• Өнөөдөр 2024-04-27

Амь гуйж, аврал эрсэн гэмтлийн эмнэлгийн нэг өдөр

2021-07-17,   1643

  Хоногийн 24 цагт байнгын ачаалалтай ажилладаг Гэмтэл согог судлалын үндэсний төв энэ амралтын өдрүүдэд өмнөхөөсөө хэд дахин ачаалалтай ажиллаж, олны хөлд дарагджээ. Үд дундын үед тус эмнэлэгт очиход үүднээсээ эхлээд л хөл гараа гэмтээсэн, толгойгоо боосон, түлэгдсэн хүмүүсийн цуваа уртаас урт үргэлжилж байлаа.  Балчир  хүүхдээ тэвэрсэн, хоёр гурваараа яарсан хүмүүс чөлөө завгүй зөрөлдөх бөгөөд гадаах сандал дээр нь суугаад эмнэлэгт хэвтсэнээ эргэж байгаа бололтой халуун савтай цай, тортой юм барьсан олны цуваа тасрахгүй юм.

  Нэг хэсэг нь халуун нарнаас сүүдэр бараадан харагдана. Машины зогсоол ч мөн дүүрэн байлаа. Харин яаралтай тусламжийн үүдээр ороход л өвдөж шаналсан, явдалдаа түүртсэн элдэв гэмтэлтэй иргэд дуу шуу болцгооно.  Түргэн тусламжийн тасагт очоод 20 минут ч болоогүй байхад тав орчим  насны хүүгээ дагуулсан эцэг “Хүүхэд маань нэг нүдээ төмөрт хатгачихлаа” гэсээр аахилан ирээд “Үзлэг хийж байгаа эмч нь хаана байна” хэмээн тэр хавиар нэг дуу шуу болно.  

   Төд удалгүй ариутгалын хаалгаар иргэдийг  ээлжлэн нэвтрүүлж байсан сувилагч “Таны хүүхдийг энд үзэхгүй ээ.  Улсын гуравдугаар төв эмнэлэг рүү оч” гэхэд нь мөнөөх эр уурлаж, “Яахаараа хүүхэд нүдээ хатгачихаад байхад тоодоггүй” юм хэмээн  бухимдсанаа  яаран эмнэлгээс гарч одлоо. Үзлэгийн цагаа хүлээж суусан нэгэн настай эмэгтэй   “Хүүхэд нүдээ сохолбол яана. Сайн харж хандахгүй юугаа хийж байсан байна” гэж хэлэхэд нь өөдөөс нь харж суусан өөр нэгэн настайвтар эрэгтэй “Хэлээд юу гэхэв” хэмээн халаглаж, толгойгоо сэгсрэн сууна.

  Нохойнд хазуулчихлаа, тохойгоороо уначихлаа, хөлөө гэмтээчихлээ гэх гэнэтийн санамсар болгоомжгүй байдлаас үүссэн гэмтэлтэй хүмүүсийн дараалал мөн ялгаагүй их. Энэ гэмтлүүд нь ерөнхийдөө жижиг гэмтэлд тооцогдоно. Зарим нь олон сараар эмчлүүлж, өөр эмнэлэгт хэвтэж байж л эдгэрэх  гэмтлүүд ч бий.

     Гэмтэл согог судлалын эмнэлгийн хүлээн авах тасаг өдөрт дөрвөн эмч ээлжээр ажилладаг бөгөөд битүү гэмтэл, шарх, хүүхдийн гэмтэл, рентген хэмээн ангилан үздэг байна. Үүдний үзлэгийн өрөөнд  хоёр  эмч гэмтлийн зэргийг тогтоож рентген зураг авхуулах,  ямар эмчид үзүүлэх зэргийг нь зааж өгч гаргана.

 Улсдаа ганц гэмтлийн эмнэлэгт өвөл, зунгүй хүн тасрахгүй. Ялангуяа баяр наадмын өдрүүдэд ачаалал нэмэгдэж, аминаас холуур гэмтэл бол хэдэн цаг хүлээж, эмчилгээ авах тохиолдол ч байдаг гэнэ. Ингээд бид эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэд юунаас шалтгаалан гэмтэж, бэртэж байгаа талаар тодрууллаа. Үзлэгт орохоор дараалалд зогссон иргэдийн олонх нь санамсар болгоомжгүй үйлдлээсээ гэмтдэг байна. Түүнчлэн авто машины ослоор гэмтэж бэртсэн хүн олон байлаа.  

