• Өнөөдөр 2024-05-14

ДО.ЦЭНДЖАВ: “ТАМГА” ӨГҮҮЛЛЭГ МИНЬ 1911 ОНЫ ХУВЬСГАЛЫН ТҮҮХЭЭС БҮТСЭН

2023-12-12,   704

-"ТАМГА" ӨГҮҮЛЛЭГЭЭ ӨВС БАГТАХ ЗАЙГҮЙ БОЛТОЛ ЗАСАЖ, ИЛДҮҮРДСЭН-

             Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам энэ сарын 10-нд Дорнод аймагт болж, өндөрлөлөө. “Утгын чимэг-28” дахь удаагийн наадамд СГЗ, Д.Нацагдоржийн шагналт зохиолч До.Цэнджавын “Тамга “өгүүллэг тэргүүлсэн билээ. Бид “Тамга” өгүүллэг хэрхэн бүтсэн тухай түүнтэй цөөн хором ярилцаж, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.

-“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын тэргүүн байрын шагнал хүртсэн танд баяр хүргэе. Та 1995 оноос тус наадамд оролцсон гэдэг байх аа?

      -Би 1995 оноос “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд оролцохдоо 16 удаа шилдэг 10-т шалгарч, тав, зургаан удаа хоёрдугаар байрт шалгарч байгаад энэ жил “Тамга” өгүүллэгээрээ тэргүүн байрт шалгарлаа. Энэ жил төрийн гурван удаагийн шагналт Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуайн 115 жилийн ойг тохиолдуулан Чойбалсан хотод тус наадмыг зохион байгуулсан. Би бичгийн их хүмүүн Ц.Дамдинсүрэн гуайг ихэд биширдэг учир энэ жилийн “Утгын чимэг-2023” богино өгүүллэгийн наадамд оролцохоор шийдэж, тэргүүн байрын шагнал хүртсэндээ ихэд бэлэгшээж байгаа.

-“Утгын чимэг-2023” наадамд тэргүүлсэн “Тамга” өгүүллэг хэрхэн бүтсэн тухай та ярьж өгч болох уу?

       -“Тамга” өгүүллэгийн гол санаа бол Үндэсний эрх чөлөөний хувьсгал буюу 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгалаар Манж хятадуудыг хөөн зайлуулж, төрийн томоохон ёслол хийх болсон түүхээс үүдэлтэй. Тэр үеийн төрийн ёслолын арга хэмжээнд хаан, түшмэд, ноёд гээд бүгд оролцохоор болж, манж хувцас, хэрэглэлийг монгол болгохыг зарлигдсан байдаг. Тэгээд хүрээний зартай дархан “хар гарт” хэмээх Лувсангомбо хаш тамга хийхээр болсон юм билээ. Тэрээр Оцол Сансар гэх уулын өврөөс хольцгүй цагаан хаш олж, соёмбо суулгаж, дээд талыг нь тамганы хүрээнээс нь илүү гаргачихсан байсан гэдэг. Гэтэл Цэрэнчимэд Да лам хэмээх төрийн ёслолыг удирдаж байсан омголон, ууртай хүн уран дархан Лувсангомбыг “Төрийн тамгыг хүрээнээс нь халгиулж хийсэн байна” хэмээн загнаж, “Цаазын ял онооно” гэж сүрдүүлсэн байгаа юм. Тэгээд Лувсангомбо дархан айсандаа Богд дээр очтол, Богд тамгыг харж, харж байснаа “Чи бид хоёрын бодол, санаа ямар адилхан байна аа. Шинэ Монгол минь алдсан газар нутгаа буцааж авах юм байна. Чи айж, эмээх хэрэггүй” хэмээн бэлэгшээж байсан бодит түүх байдаг. Баримтыг уран сайхны аргаар бичнэ гэдэг утга зохиолын хамгийн чухал үнэт зүйл. Өнөөдрийн бидний хэрэглээд байдаггүй үг хэллэгийг оруулснаараа тус өгүүллэг бусдаас өөр болсон. Энэ түүх миний санаанд олон жил хадгалагдаж байсан ч би бүтээл болгож чадахгүй байсан юм.

-Та энэ өгүүллэгээ хэдий хугацаанд бичсэн бэ?

