• Өнөөдөр 2024-05-05

УЛААНБАДРАХААС ОЛБОРЛОСОН НӨГӨӨ ГАЙХАЛ УРАНЫГ ЧИНЬ АЛГАН ДЭЭРЭЭ ТАВИАД...

2023-11-06,   2092

    Улаанбадрах сум руу явах замд надад ийм бодол төрж явлаа. Монголчуудын цэрвээд байдаг шар нунтгийг ухаж авахын тулд өдөр, шөнөгүй техник тонгочуулж, хоёр толгойтой, хүн дүрстэй согогтой төл мал Монголын говийг дүүргэж байгаа болов уу гэж айж явлаа. Улаанбадрах сум уранд хордоод хүн, амьтан амьдрахын аргагүй болж, байгаль дэлхий сүйдэж байгаа болов уу гэж бэргэж явсан. Говийн их газрыг ухаж, орвонгоор нь эргүүлээд энд тэндгүй шороо овоолчихсон юм шиг хэн хүнгүй төсөөлдөг болсон учраас тэр л дээ.


     Өөрөөр хэлбэл, уран бол монголчуудын хувьд “эмзэг” сэдэв. Уран гэхээр  мал амьтан хордож үхдэг, хэдэн толгойтой төл төрүүлдэг, хүн байгалийг хордуулдаг цацраг идэвхтэй бодисоор төсөөлдөг. Цаашлаад, дэлхийд хор уршиг дагуулсан атомын цахилгаан станцад гарсан цөмийн осол гэх мэт сөрөг үр дагаврын талаарх ойлголт давамгайлах нь бий. Тэгвэл уул уурхайн салбарт ураны олборлолт технологийн шинэ эрин үеийг эхлүүлж байгааг газар дээрээс нь сурвалжиллаа.  

   Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт нөөцөөрөө дэлхийд 12 дугаарт эрэмбэлэгддэг ураны Зөөвч-Овоо ордод нарийвчилсан судалгаа хийж, туршилтын үйлдвэрлэлээ хийсэн “Бадрах Энержи” компанийн үйл ажиллагааг сурвалжилсан тэмдэглэлээ уншигч танд хүргэж байна.

ГАЗРЫН ГҮН ДЭХ 200 МЕТРЭЭС ЦООНОГ АШИГЛАН УРАН ОЛБОРЛОХ ШИНЭ ТЕХНОЛОГИ

      Биднийг Улаанбадрах сумын Зөөвч-Овоо ордод очиход төсөөөллөөс тэс ондоо байсныг энд дурдах нь зүйтэй биз. Өөрөөр хэлбэл, ураны олборлолтыг газар дор уусган олборлох технологиор олборлохоор бэлтгэл ажлаа хангасан байна.  Энд ил болон далд уурхайн олборлолт шиг газрын хөрсийг ухаж, төнхөх ямар ч шаардлагагүй. Байгалийн унаган төрхөөр нь олборлолт хийх 70 жилийн туршлагатай шинэ технологийг “Бадрах Энержи” компани нэвтрүүлээд байгаа юм байна. Монгол, Францын хөрөнгө оруулалттай “Бадрах Энержи” ХХК нь 1997 оноос хойш Улаанбадрах суманд ураны хайгуулын ажлаа эхлүүлж, Дулаан-Уул, Өмнөд, Зөөвч-Овоо ордыг илрүүлсэн. 25 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байгаа тус компани ашиглалтын гурван зөвшөрөлтэй. Улмаар 2021 оноос 2023 он хүртэл туршилтын олборлолтоо хийжээ. Зөөвч-Овоо болон бусад ордод ураны олборлолт хийхээр нөөцийг нь тогтоосон 43 мянган га орчим талбайн 2000 ам метр орчимд нь эхний ээлжид хоёр торлол байгуулж туршилтын олборлолт хийсэн байна.

      Тороор тойруулсан хоёр “хашаа”-ны нэг талбайд нь аягын чинээ хэмжээтэй нь 15 өндөр, нам “шон” байрлуулсан харагдана. Үүнээс гадна торлолын өнцөг бүрд зургаан шахах, нэг соруулах цооног гаргажээ. Энэ нь уран олборлох уурхай гэсэн үг.

     Ураны орд нь газрын 200 метр орчим гүнд элсэн чулуун давхарт байрладаг. Хүрдийн орд буюу эрдэсжсэн бүсийн дээд доод хэсэгт шавран давхарга оршино. Шавран давхаргын зузаан 5-15 м дээш байвал олборлолт хийх боломжтой гэж үздэг юм байна.

