• Өнөөдөр 2024-04-26

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Н.БЭХИ: УЛААНБААТАР ОРВОЛ “НАРАНТУУЛ” ЗАХААР Л ЯВЖ ҮЗНЭ ДЭЭ

2022-02-20,   1170

Алтайн өвөр говийн хязгаар, Ээж хайрханы хойд хормойд орших өвөлжөөнд шавилхан биетэй, хэрсүү бор хүү худгийн хүрдийг жижигхэн гараараа эргүүлж, хонь, ямаагаа усалж, ундаалж байхыг хэсэг харж зогслоо. Хөх женсэн өмд, хонгоороо татсан хар бакель углаж, улаан эрээн цамц өмсөж, үнэгэн малгайгаа толгойныхоо голд тавьж, гангарсан хүү онгоцонд ус дүүргэх хоорондоо хонь, ямаатайгаа хэдэнтээ “зодолдож”, хөөж, үргээж, эцэст нь онгоцтой усаа тавиад туучихлаа. Бэлчээрээс ирсэн мал хүүг дайрах нь холгүй, онгоцтой усаа асгах шахам тэмтчиж, тэмцэж худгийн хүйтэн ус залгилна. Тэгээд болсон бололтой эхний хэсэг нь худгаас урд зүгт гарч, дахиад бэлчив. Эхээсээ үлдэж хоцорсон нялх төл худгийн жижигхэн байшинг налж, эзнийхээ нуруу руу авирч, гутлынх нь түрүүг үнэрлэж байгааг хэсэг харж зогссон жаал хүү ажил нь дууссан бололтой гэр рүүгээ зүглэв. Мань эр гэр рүүгээ явахдаа хоёр нохойтойгоо ноцолдож, хүзүүнээс нь зүүгдэж, барилдаж байгаа аятай угз, угз татна. Уралдаж явснаа буцаж гүйгээд худгийнхаа хаалгыг хаав. Тэгснээ эргээд дахиад гэрийнхээ зүг гүйлээ. Энэ хооронд хоёр нохой нь хүүг ийм үйлдэл гаргахыг нь мэдсэн аятай хэлээ унжуулаад, хөлөө жийгээд, хүлээгээд суучих юм. Тэгээд босож ирээд хүүгийн араас давхиж худаг, гэр хоёрын голд эзнийгээ гүйцэж аваад цааш сажлав.

Эхээсээ үлдэж хоцорсон нялх төл худгийн жижигхэн байшинг налж, эзнийхээ нуруу руу авирч, гутлынх нь түрүүг үнэрлэж байгааг хэсэг харж зогссон жаал хүү ажил нь дууссан бололтой гэр рүүгээ зүглэв

            Дээрх үйл явдлыг Улаанбаатар хотоос 1000 гаруй километрийн зайд орших Говь-Алтай аймгийн Цогт сумын малчин Л.Нэмэхбаярын хүү Н.Бэхитэй уулзахаар очихдоо харсан юм. Ээж хайрханы энгэр бэл, өвөр талд жилийн дөрвөн улиралд нутаглаж, ан амьтадтай зэрэгцэн оршиж, ижилдэж, “эзэн” нь мэт болсон Н.Бэхи хүүгийн тухай баримтат кино сар шинийн өдрүүдэд олны хүртээл болж, үзэгчдийн нэг хэсэг нь “Жинхэнэ монгол ахуйг харууллаа. Нүүдэлчин монголчууд ингэж л өссөн, хүн болсон. Хөдөөгийн амьдрал ийм л байдаг” хэмээн шүүрс алдаж, хүүгийн эр зориг, эрэлхэг, хэрсүү, хөдөлмөрч зангаар нь бахархаж сууна. Харин нөгөө хэсэг нь “Хүүхдийн эрхийг дээд зэргээр, ноцтой зөрчиж байна. Сурч, хүмүүжих эрхтэй хүү хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, эрхээ хасууллаа. Эх, эцэг нь гэж байна уу” хэмээн цахим орчинд дайтаж байсан юм. Гэсэн ч энэ хөдөөд, буйдхан ахуйд тэдний үг хэлийг сонсох нь битгий хэл, уншсан нэг ч хүн алга.

