Дөрвөн улирлын туршид гэр хорооллын иргэд өтгөн, шингэн, хоолны үлдэгдэл холилдсон угаадас, элдэв янзын хог хаягдлаа нийтийн эзэмшлийн гудамж, талбай, үерийн далан тэр бүү хэл гол руу асгадаг нь нууц биш. Тэр дундаа өвлийн цагт асгасан угаадас нь хөлдөж, түүн дээрээ халтирахгүйн тулд нэмж үнс асгадаг нь дадал болжээ. Үүний зэрэгцээ соёлгүй нөгөөтэйгүүр ухамсаргүй нэгэн нь хүний нүд хариулан гудамжны мухарт бие засах, бөөлжих зэрэг увайгүй үйлдэл гаргадаг. Энэ мэт ялгадас, бохир, угаадас нь хогтойгоо холилдон хөлдөж, түүн дээр нь явахаас ч жихүүдэс хүргэхийн зэрэгцээ хүн халтирах эрсдэл үүсгэдэг. Улмаар хаврын цагт өнөөх бохир нь гэсэж хөрсөнд шингэж, агаарт ууршдаг бөгөөд хамгийн аюултай нь тэр бохир орчинд хүүхдүүд тоглодог. Энэ мэт харамсмаар, бухимдмаар дүр зураг өвөл, хаврын аль ч цагт ил.
Гэр хорооллын иргэдийн дунд “Яавал дээр вэ” гэж санаа зовних нэгнээс илүү “Хашаандаа асгачихвал хөлдөөд муухай юм болно” гэсэн амин хувийн үзлээр орчноо бохирдуулах нэгэн нь олон аж. Энэ асуудлыг сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн XII хороог зорив. Гудамж болгонд метр гаруйхны зайтай газар бүрт угаадас, хог холилдон хөлджээ. Хүн явахад эрсдэлтэй, халтиргаа үүсгэх бөгөөд ийм ч учраас зарим айл угаадас дээрээ үнс асгасан байв. Тус дүүргийн Засаг даргын хэлж буйгаар зарим иргэн шөнө дөлөөр хүний хөл татарсан үерийн далан, гудамж руу угаадсаа асгадаг гэнэ. Нэг талаараа гэр хорооллын иргэд муу усны нүх ухсаар байгаад дахин ухах талбайгүй болсны улмаас ил асгах нь бий. Мөн саарал ус шүүрүүлэх технологи бүхий бүтээгдэхүүн авах, бохир соруулах санхүүгийн бололцоо бага байж болох юм. Гэвч угаадсаа хөлдөөж хогны машинд ачуулах нэг шийдэл энд бий. Гэтэл хүүхдийнхээ тоглодог хөрсийг бохирдуулсаар байгаа нь ердөө л залхуурал болон ухамсартай холбоотой асуудал аж.
Иргэдийн ухамсаргүй энэ асуудлыг сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн XII хороог зорив. Тус дүүргийн Засаг дарга Ц.Долгормаа “Манай хороо дан гэр хорооллоос бүрдсэн, 2300 орчим өрхтэй. Гол тулгардаг асуудал бол одоо улирал нь эхэлчихсэн байгаа угаадасны асуудал юм. Манай хороонд 800 метр гаруй үерийн далан бий. Гэтэл иргэд энэ үерийн далан руу угаадас, хогоо асгах асуудал байнгын гардаг. Үүнтэй тэмцэхийн тулд хоёр жилийн өмнөөс 4200 ширхэг улиас, найман ширхэг гацуур тарьж, камержуулалт хийсэн. Тэгсэн ч иргэд шөнө, үүрээр хүний хөл татарсан хойно үнс, угаадсаа асгаж байна. Эздийг нь олсон үед цагдаагийн хэсэгтэй хамтран мэдэгдэх хуудас өгч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хариуцлагын арга хэмжээ тооцох тухай албан бичиг өгдөг.
