• Өнөөдөр 2024-04-19

ИРГЭД ЭМИЙН САНЧ, ӨРХИЙН ЭМНЭЛГИЙГ, ӨРХИЙН ЭМЧ ЭМЯ-НЫХНЫГ ЦАРАЙЧИЛСААР...

2021-06-22,   843

Халдвар авсан иргэдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 70 мянган төгрөгтэй тэнцэх тусламж үзүүлэх тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд ээлжит мэдэгдэлдээ хэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл Эрүүл мэндийн даатгал, Эрүүл мэндийн яамнаас иргэдэд эм, тан ирээгүй талаар шүүмжлэл гарах болсон. Бид салбарын сайдын хэлсэн дээрх мэдээлэл бодит байдал дээр хэрэгжиж буй эсэхийг сурвалжиллаа.

“Долоон буудал” орчмоор коронавирусийн үед уудаг тангууд тасарчээ

         Улаанбаатар хотын аль ч дүүрэг, хороонд “Арбидол, C,D витамин, тан” авахаар ирсэн иргэд эмийн сангийн үүдэнд урт дараалал үүсгэж байна. Дотнын нэг нь коронавирусийн халдвар авсан, батлагдаагүй ч урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх гэсэн иргэд энэхүү дараалалд тэвдэн зогсоцгооно. Бидний нэрлэж заншсанаар “Долоон буудал”-ын нутаг байрлах “Ач фарм” эмийн сангаас хоёр давхар амны хаалт зүүж, нэг удаагийн бээлий өмссөн 40 эргэм насны эмэгтэй арбидол, витамин C,D болон бусад тангаа аваад гарч байв. Түүнээс богино хугацаанд ярилцахыг хүсвэл “Эгч нь эерэг тохиолдол болчихоод эм авч явна. Хоёулаа ямар гар хуруу барьсан биш, чи зайгаа барьж байгаад асуух зүйлээ асуучих. Харин миний нэр, хаягийг нууцлаарай” гэв.

-Та PCR, түргэвчилсэн оношлуур хоёрын аль тестээр нь батлагдсан бэ?

      -Би Чингэлтэй дүүргийн XVII хорооны иргэн Манай хороонд бүү хэл улс даяараа PCR авах газар олдохгүй байгаа юм биш үү. Түргэвчилсэн оношлуураар сая эерэг гарсан. Тэр даруйдаа эмийн сангаас хэрэгтэй эм, тангаа авахаар явж байгаа нь энэ.

-Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан батлагдсан тохиолдол бүрт 60 ширхэг арбидол өгч байгаа. Та энэ талаар мэдсэн үү?

       -Уг нь сонссон ч авч чадаагүй явна. Аваагүй  ч гэж “Хүүхдийн тунгаар байгаа шүү. Давхарлаад угаарай" гээд  гурав хоног уух арбидол өгсөн. Ямар хүүхэд хуурч байгаа биш дээ. Үлдсэн нь хэзээ ирнэ гэж энэ эмийг уугаад сууж байхав. Өвдсөн хүн хурдан эмчилж, эдгэрэхээ л бодно шүү дээ.

-Та сая ямар эм, тан авсан бэ. Дунджаар хэдэн төгрөгөнд эмчилгээ авсан бол?

       -“Норов 4” тан нь энэ хавиас олдсонгүй. Тэрийг нь орхиод л арбидол, витаминууд авлаа. Ердөө хоёр гуравхан төрлийн эм авахад нэг хүний эмчилгээ 100 гаруй мянган төгрөг болж байх шиг байна. Эцсийн энэ хавиар таван эмийн сан байдаг ч ердөө энэ эмийн санд л тан нь байна. Нөгөө тавд нь тан бүү хэл, 200 мг-тай арбидол ч алга.

-Та ажил хийж байгаа юу. Эмчилгээний зардал өрхийн төсөвт хэрхэн нөлөөлж байна вэ?

           -Манай нөхөр ажил хийдэг. Манай хүний цалин нь буусан байсан болохоор гайгүй туслаа. Түүнээс биш бас хүнд л байхаар байна. Гэхдээ бид ч яах вэ болж л байна. Харин хоногийн хоолоо яая даа гэсэн зарим гэр бүл, нялх хүүхдүүд хэрхэж байгаа бол гэж эрхгүй бодогдож байна. 

-Танай хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээ ямар байгаа вэ?

         -Өө авах юмгүй. Хоёр, гурав хоногоор утсаа авахгүй. Хэдэн эмний нэр хэлээд, уугаарай гээд л тасалчихна. Батлагдсанаас хойш тав хоногийн дараа ирж, PCR авна гэсэн алга л байна. Ер нь манай өрхийн эмнэлэг дээр хэрүүл маргаан их гарч байгаа.