           Салхинаас өөр аниргүй, шувуунаас өөр “эзэн”-гүй Алтайн өвөр говь, Ээж хайрхан уулыг түшиглэж, түшиж нутагладаг малчин Л.Нэмэхбаярын том хүү Н.Бэхи 13 настай. Тэрбээр гурван эмэгтэй дүүтэй, айлын ганц хүү. Түүнийг сар шинийн өдрүүдэд өвөө, эмээдээ туслахаар очоод байх үед нь бид очиж таарсан юм. Хашаан дотор тугал, бяруу мөөрөлдөж, уяан дээр нь адуу янцгааж, гэрийнх нь хойд талаар тэмээн сүрэг идээшиж, урд талаар нь хонь, ямаа бэлчиж, дөрвөн ханатай бор гэрийн тооноор уур савсаж, утаа суунаглаж, гэрийн хажууханд тахиа шувуу хооллож, гэрт дотор цагаан өнгөөр биеэ гоёсон хэзээ мөдгүй амаржих дөхсөн муур дуугарч, хоёр настай охин ахынхаа хормойгоос тас зуурч, өсвөр насны охин гэрт цай чанаж, 60 орчим насны хоёр хөгшин хувцсаа гөвж, илүү гэрийн зүгээс алхана. Харин тэртээ харагдах зүүн зүгээс идэр ес дөнгөж шувтарч байхад хужаа мотоциклтой эр хар хурдаараа тоос татуулан давхиж яваа, гэрийн зүг ирж байгаа харагдана. Н.Бэхи хүүгийн ажлын нэг өдөр дуусахад хэдхэн цаг үлдээд, хэн хүнгүй тус тусын ажлаа үргэлжлүүлж байгаа нь энэ. Хээрийн салхи, малын бэлчир, хөдөөгийн буйдхан ахуйг харж, цээж дүүрэн амьсгалж, үл мэдэгдэх үнэрт мансуурч, үзэгдэх орчны тухай бодлогоширч, бодож зогсох нь таатай мэдрэмж төрүүлэх ажээ.

БЭХИ ХҮҮ ААВ, ДҮҮГИЙН ХАМТ. ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЦОГТ СУМ. 2022.02.08. 17:00 ЦАГ

            Тэртээ зүүн зүгээс давхиж байсан мотоциклтой эр бол Н.Бэхи хүүгийн аав Л.Нэмэхбаяр аж. Тэрбээр сумын төв орж, сар шинийн золголт хийгээд хоёр хүүхдээ эргэнгээ аав, ээжийнхээ ороод гарахаар ирсэн нь энэ аж. Тэрбээр “Хүү минь хэвлүүхэн сайхан ярьсан байна лээ. Өөрөө ч “Одоо ёстой онигоо боллоо доо” гээд киногоо гүйцэт үзэж чадаагүй. Бид л байн, байн үзэж, хөгжиж, хүүгээрээ бахархаж, хүүгээ хайрлаж сууна. Хөдөөгийн малчин бид чинь ингэж л амьдардаг улс шүү дээ” гэсээр бидэнтэй мэнд мэдэлцлээ. Харин хүүгийн өвөө Лутбаяр гуайтай олон хүн утсаар ярьж, зарим нэг нь бахархаж, нөгөө хэсэг нь дургүйцэж байгаагаа илэрхийлсэн бололтой. Тэрбээр “Хүүхдийн эрх яриад, хүн, амьтан ч хэцүү болж дээ. Миний, бидний, ач хүүгийн минь аавын бага нас ингэж л өнгөрсөн дөө. Бид хүүхдүүдээ Бэхи шиг л өсгөсөн. Манай энэ хавийн малчдын хүүхдүүд бүгдээрээ Бэхи шиг аав, ээжийгээ ажилтай үед мал маллаж, гэрээ сахиж байна шүү дээ. Хөдөөд чинь хүн бүл муутай, харж байгаа шиг амархан байдаггүй л юм” гэсээр гэрийн гадаа яриа дэлгэж, Бэхиг “Тугалаа хашаарай” хэмээн захив.