200 орчим метрийн гүнд байх хүдрийг цооног гарган хэрхэн олборлож байгаа талаар  “Бадрах Энержи” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан менежер Г.Гантулга “Ураныг шахалтын зургаан цооног, олборлох нэг цооногийн тусламжтай олборлоно. Эхлээд олборлох цооногоос 200 орчим метрийн зайд хүдэр байгаа хэсгийн усыг нь соруулж авна. Соруулсан усаа үйлдвэр рүү дамжуулна. Үйлдвэрээс соруулсан усандаа хүхрийн хүчил нэмж, нэг литр усанд 10 грамм хүхрийн хүчил тааруулах байдлаар хүчилтэй уусмалаа шахалтын зургаан цооногт шахаж өгнө.

Ингэснээр хүдэр байгаа хэсэгт буюу 135-155 метрийн гүнд хүхрийн хүчилтэй уусмалаар уусгалт хийнэ. Бүрэн хэмжээнд ууссанаар эрдэс чулуунд байгаа хатуу хэлбэртэй уран шингэн хэлбэрт шилжих юм. Энэ нь битүү орчинд цикл хэлбэрээр эргэлтэд орох учраас аюулгүй. Шингэн болсон урантай уусмалаа төвийн олборлох цооног руу дамжуулж, дахин үйлдвэрт дамжуулна.  Үйлдвэрт ион солилцооны давирхай гэдэг бодисоор уранаа шингээж уснаас нь салгаж авах юм. Уранаа ялгаж авснаар хүхрийн хүчилтэй шингэн ус болж цооногийн талбай руу дамжуулна. Цооногийн талбай руу дамжихаас өмнө усандаа дахин хүхрийн хүчил нэмнэ. Хүхрийн хүчлийн PH хангалттай хэмжээнд байвал нэмэхгүй, харин дутагдаж байвал бага зэрэг нэмэх байдлаар дахин усаа ашиглана.

 

   Олборлолтын цооногоос гадна 5-50 метрийн зайд 15 цооног нэг талбайд бий. Энэ 15 цооногоор дээд давхаргын буюу хүн, мал амьтны хэрэглээний устай хүхрийн хүчилтэй ус холилдож байна уу гэдгийг хянадаг юм. Өөрөөр хэлбэл, туршилт эхлэхээс өмнө, туршилтын үеийн, туршилтын дараах үед хэрэглээний ус ямар байна вэ гэдгийг гурван төрлийн лабораторид шилжүүлж байгаа. Ураны эрдэс газрын гүнд гурваас дөрвөн давхар шавран давхарга дунд байгаа учраас газрын гадарга дээрх усанд хор нөлөөгүй гэдэг нь батлагдсан. Хүдэр агуулж байгаа ус нь хүн мал ашиглах боломжгүй 200 метрийн гүнд байрлах эрдэс ихтэй усыг ашиглаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин малчид хэрэглээндээ 20 орчим метрийн гүнд байх гадаргын усыг хэрэглэдэг” гэлээ.

    Зөөвч-Овоо ордод ураны туршилтын олборлолтыг хийсэн нь амжилттай хэрэгжиж 10 тонн шар нунтаг гаргаж авсан бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж, үйлдвэр ашиглалтад орсны дараа ураны ислийн шар нунтгийг боловсруулан хар нунтаг болгон эдийн засгийн эргэлтэд оруулах юм.

ЦАЦРАГИЙН НӨЛӨӨ БАГА, ХОР ХӨНӨӨЛГҮЙ ГЭДЭГ НЬ  ТОГТООГДСОН НЬ

     Ураны олборлолтыг газар дор хийснээр иргэдийн ойлгож байгаа шиг цацрагийн нөлөөлөл байгаль болон хүнд хор хөнөөлгүй гэдэг нь гурван жилийн хугацаанд хийсэн туршилтын олборлолтоор нотлогдож байна. Тодруулбал, уран олборлох туршилтын хугацаанд цацрагийн хэмжээ ямар байгааг тусгай багаж хэрэгслээр байнга хэмжиж байжээ. Туршилтын олборлолт эхлүүлэхээс өмнө, олборлолт хийсэн болон хийсний дараах үед цацрагийн хэмжээ байгальд байх хэмжээнээс ч бага гарсан гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

    "Бадрах Энержи" компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеард “Би Казахстан Улсад ажиллаж байсан туршлагатай. Ураны олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг тус улс газар дор уусган олборлох технологийг ашиглаад 50 гаруй жил болж байна. Казахстан Улсад уран олборлох уурхай дээр ажиллаж байх хугацаанд байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэдгийг би нүдээрээ үзсэн. Өөрөөр хэлбэл, тус улсын уран олборлолтын уурхай орчимд ард иргэд нь нүүхгүй, мал аж ахуйгаа эрхлээд амьдарч байна.  Ямар нэг байдлаар мал амьтан хордсон зүйл байхгүй. Тэгэхээр бид энэ технологийг ашиглаад олон жил болсон томоохон улсуудын туршлагаас ямар нэг аюулгүй юм байна гэдгийг харж болно.

