Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Б.Наранчулуун, Ц.Долгормаа, Б.Хулан, Ц.Наранчимэг, У.Жаргалсайхан нарт холбогдох хэргийг шүүгдэгч У.Жаргалсайхан, Ц.Долгормаа нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр хэлэлцлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав.
Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж, Б.Наранчулуун нийтийн албанд томилогдох эрхийг найман жилийн хугацаагаар хасаж, таван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Б.Хулан нийтийн албанд томилогдох эрхийг долоон жилийн хугацаагаар хасаж, зорчих эрхийг нэг жилийн хугацаагаар хязгаарлах, 10 сая төгрөгөөр торгох ял, Ц.Долгормаа, У.Жаргалсайхан нар тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван сая 400 мянган төгрөгөөр торгох ял, Ц.Наранчимэг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 сая 700 мянган төгрөгөөр торгох ял тус тус эдлэх болж байна.
Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх
Б.Наранчулуун, Ц.Долгормаа нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа |
|