ТӨЛЧИН ХҮҮ БЭХИГИЙН ТОМИЛОЛТ

           Н.Бэхи хүүгийнх одоогийн байдлаар 100 гаруй төл мал хүлээж аваад байгаа ажээ. Харин өвөөгийнх нь цөөхөн хэдэн төл хүлээж авсан гэнэ. Нялх төлийн эзэн, эзэн хариуцагч, хариулагч нь Бэхи. Тэр хурга, ишгээ хээр хөдөө унтаад үлдэхээс, урьтаж гүйгээд алга болохоос хамгаалж, хариулж явах даалгавартай. Даалгавар шалгагч нь, гүйцэтгэгч нь мөн л Бэхи. Угтаа тэр өөрөө өөртөө ийм ажил өгчихөөд өдөржин завгүй харайлгаж, говийн их элс, өвс, ургамал, орчин нөхцөлийн тухай судалж, сонсож явдаг аж. Энэ ч түүнд сайхан байдаг гэнэ. Ээж хайрханы энгэрт өвөлжиж байгаа гэрээсээ төлчин болохоор томилолт аваад тэр сайн дураараа өвөөгийндөө ирээд байгаа. Харин хурга, ишиг хариулах албаа хоёр дүүдээ үлдээгээд ирсэн. Хичээлгүй байх үедээ өвөө, эмээ хоёрынхоо ажилд тусалж, худгийнх нь хүрдийг ганц өглөө ч болов эргүүлж өгөх, хонь, хургийг нь ганц өдөр ч гэсэн хариулаад өгөх юм сан гэх бодол түүнийг энд авчирсан гэнэ.  Бэхи хүү өнгөрсөн намар хадлангийн үеэр гэрээ харах, малаа хариулах бас нэгэн томилолт аваад байх үедээ кино багийнхантай таарчээ. Тухайн үед хоттой хонинд нь чоно орж, улаан хүрэн хонийг барьж, багалзуурдсан байсан аж. Хүү өглөө эртлэн босоод аав руугаа станцаар “Байхгүй ээ, өчигдөр шөнө нам унтаад нэг хонио чононд өгчихлөө” хэмээн ярих үед нь кино багийнхан очиж таарсан байна.

           Н.Бэхи хүү ярихдаа “Намар аравдугаар сард 14, 15 хоног ганцаараа гэртээ байсан. Гэхдээ энэ хугацаанд аав, ээж хоёр хоёр удаа намайг эргэж очсон. Тэр үеэр бичлэг хийгээд, миний тухай кино хийсэн юм. Кино нь цагаан сарын үеэр гарч байна лээ. Гэхдээ би ичээд, заримдаа зав болохгүй, баруун гэрт зурагт шатчихсан учраас киногоо бүрэн үзэж амжаагүй л байна. Манай энэ хавийн малчид болон гэрийнхэн маань намайг “Сайн ярьж байна. Мундаг байна шүү” гээд магтаж өгсөн. Би сургууль амарсан үед гэрийнхэндээ ирж тусалдаг юм. Кино багийнхныг ирэх үеэр манай суманд коронавирусийн халдвар ихээр бүртгэгдэж, сургуульд хөл хорио тогтоогоод би хоёр дүүтэйгээ хөдөө гэртээ ирчихсэн байсан юм л даа. Тэрнээс аав, ээж маань миний хичээлийг таслуулаад, мал харуулсан зүйлгүй ээ. Би өөрөө мал харах дуртайдаа л хөдөө гэртээ ганцаараа үлдчихсэн байсан юм. Тэр үед нэг л удаа хонь руу маань чоно дайрсан. Бусдаар гайгүй, аюулгүй байсан даа” гэв. Түүнийг өвөөгийндөө ирснээс хойш хэд хэдэн хонь, ямаа ишиглэж, хургалжээ. Тэрбээр “Одоо ч сургууль орлоо. Ангийнхан минь миний киног үзсэн бол шоолоод сүйд болж байгаа болов уу. Ангийн багш үзсэн сурагтай л байсан. Би гэхдээ хөдөө байгаа болохоор чухам яаж хүлээж авсан, юу болж байгааг мэдэхгүй байна. Ангийнхан сургууль орохоор л сонин ярих байх. Хүмүүс энэ, тэндээс “Ярилцлага авъя” гээд залгаад байгаа гэсэн. Би гэхдээ намайг байх үед утсаар ярих юм бол ярилцлага өгөөд л байна гэж бодож байгаа. Намайг сургуульдаа явах үеэр өвөөгийн хонь, ямаа ид ишиглэж, хургалах байх даа. Энэ хоёр хоёулхнаа үлдэхээр хэцүү байдаг юм аа. Малаа услаад өдөржин хүйтэн худаг дээр өнжинө. Ишиглэж, хургалсан хонь, ямаагаа цуглуулна, угжина, эхэд авхуулна гээд ажил нь мундахгүй” гэсээр хөдөөгийн аж амьдрал, завгүй байдал, өвөө, эмээгээ хайрлаж, их ажлаас нь нугалалцаж өгч чадахгүй буцах тухайгаа харамсал дүүрэн, наснаасаа хэд дахин ах хүн шиг ярив.

