрдугаар сараас Хятадын Ухань хотод үл мэдэгдэх шалтгаанаар уушгины хатгалгаа, бусад эрхитэн тогтолцооны хямралын шалтгаанаар олон хүн нас барж эхэлсэн. Үүний шалтгааныг эрдэмтэд судалж Sars-Cov2 короно вирус болохыг тогтоож “Ковид-19” гэж нэрлэсэн. Дэлхий нийтээр “Ковид-19” халдварыг судалж, гуравдугаар сард ДЭМБ-аас цар тахал хэмээн зарласан. Үүсгэгч нь тодорхойгүй, олон хүнийг хамарсан, улс орнуудад зэрэг тархсан өвчнийг “Цар тахал” гэж нэрлэдэг. Коронавирус энэ халдварыг үүсгэж байна гэдгийг мэдсэн. Эхэн үедээ яаж оношилж, эмчлэх тухайд мэдээлэл маш бага байсан. Хүний биед халдвар дамжих замыг эрчимтэй судалж, 2020 оны дөрөв, тавдугаар сараас дэлхийн шинжлэх ухаан коронавирусийн тухай нэлээд мэдээлэлтэй болсон. Эмнэлзүйн судалгаагаар өндөр настай, уушгины архаг үрэвсэлтэй, зүрх судасны өвчтэй, хэт таргалалттай, чихрийн шижинтэй, эрэгтэй хүмүүст голчлон хүндрэл өгч байна гэдгийг эрдэмтэд тогтоосон. Тэгэхээр эрсдэлт бүлэг нь ойлгомжтой болчихлоо шүү дээ.
Халдвар авсан хүмүүсээ тогтоосныхоо дараа гэрт нь тусгаарла. Өвчлөл нь хүндрээгүй иргэд 10 хоногийн дараа аяндаа эдгэрнэ.
Манай улсын хувьд нэгэнт дотооддоо энэ вирусийн халдварыг алдчихсан. Хаанаас орж ирээд, яаж халдав гэдгийг одоогоор хэлэхэд хэцүү. Гурав, дөрөвдүгээр сард дэлхийн ихэнх улс орон паникт орсон. Тэр үеийг бодвол энэ өвчнөөс сэргийлэх, оношлох эмчлэх аргууд нь бий болчихлоо. Тэгэхээр одоо манай улс паникт ороод, сандраад байх нь утгагүй. Дэлхий нийтэд халдвар алдсаны дараа тархалтаас сэргийлэх хамгийн зөв арга бол хөл хорио гэдгийг тогтоочихсон.
Sars-Cov2 буюу “Ковид-19” нь Sars-1 халдварыг бодвол их хурдан тархдаг вирус. Өвчний нууц хугацаа 5.5 хоног. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн өнөөдөр халдвар авлаа гэж бодоход дунджаар 5-6 хоногийн дараа эмнэлзүйн шинж тэмдэг илэрч эхэлнэ гэсэн үг. Үүнийг бид нууц үе гэж нэрлээд байгаа. Хамгийн аюултай нь, эмнэлзүйн шинж тэмдэг илрэхээс өмнө 1-3 өдөрт халдвар тархах чадвар өндөр байна. Тэгэхээр халдвар авсан иргэдийг эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байхад нь олж аваад, тусгаарлах нь хамгийн чухал ажил болоод байна. Нэгэнт эмнэлзүй буюу клиникийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд оношийг нь баталгуужуулаад, эмчлэх асуудал яригдана.
Тэгвэл дэлхийн улс орнуудад коронавируст халдвар тархаж 1.4 сая хүн нас барсан гэх зэрэг тоон мэдээллийг харахад 80-85 хувь нь ямар нэгэн эмнэл зүйн шинж тэмдэггүй буюу хөнгөн хэлбэрээр өвчилдөг юм байна. Үүний 10-15 орчим хувьд клиникийн шинж тэмдэг илэрдэг. Энэ нь хуурай ханиалгах, цээжээр өвдөх, халуурах, булчингаар өвдөх гэх зэргээр илэрч байна. Шинж тэмдэг илэрсэн хүмүүс буюу өөрөөр хэлбэл, халдвар авсан 100 хүн байна гэж бодоход таван хувь нь нэлээд ноцтой гэж болохуйц хүндэрч, хоёр орчим хувь нь нас барж байна. Энэ хоёр хувь нь хэн бэ гэдгийг эрдэмтэд тогтоочихсон. Тэгэхээр энэ хүмүүсээ хамгаалах л хамгийн чухал болоод байна.