     Улаанбадрах суманд мал хордож байгаа талаарх мэдээллүүд өмнө нь гарч байсан. Иймд манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд малын эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай 2014 оноос хойш хамтран судалгаа хийж байна. Хамгийн сүүлд 2023 оны хавар малын эрүүл мэндийн судалгааг гаргасан. Судалгааг Хөвсгөлийн зарим сум болон Дорноговь аймгийн Айраг сумын малтай харьцуулж хийсэн. Судалгааны үр дүнгээр Улаанбадрах суманд онцгойлсон ноцтой зүйл байхгүй, хэвийн түвшинд байна гэх хариу гарсан. Газар дор уусган олборлох технологийг Монгол Улс анх удаа ашиглах гэж байгаа ч дэлхий нийтэд олон жил ашиглаж ирсэн. Тэр дундаа “Орано” группийн хувьд энэ технологийг аюулгүй ашиглаж байгаа олон жилийн туршлагатай.

    Улаанбадрах суманд уран олборлолтын үндсэн үйл ажиллагаа эхлэхэд мал аж ахуйгаа малчид уурхайн орчимд зэрэгцээд эрхлээд явах боломжтой гэдгийг энд дурдах нь зүйтэй болов уу” хэмээсэн юм.

Д.БАТМАНЛАЙ: УЛААНБААТАР ХОТООС ПАРИС РУУ ХОЁР УДАА НИСЛЭГ ХИЙХЭД АВДАГ ЦАЦРАГИЙГ УУРХАЙН АЖИЛЧИД АВСАН

    Газар доороос олборлосон шар нунтгийг алган дээрээ тавьж үзлээ. Цацрагийн хор хөнөөл их байсан бол хамгийн түрүүнд үйлдвэрийн ажилчид өртөх өндөр эрсдэлтэй. Ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс цацраг хэмжих жижиг оврын багажаар байнга хяналт тавьж байна. Алганд багтах жижиг дөрвөлжин багажийг уурхайн ажилчид зүүгээд үйлдвэр рүү нэвтэрдэг юм байна. Мөн ойр орчмын малчдын гэр болон амьдрах орчинд цацраг хэмжих багаж суурилуулсан гэнэ.

     Цацрагийн хор хөнөөлийн талаар “Бадрах Энержи” компанийн  ХАБ, цацрагийн хамгаалалт хариуцсан супервайзер Д.Батманлай “Газар дор уусган олборлох технологи нь ил болон далд уурхайгаас цацрагийн нөлөөлөл үзүүлэх байдал нь харьцангуй бага. Цацрагийн ажилчдад үзүүлэх нөлөөллийг бид байнга хянадаг. Туршилтын үйл ажиллагаанд оролцсон ажилчдын цацрагийн нөлөөллийг хянаж үзэхэд зөвшөөрөгдөх хэмжээнээс 8-9 дахин бага байна. Энэ тунг бид Улаанбаатар хотоос Парис руу хоёр удаа нислэг хийхэд авдаг тунтай жишиж ойлгож болно” гэлээ.

3.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ШУУД АШИГ ХҮРТЭЖ, 10 ХУВИЙН ДАВУУ ЭРХ ЭДЛЭХ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ ҮЕ

     Монгол Улсын Засгийн газар Францын “Орано” групптэй хамтран Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Зөөвч-Овоо ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хөрөнгө оруулалтын гэрээ хийх бэлтгэл ажлыг хангаж байгаа. Зөөвч-Овоо ордод бүртгэгдсэн уран нөөц 100,354 тонн, батлагдсан нөөц нь 81.660 тонн байна. Үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл жилд 2500 тонн уран олборлоно гэж тооцжээ. Мэдээж байгалийн баялгаа ашиглуулж буй Монгол Улс ирээдүйд ямар ашиг хүртэх вэ гэдэг нь анхаарал татаж байна.

    Үндсэндээ Улаанбадрах суманд уран олборлолтын зөвшөөрөл авсан “Бадрах Энержи” компанийн 34 хувийг 100 хувь Засгийн газрын хөрөнгө оруулалттай “Эрдэнэс Монгол”, 66 хувийг Франц Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалттай “Орано майнинг” групп эзэмшиж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар, “Орано майнинг” группийн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газар боловсруулж, энэ сарын сүүлчээр УИХ-аар хэлэлцүүлэн батлуулна. Ингэснээр 2028 оноос олборлолтын ажил эхэлж, Монгол Улс шууд ашгаа хүртэх яриа хэлэлцээрийг хийгээд байна.

     

    Энэ талаар “Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал  С.Наранцогт “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц Улсад хийсэн айлчлалын үеэр үндсэн хэдэн нөхцөл дээрх протоколд гарын зурсан. Үүнээс онцлоход манай улс хамгийн өндөр АМНАТ авахаар авахаар тохирсон.