Тэрнээс аав, ээж маань миний хичээлийг таслуулаад, мал харуулсан зүйлгүй ээ. Би өөрөө мал харах дуртайдаа л хөдөө гэртээ ганцаараа үлдчихсэн байсан юм

 

“ЧОНО ХОНИЙГ МИНЬ ТАСЛААД АВААД ЯВААГҮЙ НЬ АЗ”

          Н.Бэхи кино зураг авалтын үеэр 12 настай байсан. Харин одоо нэг нас нэмээд байна. Тэрбээр “13-ны жил орж байна даа. Жил ороод гоё санагдаж байна” гээд хээв нэг эвлэгхэн, хэвлүүхэн ярив. “Жил орно гэхээр яах вэ” гэсэн асуултад минь тэр “Бүтэн 12 жил өнгөрөөд миний төрсөн жил орж байна гэсэн үг юм аа. Ээж минь надад ингэж хэлж өгсөн. Жил орж байхад ном сайн уншуулж, болгоомжтой байх хэрэгтэй гэж байна лээ. Гэхдээ ч бар жил сайхан ордог гээд өвөө ч яриад байгаа. Манай энэ хавиар зундаа ногоо элбэгтэй, бороо хуртай байвал ч сайхан жил орж байгаагийн илрэл” гэлээ. Өмнө нь тэрбээр чонотой таарч байгаагүй, хонио чононд өгч байгаагүй тухайгаа хуучлав. Тэрбээр “Чонын барааг өмнө харж байгаагүй ээ. Нохой шиг амьтан л байдаг гэсэн. Ганц удаа л гэртээ унтаж байхдаа чононд хонио өгчихсөн. Заримдаа бодогдоод байдаг юм. Гэхдээ манай энэ хавиар чоно, хээрийн амьтан элбэгтэй. Тухайн үед “Яаж олон хонь өгөөгүй юм. Яаж хонийг минь таслаад аваад яваагүй юм” гэж боддог, бурхан минь. Миний эрүүл байгаа минь, олон хонь чонын хоол болгоогүй нь аз гэж аав хэлсэн. Би ч тэгж бодоод байгаа. Харин ээж, эмээ минь бага зэрэг санаа зовсон байна лээ. Дараа нь мануухай босгоод, хотны гэрэл тавиад нэмэртэй байсан юм байлгүй хээрийн амьтан үзэгдээгүй. Би ч өглөө эрт босоод хоол, цайгаа уугаад, хоёр морио унаж, хөтлөөд, хонио бэлчээрт гаргаж, орой нь ирээд амардаг учраас шөнийн үйл явдлыг тэр бүр мэдэхгүй. Нэг сэрэхэд өглөө болчихсон л байдаг юм” хэмээн ярилаа.