Миний хувьд иргэдийг соён гэгээрүүлэх, ухамсрыг дээшлүүлье гэж их ярьдаг, зовнидог. Иргэд ихэвчлэн үерийн далан руу угаадас, хог хаягдлаа асгадаг. Тиймээс үерийн далан орчимд оршин суудаг иргэдийн өвчлөл хэр байгаа талаар судалж үзтэл дийлэнх нь амьсгалын замын зэрэг өвчлөл ихтэй нь тогтоогдсон. Тийм учраас нөлөөллийн ажил хийж ногоон байгууламжтай болсон. Манай хорооны хөрс бохирдол ихтэй учир 50 см ухмагц хөрсний ус гардаг. Иргэд тэр усыг соруулж, гүн ухаж байж бат бөх нүхэн жорлон хийх боломжтой. Гэтэл иргэдийн амьжиргааны түвшин ямар билээ, ихэнх нь ингэж зардал, чирэгдэл болж чадахгүйгээс үүдэлтэйгээр бохирдлоо ил асгадаг тохиолдол бий. Тэгэхээр үүнийг шийдэхийн тулд ерөөсөө л гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал яригдаж байна” гэсэн юм. Аль аль талдаа асуудалтай энэ байдал гэр хорооллын иргэдийн хувьд энгийн нэг дадал, хэвийн зүйл мэт болж байгаа нь харамсалтай.
Аливаа дүүргийн хороодод гудамж, талбайд угаадас, хог хаягдлаа асгаж буй иргэдийг хянах зорилготой “Олон нийтийн байцаагч” гэж бий. Тэд сард 354 мянган төгрөгөөр цалинждаг бөгөөд айл, өрхийн тарьсан хог хаягдал, бохирыг цэвэрлэх, хянахад багагүй асуудал тулгардаг гэнэ. Тухайлбал, олон нийтийн байцаагч тухайн хорооны айл, өрх бүрээс 1000 төгрөг авч, гудамж талбай дахь бохирдлыг цэвэрлэж үзсэн аж. Гэтэл иргэд ойр орчмоо цэвэрлэдэггүйн дээр бохирдол үүсгэдэг хэрнээ өмнөөс нь цэвэрлэхийг хүссэн нэгэнд 1000 төгрөг өгөхөөсөө цааргалж эхэлсэн учир хэн ч цалин хөлсгүй ажиллахгүйн журмаар энэ ажил зогссон тухай тус хорооны Засаг дарга Ц.Долгормаа хэлсэн юм.
Хог хаягдлын тухай хуулиар угаадас, үнсээ гудамжинд асгасан иргэнд хариуцлага, торгуулийн арга хэмжээ авах хуультай. Энэ талаар Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Г.Түмэн-Од “Нийслэлийн хэмжээнд өвлийн улиралд нийт хог хаягдлын 60-70 хувийг үнсний хог хаягдал эзэлдэг.
Өвлийн улиралд иргэд гудамж талбайд үнс угаадсаа асгах үзэгдэл гарсаар байна. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 100-300 нэгж, аж ахуйн нэгж байгууллагыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалт байдаг. Иргэд угаадас, үнсээ ил задгай асгаж байгаа хүнийг харах юм бол тухайн үйлдлийг баталгаажуулж, хорооныхоо хэсгийн байцаагч буюу нийгмийн ажилтанд мэдээлэх үүрэгтэй. Ингэснээр дараагийн арга хэмжээ авагдана.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс нийслэлийн 120 цэгт хөрсний бохирдлын дээж аван шинжлэхэд нянгийн бохирдол 88 хувийг эзэлж байна гэсэн үр дүн гарсан байдаг. Мөн цацраг идэвхт бодис дийлэнх хувийг эзэлж байгаа. Энэ нь үнсний хаягдал доторх агууламж нь ургамал, хөрсийг цацрагийн бохирдлоороо хордуулж байна гэсэн тооцоо судалгаа байдаг. Тиймээс хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь нүхэн жорлон, үнс угаадас, хог хаягдлын асуудлууд байдаг” гэв. Хуулийн зохицуулалт нь ийм боловч хэрэгждэггүй нь харамсалтай.
