• Өнөөдөр 2024-04-27

ЭМЭЭГИЙН БОР ХҮҮ

2021-06-13,   1600

       Сэлэнгээс ирэх найзыгаа тосохоор галт тэрэг хүлээх зуур нэг жаахан хүү 20 литрийн хуванцар савтай сүү, түүнээс арай том хувинтай таргийг түүртэх юмгүй өргөж, зөөж байгаа нь анхаарал татав. Арав орчим насны хүү 20 гаруй хуванцар савтай сүү, тараг буулгасныг зарах цэг рүү эмээтэйгээ хамжин зөөж байгаа нь тэр. “Би хамжаад зөөгөөд өгье” гэхэд “Хэрэггүй хэрэггүй. Бид өөрсдөө” хэмээн хэзээний том хүн шиг дуугарав. 20 гаруйхан минутын дотор бүгдийг нь зарах газраа хүргэчихээд хүү сүү, таргаа ялгаж, савтай өрөмнүүдээ цаасан хайрцган дээр өрж эхлэв. Харин эмээ нь савтай сүүнүүдээ нэг бүрчлэн задалж, гашилсан эсэхийг үзэх амталгаа хийж байгаа бололтой.

Б.Тэмүүжин арван настай. Түүний үеийнхэн 06:00 цагт цовоо цолгиун дуугаар  “Сүү аваарай” гээд гудамжинд зогсох нь битгий хэл бараг бүгдээрээ дуг нойроо дөнгөж хугасалж байдаг байх. Тэгвэл тэр алгаа ивэрштэл хувин, савтай сүү зөөж, булбарай хацраа холцруутаж борлотлоо эмээдээ тусалжээ. Үүнийгээ “Миний хийх хамгийн дуртай ажлын хоёр дахь нь эмээтэйгээ сүү, тараг зарах” гэж хариулсан юм. Савтай сүү, тарагнуудаа галт тэрэгний буудлаас зарах цэг хүртлээ зөөлгөхөд 2000 төгрөг өгье гэхэд зарим ачаа зөөгч “Ийм олон савтай, хүнд хүчир юм хийлгэж байж 2000 төгрөг өгөөд байх даа яахав дээ. Чадахгүй ээ” хэмээн хөлсөө чамлан залхуурч байхад Тэмүүжин “Энэ жил эмээ бид хоёр хэний ч тусламжгүй сүүгээ зөөчихдөг болсон. Ачаа зөөдөг хүмүүст мөнгө төлөх шаардлагагүй болсон” гэсэн юм. Түүний энэ яриаг үргэлжлүүлэн Н.Даваасүрэн гуай “Миний бондгор бор хүү ч эмээгийнхээ хамаг ажлыг нугалдаг том эр болчихоод байгаа юм” гээд духан дээр нь үнэрлэв. Н.Даваасүрэн гуай сүүлийн 20 гаруй жил Батсүмбэрээс Улаанбаатарт сүү авчирч зарж байгаа гэнэ. Харин сүүлийн хоёр жилд зээ хүүтэйгээ хамт энэ ажлыг хийжээ.

       

        Гурван ч хүн ирж, литр, хоёр литрээр сүү авав. Тэр бүрт хүүгийн царайд баяр төрж байх шиг. “Хүмүүс сүү авах гоё уу” гэхэд “Тийм. Манай сүү хүмүүсийнхээс түрүүлж дуусах бүр ч гоё” гэв. Түүнээс одоо хэддүгээр ангид элсэхийг нь асуутал “Би энэ жилээс дунд ангийн сурагч болж байгаа” гэв. Хүүгээс “Өглөө эрт босох чамд таалагддаг уу. Эсвэл эмээдээ туслахын тулд л босдог уу” гэхэд “Өглөө эрт босох гоё. Зуны цагт эмээ бид хоёр 04.00-05.00 цагт босдог. Өглөө эрт босох чинь хэцүү зүйл биш шүү дээ” гэв. Хүү цэмцгэр цагаан марлиар сүүний савнууд, савласан өрөмнүүдийг байсхийгээд л арчиж, сүү хутгадаг хөнгөн цагаан шанага, тарагны юүлүүр зэргийг эмээгийнхээ гарт ойрхон байхаар тавина. Ингээд бид түүний том болоод ямар хүн болох мөрөөдлийн тухай асуухад “Би бөх болно гэж мөрөөддөг. Математикийн хичээлдээ сайн ч бөх л болно. Ээж, эмээ хоёр “Миний хүү сайн хүн болоорой” гээд байдаг юм. Би ч дотроо бөх болно гэж л бодож явдаг. Ангийнхнаа бас хөдөө гүүний үүрсээн дээр ирсэн хүүхдүүдийг бүгдийг давж, заримд нь гоё гоё мэх хийж байгаа юм чинь. Өндөр нуруутай бас ах хүүхдүүдтэй бол яс үзнэ. Тэгж байгаад л давчихаад байгаа юм. Энэ зун миний хувьд их сайхан байсан. Барилдсан бүх хүүхдээ давсан” гэв.

      “Наадмаар хэн гэдэг бөхийг дэмжсэн бэ” гэхэд сүүний савныхаа тагийг арчингаа “Би ер нь хэнийг ч дэмждэггүй. Хэн нэгний талд орох дургүй. Гэхдээ би Санжаадамба аварга шиг бөх болно” гэв. Яагаад, аварга болсон болохоор уу гэх тоомжиргүй асуултад маань “Би хааяа ах нартайгаа зурагтаар бөх үздэг юм. Ах нар “Манай Санжаадамба уурлаж, хүнтэй муудалцаж, илүү дутуу зан гаргадаггүй. Унасан ч, давсан ч инээж л явдаг сайхан бөх дөө” гэж ярьдаг юм” гэж хариулчихаад босоод явчихав. Сүү зарж байсан хүмүүс шуугилдаад, зарим нь босож гүйлдээд бужигнаад явчихав. Юу болов гэтэл литрээс тав, арав хүртэлх хэмжээтэй хуванцар сав зардаг хүмүүс ирсэн нь тэр аж. Ундааны болон цэвэр усны савыг хүмүүс угааж, цэвэрлээд сүү, тараг, саам зардаг хүмүүст 50-200 төгрөгөөр зардаг гэнэ. Даваасүрэн гуай “Манайх сав худалдаж авдаггүй юм. Сүүгээ литрийг нь 1000 төгрөгөөр зарж байж хийх савыг нь 200 төгрөгөөр авахаар ямар ашиг байх вэ гээд хүүхдүүд сав бэлдээд өгчихдөг” гэв.

  “Хүмүүс сүү авах гоё уу” гэхэд “Тийм. Манай сүү хүмүүсийнхээс түрүүлж дуусах бүр ч гоё” гэв

           Тэмүүжин саам зарсан хүнээсээ хоёр саваа аваад ирэв. “Тугал сайн ивэлгэх үү” гэхэд “Тугал ивэлгэх чинь миний хамгийн дуртай ажил. Тугалнуудтайгаа барилдсаар байгаад таарна шүү дээ. Эрт наашаа явдаг болохоор өглөөний саалинд гарч амжихгүй. Харин орой тугалнууд маань намайг саначихсан, надтай ноцолдох гээд л хүлээж байна шүү дээ. Хөл дээрээ гишгүүлээд уйлдаг байснаа бодоход одоо овоо болоод байгаа. Энэ жил ер нь миний бүх юм сайн байгаа юм байна. Эмээ хүртэл надаар сүү сахиулахаа больж, зөөлгөдөг болсон” гээд инээв. Харин Даваасүрэн гуай “Сүүгээ зөөлгөсний хүчинд хүү маань бяртай болоод үеийнхээ бүгдийг даваад байгаа, тийм ээ” гэвэл хүү толгой дохив.