 

 АНХ МАЛД ЯВАХАД АЙДАС, ТҮГШҮҮР ТӨРДӨГ ЮМ БИЛЭЭ. СҮҮЛДЭЭ СУРЧИХСАН

            Бэхи одоо зургадугаар ангид сурдаг. Зургаан настайгаасаа эхэлж хонь хариулж, морь унаж сурсан байна. Тэрбээр “Сургуульдаа явах, мал маллах хоёр хоёулаа гоё. Сургуульдаа сурч байвал эрдэм мэдлэгтэй хүн болно. Бас найзуудтайгаа хөгжиж, хөгжилдөж өдрийг өнгөрүүлнэ. Харин малаа хариулж, маллаж байвал ажил, хөдөлмөрт хичээнгүй, шаргуу болно. Анх морь унаж сураад, хонинд явахад эвгүй л байсан. Ер нь анх малд явахад айдас, түгшүүр төрдөг юм билээ. Сүүлдээ айхаа больчихсон байсан. Харанхуй болсон үед хониныхоо цаагуур гэрэл тусгаад, хотоо эргэчихдэг. Өндөр уулын орой руу ганцаараа хонь, тэмээндээ явдаг болчихсон байсан. Сүүлд 10 гаруй хоног ганцаараа байхад ч дунд зэрэг айсан даа. Сүүлдээ бараг дасчихсан, байгаад байвал байгаад байхаар л болсон. Гэхдээ аав, ээжтэй байнга утсаар ярьж, малд явж байгаа ах, эгч нартай өдөртэй таардаг байсан болохоор харьцангуй гайгүй байсан байх” хэмээн бид хоёр тугалаа хаших зуураа хуучлав. Тугалаа хашиж, хоёр хашааныхаа амыг чанга гэгч нь боогоод, Бэхи “Маргааш өглөө хүртэл эд нарыг гаргахгүй шүү” гээд инээмсэглэв. Тэгснээ ганц, хоёр шор өвс хаяж, хашааны үүдэнд байсан үхрийн хөрзөнг урагш чулуудлаа. Гадуурх ажил нь сая л нэг дуусаж, бид гэрийн зүг алхав.

Тэр гэр рүүгээ алхахдаа мөрөөдөл, хотод очиж үзэх хүсэл, хүүхдийн парк, “Нарантуул” захаар аялах аяллын маршрутаа бидэнд ярьж, жаал инээв. Харин гэрт түүний өвөө, эмээ, аав нь Ээж хайрханыг 35 жил “сахиж”, харуулдаж, мал маллах ухаанд суралцаж, хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлсэн тухай сонирхолтой яриа өрнүүлж байсан юм.

            Бэхи хүүгийн мөрөөдөл нь Улаанбаатар хот орж, “Нарантуул” захаар явж үзэх. Мөн эвдэрсэн гар утсаа янзлуулж, найзуудтайгаа хаяа элдэв янзын тоглоом тоглох. Бид тугалын хашаанаас тэдний гэр рүү явах хооронд тэр “Утсаа янзлуулчихвал болно доо. Дүү унагаагаад дэлгэцийг нь эвдчихсэн юм. Аав, ээж янзлуулж өгнө гэж байна лээ. Өөрийн гэсэн утастай байвал эмээтэй ярихад амар байдаг юм. Хотод очиж үзвэл “Нарантуул” зах гэдгээр л хэсэж, явж үзнэ гэж боддог. Мөн хүүхдийн паркаар ч орох сонирхолтой байгаа. Гэхдээ хэзээ хотод очиж үзэхийг би сайн мэдэхгүй л байна. Ямар ч гэсэн том болохоороо очиж үзэх байх аа” гэлээ.