Өвчлөл нь хүндэрсэн хүмүүстээ онцгой анхаарч, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй бол халдвар авсан болгоныг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага байхгүй. Эмчилгээ хийж байна гээд үр ашиггүй менежмент явуулаад байна.
Биеийн байдал нь хүндэрсэн хүмүүс чухам юунаас болж нас бараад байгааг өнгөрсөн зургаа, долдугаар сард клиникийн судалгаагаар тодорхой болсон. Тодруулбал, үрэвсэлийн цитокин гэдэг уураг төст бодис нь дархлааны эсээс ялгардаг. Цитокины шуурга буюу асар эрчимтэй үрэвслийн урвал өрнөснөөр цусны бүлэгнэлтийн тогтолцооны зохицуулга хямарна. Тэгэхээр уушги, бөөр, зүрх гэх мэт амьдралын чухал эрхтэнд судсан доторх бүлэгнэлтийн эмгэг гэх хам шинж хүний биед ихээр үүсч, дээрх эрхтнүүдийн үйл ажиллагааг доголдуулж, үхэлд хүргээд байна гэдгийг тогтоосон. Ингэснээр эмчилгээ нь ойлгомжтой болсон гэсэн үг. Бүлэгнэлтийн эсрэг эмчилгээ хийж, үрэвслийг дарна. Энэ олон судалгааны дүнд коронавируст халдвар авсан иргэдийн нас баралтын тоо буурч эхэлсэн. Тэгэхээр хөл хорио гэдэг нь эрүүл хүмүүсийг халдвар авах вий гэдгээс сэргийлэхээсээ илүү халдвар авсан хүнийг цааш халдвараа тархаахгүй байх явдал юм. Хөл хорионы гол зорилго нь энэ. Улс орнууд энэ асуудалд өөр өөрөөр хандаж байна. Тухайлбал, манай улсад массийн илрүүлэг, шинжилгээ хийж байна. Энэ бол тийм ч тохиромжтой шийдэл биш байж болно. Япон Улсад өдөрт 1000-2000 иргэн халдвар авч байхад массийн илрүүлэг гэдэг зүйлийг хийхгүй байгаа. Тэгэх шаардлага байхгүй. Яагаад вэ гэхээр, халдвар авсан иргэдийн 80 гаруй хувь нь аяндаа эдгэрнэ. Тэгэхээр өвчлөл нь хүндэрсэн хүмүүстээ онцгой анхаарч, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй бол халдвар авсан болгоныг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага байхгүй. Эмчилгээ хийж байна гээд үр ашиггүй менежмент явуулаад байна.
Тухайн иргэнд ямар ч зовиур, эмнэлзүйн шинж тэмдэг байхгүй. Гэхдээ халдвар авчихсан. Ямар ч зовиур байхгүй байхад юуг нь эмчлэх юм. Тухайн иргэнийг халуураагүй байхад нь халууны эм өгөх нь утгагүй асуудал. Тэгэхээр халдвар авсан хүмүүсээ тогтоосныхоо дараа гэрт нь тусгаарла. Өвчлөл нь хүндрээгүй иргэд 10 хоногийн дараа аяндаа эдгэрнэ. Япон, Канад, Австрали зэрэг орны халдварт өвчнийг хянадаг байгууллагууд өнгөрсөн гурваас тавдугаар сард гаргасан зөвлөмжөө өөрчилсөн байна лээ. Яаж өөрчилсөн бэ гэхээр халдвар авсныг нь тогтоосон өдрөөс хойш ноцтой эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй бол 10 хоногийн дараа хөл хориог нь цуцал гэж. Тухайн иргэн халуурч байгаад халуун нь буувал 24 цагийн дараа хөл хориог нь цуцал гэж зөвлөмжиндөө дурдсан.
Манай улс өнөөдрийг хүртэл 21 хоног тусгаарлаж байна. Энэ бол үндэслэлгүй зүйл. Тодруулбал, цаад улсаас орж ирэхдээ коронавирусийн шинжилгээ өгөөд халдваргүй нь тогтоогдсон. Орж ирээд 72 цагийн дотор шинжилгээ өгөөд эрүүл гэдэг нь батлагдсан хүнийг яах гэж хорих юм. Тэгэхээр тухайн иргэнийг улсдаа ирэнгүүт нь өвчний нууц үе болох 5-6 хоногийн дараа ПГУ-ын шинжилгээ аваад хариу нь сөрөг гарсан иргэдийг шууд гэр лүү нь явуулах ёстой.
