• Өнөөдөр 2024-04-19

Мах, гурил худалдаж авахаас эхэлсэн нийслэлчүүдийн нэг өдөр архидалтаар өндөрлөв

2021-04-11,   1480

2021.04.09.  Хөл хорио тогтоохын өмнөх, Засгийн газраас 300 мянган төгрөг иргэн бүрд өгч байгаатай давхацсан өдөр байлаа. Манай сайтын сурвалжлах баг иргэд 300 мянган төгрөгөө хэрхэн юунд зарцуулж байгаа, хөл хорионы өмнөх өдөр нийслэлд хэрхэн өрнөсөн бэ гэдгийг сурвалжилснаа хүргэж байна.

МАХ, ГУРИЛ ДЭЭР ДУГААРЛАЖ ЭХЭЛСЭН  “ХҮЧИТ ШОНХОР” ЗАХЫН ӨГЛӨӨ

Үүрийн гэгээ цайхаас эхлээд өдөржин, шөнийн тал хүртэл нийслэлчүүд зам дээрээ түгжрэв. Хотын гудамж, талбайгаар мах, гурил тэргүүт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ дааж ядан өргөж, дамжилж алхах хүмүүс зөрөлдөнө.  “Хүчит шонхор” махны захад хүмүүс хөл гишгэх зайгүй холхилдож, махны лангуу болгон дээр мөнгөө гартаа тас атгаж, тор барьсан иргэд энд тэндээс  “Мах авмаар байна шдээ. Наад махаа хурдан шул. Аятайхан хадгалсан мах байна уу. Хамаагүй ээ, мах авч л байвал ямааны мах авсан ч яадаг юм” гээд тэнд тэндээс орилолдож зогсох. Бас болоогүй хүн бүрийн амнаас “300 мянган төгрөгөөрөө ийм юм авч байна. Тийм зүйлд зарцуулна” гэж өөр хоорондоо ярилцах нь сонсогдож байлаа.

Махны лангууны худалдагч эмэгтэйгээс “Өнөөдөр хэдэн килограмм мах зараад байна вэ” гэж асуулаа.  Гэтэл өөдөөс “Тоогоо алдаад байна. Нөөцөнд хадгалаад байсан гулууз дуусчихлаа. Ашгүй өндөр үнээр зарж чадлаа. Манайхан чинь тэмээ, ямааны  мах гэж голохгүй л  байна. Мах л бол мах гээд эргэлзэхгүй  авч байна. Үхрийн мах бүр эрт дууссан. Хонины мах эрэлт ихтэй байна. Тавдугаар сард яаж махныхаа хэрэгцээг хангах юм байгаа юм бүү мэд. Цаашид  үнэ нь нэмэгдэх нь тодорхой болчихлоо. Ядахдаа  ШӨХТГ-өөс байцаагч нар махны үнэ нэмэх юм бол хоёр сая төгрөгөөр торгоно гэж дөвчигнөөд байх юм”  хэмээн ярив. Гурил, будааны худалдагч нар мөн л баяртай, жижиг цүнх дүүрэн мөнгөө тоолж зогсох ажээ. Худалдан авагчид руу хандан “Одоохон гурил, будаа ирнэ. Хүргэлтийн машин энүүхэн доор зам дээр таг түгжирч байна гэнэ” гэх.    

ЗАЛУУС:  МИНИЙ МӨНГӨ ОРООД ИРЛЭЭ. БААР АЖИЛЛАЖ БАЙСАН БОЛ ГОЁ БАЙХГҮЙ ЮУ

Төр засгийнхаа буянд гэнэт бэлэн мөнгөтэй болсон иргэд ингэж л хоол хүнсэн дээрээ дугаарлаж, 15 хоногийн хөл хорионы хугацаанд гэртээ хоол, ундтай байх гэж хэрэндээ л бэлдэцгээж байгаа нь энэ.

Мөн хичээл, сургууль нь орохгүй, цахимаар хичээллэж байгаа оюутан, залуус ч энэ өдөр энд тэндгүй цугларчээ. “Ёоо, миний мөнгө ороод ирлээ. Баар ажиллаж байсан бол  ямар гоё вэ. Ядахдаа цайны газар ажиллаж байсан бол хэдэн хуушуур ч болтугай авч идэх юм сан. Хаана, хэнийд очиж, зад наргих вэ” гээд л бие биенийхээ гарыг алгаараа цохилцон, инээлдэнэ.