    -“Утгын чимэг-2023” өгүүллэгийн уралдаанд өгөхийн тулд 1000 үгэнд багтаах ёстой. Би эх хувилбарыг нь 3-4 цагийн дотор бичиж, найман удаа хэвлэж, зассанаар 10-аад хоног зарцуулсан байна. Утга найруулгын хувьд өвс багтах зайгүй болтол элдэж, их зассан. Тэгэхээр зохиолч хүн үг, утга найруулгын төлөө амьдрах хэрэгтэй байдаг.

-Найман удаа засаж, редакторлахдаа өөр хүнд үзүүлж, зөвлөгөө авсан уу?

    -Дээр үеийнх шиг бусдаас заавар, зөвлөгөө авдаг үе өнгөрсөн. Өөрөө л бүхнийг хянасан даа.

-Богино өгүүллэг бичихэд зохиолчийн ур чадвар чухал санагддаг. Харин таны хувьд?

     -Богино өгүүллэг судалгаа, ур чадвар шаарддаг, хүнд хүргэхийн тулд нэлээд чамбайруулдаг уран зохиолын амаргүй төрөл. Бараг роман бичихээс хэцүү. Үүнээс гадна бидний бүтээлийг авьяаслаг жүжигчид, дуу оруулагч нар уншиж, хүмүүсийн зүрх, сэтгэлд хүргэдэг учраас хоёр жигүүртэй гэж болно.

 

Уншигч та бүхэнд "Утгын чимэг-2023" наадамд тэргүүлсэн "ТАМГА" өгүүллэгийг хүргэж байна. 

ТАМГА

     “Хар гарт” хэмээх дархан Лувсангомбо Да ламтаны өргөөнөөс савж унах шахан гарчээ. “Ээ сахиус минь...цөс цалгиах шахлаа. “Ойчсон эрхиэ ч авах сөхөөгүй төрийн алба шатаж байхад өгөр чи хар усанд толгойгоо мэдүүлж, монгол төрийн эрдэнийн тамгыг хугацаа алдаж залхаасны зэрэгцээ ховор нандин хашийг зэрэмдэглэсэн чамд цаазын ял онооно. Өвгөд дээдэс сэлэм удааж чилээсэн дарханыг илднийх нь үзүүрт өлгөчихдөг байсныг мэдэх үү? Ташаандаа тамгагүй чөдрийн ганц морь ч үгүй атал, гартаа тамгагүй эзэн хаан одоо яах болж байна. Захын чавганцын цоорхой шанага нөхөж суугаа айлын тогоо өнгийсөн хоноц уу? чи. Билүүнийхээ баасыг чи өөрөө долоогоорой” гэсэн хахирган үгс дарханы зүрхийг амаар гаргах шахжээ. Айж балмагдсан дарханы нүдэнд Богдын ногоон ордон газраас тасраад үүл манан дунд хөвөх шиг бүртэлзжээ.“Хорвоо хэлтийж, чөтгөрт чөдөрлөгдлөө” гэж бодоход, зүрх нь дэлсэж, хөл нь туйвж байлаа. 

   -Зоригт вангийн зоргоороо хэхэрсэн энэ тийрэн хэдийдээ чулууны дарх мэддэг болсон юм бэ? Чулуун сийлбэр гэдэг чинь үхэр чулууг лантуугаар дэлсэхтэй адилгүй ээ. Шар будааны чинээ зайнд буруу амьсгалахад л булт үсэрчихдэг нүдний цөцгий ширгээсэн тамыг эд даанч гадарлахгүй. Хаш чулууны хор могойныхоос ч дор гэдгийг миний энэ хавагнасан хар гар хэлээд өгнө.“Хэл хөдлөх амар, гар хөдлөх хэцүү” гэж айх эмээх, хорсох зэвүүцэх зэрэгцсэн луугар дархан дороо байж ядав. 

   “Очир дара Богд гэгээнтэнийг Монгол Улсын хааны эрдэнийн сууринд өргөмжлөн залах их төрийн ёслолыг үйлдэхтэй холбогдуулж, Манж Чин улсын бүх ёс хуулийг эвдэж, эрхэм сайд, ноёд түшмэдийн ёслолын хувцасны дэгийг тогтоож, хааны эрдэнийн тамгыг зөвхөн монгол газрын хашаар монгол дарханаар үйлдүүлсүгэй” хэмээн зарлигдсаныг та бүхэнд сонордуулж байна” хэмээн Халхын хүрээний бүх хэргийг түр ерөнхийлэн шийтгэх газраас мэдэгдсэн зарлигийг хүлээсэн ноёд, түшмэд цочирдон бужигнаж, “Манж нангиадын нүдний хорыг оруулаагүй тамгыг хаанахын хэнээр бүтээлгэх вэ? гэлцээд Да хүрээний аль дөмөг дархчуулыг голж, шилсэний эцэст Вангай аймгийн “хар гарт” Лувсангомбыг гүйцэх хүн алга. Хятадын хамгийн нарийн чулуучин шожион ч түүнийг давж гарахааргүй юм байна, гэм нь хатуу идээнээс буцахааргүй золиг юм. Хойшоо Шарга морьтын эзгүй аманд гэр бариулж харуул манаа тавина, Да ламтанаас өөр ямар ч мяндагтанг ч ойртуулахгүй хянаж цагдая гэж ам тангараг тавьцгаажээ. 