Чингэлтэй дүүргийн XVII хорооны иргэд ӨЭМТ-дөө хаягдсан уу

Бид Чингэнлтэй дүүргийн XVII хорооны иргэд “Мөнх Үйлстэн” ӨЭМТ-ийг зорилоо. Тус хороо нь 14 мянга орчим хүн амтай бөгөөд он гарснаас хойш коронавирусийн 586 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 536 нь тус өрхийн эмнэлгийн заавар, зөвлөгөөний дагуу эмчлэгдэж эдгэсэн байна. Харин 30 гаруй хүн дараагийн шатны эмэнэлг рүү шилжжээ.

 Өрхийн эмнэлгээр үйлчлүүлээд гарч буй иргэд “Төр засгаас нэг хүнд 60 арбидол гээд 70 мянга гаруй төгрөг шийдэж өгөөд байхад манай өрхийн эмнэлгийнхэн хувьдаа идлээ”, “Бусад дүүргийн өрхийн эмнэлгүүд маш сайн ажиллаж байхад манайх гэж авах юм алга” хэмээн ам уралдан ярьцгаана. Тэр бүү хэл өрхийн эмнэлгийн даргынхаа үйл ажиллагааг шалгуулахаар хэсэг бүлэг иргэн гомдол гаргасан аж.

Биднийг очих үед эмнэлгээс гарч явсан 20 гаруй насны эрэгтэйгээс тус эмнэлгийн үйлчилгээний талаар асуухад “Би танил эгчийнхээ эмчилгээг асуухаар ирсэн юм. Та өөрөө холбогд” гээд утасных нь дугаарыг өгөв.

      Тус дугаараар XVII хорооны иргэн Г.Э-тэй холбогдоход “Эгч нь өнгөрсөн баасан гарагт түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан. Ингээд нөхөртэйгөө гэртээ хоёулаа тусгаарлагдсан. Үр хүүхдүүд хөдөө орон нутагт байдаг болохоор одоохондоо бид хоёр хоёулахнаа байгаа. Иймээс эмийн сангаас эм тангаа ч авч чадахгүй байна. Өнгөрсөн лхагва гарагт бие зовиурлаад коронавирусийн шинж тэмдэг ар араасаа илэрч эхэлсэн. Улмаар өрхийн эмнэлгт дуудлага өгөх гэсэн боловч утсаа аваагүй. Маргааш нь буюу дөрөв дэх өдрийн орой холбогдсон. Ингээд баасан гарагт л хариу маань гарч байгаа юм. Өрхийн эрүүл мэндийн төв бүтэн 24 цаг залгаад утсаа авахгүй энэ хооронд бидний хэн нэг нь хүндэрсэн бол яах байсан юм бүү мэд. Тэр өдөр өрхийн эмнэлгээс “Эм хүргэж ирлээ. Машин дээшээ гарах боломжгүй болохоор доошоо бууж ирээд авчих” гэж ярьсан. Очоод автал 100 мг-тай хүүхдийн арбивир гэдэг эм өгсөн. Нөгөө сайд, дарга нарынх нь яриад байсан эм, эмчилгээний багц хаачсан юм бүү мэд. Ард иргэдээ ялгаж өгөөд байгаа юм уу, эсвэл өгөх өө больчихсон юм уу ойлгохгүй байна. Арга ядахдаа хамт ажилладаг дүүгээ гуйж коронавирусийн үед хэрэглэдэг эмүүдийг авлаа. Хоёр хүнийх гэхэд 330 мянга орчим төгрөг болж байна лээ. Өрхийн эмнэлэгт найдаж, хүлээж суух хэрэг алга. Маш их гомдолтой байна. Чи эгчийнхээ дугаарыг Эрүүл мэндийн сайдад өгчихөөрэй, би яриад нүдэнд нь харагдтал тайлбарлаад өгье” гэлээ.

Б.Оюунцэцэг:  Иргэдэд хүргэх эмийг “Мөнгө орж ирэхээр өгнө” гээд зээлээр захиалж байна

        Ашиглалтад ороод удаагүй болов уу гэмээр тохижилт сайтай, шил толь болсон үүдтэй өрхийн эмнэлгийн зүүн талын хаалганд PCR шинжилгээ өгөх иргэд мөн л урт дараалал үүсгэжээ. Тус ӨЭМТ нь албаны хоёр маншинтай боловч нэг нь үзлэгээр, нөгөөх нь коронавирусийн үед уух эм тараахаар явсан байна.