ЭМЭЭГИЙН ХАЙРТАЙ БОР ХҮҮ

                 Бэхи эмээгийн хамгийн хайртай ач хүү. Бэхи эмээгээсээ, эмээ нь Бэхигээс сална гэж байхгүй гэнэ. Ухаан орсон цагаасаа л эмээтэйгээ унтаж, үлгэн мөөмийг нь өмхөж, хүн болжээ. Сургуулийн амралт, зав чөлөөгөөрөө гэртээ биш, өвөөгийнх рүүгээ гүйж, эмээгийнхээ мөөмийг тэвэрч унтчихаад тэр буцаад явдаг гэнэ. Явахдаа уйлж, “Эмээ би тантай байнга хамт баймаар байна” хэмээн гуйдаг байсан тухай түүний эмээ хуучлав. Тэрбээр “Эмээ хүү хоёр ядаж дөрөвдүгээр ангийн боловсролтой болно” гээд их л тэмцэж, хоёр биеэсээ салах гэж зовдог байлаа. Хүү минь гэртээ ирэхээрээ уйлаад явахгүй. Би ч хүүгээ санаад хэцүүднэ. Санахаараа сумын төв ороод сургуулийнх нь гаднаас харчихаад хүрээд ирнэ. Хүүдээ харагдчихвал дагаад салахгүй. Би ч хүүгээсээ холдож чадахгүй бөөн юм болддог юм. Эмээ, хүү хоёр хэцүүхэн байдалтай байж байгаад дөрөвдүгээр ангиа төгссөн. Хүү минь том болж, олон найзтай болсон болохоор одоо хичээлдээ дуртай болсон. Одоо ямар ч гэсэн бид хоёр бүрэн дунд боловсролтой болно гээд хичээж байна. Хүү анхнаасаа л малд дуртай, нүдтэй байсан. Багшийнхаа цээжлүүлсэн тооноос илүү малаа нүдэлж, тогтоохдоо сайн байдаг юм” хэмээн хүүгээ магтав. Ингэж ярихдаа тэр Бэхи хүүг хэдэнтээ үнсэж, хэдэнтээ тэвэрсэн.

БЭХИГИЙН НЭГ ӨДӨР ИНГЭЖ ӨНГӨРДӨГ

            Бэхи хоёр дүүгээ санажээ. Цагаан сарын өмнө л хоёр эмэгтэй дүүдээ ишиг, хурга хариулах албаа хүлээлгэж өгөөд эмээ, өвөөдөө хүрээд ирсэн. Аав нь хамгийн бага дүүтэй нь үе үе ирдэг болохоор нөгөө хоёрынхоо тухай байнга асууж шалгаана. Хурга, ишигээ дагаж яваад өөрсдөө унтаж, төөрөх вий гээд их л санаа зовдог бололтой.  Бэхи “Хоёр дүүгээ санаж байна аа. Тэр хоёр чинь жаахан шүү дээ. Би аав, ээждээ эрхэлдэггүй юм аа. Манай гурван дүү л хамгийн эрх нь. Би чинь айлын том хүү учраас тэр бүр эрхлээд байхгүй. Тийм зав ч байхгүй. Намайг гэрээс гарахад 100 гаруй хурга, ишиг гарчихсан байсан. Манай хоёр дүү өдрийн цагаар хариулдаг юм. Заримдаа хурга, ишигээ дагаад унтаад өгөх эрсдэлтэй. Гэхдээ одоохондоо ч гайгүй дээ. Хаврын урт өдрүүдэд унтаж магадгүй юм. Одоо ч бидний хичээл орж байгаа болохоор хаврын амралт болтол мөддөө гэртээ ирэхгүй. Амраад ирэхэд хурга, ишиг минь хэдийн том болчихсон байна даа” гэв.

                Бэхи өглөө 08:00 цагт босдог гэнэ. Өглөө босоод хонь, ямаагаа усалж, бэлчээрт гаргах нь хамгийн эхний ажил нь. Дараа нь үхэр, тэмээ, морио услаад өдрийн талыг өнгөрөөдөг байна. Малаа усалчихвал юм бол түүний ажлын ихэнх нь бүтчихлээ гэсэн үг. Тэгээд бэлчээрт гарсан малынхаа араас гарч, хариулна. Тэрбээр “Аав, өвөө хоёр малаа тогтож хариулж сураарай” гэж зааж өгсөн. Би тэр хоёрын хэлснээр тогтож, малынхаа тааваар хариулахыг хичээдэг юм. Хөдөө байхад малаа усалж, хот хороогоо цэвэрлэж, малынхаа бэлчээрт гарч, орой нь хашиж, хотлуулаад л өдөр өнгөрдөг. Өдөр бүр л энэ ажлаа хийдэг юм. Харин сумын төвд бол хичээлдээ явж, өдөр нь даалгавараа хийгээд, орой нь найзуудтайгаа утас тоглож, эсвэл гэрийнхээ ажилд туслаад л өдөр өнгөрдөг. Манай хоёр дүү сургууль, цэцэрлэгт орчихсон учраас ээж биднийг сумын төвд харж байгаа. Надад хөдөө байх, сургуульдаа явах хоёрын аль аль нь гоё. Гэхдээ хөдөө зун байхад бүүр ч гоё байдаг юм. Дулаахан, дураараа морь, тэмээн дээрээ л давхиулж явна шүү дээ” гэсэн юм.