             Биднийг ийн ярьж байтал “Тараг, өрөм бөөнөөр нь авъя, үнийг нь хямдруулах уу” гэсээр 40 эргэм насны эрэгтэй, эмэгтэй хоёр ирлээ. Даваасүрэн гуай тэдэнтэй үнэ тохиролцоод 22 литрийн савтай таргаа, найман сав өрөмөө бөөндөхөөр боллоо. Өнөөх хоёр “Тараг хийх савгүй явна. Танд сав байна уу” гэхэд Даваасүрэн гуай “Эмээгийнхээ утасны дугаарыг аваад яв. Тэгээд саваа суллачихаад ярьж байгаад аваад ирээрэй” гээд өгөөд явуулчихав. “Эргэж авчирч өгөхгүй бол яах вэ. Та өгөх биш тэдний утасны дугаарыг авах байсан юм биш үү” гэхэд “Миний саваар тэд юу хийх вэ дээ. Итгээд өгөөд явуулж байгаа юмыг аваад ирэх байлгүй. Гэхдээ зарим тусгүй хүүхэд ч байдаг юм шүү. Хэчнээн сав хүнд алдаж байгаа юм бүү мэд. Би ч хашрахгүй юм. Нээрээ дугаарыг нь авдаг байж” гээд инээв. Хажуунаас нь “Тэр хоёр машинтай хүмүүс байна өө. Аваад ирэх байх” гэж эмээгээ тайвшруулав. 

Тугал ивэлгэх чинь миний хамгийн дуртай ажил. Тугалнуудтайгаа барилдсаар байгаад таарна шүү дээ. Эрт наашаа явдаг болохоор өглөөний саалинд гарч амжихгүй. Харин орой тугалнууд маань намайг саначихсан, надтай ноцолдох гээд л хүлээж байна шүү дээ

           Даваасүрэн гуайгаас “Та хэзээнээс сүү, тараг зарж байна вэ. Зарим хүн айлуудаас сүү бөөндөж аваад зардаг юм билээ” гэхэд “Эмээ нь сүү литр нь 60 төгрөг байхаас л энд зогсож байна. Эндэхийнхэн намайг андахгүй болсон. Энд тэнд явж байгаад таарахаар ах дүүтэйгээ таарч байгаа аятай л юм болно. Манай хэдэн хүүхэд өөрсдөө хэдэн малтай болохоор айлаас сүү бөөндөж аваад байх шаардлагагүй. Хотод хорооллуудаар явж сүү зардаг хүмүүс сүүлийн үед биднээс ирж авах нь багассан. Машинтай хүмүүс зардаг газрынх нь ойролцоо очиж бөөнддөг болсон байна лээ. Гэхдээ намаршаад сүү багасаад ирэхээр биднээс авна л даа” гэв.

         “Өдөрт хэчнээн литр сүү, тараг зарах вэ. Үлдэх тохиолдол цөөнгүй биз” гэтэл “Авчирсанаа дуусгана л гэж үзнэ шүү дээ. Багадаа 200 литр сүү, 60-70 литр тараг зарна. Би өдөрт 10 тогооны өрөмтэй л ирдэг юм. Бид сүүгээ 06.30-11:00 цагийн хооронд л энд зогсож борлуулна. 11:40-ийн галт тэрэгний тээшээр хувин саваа гэр рүүгээ явуулна. Хүү бид хоёр ихэвчлэн оройныхоор харьдаг юм. Одоо юм хөгжөөд сайхан болсон. Тээшинд хувин савнуудаа өгчихөд буулгах газарт нь буулгачихдаг болсон. Цаанаас нь тосоод авчихна. Хэдхэн жилийн өмнө хүмүүст ад үзүүлээд л энэ олон сав, бидоныг чирээд галт тэргээр явдаг байлаа шүү дээ. Өвлийн хүйтэнд сүү зарна гэдэг тийм ч хүсэхээр ажил биш шүү, хүү минь” гэв.

          Түүнээс “Заримдаа энэ ажлаасаа халширдаг уу” гэхэд “Халширлаа гээд яах вэ. Хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, хувцас, хоолыг хэдэн малынхаа буянаар л бэлдэж байна шүү дээ. Манайх хагассайн өдөр сүү, цагаан идээ гаргадаггүй юм. Тэр өдрөө гэртээ сайхан амарчихна. Тэгээд л бусдад нь эндээ зогсож байна. Малынхаа буянд хоёр хүүхдээ дээд сургууль төгсгөчихлөө. Одоо хоёр нь сурч байна. Дээр нь миний бондгор хүү байна. Хүүхдүүд ч “Ээж одоо сүү зарахаа боль. Хотод жижиг дэлгүүр түрээслээд ажиллуул гээд л байгаа. 20 гаруй жил хийчихсэн юм болохоор одоохондоо сүү зарахгүй байна гэж төсөөлөгдөхгүй байна. Боломгүй бол хүүхдүүдийнхээ үгээр ордог л байх даа ” гэв. 

Даваасүрэн гуайгаас асуусан “Хүмүүс сүүндээ ус хольж зардаг гэдэг. Тийм юм үнэхээр байдаг юм уу” гэсэн асуултад хүү эмээгээсээ урьтан “Хөдөөний хүмүүс тэгж ч буяндаа бузар хийхгүй ээ” гэхэд эмээ нь “Мммхн, зөв хэллээ миний хүү. Сүү, цагаан идээ зарж байгаа хүмүүсийн заяа тэгш, зам нь цагаан дардан байдаг гэж эмээ хэлдэг юм гээд нэмээд хэлчих” гээд духан дээр нь үнэрлэчихээд гялгар уут авчрахаар дэлгүүр рүү явав.

           Дээрх яриаг үргэлжлүүлэн “Зарим хүн сүү авахдаа “Ус хольчихоогүй биз” гэж асуугаад байдаг юм. Тэгэхээр эмээ “Үнээ маань сүү уусан холигдсон байх аа” гэхээр гайхаад зогсоод байдаг. Явахаар нь бид хоёр инээдэг юм. Сүү, тараг зарж байгаа энэ хавийн хүмүүсийн зарим нь хааяа тамхи татах гэнэ. Тэгэхээр эмээ “Тамхи татвал торгоно шүү. Торгуулиа миний бондгорт өгөөрэй” гээд чангахан дуугарчихдаг юм. Тэгэхээр татах гэж байсан хүмүүс больчихно. Энэ хавийнхан эмээгийн үгэнд бараг бүгдээрээ ордог юм” гэв. Тэрбээр ийн ярьж байснаа “Ойрд эмээгийн хөл өвддөг болоод байгаа. Тийм болохоор би байнга цуг явахгүй бол болохгүй. Эмээ намайг өөртөө их хань болдог гэж хэлдэг юм. Тийм болохоор эмээгээрээ ирэх өвөл сүү заруулмааргүй л байна. Хөдөө гэрээсээ сүүгээ хүмүүст бөөндчих гэхээр арай дэндүү хямд үнээр авах гээд байдаг юм” гэв.

         Түүнээс “Чи ихэнх цагаа эмээтэйгээ өнгөрүүлдэг үү” гэхэд “Бараг л тийм. Бид хоёр сүүгээ зарж дуусчихаад хотын гэртээ очно. Заримдаа зах, дэлгүүр хэснэ. Тэгээд гэр рүүгээ явна. Уг нь манай жинхэнэ гэр хотод л доо. Ээж энд ажил хийдэг. Гэхдээ эмээ бид хоёр хөдөө гэртээ илүү дуртай” гэв. “Чи хичээл орох дөхөж байгаа болохоор хөдөө гэртээ байх илүү гоё гэж байн байн яриад байна уу” гэхэд “Хичээл орно гэж бодохоор арваннэгдүгээр сар хүртэл хөдөө гэртээ бараг очиж чадахгүй гэж бодогдоод байдаг юм. Би хичээлд суухаас бусад бараг бүх цагаа эмээтэйгээ өнгөрүүлдэг гэхэд болно. Бараг 10 жил болж байна шүү дээ. Аравдугаар сард би арван нас хүрнэ. Миний төрсөн өдрөөр эмээ гар утас авч өгнө гэсэн. Одоохондоо оюутан эгч нарын сургалтын төлбөр, хувцас, хэрэглэлийн бэлтгэлийг хийгээд бид хоёр илүү нэг ч төгрөг гарздахгүй байгаа. Гэхдээ миний хичээлийн хэрэглэл, хувцаснуудыг бол аль дээр бэлдээд тавьчихсан. Би чинь эмээгийнхээ амины ганц хүүхэд нь байхгүй юү. Эмээ тэгж хэлдэг юм. Хичээл орох их хэцүү. Сурагчдын амралт болохыг л тэсэн ядан хүлээдэг дээ. Эмээ сүүгээ зарах гээд бараг өдөр бүр ирдэг ч хөдөө гэрээ их санана. Заримдаа амралтын өдрүүдээр эмээг дагаад гэртээ очдог ч очсон болохгүй. Нэг мөсөн хэд хонож байж л санаа амардаг” гэв.

“Хөдөөний хүмүүс тэгж ч буяндаа бузар хийхгүй ээ” гэхэд эмээ нь “Мммхн, зөв хэллээ миний хүү. Сүү, цагаан идээ зарж байгаа хүмүүсийн заяа тэгш, зам нь цагаан дардан байдаг гэж эмээ хэлдэг юм гээд нэмээд хэлчих” гээд духан дээр нь үнэрлэлээ

       Түүний ийн ярихыг сонсож суусан эмээ нь “Үеийнхнээсээ бие том ч гэлээ наадах чинь нялхаараа юм. Хичээл орно гэхээр л хотод байх нь, эмээтэйгээ байнга уулзаж чадахгүй нь гээд зүрх нь өвдөөд байгаа юм. Би ч бас уулзахгүй удаж чадахгүй. Хоёр хоноод л санана. Хурдхан жаахан сүүгээ хувааж өгчихөөд хичээлдээ явахаас нь өмнө очиж үнсэх гээд л яарна шүү дээ. Хичээл орохоор Батсүмбэр Улаанбаатар хоёроос биенээ санасан хоёр амьтан болж хоцордог юм. Нэг удаа миний бие өвдөөд, наашаа явж чадалгүй хэд хоносон юм. Биеэ жаахан тэнхрэв үү, үгүй юү наашаа зүтгэчихсэн. Энэ муу маань тэр хэдхэн хоногт бэтгэрчихсэн сууж байгаа юм чинь. Би багшаас нь чөлөө гуйж байгаад гурав хоног гэр рүүгээ аваад явсан. Аль алиных нь санаа амарч байгаа юм. Ийм л хоёр амьтан энд сууж байна даа. Надаас байнга сүү авдаг хүн нэлээд бий. Тэд хүүг минь эзгүй байхаар асууж сураглана гээч” гэв. Биднийг яриаг таслан Тэмүүжин “Надтай адил сүү зарж, эмээдээ тусалж байгаа хүүхэд энд зөндөө л байгаа шүү дээ. Та яагаад заавал надтай ярилцаад байгаа юм бэ” гэж надаас асуув. “Яагаад гэвэл чи өглөө үеийнхнээсээ хамгийн эрт босож, эмээдээ тусладаг мундаг хүү учраас” гэсэнд мушилзав. Харин Н.Даваасүрэн гуай зээ хүүгийнхээ толгойг илж, духан дээр нь үнэрлээд “Миний бор хүү байхгүй бол би баларна. Би ч гэж манай гэрийнхэн бүгд баларна” гээд нүд ирмэв.

        Энд хүрээд бидний яриа өндөрлөв. Тэндээс явж байх замд “Хүүд сүү, тараг зарах нь чухал биш. Эмээтэйгээ хамт байх нь л хамгийн дуртай, сайхан зүйл нь юм байна даа” гэж эрхгүй бодогдов.

Тэндээс явж байх замд “Хүүд сүү, тараг зарах нь чухал биш. Эмээтэйгээ хамт байх нь л хамгийн дуртай, сайхан зүйл нь юм байна даа” гэж эрхгүй бодогдов

2017 он


ЭМЭЭГИЙН БОР ХҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188