       Бид Эрүүл мэндийн яамны шийдвэр шат шатны байгууллагадаа хэрхэн хэрэгжиж буйг “Мөнх Үйлстэн” ӨЭМТ-ийн дарга Б.Оюунцэцэгээс тодруулахад “Өнөөдрийн байдлаар манайд Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг ч төгрөг өгөөгүй.Та хэрэгтэй гэвэл манай нягтлангаас асуугаад, байгууллагын данс, шилжүүлгийг харж болно. Харин бид энэ мөнгийн орж ирэх юм байна гэж үзээд иргэдэд хүргүүлэх эм, тангийн захиалгаа өнөөдөр дүүргийн эрүүл мэндийн газарт өгсөн. Ямар ч басан витамин D,C, аспирин, парацетамол, ибупрофен, ам зайлах тамедин зэрэг шинж тэмдгийн эмчилгээнд ордог эмийг бүгдийг нь захиалсан. Өөрөөр хэлбэл, иргэдэд хүргэх эмийг “Мөнгө орж ирэхээр өгнө” гээд зээлээр захиалж байна. Эхний ээлжинд 200 хүнд өгөх хэмжээний эм захиалсан.

Иргэдэд эм өгөх шийдвэр саяхан гарсан. Харамсалтай нь, шийдвэрээ гаргахаасаа өмнө өгчихсөн мэт иргэдэд ойлгуулаад байна. Угтаа бол эхлээд санхүүжилтээ өгчихөөд “За үүгээр ийм тооны эм аваарай, одоо бид зарлалаа” гэх ёстой. Хөрсөн дээр буугаагүй буюу шийдвэрээ гаргаж амжаагүй байж зарлаад байна. М.Оюунчимэг гишүүн бол нэлээн доромжилсон өнгө аястай ярьж байна лээ. Манай салбарын сайд иргэдэд хандаж “Нэг хүнд 60 ширхэг арбидол өгнө” гээд зарлачихсан. Би яг баримттай хэлье. Энэ манай бүртгэл байж байна. Иргэдэд ингээд 10, 20 ширхэгийг л өгч байгаа. Жишээ нь, манайд 100 мг-тай 600 ширхэг арбидол өгөхөд уух ёстой тунгаар нь бодоход 300 ширхэг болно. Энэ нь ердөө таван хүний эмчилгээ.

Нөхцөл байдал ийм байхад иргэд бидэн рүү дайрдаг.  Батлагдсан хүн бүрт өгөх тэр их арбидол нь хаана байгаа юм бэ. Яагаад Эрүүл мэндийн сайд нь ингэж худлаа ярьдаг юм. Байгаа бололцоондоо тулгуурлаж ахмадууддаа эмийн багц, залуучуудад нь арбидол өгөөд явбал арай хүртээмжтэй. Тэгэхгүй бол дор нь дуусчих гээд байна.

Харин ч манай иргэд ойлгож байна. Унаа тэрэг маань завгүй байгаа болохоор арга ядахдаа “Дүүргийн эрүүл мэндийн төв яваад өгөх унаа байна уу, иргэдийнхээ эмчилгээг яаралтай авч ирмээр байна” гэж иргэддээ хандаад сууж байна. Энэ өвчин хурдан эмчлэх тусмаа хүндрэхгүй эдгэдэг. Иймээс иргэддээ эхний хэд хоног хэрэглэх эм, тангаа  боломж, бололцоогоороо авч байхыг зөвлөж байна. Үлдсэн эмчилгээг төрөөс өгөх эмээр гүйцээж болно гэдгийг ч нуулгүй хэлсээр байгаа” гэв.

Эмийн сангийн үүдэнд үүссэн энэ их дараалал, “дуусчихжээ” гэсээр гомдолтойхон буцах иргэдийн цөхрөлийг сайд, дарга нар мэддэг болов уу” хэмээн бодсоор “Долоон буудал”-аас хөдөллөө.

Өрхийн төсөв нь илүүдээ гараагүй ч эрүүл байхын төлөө хэрэгцээт эмээ худалдаж авах нэгэн байхад төр засгийн шийдвэр хэрэгжихийг хүлээж, өвчиндөө шаналж буй олон мянган хүн нийслэл хотод байна. Төрөөс үнэгүй олгох тэр их арбидол дүүрэг, хороодын өрхийн эмнэлэгт бүү хэл эмийн сангаас ч олдохгүй байгаад иргэд бухимдалтай байлаа. Бодит судалгаан дээр үндэслэж, ул суурьтай шийдвэр гаргахгүй бол хэдэн бор иргэн чинь өрхийн эмнэлгийг, өрхийн эмч нар чинь ЭМЯ-аа царайчилсаар өдөр хоногийг айдас, түгшүүр дунд өнгөрөөсөөр байна.  

 


ИРГЭД ЭМИЙН САНЧ, ӨРХИЙН ЭМНЭЛГИЙГ, ӨРХИЙН ЭМЧ ЭМЯ-НЫХНЫГ ЦАРАЙЧИЛСААР...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-22 13:49:32
    Zochin: Ene ZG khamgiin muu ajillaj bna. Oyun-Erdene tyykhendee khamgiin muu erunkhii said bailaa. Odoo boloo um bishyy. Chaddag khynd n' ugmuur umaa.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188