ХҮҮХДЭЭ ҮЛДЭЭГЭЭД ТҮР ГАРАХЫН ХООРОНД БУЦАЛГАГЧТАЙ УСАНД ХӨЛӨӨ ТҮЛЧИХСЭН БАЙСАН

     Эмнэлгийн хаалганаас эмчилгээний үүд хүртэл хүүхдийн уйлах чимээ тасралтгүй хадаж байлаа. Нэг ой дөнгөж хүрч байгаа болов уу гэмээр жаахан хүүхдийнхээ бөгсөн биеийг даавуугаар ороож тэвэрсэн ээж нааш цааш сандран алхалж тайвшруулах гэж элдвээр үзнэ. “PCR хаана өгөх юм бол, хүүхдийнхээ сахиураар хэвт гэсэн юм” хэмээн сувилагчдын  өрөөгөөр шагайж лавлахад, шинжилгээ авдаг хэсэгт “Коронавирусийн халдвар авсан хүн орч ирсэн ариутгал хийж байгаа түр хүлээж бай” гэсэн хариу аваад эргээд сандал дээрээ суув.

  Хүүхдийн ээжээс юу болсон талаар лавлахад “Өчигдөр 15:00 цагийн үед гэрийн гадаах амбаартаа хогоо цэгцэлж, цэвэрлэхээр зургаан настай охиноо дүүгээ харж байгаарай гээд  түр үлдээсэн юм. Ойрхон байсан болохоор гайгүй биз гэж бодсон ч саванд байсан халуун усанд хөлөө түлчихсэн байсан. Нөхөртэйгөө яаран гэмтэл рүү иртэл хүн ихтэй, нэлээн хүлээхээр байсан. Тэгээд өвчин намдаах лаа хийж тосон түрхлэг хийнгээ боолт хийлгэсэн юм. Одоо эмч нь “Эмнэлэгт хэвт” гэсэн болохоор нөхрөө гэр рүүгээ юмаа бэлдүүлж авчруулахаар явуулчихаад шинжилгээ өгөх гээд хүлээж байна” гэлээ.

ТОЛГОЙГОО ХАГАЛЧИХААД БООЛТ ХИЙЛГЭХГҮЙ ГЭЖ ЭМЧ НАРЫГ ЗАГНАЛАА

      Хоёр давхрын эмнэлгийн коридорын баруун буланд хүлээж суусан хүмүүсээс цээж, толгой нь тэр чигтээ цусанд будагдсан эрэгтэй толгой руугаа шааж, доош харж амандаа элдвийг үглэж байгаа харагдана. Зарим нь хажуугаар зөрөхдөө “Согтуу явж байгаад хүнтэй зодолдоо биз, гавьяа байгуулчихсан юм шиг” хэмээн муухай харж өнгөрнө. Гэмтлийн мэс заслын эмч нар гарч ирээд оёдлоо хурдан тавиул цус алдаад хатаж дууслаа гээд авч орох гэтэл “Та нар надтай ингэж харьцахгүй би эхнэрээ иртэл хүлээнэ” хэмээн чангаар орилж, эмч нартай маргалдаж гарав. “Дотуур цус алдаад байна, би ингээд үхдэг юм байж” хэмээн байн байн амандаа үглэх ч оёдол тавиулахгүй гэж зөрүүдэлсээр суулаа. Эхнэр нь ч төд удалгүй хүрч ирэн, уурлаж загнан байж цусыг нь цэвэрлэн, оёдол тавиулахаар эмчийн өрөө лүү дагуулж орж харагдана.

    Энэ мэт гэмтэлтэй хүмүүс эмнэлгийн коридороор дүүрэн байх ба хөл хөдөлгөөн тасрахгүй. Ихэвчлэн хүүхдээ дагуулсан эцэг эх орж ирэх аж. Зарим нь хуучин гэмтэл нь сэдэрсэн, гипсдүүлж, гэмтлийн зэрэг тогтоолгож зураг авхуулах гэсээр коридороор нааш цааш холхино.

“ДУГУЙНААС УНАЖ, ТАВАН ЦАГ АЛХАЖ ГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГ ОЧСОН”

      Суга таяг тулсан өндөр туранхай хүү өрөөсөн гутлаа тайлчихсан, хоёр хөлөө арай хийн ээлжлэн  зөөсөөр  “Гипс” гэсэн хаягтай өрөө рүү зүглэж харагдав. Сэргэлэн цовоо байрын боловч хөлийн гэмтлээсээ болон  таягандаа түүртэн эмнэлгийн нарийн хонгилоор хүмүүстэй багтаж ядан зөрсөөр эмчийн өрөөний үүдэнд очив.