Хаврын урь орж, цаг агаар дулаарсан хотын гудамж, талбай “амь” орж,  гоёж гоодсон залуус хөгжилдөн зогсож байлаа. Тэд хөл хорио эхлэхээс өмнө хаа нэг газарт очих гэж яарч догдолж байгаа нь илт. Тэдний данс багадаа 300 мянган төгрөгтэй. Харин цар тахлаас болж бүх газар хаалттай.  “Нарантуул”, Хархорин, Sunday худалдааны төв, хувцасны лангуу мөн л амь оржээ. Чөлөөт хувцас, пүүзний лангуу мөн л  худалдан авалт хэд дахин нэмэгдсэн тухай худалдагчид нь ярьцгааж байлаа. Залуус зуны гутал авч байна лээ. Хэд хоног хоригдоод гараад ирэхээр зун болчихсон байна гэж тооцоолж байгаа бололтой.

АРХИ, ПИВОНЫ ГҮЙЛГЭЭ ХЭД ДАХИН НЭМЭГДЭВ

Дэлгүүр, томоохон худалдааны төвийн өөртөө үйлчлэх дэлгүүр мөн л хөл хөдөлгөөн ихтэй. Худалдагчид хүмүүст чөлөө завгүй үйлчилж байлаа. Иргэд ундаа, сүү, тараг, өндөгнөөс эхлээд талх, боов ихээр худалдан авч байна лээ. Архи, пиво, бэлэн гоймон, хиам гүйлгээтэй бараа болжээ.

Хотын төвөөс зайдуу хүнсний дэлгүүрүүдээр машинтай залуус явж байгаа талаар бидэнд мэдээлэл ирсэн. Тэд дэлгүүрүүдийн архи, шар айраг тэргүүтнийг худалдаж авч, нөөцөлж байгаа ажээ. Тэд мөнгөө нийлүүлж, согтууруулах ундаа худалдаж аваад, хөл хорионы үеэр шөнө дуудлагаар явж, өндөр үнээр зарж, ашиг олох гэж байгаа бололтой. Хотын гудамж, зам хаалттай байхаас цагдаа нар гэр хорооллын гудамжинд ямар ч хяналт тавьж чадахгүй байгаа билээ. Үүнийг ашиглан дуудлагаар архи, пиво зарах “шаг”-чид хэд дахин нэмэгдсэн нь үүнтэй холбоотой. Энэ төрлийн бизнес хийх хүмүүс ч хэдэн арваараа нэмэгдэж, цөөнгүй нь цагдаа нарт “гардуулж” хамаг архиа хураалгаад цөм “шатаж” байгаа.

БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СҮЛЖЭЭ УНАЖ, ЗАМ ДЭЭР ЖОЛООЧ НАР ТЭГ ЗОГСОЛТОД ОРОВ

Ийнхүү мах, гурил үүрсэн хүмүүсийн хөл хөдөлгөөнөөр эхэлсэн Улаанбаатар хотын хөл хөдөлгөөнт амьдрал тор дүүрэн бараа барьсан иргэд тасралтгүй цувсаар харуй, бүрийтэй золголоо. Банкны сүлжээнүүд эхнээсээ унаж, зөвхөн бэлэн мөнгөөр тооцоо хийгдэж, иргэд бэлэн мөнгөний машины ард уртаас урт дугаарлаж өнжив. Бүрийгээр  ажлаа тарсан хүмүүсийн олонх нь зам дээр нэг газраа цаг, түүнээс ч олон цаг зогсож, бачуурав.

Зам дээр тэг зогссон иргэд цахим хаягтаа уур уцаар, бухимдлаа илэрхийлж байлаа. Шөнийн 01:00 цаг өнгөртөл Улаанбаатар хотын автомашины түгжрэл буураагүй юм. Нэгнийхээ урдуур орох гэж зүтгэж байгаад хоёр талаас мөргөлдчих. Тэгээд л зам дээр хоёр талаас бөөн хэрүүл маргаан үүсгэж, хэн нэгэн рүү утасдаж, замын цагдаа дуудах. Дуудлагын цагдаа ирэхгүй цаг алдаж, түгжрэл дээр бөөн түгжрэл үүсгэж байв.

УЛААНБААТАР ХОТ СОГТУУЧУУДААР  “ДҮҮРЧ” ЦАГДАА НАР ДУУДЛАГАНД “ДАРАГДАВ”

Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэр дээрх төв зам их ачаалалтай. Харин хөдөлгөөн ихтэй замд зогсож байгаа автомашинууд дээр саравчтай малгайтай, юүдэнтэй цамцныхаа юүдэнг өмссөн хоёр залуу очиж, “Архи, пиво байна шүү. Архи пиво байна шүү” гэж чангаар ойр ойр хашхирч харагдлаа. Тухайн хоёр залууд бүх төрлийн архи, пиво байгаа гэнэ. Мөн дээр нь хэдэн төрлийн тамхи, ундааны зүйл байгаа талаар “меню”-гээ дэлгэв. Цаашид нь сонирхож үзвэл “Бид хоёроос авбал арай хямд авна. Бид хоёр архи, пивоны үндсэн үнийг нэг л нугалж зардаг юм. Харин бусад хүнээс авбал дор хаяж хоёр нугалсан үнэтэй байна даа” гэж өөрсдийн наймаагаа рекламдаж байв. Сурталчилсан барааг нь авахгүй явах гэтэл “Дугаарыг маань авчих, дараа нь хэрэг болно. Бид бас хүргэлтэд явдаг юм” гээд цаасан дээр хэвлэсэн “8645....” гэсэн дугаараа өгөв.

Хотын  орон сууцны гадаах сүүдрэвчинд залуус архи, пиво ууж, бөөн бөөнөөрөө зогсох. Бүр булан тохойд бөөгнөрч зогсчээ. Эрэгтэй, эмэгтэйгүй согтжээ. Чанга, чангаар хашхирч, бие биедээ агсан согтуу тавьж эхэллээ. Баянгол дүүргийн III, IV хорооллын арын байрны гадаах орчин, Сансар, Баянцээл орчим, Туул голын ойр орчим нэлэнхүйдээ архидалт болж байлаа.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН I ХЭЛТЭС. Биеэ хянах чадваргүй болтлоо согтсон ээжийгээ дагаад ирсэн бага насны охины тухай яриа өрнөнө. Амны хаалтаа доошлуулчихаад ойр байсан хүмүүс рүүгээ үг “шидэж”, элдвээр доромжилж байсан ээжийнхээ гараас чанга атгачихаад цааш нь татаж байгаа охин юу ч болоод байгааг бүрэн ойлгох насны биш. Тэр хоёрыг хариуцсан бололтой гэмээр хоёр эмэгтэй цагдаагийн алба хаагч хоорондоо “Хүүхдийг нь 108 дуудаж өгчихөөд өөрийг нь эрүүлжүүлэхэд хийе” гэх. Согтуу ээжийнхээ өмнөөс нүүрээ эгцэлж харж чадахгүй бяцхан охин бүхэл шөнийг цагдаагийн хэлтэст өнгөрүүлэхээр болов.

 Эрүүлжүүлэх байранд гэр бүлдээ агсан тавьсан 60 гаруй насны өвгөн, хадмууддаа агсан тавьсан эрээс эхлээд найзууд ч ирцгээжээ. Бүгд л бие биенийгээ зодож нүдээд энд ирсэн гэнэ. Нийслэлийн шуурхай удирдлагын төвд “Манай байрны доод давхарын айлын залуу эхнэр, хүүхдээ зодоод алах гэж байх шиг байна. Хүүхдүүд нь ээрч, уйлаад байна”, “Манай хүүхэд гэртээ ирээд агсан тавиад байна. Хутга барьчихаад ална гээд байна”, “Байрны гадаа залуус зодолдоод байна. Нэгнийгээ газарт унагачихаад зодоод байгаа харагдана” гээд л хөлчүүрхсэн, агсан тавьсан дуудлага тасралтгүй хөвөрч байлаа.

 Ийнхүү нийслэлийн нэгэн шөнө өнгөрч, нар мандав. Цагдаа нар зам хааж, хөдөлгөөнд оролцож буй автомашин болгоныг зогсоож, бичиг баримтыг нь шалгах ажилдаа шуурхайлан оров. Шөнөжин архидсан бололтой, гэр рүүгээ алхаж байгаа хүмүүстэй олонтаа таарлаа.


Мах, гурил худалдаж авахаас эхэлсэн нийслэлчүүдийн нэг өдөр архидалтаар өндөрлөв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-12 00:22:37
    Зочин: Нүдэнд харагдтал бичжээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188