• Өнөөдөр 2025-02-05

СОШИАЛ МЭДЭЭЛЭЛД “ИТГЭХ АРГАГҮЙ” БОЛЧИХСОН ЮМ БИШ ҮҮ

2024-05-19,   992

Технологийн эрин зуун гэгддэг XXI зууны хамгийн гол салбаруудын нэг нь мэдээ мэдээлэл, мэдээллийн технологийн салбар болж байна. Өдөрт хэдэн сая, тэрбумаараа эргэлддэг гэгддэг мэдээллийн урсгалд хүн төрөлхтөн цаасан хэвлэлээс эхлээд цахим сүлжээ хүртэлх бүх мэдээллийн хэрэгслээр оролцдог. Тухайлбал, Германд төвтэй олон улсын судалгааны “Statista” компанийн шинэ судалгаанд 2024 оны нэгдүгээр сарын байдлаар дэлхий даяар нийт 5.44 тэрбум хүн сошиал сүлжээ ашигладаг болохыг онцолсон байна. Өөрөөр хэлбэл, техник технологио даган хурдацтай хөгжиж буй шинэ эринд мэдээ мэдээллийн салбар ч цахимд шилжсэн гэж ойлгож болно. Гэхдээ сошиал сүлжээгээр өдөр бүр хэдэн тэрбумаараа эргэлдэх мэдээллийн урсгалын “гол дүр” нь үнэн хэрэгтээ үнэн, бодит мэдээлэл гэхээсээ илүүтэй худал, ташаа мэдээлэл болоод байгаа аж.

                                Хүн төрөлхтөн цаасан хэвлэлийг ардаа орхиж, түүнээс илүү шинэлэг, үзэмжтэй, хүртээмжтэй мэдээлэл хүлээн авах шинэ хэрэгсэлтэй болсон нь цахим сүлжээ. Гэхдээ энэ хурдацтай хөгжлөө даган эсрэгээрээ “fake news” буюу худал, ташаа мэдээлэл ч хурдацтай хөгжиж байна. Нэгэн сонирхолтой жишээ дурдахад, “Collins Dictionary” гэх толь бичгийн газраас 2017 оны шилдэг үгээр “fake news” буюу худал мэдээлэл гэх үгийг тодруулж, “Худал, дуулиан тарих зорилготой зорилтот мэдээ, мэдээллийг хэлнэ” хэмээн тодотгосон байдаг. Мэдээ мэдээлэл, мэдээллийн технологийн салбар хэрхэн хөгжинө, түүнийг даган мөн л хурдацтай хөгжиж буй хуурамч мэдээлэл иргэдийг төөрөгдүүлж, буруу, ташаа ойлголт төрүүлэх, цаашлаад худал, зорилтот мэдээлэлд автаж, буруу сонголт хийх зэрэг маш эрсдэлтэй алхамд хөтөлж байна. Тэгвэл үүнтэй холбоотойгоор шинэ зууны мэдээллийн хөгжил, иргэдийн мэдэх эрхэнд хамгийн том аюул учруулж буй гэгдэж буй худал мэдээлэл гэх үгийн үүсэл, утга агуулга, үүнээс үүдэн нийгэм, улс төр, эдийн засагт гарсан өөрчлөлт, хор уршиг болон энэ төрлийн мэдээллээс хэрхэн урьдчилан сэргийлэх, таних тухай мэдээлэл, зөвлөмжийг тоймлон хүргэе.

-“FAKE NEWS” БУЮУ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ-

Худал мэдээлэл буюу “fake news”, “fake information” нь огт байхгүй зүйлийг үнэн мэт болгон хувиргаж ашиглах англи нэр томьёонд үндэслэсэн үг. Тухайлбал, холбогдох субьект, хүмүүсийн талаар огт худал зүйлийг хуурч төөрөгдүүлэн, үнэнийг нуун дарагдуулах, дуулиан тарих зорилгоор буюу “тархи угаах” арга ашиглан хий хоосон, хийсвэр нотолгоотойгоор боловсруулж зориудаар тараасан мэдээллийг хэлдэг. Харин “fake news” гэдэг утгаараа нийтэд хүрч, олонд танигдсан нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп олонтаа ашиглаж, албан ёсны мэдээлэлд энэ төрлийн нэр томьёог ашиглаж байснаар “брэнд” болгожээ. Худал мэдээллийн эцсийн зорилго нь зорилтот талаараа өөрт ашигтай шийдвэр гаргуулах эсвэл өөрт ашиггүй шийдвэр гаргуулахгүй байхад оршдог. Энэ төрлийн мэдээлэл ашиглан хуурч төөрөгдүүлэх ажиллагаа нь худал мэдээлэл бэлтгэх, хүргэх гэсэн хоёр хэсгээр бүрддэг аж. Түүнчлэн энэ хоёр хэсэгт зорилтот мэдээллийн асуудлын хэмжээнээс хамаарч, стратегийн, тактикийн гэсэн хоёр төрөлд хувааж авч үздэг юм байна. Тухайлбал,

  • Стратегийн буюу нийгэм, улс төрийн бодлого, цэрэг, эдийн засгийн байдал, шинжлэх ухааны технологийн ололт, тусгай албадын үйл ажиллагааны тодорхой зарим асуудлаар эсрэг талаа төөрөгдүүлэх;
  • Тактикийн буюу стратегийн зорилгоос урган гарсан зорилтыг шийдвэрлэхэд ашиглах. Тактикийн хуурамч мэдээ нь бусад этгээдийг гэмт үйлдэл, бусад зорилтот үйл ажиллагаа, төлөвлөгөөнөөсөө татгалзахад хүргэх нөхцөл бүрдүүлэхэд тустайгаас гадна эсрэг талыг төөрөгдүүлэх зэрэг байдаг аж.

Худал мэдээллийг хэрхэн бэлтгэж гаргадаг вэ:

                                Худал мэдээлэл бэлтгэж, хүргэх зорилготой ямарваа нэгэн этгээд холбогдох субьект, хүмүүсийн сонирхож буй асуудлыг тусгасан хуурамч нотолгоотой мэдээллийг “тархи угаалт”-ын аргаар боловсруулж хийдэг гэнэ. Тодруулбал, энэ төрлийн мэдээ мэдээллийг бэлтгэхдээ эсрэг талаа шалгаж чадахгүй, эх сурвалжийг тогтоох боломжгүй гэж тооцсон үедээ бэлддэг юм байна. Мөн хуурамч мэдээ, мэдээллийг бэлдэхэд “хэсэгчилсэн үнэн”-ий зарчмыг ашиглах буюу, мэдээ, мэдээллийн зарим хэсэг нь үнэн, бусад нь худал байж болох аж. Ингэснээрээ бага зэрэг үнэн мэдээллээрээ худал баримтаа “халхавчилж”, үнэн мэт болгон бэлтгээд олонд тараах ажлаа эхлэх юм байна. Түүнчлэн худал мэдээлэл бэлтгэхдээ ямарваа нэгэн үйл явдлын мөн чанар, болж өнгөрсөн нөхцөл байдлын талаар огт худал эсвэл дутуу тусгасан мэдээ бэлтгэхийн тулд зарим тоон үзүүлэлтийг нэмэх, хасах, үйл явдлыг нь өөрчлөх, болж өнгөрсөн нөхцөл байдлыг гуйвуулах, үйл явдлын цаг хугацааны дарааллыг өөрчлөх, үр дагаврын тухай мэдээллийг төөрөгдүүлэх, газар орны байршлыг өөрчлөх зэрэг “башир” арга ашиглах аж.

Худал мэдээллийг хэрхэн түгээдэг вэ:

                                Худал мэдээллийг аман, бичгийн болон үзүүлэх гэсэн гурван хэлбэрээр түгээдэг. Тэр дундаа олон нийтийн дунд түгээмэл буюу бичгийн хэлбэрээр ихэвчлэн түгээдэг бөгөөд цаашлаад, цуурхал тараах, албан тушаалтан, хувь хүний үзэл бодлыг гуйвуулан аман хэлбэрээр буруу ойлголт, төсөөлөл өгөх чиглэлээр тараадаг. Мөн бичгийн хэлбэрээр тараах төрөлд XXI зууны мэдээллийн төрөлжиж, технологижсон хэрэгсэл буюу цахим сүлжээгээр дамжуулан тараахад бага зардал, цомхон хүч ашиглан олон хүнд хүргэж чаддагаараа онцлогтой басхүү аюултай гэнэ. Сошиал сүлжээ ашиглах худал мэдээлэл тараахдаа манай оронд түлхүү ашигладаг “Facebook”, “Instagram” зэрэг сүлжээг ашиглан хэрэглэгчдийн зан төлөвийг шинжлэх, ангилах, зар сурталчилгааны зорилгоор тараах юм байна. Жишээлбэл, цахим сүлжээ хэрэглэгчдийн нийтлэг сонирхолд нийцсэн эсвэл өнгөц харахад анхаарал татахуйц арга, хэлбэр ашиглан худал мэдээллийг зорилттойгоор түгээдэг аж.

-ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭЖ БУЙ ОЛОН УЛСЫН АРГА БАРИЛГА-

Дээр дурдсанчлан буруу, ташаа мэдээллээр олон нийтийн “тархийг угаах” аргаар ашиглаж буй худал мэдээлэл нь цахим технологи үсрэнгүй хөгжиж буй шинэ эринд улам аюултай болж байна. Худал мэдээлэл нь технологийн хөгжлийн явцад хувь хүний үзэл бодлыг өөрчлөөд зогсохгүй улс орны шийдвэр гаргагчид ч нөлөөлөх хүчтэй хэрэгсэл болж буй. Тийм ч учраас дэлхий улс орнууд худал мэдээ, мэдээлэл нийгмийн сэтгэл зүй, шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх сэргийлэх, сөрөг үр дагаврыг бууруулах тал дээр түлхүү анхаарч байгаа аж. Үүнтэй холбогдуулан энэ төрлийн зорилтот мэдээллийн “шуурга”-ны эсрэг ашиглаж буй олон улсын арга барил, сайн жишээ, туршлагын тухай цөөн орноос жишээ авч үзүүлэхэд,

Бүгд Найрамдах Сингапур Улс:

                                Сингапур Улсад худал мэдээ, мэдээлэлтэй тэмцэх хуулийн төслийг анх тус улсын Ерөнхий сайд асан Ли Сянь Лун санаачилж, өргөн барьж батлуулсан байдаг. Тухайлбал, Ерөнхий сайд асан Л.С.Луны санаачилсан хуулийн төслийн гол агуулга нь худал мэдээллийг бичиж, түгээсэн хувь, аж ахуйн нэгж, цахим сайтад хариуцлага ногдуулах байж. Улмаар уг хуулийн төслийн хүрээнд хувь хүн, байгууллага худал, ташаа мэдээлэл түгээсэн эсэхийг шалгадаг байгууллага бий болж, мэдээллийг шалгаж, худал мэдээлэл түгээсэн газрын илрүүлдэг болсон байна. Харин худал, ташаа мэдээлэл түгээсэн иргэн, байгууллага мэдээллээ устгах, залруулга гаргах зэргээр өөрийн зохицуулалт хийгээгүй тохиолдолд хуулийн хүрээнд хариуцлага ногдуулан орчинтой болсон байна.

Малайз Улс:

                                Зүүн өмнөд Азид орших 31 сая хүн амтай Малайз Улс 2018 онд худал мэдээлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл баталжээ. Хуулийн төслийг анх батлахдаа олн нийтийн сүлжээнд худал мэдээлэл тараасан иргэн, хуулийн этгээдийг үндэсний мөнгө ринггитээр 500 мянга буюу 123 мянга орчим ам.доллароор торгох эсвэл зургаан жил хүртэлх хорих ялаар шийтгэхээр тогтсон байна. Харин цар тахлын үед худал, ташаа мэдээлэл олшрохтой зэрэгцэн олон нийтийн сүлжээнд халдварын тохиолдол, хөл хорионы тухай худал мэдээлэл тараасан иргэн, хуулийн этгээдийг 100 мянган риннггитээр торгох эсвэл гурван жил хүртэлх хорих ялаар шийтгэхээр худал мэдээлэлтэй тэмцэх хуулийн төслөө шинэчлэн баталжээ.

Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс:

                                Харин манай хоёр хөршийн хувьд иргэн, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдвал байдаг орон. Тухайлбал, Олон улсын аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгээс гаргасан судалгаанд ОХУ болон БНХАУ-д худал мэдээлэл тараасан тохиолдол бага, цөөн байгааг дурдсан байна. Учир нь, дээрх хоёр орон нь хэвлэлийн эрх чөлөөгөөрөө “сүүл мушгидаг” орнуудын нэг бөгөөд RSF буюу Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын 2024 оны хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ дэлхийн 180 орноос ОХУ 162-т, БНХАУ- 172 жагсжээ. Түүнчлэн худал, ташаа мэдээлэл тараасан тохиолдол ногдуулан торгуулийн хэмжээ өндөр, олон жилийн хорих ял өгдөг гэнэ.

-МОНГОЛ УЛСЫН ХУДАЛ МЭДЭЭЛЛИЙГ ГЭМТ ХЭРЭГ БОЛГОН ХУУЛЬЧИЛСАН ТҮҮХ БА ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ-

Харин манай Монгол Улсын хувьд худал мэдээлэл тараахыг 2020 онд гэмт хэрэгт тооцсон. Тодруулбал, УИХ-ын 2020 оны нэгдүгээр сарын 10-нд баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд худал мэдээллийг гэмт хэрэгт тооцон эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хуулийн орчин бүрдсэн. Ингэснээр манай улс эрүүгийн эрх зүйн түүхэндээ анх удаа худал мэдээлэл тараахыг хуульчилсан байдаг.

 

Уг хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтөд Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.14 буюу Худал мэдээлэл тараах зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан. Харин худал мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцож, хуульчлахаас өмнө Зөрчлийн тухай хуульд “гүтгэх” гэсэн заалтаар “туршилт” болгон хэрэгжүүлсэн байсан ч гэж болно. Гэхдээ “туршилт”-ын Зөрчлийн тухай хуулийн гүтгэх заалтаар 2017 онд 28, 2018 онд 486, 2019 онд 355 зөрчил бүртгэгдсэн байдаг. Үүнээс 2017 онд дөрвөн сэтгүүлч, 2018 онд 17 сэтгүүлч, нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, 2019 онд дөрвөн сэтгүүлч, нэг хэвлэл мэдээллийн хэрэгслийг Зөрчлийн тухай хуульд холбогдуулан шалгаж, бүр торгох шийтгэл хүлээлгэж байв.

 

                                Түүнчлэн одоо хэрэгжиж буй Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.14 дэх заалт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх зүйлчлэлээр Монгол Улс сэтгүүлч мэргэжлээр ажиллаж буй 4000 гаруй сэтгүүлч, 600 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдаж байгаа гэх асуудал гарах болсон. Тухайлбал, НҮБ болон олон улсын байгууллагуудаас уг хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийг баталбал хэвлэлийн эрх чөлөө, хэвлэн нийтлэгчийн аюулгүй байдал, иргэдийн мэдэх эрхэнд нөлөөлж болзошгүй гэж удаа дараа мэдэгдэж байсан ч Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг “Ковид-19” цар тахлын үеийн тусгай зохицуулалтаар баталж, одоог хүртэл хэвээр үлдээсэн. Улмаар Эрүүгийн хуулийн 13.14 дэх заал нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 2 дугаар зүйлд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно”, мөн тус хуулийн 3.1-т “Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад цензур тогтоохгүй байх”, 3.2-т “Төрөөс мэдээллийн хэрэгсэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй байх” гэж заасан хуулийн заалтуудын эсрэг буюу хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эсрэг “үйлчилж” байгаа гэх асуудал яригдах болов. Жишээ нь, өнөө худал, ташаа мэдээлэлд зохицуулалт хийх гэж гаргасан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл заалт нь эсрэгээрээ сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдах шалтгаан болж, эрх баригчдын луйвар, булхай, ёс бус, хууль бус үйлдлүүдийг илчилсэн, шүүмжилсэн сэтгүүлчдийг шүүхийн өмнө аваачих бас нэгэн шалтгаан болсныг олон улсын байгууллага, хэвлэн нийтлэгчид онцолж байна. Илтэд худал мэдээлэл тарааж, иргэд, олон нийтийн төөрөлдүүлж, “тархийг нь угааж” байгаа иргэн, хуулийн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх нь олон улсад нийцсэн зөв алхам боловч “Ковид”-ын үед баталсан Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь баталсан нь дотоодын хэвлэл мэдээлэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, сэтгүүлчийн аюулгүй байдал, иргэд, олон нийтийн мэдэх эрхэд халтай заалт болсон гэж үзэж байгаа юм.

                                Нөгөөтээгүүр худал мэдээллийн эсрэг хууль, эрх зүйн орчноо бүрдүүлж, сайжруулсан ч худал мэдээлэл үнэн, бодит мэдээлэлтэйгээ зэрэгцэн хөвөрч, хөгжиж байдаг гэдэг. Тийм ч учраас мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй бүхий л төрлийн мэдээлэл, цахим сүлжээн дэх хувь хүний түгээсэн мэдээлэлд ч төр, хяналтын байгууллагын зохицуулалтаас гадна иргэн, хувь хүн, уншигчийг өөрөө цензуртэй хандаж, эх сурвалжаа нягталдаг хэрсүү уншигч байхыг мэдээллийн технологийн шинэ эрин өөрөө “шаардаж” байгаа юм.

 

 


СОШИАЛ МЭДЭЭЛЭЛД “ИТГЭХ АРГАГҮЙ” БОЛЧИХСОН ЮМ БИШ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-19 15:07:30
    S: SEXSDN AXN XUSNEER80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188