Бүүдгэр шөнө ч сүү шиг гэрэлтэх цав цагаан хаш чулуу олох чанд хатуу зараалтай ихэс дээдэс халх дөрөв, шавь тавын олон хошуудаар элч довтолгож, тамтагаа цайтал хайгаад цагаан бүү хэл, бөртэ толботой цэгээн чулуу ч олсонгүй. “Монгол газар орон хэдий баян ч гэлээ дан ганц цасан цагаан хаш чулуу байдаггүй юм байна” гэлцээд бүгдээрээ цөхөрчээ. Тусгаар төрийг дэлхий даянд тунхаглан зарлах өлзийт өдөр ойртох тусам хоолойд тээглэсэн яс шиг хясланд ороогдох үеэр нар ургах зүгийн Оцол Сансар хэмээх уулын өврөөс хольцгүй цагаан хаш олдсонд ихэс дээдсгүй хөл алдан баярлацгааж, Богд гэгээнтэндээ нүүр бардам бараалхжээ. 

   ...Тамын үүдний тотгонд бүдэрч, ялд ойчсон “хар гарт” Лувсангомбо хэсэг үүлгэртэж зогссоноо,“Дүүрсэн хэрэг, дүнхийсэн толгой...үхэхийн мөр ялгаа юун. Богд гэгээнтнээсээ адис хүртээд хар толгойгоо авахуулья” гэсэн эрс шийдмэг бодол гэнэт хатгалаа. Богдын ногоон ордоны үүдэнд очоод зоргоороо зүтгэсэн дарханыг “Үг хэлгүй үхэр шиг дайрдаг чи хаанахын хэн гэгч вэ? Чам шиг боол байтугай чин вангууд хүртэл чичирсхийгээд хоногоор хүлээдэг юм. Ядаж наадах гутлын чинь тоос шороонд ногоо ургамаар болчихож гэж хоорондоо инээлдэн даапаалцгаажээ.“Яран хамарт, олгой толгойт та нарт ёсон бусаар заагдах хүн би биш. Богд гэгээнтэнд бараалхах тэнгэр заяат төрийн луугар дархан гэгч нь би байна. Хүрдэггүй тэргүүнд хүрвэл, хүзүүн дээр чинь хүж шатаана шүү” гэж омогдохтой зэрэгцээд, “Дарханыг оруул” гэсэн ордоны сойвонгийн дуу хаалганы цаанаас сонсогджээ. “Тэнд энд гишгэсэн тэмээ шиг боольхой амьтныг Хутагт маань юуны учир залав? гэж харуулынхан гайхан шогширцгоолоо. 

   -Жа ...таны тухайд базаахгүй үг яриа сонслоо. Газрын ганц нүд шиг хаш эрдэнэ олдлоо, ганц лут дарханаа ч оллоо гэлцээд байсан нь таны гараар дуусгавар болсон гэв үү? тунчиг базаахгүй хэрэг мандах нь дээ гэж Жибзундамба хутагт хамрын тамхиа эрхий хуруун дээгүүрээ нуруулдангаа сүүмгэр нүдээрээ цаанаа л нухацтай ширтэхэд, торхийх ч чимээгүй битүү дүнсгэр ордоны ярайсан зул ч энэ үгнээс дальдрах шиг санагджээ. Богд тамгыг зугуухан эргүүлж тойруулж, бүр тэгсэнээ нүдэндээ тулган, бичээс бүрийг амандаа уншсанаа, сая л тэргүүнээ өргөөд, энэхүү гурван бичиг үсэгт ямархуу өө эндэгдэл гарсаныг олж харсангүй ээ” гэвэл, “Оройн дээд очир дари бурхан минь өршөө...энэ муу “хар гарт” миний үйлдсэн нүгэл бол хаш чулууныхаа яалтгүй өчүүхэн зайнд хавчигдаад, соёмбоныхоо оройг багтаалгүй тамганыхаа хүрээнээс халгиачихаад, Да ламтанаас айхтар хүнд ял сонслоо. “Хараалд зүрхээ хатаалгаснаас хавханд хөлөө хатаалга” гэсэн үгтэйсэн билээ гээд өвдөг сөхрөн, альшаа газрын эрээн хивсэнд хамраа шүргүүлэн мөргөлөө. 