-Коронавирусийн илрүүлгийг түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч байна. Гэтэл энэ хоёр шинжилгээний хариу зөрүүтэй буюу түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан хэрнээ пи си ар шинжилгээгээр сөрөг гараад байгаа. Энэ юутай холбоотой вэ?
-Гурван төрлийн оношлуур бий. Нэгдүгээрт, вирусийн антиген тодорхойлдог хурдавчилсан тест. Энэ аргын мэдрэг болон өвөрмөц чанар нь тийм ч өндөр биш. Халдварын эхний 3-5 хоногийн дотор илрүүлж чадахгүй. Учир нь халдварын эхэн үед вирус үржиж олшроогүй учир халдварын эрт илрүүлгэнд ашиглах нь учир дутагдалтай. Тэгэхээр энэ оношлуурыг хэзээ ашиглах вэ гэдэг асуудал яригдана. Халдвар бүр өндөр тархсан үед болон өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төв зэрэг анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг төвүүдэд хэн нэгэн халуурсан, ханиалгасан, ковидын халдвар байж магадгүй гэж үзсэн тохиолдолд ашиглах ёстой.
Хоёрдугаарт, эсрэг биеийг тодорхойлдог мөн хурдавчилсан тест. Энэ нь биологийн шингэн, цус, цусан бүтээгдэхүүнд зэрэгт хийдэг оношлуур. Зарим судлаач халдвар авсан өдрөөс хойш 5-7 хоногийн дараа анхны эсрэг биет үүсч байгааг тогтоосон. Хүний биед таван төрлийн эсрэг биет байдаг. Үүнээс IgM, IgA долоо хоногийн дараа, IgG нь 10-аад хоногийн дараа үүсч байгаа. Эмнэлзүйн шинж тэмдэг илрэх үетэй зэрэгцэж энэ эсрэгбие үүсч, вирустэйгээ тэмцээд 7 хоногийн дараа устuаж байна гэсэн үг. IgG харьцангуй удаан хугацаагаар үүсч вирусийн халдвараас хамгаалах үүрэгтэй. Үүнийг дархлал гэж нэрлэдэг. Вакцин нь вирусийг устгаад байгаа эсрэгбиетийг үүсгэдэг эсийн үүслийг өдөөх, идэвхжүүлэх үндсэн үүрэгтэй.
Гурав дахь тест нь PCR. Энэ нь халдварын нэн эрт үед буюу эхний 1-2 хоногт мөн илрүүлж чадахгүй. Вирусийг тодорхой тоо хэмжээтэй болж, үржсэнийх нь дараа оношилдаг арга. Гэхдээ тухайн вирусийг хүний биед байна уу, үгүй юү гэдгийг тодорхойлдог хамгийн найдвартай арга. Энэ шинжилгээгээр өнөөдөр халдвар илэрлээ гэж бодоход багаар бодоход 2-3 хоногийн өмнө халдвар авсаныг илэрхийлнэ. Гэхдээ эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, хөнгөн явцтай хүнээс халдвар авснаас хойш 10-14 хоногийн дараа PCR шинжилгээгээр вирус илрэхгүй. Тэгэхээр өөр төрлийн оношлогооны аргууд байгаа учир хэзээ, яаж хэрэглэх вэ гэдэг тактик нь чухал.
Бид ХӨСҮТ-өөс бусад лабораториудын шинжилгээний үнэн зөв байдалд бага зэрэг санаа зовж байгаа. PCR шинжилгээ уургын бүтцийг маш бага хэмжээтэй байхад нь тодорхойлдог маш мэдрэг арга. Тиймээс сорьцоо буруу авах, буруу тээвэрлэх, сорьц бохирдох, мэргэжилтэний ур чадвар, оношлуурын мэдрэг чанар зэрэг зүйлээс шалтгаалан хуурамч сөрөг хариу гарахад нөлөөлдөг маш олон хүчин зүйлүүд байдаг. Энэ хүчин зүйлийг тэглэх ёстой юм. Нэг жишээ хэлэхэд, Дорноговь аймаг дахь АШУҮИС-ийн оюутны байранд байсан нэг оюутнаас түргэвчилсэн оношлуураар эерэг гарчээ. Тэгэхээр нь Замын-Үүдэд PCR шинжилгээ хийгээд мөн л эерэг гарсан байгаа юм. Шинжилгээг ХӨСҮТ рүү явуултал сөрөг гарсан. Мөн ХӨСҮТ-ийн эмчийн шинжилгээ эхлээд эерэг дараа сөрөг гарч байх жишээтэй. Энэ нь өөрсдийнхөө хийсэн шинжилгээнд итгэхгүй байна уу. Замын-Үүдэд яагаад эерэг хариу гарав. Сорьцоо зөв авч тээвэрлэсэн үү, бохирдсон юм биш байгаа, эсвэл оношлууртаа байна уу гэдгийг эцэслэх ёстой. Энэ олон давтан шинжилгээний цаана төсвийн мөнгө урсаж байгааг аль аль талдаа анхаарах ёстой.