     Дээр нь 10 хувийн давуу эрхийн хувь эдэлнэ. Анх хоёр улс уран олборлох тал дээр гэрээ хийж байхад ураны ислийн үнэ 53 ам.доллар байсан. Өнөөдөр 72 ам.доллар болж байгаа юм. Үүнээс дундаж үнийг тооцоолоод үзэхээр төслөөс орж ирэх борлуулалтын орлого 12 тэрбум ам.доллар болно. Үүнээс татвараар 3.2 тэрбум ам.долларын төвлөрүүлнэ. Мөн 3.4 тэрбум ам.доллар нь хөрөнгө оруулагчийн ногдол ашиг болж орж ирнэ. Энэ төслөөс монголчуудад ирэх үр ашиг нь маш өндөр байна гэж тооцоолж байгаа юм. Ураны ислийн үнэ өсөх тусам Монголын талын давуу эрхийн 10 хувьцаагаа ашиглана” гэсэн юм.

       Монгол Улсын Засгийн газар Францын “Орано” групптэй хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэснээр газар доор уусган олборлох уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж 2025 он гэхэд бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгана гэж тооцоолжээ. Түүнчлэн 2028 оноос уурхайн олборлолтын ажлыг эхлүүлж, 30 жилийн олборлолтыг хийнэ. Мөн олборлолт хийж дууссаны дараа 10-20 жилийн хугацаанд уурхайд нөхөн сэргээлт хийх төлөвлөгөө гаргаад байна. Ухаандаа уран олборлосны дараа байгалийн баялгийг ашиглаад Монгол оронд цөмийн “шаар” булшлаад үлдээнэ гэх ойлголт байхгүй болж байгаа юм. Нүүрстөрөгч бага ялгаруулдаг эрчим хүчний эх үүсвэртэй болох гэж дэлхий нийтээрээ эрмэлзэж байгаа энэ үед уран эдийн засгийн гол тоглогч болж хувираад байна. Тун удахгүй Монголын эдийн засагт шинэ салхи сэвэлзэж, ураны олборлолтоор дэлхийн зах зээлд цахиур хагалах нь. Улаанбадрах сумаас Улаанбаатар орох замд надад ийм бодол төрж явлаа.

 

 


УЛААНБАДРАХААС ОЛБОРЛОСОН НӨГӨӨ ГАЙХАЛ УРАНЫГ ЧИНЬ АЛГАН ДЭЭРЭЭ ТАВИАД...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-12 11:02:35
    я: монголд ураныг ЧИХЭР хэлбэрэрр идсэн ч сайхан мэт л ярьдаг болэ хэсэг нөхөд маш өндөр цалинтай байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-08 07:20:12
    Иргэн: Газрын хэвлийрүү аюултай хор шахаж байгаа нь яавч сайн биш.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-06 18:31:23
    ЗОЧИН: ХӨРСТДӨӨ ХОР ШАХАЖ ГАДНЫ ГАР ХӨЛ БОЛЖ ГАЙ БОЛООД ЯАХНАВ ДЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-06 16:08:25
    ФИЗИКЧ: АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ХЭРЭГТЭЙ ..................... ЭНЭ БОЛ ДЭЛХИЙН ЖИШИГ ШҮҮ ДЭЭ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-06 11:47:46
    эрдэмтэн зочин: Манай улс байгалын ашигтай баялагаа эдэлгээнд оруулах цаг нь аль хэдий нь болсон доо. Хөгжилтөй орнууд байгаа юмаа ашиглаад улам хөгжөөд байхад манай иргэд мэдлэг дутуугаасаа болоод шинжлэх ухааны ололтыг ашиглахаа мэдэхгүй худлаа айдсаас болоод хоцрогдмол, амьдрал нь дээшлэхгүй байна. Зөв ашиглаад явбал одоо айх юмгүй болж, ашиглаад явж чадах боловсон хүчин ч нэмэгдсэн дээ. Дээдсээс өгөгдсөн баялгаа ашиглах цаг болсон, айх хэрэггүй.Хэдий болтол харанхуй бүдүүлгээр амьдрах юм бэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-06 10:12:15
    Wow : Gaihaltai ingej mongol mine hugjih ehnii uud haalga neegdeh gej bid shan amidrah erhtei ajiliin amjilt
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-06 10:01:17
    Janjin: 200 m olboroldog yum baij. Hench bodson ayuulgvi gej bobj bolomj mongolin horocni bolon gvni uc gej yrcan bn uc urshdag bas nechdeg 10 15 jil bolhod ter hawin horoc hordon
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-06 10:01:16
    Janjin: 200 m olboroldog yum baij. Hench bodson ayuulgvi gej bobj bolomj mongolin horocni bolon gvni uc gej yrcan bn uc urshdag bas nechdeg 10 15 jil bolhod ter hawin horoc hordon
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188