ХУРДАН МОРЬ УНАХ ХОББИТОЙ БЭХИ

               Хүүгийн ганц хобби нь хурдан морь унах гэнэ. Зундаа хавь ойрын ах, дүү нар нь “Миний морийг унаад өгөөч” гээд гуйгаад салдаггүй аж. Бэхи ч дуртай учраас ажлынхаа зав зайгаар хурдан морь унаж, хорхойгоо дарж, хүнд тус хүргэдэг байна. Тэрбээр “Хурдан морь унах л хамгийн гоё доо. Хамгийн анх сумын наадамд их нас унаад гуравт давхиж байсан үе сэтгэлээс гардаггүй, сайхан санагддаг юм. Үгээр хэлэхийн аргагүй үнэхээр сайхан байдаг юм билээ. Би одоо ч тэр уралдаанаа мартахгүй санаж байгаа. Саарал мориндоо ч зөндөө их хайртай. Өөр олон айлын морь унаж байсан. Нутгийн хүмүүс гуйгаад ирэхээр морийг нь унаад л өгдөг юм. Хэд хэдэн наадмаас медаль хүртэж байлаа.  Би том болоод уяач, малчин болно гэж боддог. Гэхдээ заримдаа шийдэж чадахгүй байгаа. Аав, ээж хоёр намайг малчин болно гэхээр өөрөө мэд л гэж хариулдаг юм. Тэгээд том болохоор аяандаа болно биз дээ” гэв.

БЭХИ ХАВТГАЙ ТЭМЭЭНИЙ БУУРНААС АЙДАГ

          Бэхи зургаан настайгаа эхэлж мал хариулж, бэлчээрт явж сурсан учраас айх айдасгүй болсон гэнэ лээ. Тэр ганцаараа хэд л бол хэд хоногоор байж чадах хэмжээнд биеэ даачихсан гэсэн үг. Харин Бэхигийн ганц айдаг зүйл нь хавтгай тэмээний буур гэнэ. Тэр хэлэхдээ “Энэ говьд миний ганцхан айдаг амьтан бол буур. Буурны ороо орчихсон байхад ч аймар шүү дээ. Ингээ харамлаад сүйд болдог юм. Нэг удаа би Отгоо эгчтэй харьж яваад ингээ хурааж яваа бууртай таарсан. Бид хоёрыг ухаан мэдрэлгүй хөөж гарсан. Үнэхээр аймар байдаг юм билээ. Тэрнээс хойш тэмээнд ганцаараа явахаас жаахан айдаг болчихоод байгаа. Ороо нь ороогүй байхад ч зүгээр л дээ. Манай нутгийн малчид ер нь буурнаас айдаг байх аа. Малчид олон удаа бууранд хөөгдөж, бариулж байсан юм билээ. Өвөө, эмээ ч гэсэн буурнаас рол яваарай гэж захьдаг. Бусдаар ч айгаад байх юм байхгүй дээ” хэмээв.

          Бэхигийн өвөөгийнх Алтайн өвөр говь, Ээж хайрханы ойролцоо 35 жил амьдарчээ. Хол, ойрын хүн ирэх бүрт хүмүүсийг дагуулаад Ээж хайрхандаа гардаг байна. Ан, амьтан, өвс, ургамал нь хүртэл таньдаг болсон мэт дотно болсон гэнэ. Энэ талаар түүний эмээ ярихдаа “Манай энэ хавийн нутаг бидэнд их ээлтэй байдаг юм аа. Хамаг залуу насаа, амьдралынхаа бүхий л цаг хугацааг зөвхөн энэ нутагт өнгөрүүлсэн болохоор дасал бололгүй яах вэ. Манай Ээж хайрханд байхгүй амьтан ховор. Ирвэс, янгир, аргаль, зэрлэг муур, үнэг, хярс гээд л явж өгнө дөө. Манай гэрийн ойролцоо хулан ирж байнга намарждаг байсан. Гэхдээ сүүлийн 10 жилийн хугацаандан амьтны минь тоо толгой багасаад байх шиг санагддаг. Байнга ирдэг хулан ч ирэхээ больсон доо. Өглөөний эртэд Ээж хайрханд гарвал сүрлэг сүрлэг амьтадтай нь таараад сайхан л байдаг юм” гэлээ.