-Та халдвар авсан иргэдийн 80 гаруй хувь нь аяндаа эдгэрнэ гэж дурдсан. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Хүний дархлаа тогтолцоо бол гайхамшигтай зүйл. Энэ бол байгаль дэлхий дээрх өвчин үүсгэдэг, үүсгэддэггүй янз бүрийн вирусийг маш хурдан таньж, биеэс зайлуулах, өвчин үүсгэх чадваргүй болгох зэрэг онцгой үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр халдвар авсан иргэдийн нэг хэсэгт шинж тэмдэг илрэхгүй байна. Ихэнх нь халдвар авснаа ч мэдэхгүй, өвчлөхгүй байна. Вирус биед орж ирмэгц дархлааны эс таньж, уургуудаа ялгаруулж, маш олон механизмаар устгаж, биеэс зайлуулж байна гэсэн үг. Коронавирусийн халдвар авсан иргэдийн 80 гаруй хувь нь маш хөнгөн хэлбэрээр өвчилдөг, эсхүл шинж тэмдэг илэрдэггүй гэдгийг тогтоосон. Харин миний өмнө хэлсэнчлэн эрсдэлт бүлгийн иргэд буюу өндөр настан, зүрх судасны өвчтэй, чихрийн шижинтэй, уушгины архаг үрэвсэлтэй болон эмнэлгийн ажилтан зэрэг иргэдийг вакцинд түрүүлж хамруулах хэрэгтэй. Залуу хүмүүсийг бол хамгийн сүүлд хамруулах хэрэгтэй. Яагаад гэвэл залуу хүмүүс коронавирусээр мэр сэр л өвчилж байна. Дархлаа сайтай гэсэн үг. Дээрээс нь ковидтой холбоотой хамгийн сүүлд гарсан өгүүллүүдийг харахад халдвар аваад эдгэрсэн маш цөөн хүнээс 21 дэх хоног дээр нь вирусийн РНХ илэрч байгааг тэмдэглэсэн байна. Коронавирусийн үлдэц гэсэн үг. Гэхдээ тэр нь бусдад халдварладаггүй, тухайн хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй гэж мэдээлсэн байна. Тэгэхээр бид 20, 21 дэх хоногт энэ үлдэц, уургыг тодорхойлчихоод халдвартай гээд байгаа юм биш биз дээ гэдгийг бодох л ёстой асуудал. Ерөнхийдөө өмнө хэлсэнчлэн халдвар авсан иргэдийн 80 гаруй хувь нь эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн өдрөөс 10 хоногийн дараа аяндаа эдгэрнэ. Харин 10 орчим хувийнх нь биеийн байдал хүндрээд байна. Тэгэхээр ямар хүн нь хүндрээд байна вэ гэдгийг тогтоогоод зөвхөн тэр хүмүүс рүүгээ л анхаарч, хүндрэхээс нь сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй. Түүнээс биш, өрх бүрийн нэг иргэнээс буюу массын шинжилгээ хийнэ гэдэг нь үргүй зардал юм.
PCR шинжилгээ уургын бүтцийг маш бага хэмжээтэй байхад нь тодорхойлдог маш мэдрэг арга. Тиймээс сорьцоо буруу авах, буруу тээвэрлэх, сорьц бохирдох, мэргэжилтэний ур чадвар, оношлуурын мэдрэг чанар зэрэг зүйлээс шалтгаалан хуурамч сөрөг хариу гарахад нөлөөлдөг маш олон хүчин зүйлүүд байдаг.
