• Өнөөдөр 2024-04-19

П.Наранжаргал: 80 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид суралцаж байна

2020-09-10,   596

       Энэ хичээлийн жилд хэчнээн сурах бичиг хэвлэсэн, тэдгээрийн хэвлэлийг ямар компани хариуцаж буй болон цаг үеийн асуудлаар БСШУСЯ-ны Бага, дунд боловсролын газрын мэргэжилтэн П.Наранжаргалаас тодрууллаа. 
 
-Өнгөрсөн оны хичээлийн жилд “Очир пресс” хэвлэлийн компанийн будлианаас үүдэн түрээсийн сурах бичгийн ном сурагчдын гарт очиж амжаагүй байхад хөл хорио тогтоосон. Тэдгээр сурах бичгийг энэ хичээлийн жилд ашиглаж байгаа юу. Мөн энэ хичээлийн жилд нөхөн хангалтаар хэчнээн сурах бичиг хэвлэсэн бэ? 
-Өнгөрсөн оны хичээлийн жилд Гаалийн ерөнхий газарт хураагдсан байсан номнуудыг одоо сургалтад ашиглаж байгаа. Энэ хичээлийн жилд зөвхөн нэгдүгээр ангид 80 мянга орчим хүүхэд шинээр бүртгүүлсэн. Мөн хаяж, үрэгдүүлсэн сурах бичиг, шинээр нэмэгдсэн сурагчдын тоо зэргийг үндэслэн нөхөн хангалтын номыг жил бүр хэвлэдэг.
 
Энэ хичээлийн жилд 3.3 тэрбум төгрөгөөр бага ангийн 40, дунд, ахлах ангийн 60 нэрийн нийт нэг сая 71 мянган ширхэг сурах бичиг нөхөн хангалтаар хэвлэсэн. Эдмон, Мөнхийн үсэг, Соёмбо, Сод пресс зэрэг нийт долоон компани сурах бичиг хэвлэж байгаа. Эдгээр компанитай байгуулсан сурах бичгийн гэрээнд өнгөрсөн долдугаар сарын 10-наас наймдугаар сарын 10-нд сурах бичиг ерөнхий боловсролын бүх сургуульд тарааж дуусгахаар тусгасан.
 
Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 1 гэхэд бүх сурагчдийн гарт сурах бичиг ямар ч асуудалгүй хүргэсэн. Сурах бичгийн хүрэлцээ дутсан гэх асуудал огт байхгүй.
 
-Энэ хичээлийн жилд ашиглаж байгаа сурах бичгийн номны агуулгад өөрчлөлт оруулсан уу?
-Сургалтын хөтөлбөр солигдоогүй тохиолдолд сурах бичгийн агуулгад өөрчлөлт оруулахгүй. Гэхдээ эцэг, эхчүүд тийм сурах бичгийн тэр дасгал ажлыг ингэж сайжруулмаар байна гэсэн санал гаргаж болдог.
 
Энэ жил I-V ангийн сурах бичгийн агуулгад үг, үсгийн алдаа засах зэрэг багахан өөрчлөлт оруулсан. Түүнээс цөм агуулгаар нь өөрчлөлт оруулсан сурах бичиг байхгүй. Үүнийг Боловсролын хүрээлэн хариуцаж ажилладаг.
 
-Өнгөрсөн 2019 оноос түрээсийн сурах бичиг төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ нэг жилийн хугацаанд уг төсөл ямар үр дүн гаргав?
-Азийн хөгжлийн банкны Боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд 2011-2013 онд зарим ерөнхий боловсролын сургуулиудад түрээсийн сурах бичгийг сургалтад нэвтрүүлэх туршилт явуулсан. Сурагчид улсаас үнэ төлбөргүй ашиглаж байгаа сурах бичигтээ хайнга хандсан бол мөнгөө өгч түрээслэсэн номондоо “Эргүүлж өгнө дөө” гэдэг ойлголтоор гамтай хандаж байгаа нь анзаарагдсан.
 
Мөн үнэ, төлбөр тогтоосноор сурах бичиг хэвлэх төсөвт багахан ч болов нэмэр болж байна. Түүнчлэн эцэг, эхчүүд хүүхдүүддээ 60, 70 мянган төгрөгөөр сурах бичиг авдаг байсан бол одоо хамгийн багадаа 14 мянган төгрөгөөр нэг багц ном түрээслэж байна. Тэгэхээр чамлахааргүй олон давуу тал, үр дүн гаргаж байна гэсэн үг. 

П.Наранжаргал: 80 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид суралцаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188