   -Аа мөн...мөн... гэж өөртөө өгүүлээд, тамгыг дахин дахин нүдэндээ тулган тонгойж тогтоон харсанаа хөхөлбөр бор царайнд нь гэгээ татаж, усан болор шилээ авч, инээвхийлээд, “Өчүүхэн зайнд хавчигдаад халгиачихсан гэнээ”гэснээ, “Дархан та бид хоёр адилхан юмсан уу? Миний бие гэхэд л энэ монголынхоо газар нутгийнхаа давчуу орон зайд амьсгал давчдаад, дотор харлан бачуурч явдаг юмаа. Гэхнээ хө, энэхүү соёмбоны оройн галын дөл тамганыхаа хүрээний гадна гарчихсан нь миний цээжинд нар гийгүүлэх шиг боллоо. “Гал өөдөө, ус уруугаа” гэдэг ээ, улс орны минь хил хязгаар хааш хаашаагаа тэлж, Чингис Богдынх шиг тэнгэрийн он цаг шинэ тулгар төрд маань ахин гэрэлтэхийн ерөөл оршжээ хэмээн машид бэлгэшээлээ. Хорвоогийн үйл бүхэн цаанаа учир жанцантай. Дархан та монгол төрийн хаш эрдэнийн тамгыг тэнгэрийн бошготой хамтран бүтээжээ гэж тааламжтайгаар мишээснээ амандаа тарни шившээд, тамгаа арц уугисан сангийн бойпор дээгүүр гурав эргүүлснээ өмнөх арслан хөлтэй хүрэн зандан ширээн дээрээ заллаа. 

-Ээ оройн дээд гончигсүм өршөө. Шинэ төрдөө үеийн үед цайршгүй нүгэл үйлдчихлээ гэж түмэн гэмээ хүлээж, хар толгойныхоо оронд хар гараа цавчуулья гэж эрс шийдсэн минь энэ. 

    -Аа тийм үү? Манай Цэрэнчимэд да ламтан болоод гадна, дотнын жаврыг хаасан төрийн гурван сайд тусгаар их Монголоо даянд тунхаглан зарлах төрийн их ёслолыг нуруун дээр авсан. “Боохой ч буруугүй, бор төлөг ч буруугүй” гэдэгсэн бил үү? Да ламтан “Төрийн тамга үйлдсэн дарханыг нэг бол цаазаар аваач, эсвээс насан туршид нь тэжээ”гэсэн гэв үү? Тунгаах л үг байна. Тэгэхэлээр таны насан үүрд сар бүр хаан төрийн сангаас гучин янчааны цалин пүнлүү олгож бай гэж зарлигдана хэмээхүйд, түрүүхэнд цааз сонсоод сүнс нь зайлан чичирч байсан Лувсангомбын нулимс өөрийн эрхгүй асгарчээ. 

    Бурхан өршөө...тэнэг толгой би Да ламтангаа харааж зүхэж төрийн сэнтийг хэлтийлгэх шахжээ. Гэхнээ хараал нь ерөөл байжээ хөөрхий....Төрийн их үйлс нь бүтэг ээ. Там, диваажин хоёр нэг өдөр ингэж золгох гэж байдгаа бас... Хөөрхий муу чавганц минь “Майдар эргэхийг харалгүй мажийх нь ээ. Алх, дөшний ёргионд чинь насаараа чих дүлийрлээ, адуучин зарцтай ханилсан бол айраг бүлэхийг сонсож суухгүй юу? гэдэг сэн. Бушуухан л муу ханьдаа, ямааны арьсан тарзан дээр өнхчих банди нартаа энэ мэдээгээ яаран дуулгахаар зүүн хүрээ өөд нэг хөл нь тэнгэрт, нөгөө хөл нь газарт юм шиг савчин таваргаж явлаа.


ДО.ЦЭНДЖАВ: “ТАМГА” ӨГҮҮЛЛЭГ МИНЬ 1911 ОНЫ ХУВЬСГАЛЫН ТҮҮХЭЭС БҮТСЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188