БНХАУ-д богино хугацааны сургалтад хамрагдах багийн эмч нарын гурав дахь ээлж энэ сарын 11-нд Хөх хотыг зорьсон байна. Тэднийг замд гарахын өмнө Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хүлээж авч уулзлаа.
Эрүүл мэндийн сайдын санаачилгаар салбарын хүний нөөц, ялангуяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын сувилагч, эх баригч мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний чадавхыг бэхжүүлэх зорилгоор гадаадад сургалтад хамруулах хөтөлбөрийг зохион байгуулж байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд 2023 онд 200 сувилагч, эх баригчийг БНХАУ, БНСУ-д богино хугацааны сургалтад хамруулсан. Сургалтын хүрээг өргөжүүлж, хөдөөгийн багт ажиллаж буй 84 эмчийг гадаадад богино хугацааны сургалтад хамруулсан. Энэ ажлын үргэлжлэл болж гуравдугаар ээлжийн 30 эмч БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Хөх хот дахь Олон улсын Монгол эмнэлэгт очиж хөдөөгийн ард иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээндээ хэрэг болох шинэ санаа, шинэ аргад суралцаж чадавхиа бэхжүүлэхээр явж буй юм.
С.Чинзориг сайд багийн эмч нартай уулзахдаа эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар товч танилцуулж, орон нутагт эрүүл мэндийн анхан шатны тусламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний ажиллах нөхцөлийг сайжруулах, цалин хөлс, нийгмийн баталгааг хангахад анхаарч тодорхой ажлуудыг хийгээд байгаа талаар ярьсан.
Багийн эмч нарын хувьд унааны асуудал хүндрэлтэй. Дийлэнх нь эмэгтэй учраас мотоциклтой давхиад малчдаа үзээд, тусламж үзүүлээд явна гэдэг амар ажил биш юм. Түүнээс гадна сард өгдөг шатахуун хаанаа ч хүрдэггүй. Мөн зарим аймгийн зарим сум эмчийн хүрэлцээгүйгээс нэг эмчид хоёр баг хариуцуулдаг, эмч нарыг хөдөө дуудлаганд явахад шаардлагатай эм, тариаг өгдөггүйгээс өөрийнхөө мөнгөөр, эсвэл зээлээр авч явдаг гэхчилэн асуудал олон байгааг шийдвэрлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд орон нутгийн удирдлагуудад тодорхой үүргүүдийг өгөөд байгаагаа хэлсэн. Тухайлбал, аймаг, сумдыг туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машинтай болгох ажлыг үе шаттайгаар хийж, энэ ондоо багтаад 150 газрын унааны асуудлыг шийднэ.
Багийн эмч нарын гурав дахь ээлж гадаад сургалтад явлаа |
|