-Коронавирусийн эсрэг вакциныг дэлхийн зарим улс орнууд туршиж эхэлсэн. Тэгвэл манай улс гаднаас оношлуур, вакцин авах талаар ярьж, эрдэмтэн судлаачдаа дэмжихгүй байх шиг. Энэ тал дээр та ямар байр суурьтай явдаг вэ?
-Манай улс коронавирусийн халдварыг дотооддоо алдахгүйн тулд 10 сар хангалттай хэмжээгээр тэмцсэн. Гэхдээ дотооддоо алдвал яах юм бэ гэдэг тактик байгаагүй. Тэгээд дэлхийн улс орнуудаас оношлуур худалдаж авах талаар л бодоод байна. Вакцин гарвал түүнийг нь худалдаж авах талаар л бодоод байна. Гэтэл манай улс эрдэмтэн, судлаачидтай бие даасан улс орон. Эрдэмтдээ дэмжээд вакцин болон оношлуурын судалгаан дээр яагаад ажиллуулахгүй байна вэ. Дэлхийд данстай мундаг эрдэмтэд монголд олон бий. Ковидын чиглэлээр ажиллаж, маш өндөр мэдрэг чанартай оношлуур гаргасан монгол эрдэмтэд байна шүү дээ. Гэтэл тэр оношлуурыг нь өнөөдрийг хүртэл клиникт нэвтрүүлээгүй байдаг.
Тухайн үед коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй учир энэ оношлуур хэрэглэх шаардлагагүй байсан байж магадгүй. Харин одоо дотооддоо халдвар алдсан, тэр оношлуурыг одоо л хэрэглэх ёстой. Угтаа бол энэ оношлуур гаргасан судалгааны багийг дэмжээд хэдэн, зуу мянгаар нь үйлдвэрлээд бэлтгэлтэй байх ёстой байсан. Өөрсдөө хийж чадна шүү дээ. Гэтэл Солонгос, Хятад, Японоос оношлуурын эрэлд хатаж байна. Тэгээд оношлуурын хүрэлцээ нь муудаад ирэхээр 10 хүнийг багцалж нэг шинжилгээ авна гэж яриад байгаа. Ковидийн энэ үед лав болохгүй. Бидний тооцоолсноор хамгийн ихдээ дөрвөн хүнийг л багцалж шинжилгээ авах боломжтой. Хэрэв 10 хүн гэвэл халдвартай иргэнээ алдах аюултай.
Америк, Япон зэрэг улс орнууд наймдугаар сараас эхлэн шүлсэнд коронавирусийн шинжилгээ авч эхэлсэн. Халдвар авсан өдрөөс нь эхлээд коронавирусийн халдварыг шүлснээс тодорхойлж байна. Энэ төрлийн оношлуур хөгжүүлэх ажлыг манай их сургуулийн эрдэмтэд, Мюнхений техникийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран эхлүүлж байгаа. БШУЯ-наас энэ төслийг дэмжиж, хэрэгжүүлэхээр болсон. Энэ арга өвчтөнөөс сорьц авахад ямар нэг зовиур үзүүлэхгүй. Халдварыг нэн эрт үед буюу халдвар авсан өдрөөс тодорхойлох боломжтой. Түүнчлэн PCR шинжилгээний өртөг бодитой буурна. Мөн хариу нь хоёр цагийн дотор гарах зэрэг давуу талтай.
Г.БАТБААТАР: Халдвар авсан иргэдийн 80 ГАРУЙ ХУВЬ НЬ эмнэл зүйн шинж тэмдэг илэрснээс 10 хоногийн дараа АЯНДАА ЭДГЭРНЭ |
|
2025-03-17 12:54:33
2025-03-17 12:25:09
2025-03-17 12:15:18
2025-03-17 12:09:08
2025-03-17 11:26:17
2025-03-17 11:25:39
2025-03-17 11:16:33
2025-03-17 11:13:30
2025-03-17 10:27:21
2025-03-17 09:32:19
2025-03-17 09:15:25
2025-03-17 07:39:20
2025-03-17 07:00:00
2025-03-17 07:00:00
2025-03-17 07:00:00
2025-03-17 07:00:00
2025-03-17 07:00:00
2025-03-16 15:19:34
2025-03-16 14:49:56
2025-03-16 14:32:50
2025-03-16 14:17:24
2025-03-16 14:06:21
2025-03-16 12:47:06
2025-03-16 12:31:13
2025-03-16 11:14:21
2025-03-16 10:27:49
2025-03-16 10:21:01
2025-03-16 09:50:03
2025-03-16 09:40:58
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |