• Өнөөдөр 2024-04-24

Шалгалт өгөх хүүхдүүдийн 4000-6000 нь халдвар авбал ЭЕШ-ыг хойшлуулна

2021-06-19,   556

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Элсэлтийн ерөнхий шалгалтыг хэрхэн зохион байгуулах, халдвар авсан хүүхдүүдийг шалгалтад хамруулах эсэх асуудлаар АСА станцын ярилцлагад орж, хариулт өгөв. Тэрбээр "Энэ жил улс даяар 40420 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Үүний 8000 гаруй нь өнгөрсөн жил төгссөн хүүхдүүд бөгөөд дахин бэлдэж, шалгалт өгөхөөр бүртгүүлсэн.
 
Насны ангиллаар нь 19 настай 13636, 18 настай 25082, 17 настай 1675 хүүхэд байгаа. Үүнээс доош насны хүүхдийн тоо маш бага, 27 шалгуулагч байгаа юм. Ингээд 17-оос дээш насны хүүхдүүдийн  58 хувь нь вакцины нэгдүгээр тундаа хамрагдаад байна. 
 
Сүүлийн үед коронавирусийн халдвар авсан хүүхдүүд болон ойрын хавьтал болсон хүүхдийг ЭЕШ-д оруулахгүй мэт мэдээлэл гарч, олон нийтийг бухимдуулж байна. Улсын хэмжээнд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн хүүхдүүдээс өнөөдрийн байдлаар 2000 орчим нь коронавирусийн сэжигтэй тохиолдол болж, 1500 орчим нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Энэ хүүхдүүд ЭЕШ-д орж чадахгүй, дахин нэг жил хүлээх утгатай мэдээллийг өгсөн Боловсролын үнэлгээний төвийн албан тушаалтанд хариуцлага тооцно. Учир нь, ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн 40420 шалгуулагчдад бүгдэд нь боломж олгоно. Нэг ч хүүхдийг хаалганы гадна орхихгүйн төлөө ажиллана. Халдвар авсан аваагүйгээр нь шалгаж, хаалганы цаана орхихгүй. 
 
Улсын хэмжээнд ЭЕШ авах гурван төрлийн анги бэлтгэж байна. Нэг нь өглөө шалгалтанд ирэхэд биеийн халуун нь хэвийн, халдварын шинж тэмдэггүй хүүхдүүдийг оруулж шалгалт авах танхим. Хоёр дахь нь биеийн халуун нь 37 хэмээс дээш гарсан хүүхдүүдийг оруулах танхим юм. Гурав дахь нь коронавирусийн сэжигтэй тохиолдлоор эмнэлэг болон гэртээ тусгаарлагдаж байгаа хүүхдийг авч ирээд, нэг танхимд оруулж шалгалт авах танхим бэлдэж байна. Өөр бас нэг хувилбар бэлдэж байна. Энэ нь коронавирусийн халдвар авч гэртээ болон эмнэлэгт эмчлэгдэж байгаа хүүхдүүдэд iPad-аар тусгай программаар шалгалт өгүүлэхээр туршиж байна. Энэ туршилт ажилттай байвал үүнийг хэрэгжүүлнэ, ирэх долоо хоног албан ёсны мэдээллийг өгнө. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын агуулгад өөрчлөлт орохгүй, уламжлалт аргаар дөрвөн өдөр улс даяар явагдахаар бэлтгэл ажлыг хангаж байна. 
 
Хэрвээ халдварын нөхцөл байдал улам хүндэрч, нийт шалгуулагчаас 4000-6000 нь халдвар авч, УОК, Засгийн газраас хатуу хөл хоривол ЭЕШ-ыг хүссэн хүсээгүй хойшлуулна гэлээ.

Шалгалт өгөх хүүхдүүдийн 4000-6000 нь халдвар авбал ЭЕШ-ыг хойшлуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188