   Хүүг дагаж очин биеийн мэндийг асууж, яагаад гэмтсэн талаар тодруулахад “Дөрөв хоногийн өмнө дугуйтай явж байгаад гэнэт суудал нь хугарч хөлөө бэртээсэн. Явган хүний зам дээрээс машин зам руу эргэх хэсэгт унаж гэмтсэн, машин зам руу орсон бол өдийд дайруулчихсан байгаа” гэж санаа нь зовон өгүүлнэ. Гэмтэл авчихаад утас асахгүй, таньдаг хүмүүстээ хэлж чадахгүй таван цагийн дараа Мөнгөн завьяагаас Гэмтлийн эмнэлэг хүртэл алхаж ирсэн гэнэ.  Шагай орчмын савхан яс хугарсан гэх оноштой сар хагасын турш гипстэй явахаар болсон ба нэг хөл нь хэд хоногтоо өрөөсөн гутлаа өмсөж чадахааргүй болтлоо хавдсан аж.

НИЙТ ӨВЧЛӨЛИЙН ДИЙЛЭНХ ХУВИЙГ ӨНДӨРӨӨС УНАХ БЭРТЭЛ ЭЗЭЛДЭГ БА ХАМГИЙН УДААН ЭДГЭРДЭГ

     Тус төвийн яаралтай тусламжийн үүдээр өглөөнөөс хойш хэчнээн хүн орсон, ямар гэмтэлтэй байдаг талаар гэмтлийн эмнэлгийн статистик мэдээллийн албанаас тоог гаргана. Өдөр өдрөөр гаргасан тоогоо багцлан иргэдэд мэдээлж, сэрэмжлүүлэг хэлбэрээр хүргэдэг байна. Бидний очсон өдөр хэчнээн хүн гэмтлээр үзүүлсэн талаар ГССҮТ-ийн статистик мэдээллийн албаны бага эмч С.Чимгээгээс тодруулахад  “Долдугаар сарын 15-ны өглөөний 08:00-17:00 цагийн байдлаар нийт 235 хүн гэмтлийн эмнэлгээр үйлчлүүлсэн. Үүн дотроо 0-18 насны 70 хүүхэд байгаа юм. Осол гэмтлийн тохиолдлыг авч үзвэл өндрөөс унаж бэртэх, халтирсан тохиолдол хамгийн их хувийг буюу нийт 37 тохиолдол бүртгэгдсэн байна. Авто ослоос шалтгаалах гэмтэл ес,  хүчирхийллийн шинжтэй үйлдлээс гэмтсэн нь дөрөв, түлэгдэлтийн найм, нохойд хазуулж, амьтанд хатгуулсан найман иргэн байгаа.  Мөн бүх нийтийн амралтын өдрүүдийн эхний гурван хоногийн байдлаар осол гэмтэлд өртсөн хүмүүсийн 55.1 хувийг эрэгтэйчүүд,  44.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа аж. Нийт тусламж үйлчилгээгээ авсан иргэдийн 26 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд байна” гэлээ.

Энэ өдрүүдэд 24 цагаар иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа аж.

    Энэ жилийн хувьд наадам зохион байгуулаагүй учраас мориноос унаж гэмтсэн хүүхдийн дуудлага мэдээлэл ГССҮТ-д  ирээгүй байна. Баяр наадмын хурдан морины уралдаанаар мориноос унасан гэх дуудлага нийт дуудлагын ихэнх хувийг эзэлдэг байжээ.

    Ер нь жилийн жилд хүүхдийн осол гэмтлийн тоо буурдаггүй. Ихэвчлэн бага насны хүүхдийг эцэг эх нь хараа хяналтгүй үлдээснээр гэмтдэг гэнэ. Хариуцлагагүй байдлаас үүдэн гэмгүй бяцхан хүүхдүүд хорвоог орхиж байгаа тохиолдол бишгүй. Иймд осол эндэгдлээс урьдчилан сэргийлж,  анхаарал болгоомжтой байж сэрэмжлүүлэх хэрэгтэй.

   Гэмтлийн эмнэлэгт 18:00 цаг болоход хүмүүсийн хөл харьцангуй татардаг ч 22:00 цагаас хойш дуудлага мэдээлэл их ирдэг гэнэ. Ялангуяа шөнө, оройн цагаар явж байгаад осолдох, согтуурч зугаа цэнгэл хөөсөн иргэд хоорондоо зодолдож, хүнд гэмтэх,  дуудлага тасрахгүй. Уурлаж зандачсан, өвчиндөө ялархсан иргэд эмч нарыг загнаж, зарим нь юм авч шидэх ч үе байдаг аж. Ийн Гэмтэл согог судлалын эмнэлэг хоногийн 24 цаг чөлөө завгүй, хүний хөлд дарагдана.

Н.АРИУНСАЙХАН


Амь гуйж, аврал эрсэн гэмтлийн эмнэлгийн нэг өдөр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-17 19:13:01
    Davaa: Нүдэнд харагдтал бичжээ. Сайхан нийтлэл болсон байна.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188