               Бэхигийн өвөө өнгөрсөн жил сумын сайн малчин болжээ. Мөн өмнө 1990-ээд онд сумын аварга тэмээчин болж байсан аж. Хэдэн үеэрээ малч ухаанд суралцаж, нутаг орондоо амьдарч байгаа нэгэн. Л.Лутбаяр гуай ач хүүгийнхээ хамгийн том бахархал, үлгэр дуурайлал нь. Өвөө нь юу хийнэ хүү бүгдийг нь дагаж хийдэг. Хэлсэн үгийг нь анхааралтай сонсож, нэг бүрчлэн цээжилж, үйл хөдлөлийг нь дуурайдаг аж. Бэхигийн үйлдлээс өөрийнхөө бага залуу насыг олж хардаг хэмээн Л.Лутбаяр гуайн ийн хуучилсан юм.

           Тэрбээр “Манайх хоёр охин, хоёр хүүтэй айл. Бэхи хөгшин бид хоёр дээр л өсөж, хүн болсон. Хүний удмын ген гэж байдаг юм байлгүй дээ. Мал маллах, морь уяах л их сонирхолтой нөхөр. Малчин бид хүүхдүүдээ бие даалгаж, алсаас харзнас хийгээд л өсгөдөг. Өөрсдөө биеэ даагаад сурчих юм бол алсдаа хэн нэгнээс асуухгүй ажлаа хийгээд, малаа маллаад сурчихдаг юм. Бэхи тэр л хүмүүжлээр хүмүүжиж байгаа. Хүүгээ ганцааранг нь орхисон гээд зарим хүн, ах, дүү бухимдалтай байх шиг байна лээ. Яах вэ, хүн бүрийн сэтгэлд нийцүүлж, таалагдаж амьдарна гэж байхгүй шүү дээ. Хөдөөний бид чинь бүл зон муутай, бүгд л ингэж амьдардаг. Бэхигээс ч бага насны хүүхэд хонь хариулж, ойр зуурын ажилд тустай нэмэртэй амьдарч байна шүү дээ. Тэглээ гээд муудсан, осол аваар гарсан зүйл манай говьд алга байна. Говийн хүмүүсийн амьдрал ийм байдаг гэдгийг л ойлгох хэрэгтэй юм шиг байна лээ. Хамгийн гол нь хүүхдүүддээ байгальдаа хайртай, нутаг орондоо ээлтэй байхыг л зааж зөвлөж өгөх юм сан гэж хичээдэг. Хүүгээ зурагтаар гарахыг харах үнэхээр сайхан байна лээ. Олон нийтэд монгол ахуйдаа суралцаж байгаагаар хүүгээ харуулах боломж олдсонд баяртай байгаа. Ач хүүгээсээ өөрийнхөө бага залуу олж харах шиг болсон доо. Би, бид ингэж л амьдарч ирсэн шүү дээ. Миний хүүд сайхан дурсамж болж үлдлээ” хэмээлээ.

           Алтайн өвөр говь, Ээж хайрханд нар жаргаж байна. Бэхигийн гадаа харуй бүрий айлчлан иржээ. Өдөржин завгүй байсан хүүгийн ажлын нэг өдөр дуусахтай зэрэгцээд бид нийслэлийг зорихоор хөдөллөө. Биднийг хөдлөхтэй зэрэгцээд Бэхи хүүгийн гэрийн утас дуугарч, кино багийнхан удахгүй ирж, хоёрдугаар ангиа хийх тухай мэдээ дуулгав. Толгодын цаана Бэхи хүүгийн хот айлын бараа үес үесхэн тодорч харагдаад, ард хоцорлоо. 

 


ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Н.БЭХИ: УЛААНБААТАР ОРВОЛ “НАРАНТУУЛ” ЗАХААР Л ЯВЖ ҮЗНЭ ДЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188