Өвлийн цагт гудамж, гол, үерийн даланд асгасан угаадас, бохирдол хаврын цагт хайлж, хөрсөнд шингэж бохирдуулахын зэрэгцээ нарны илчинд ууршдаг. Энэ нь байгаль орчинд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ нянгаас үүдэлтэй олон төрлийн өвчин бий болгодог байна. Хөрсний бохирдол нүдэнд ил биш учир хүмүүс тэр бүрчлэн анхаарч, хайхардаггүй. Угтаа бол хөрс нь агаар, усны суурь болдог амин чухал зүйл аж.
Хүний буруутай үйлдлээс үүдэн бохирдсоны улмаас эвгүй үнэр гарч, хүхэрт устөрөгч, метан зэрэг хорт хий ялгарч агаарыг бохирдуулдаг байна. Ил задгай жорлонгийн хаягдал, угаадсаас ялгардаг шивтрийн хий нь хорт хийн төрөлд хамаардаг бөгөөд хорын зэрэглэлээрээ дөрөвдүгээр зэрэглэлд багтдаг аж. Шивтрийн хий ихэссэнээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эхийн урагт нөлөөлж, гажиг согогтой хүүхэд төрөх, цаашлаад үргүйдүүлэх ч хор уршигтай, өвчний үүр уурхай болж байдаг. Мөн урин орох үед угаадас нь хайлж зарим хэсэг нь шар ус болон урсдаг.
Газарт дэвтэж, шингэсэн, үнс пургилсан тоос шороо, бохирдол ихтэй гудамжинд хүүхдүүд тоглож байгаа нь хамгийн их санаа зовнимоор асуудал юм. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй айл, өрх гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа бий. Уг нь иргэн бүр бохир усаа ил задгай асгахгүй, ойр тойрмоо цэвэрхэн байлгаж, мод тарих, хамгийн чухал нь угаадас, бохироо хөлдөөж, хогийн цэгт асгах нь өөртөө, байгаль орчинд болон хүүхдийнхээ ирээдүйд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм.
Энэ мэт хүний эрүүл мэнд тэр дундаа хүүхдүүдийн тоглодог орчинг бохирдуулж, байгаль орчноо хайрладаггүй, увайгүй үйлдэл гаргаж буй нь шулуухан хэлэхэд иргэдийн соёл, ухамсартай шууд холбоотой юм. Нэг үгээр өөрөөсөө өөр бусдыг буюу өрөөлийг бодох сэтгэлгээний соёл дутагдаж буйн шинж гэвэл дөхнө. Жишээ татахад, өдийгөөс 61 жилийн өмнө буюу 1959 онд бүх орон даяар “Соёлын довтолгоо” өрнөж, монголчуудыг их хотын соёлд шилжихэд томоохон түлхэц болсон байдаг. Тухайн үед иргэдийг шүд угаах, усанд орох зэрэг наад захын ариун цэвэрт сургасан. Тэгвэл монголчуудад одоо ухамсар, оюун сэтгэлгээний “Соёлын довтолгоо” үгүйлэгдэж байна.

| “Миний хашаа л цэвэрхэн байвал бусад нь яах вэ” ба ГУДАМЖИНД ЯЛГАДАС, УГААДСАА АСГАГЧИД |
|
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
"ХӨГЖИЛТЭЙ ДҮР"-ИЙН ЧАНГА БАГШ, "ЭРВЭЭХЭЙН СҮҮДЭР"-ИЙН ХУУРТАГДСАН ЭМЭГТЭЙГ БҮТЭЭСЭН ОТГОО
2026-03-02 09:41:33
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |