Наймдугаар сарыг УГТАХ шүлгүүдийг хүргэж байна
МИНИЙ МЭДЭХ НАМАР
…Харсаар байтал зуны сарууд яг дэргэдүүр минь өнгөрч
Хачин уйтгартай ч нэг л танил шаргал өдрүүд ээлжилнэ
Навчис, шувууд, дурлалууд надаас холдоод явахын цагт
Намрын бороо зуных шиг шивэрч сэтгэл үймүүлэх нь юу вэ
Чиний тухай бодлуудыг минь намрын салхи холоо хийсгэж
Чийглэг зөөлөн уруулын хээ навчтай цуг хатчихсан байна
Амрагийн сэтгэл шувуу шиг үргэж би намар шиг гунихын цагт
Арван сар гэдэг надад амьдрал шиг урт санагдаж байна
Инээлдэж байсан цэцэгс толгой гудайх нь үхэл шиг
Илүүдэж байсан дурлалуудаас нэг ч үгүй, цэцэгс шиг
Яг далайн давлагаа шиг шүлгэнд минь хүртэл гуниг шингэчихэж
Ямар их уйтгар вэ намар минь чамайг би өрөвднөм
ИРЭХ ӨДРҮҮДИЙГ ХҮЛЭЭНЭ
Нарийн нууцыг
Тэнгэрийн хээ шиг мэтгэж
Нам гүмийг сонсохдоо
Бүсгүйн зүрхийг тэмтэрнэ
Намрын гүнд нуугдаж байгаа гунигийг
Найрагчаас өөр хэн анзаарахыг мэдэхгүй ээ
Ус мөрөн сэтгэл шиг халгин урсаж
Угалз мэтгэх яруу долгис сийлэгдэнэ
Уймраа шаргал өдрүүдийн цаана айсуй
Угтаж авах аугаа эгшиглэн тэнд л бий дээ...
Ганцаар үлдээд, гунигаа даахгүй шаналахдаа
Гашуун зовлонгоо бушуу гээх гэж яарах худлаа!
Нэг л өдөр сэтгэлийн дэнс шиг үелзэнхэн долгилох
Нэргүй шүлэг шиг догдлуун өдрүүдийг би үзэх л болно
Тохойрч эргэх хоногийн тоо биеийг элээв чиг
Торгон баринтагт судрын хуудас зузаарах л болно
Тоймтой явахаас тэнэгдүү амьдрахын сайхныг бахдаж
Торолзох аниргүй тунгалаг өдрүүдийг би угтах л болно
Нарийн нууцыг
Тэнгэрийн хээ шиг мэтгэхдээ
Намрын гуниг, бүсгүйн сэтгэлийг ойлгох л болно
Тэмтэрч олдсон нэг л үнэнийг адислаж хүртээд
Тэргэл сар шиг сэтгэлийг гүнээс би гэрэлтэх л болно
М.Уянсүх
МИНИЙ ДУРГҮЙ САРУУД
Найман сар…
Зун ер нь миний дуртай улирал биш.
Зун дуусахад бүх юм дуусчих шиг болдог.
Намар боллоо гэсэн ганцхан баяр баясал л
Намайг тэр их уйтгараас,
Наймдугаар сарын борооноос авардаг.
Тэнгэр рүү ч хармааргүй,
Тэртээ дээгүүр шувууд үймээд,
Тэвчээрийг минь барсан бүгд
Тийшээ бас нисчих шиг, сэтгэл хоосроод…
Амьдрал гуай
Нэг удаа яг л ийм наймдугаар сарын
Аадар бороон дундуур
Нэвт норчихсон жижигхэн богширгыг
Шурт хийлгэн цонхоор оруулаад
Сэрд хийтэл харуулж билээ.
Зүүд совин шиг тэр жаахан шувууны
Зүрх нь цохилох дуулдаж байсан аа…
Үнэхээр чанга цохилж байсан аа…
Үгүй дээ, миний дургүй сар
Найман сар биш юм байна.
Г.Аюурзана
***
Уйт намрын ханшийг дагаж шувуу бидэн
Умар өрнө зүг зүгт салан одовч
Удаах жилийн эсэргэн урийн цагаар
Ус нутаг минь чамдаа эргэн эргэн ирнэ
Товтой улирлын тэр өдрийг зүүдэлж
Тоотой хоногийн үзүүр элдэн хороовч
Галбарваасан модноо хөхеө донгодох нь хэзээ бол!
Ганихарсан сэтгэл эрснээ олох нь хэдийд бол?
Хагацал учрал тоонын нараар эргэж
Харамсах баярлах хоёр адилхан мартагдана
Их бодь сургаалаар орчлон дэлхий гэгээрч
Энгийн юмны яруу сайханд хүмүүс шүтэх хэзээ бол?
Эргээд давтагддаг бол амьдрал яасан гунигтай
Эцэс төгсгөлгүй бол хорвоо яасан уйтгартай
Гоо үзэсгэлэн ганддаггүй бол үзэсгэлэнтэй төрөөд ч яана!
Гомдож баярлаж чадахгүй бол амьд яваад ч яана!
Замагт ус нь загас жараахайдаа жаргалтай
Замбуулин хорвоо жаргал зовлонтой ч уяралтай
Их хайрыг даана гэдэг хэцүү юм аа!
Энэ биеийг олж төрлөө ч хүн гэгдэхэд хатуу юм аа!
Амьдарч явсан жилүүдийн минь дурсгал чулуу
Альхан уулын, альхан бэлд ургаж байгаа бол доо!
Аальхан насандаа сүүдрээ тусгачихад эх нь голоогүй ангаахай
Асар тэнгэрийн хаахна талд өдөлж л яваа юм бол доо!
Ж.Болд-Эрдэнэ
***
Оддыг сонс!
Моддыг сонс!
Өвсийг сонс!
Өөр бусад зүйлсийг ч сонс!
Загасан хэлбэрт үүлсийг чиглэн хөвөх
Өгөөш мэт сарыг сонс
Замган дор эвцэлдэх
Дун хясааны гүн ухааныг сонс
Шөнийн хаа нэгтээ өвсний үндэс мэрэх
Алтан тэмээний амьсгалахыг сонс
Шилний үйрмэг шиг оддын туяа
Навчсын бие рүү шигдэн орохыг сонс
Шувуудын далавчны хөдөлгөөнөөр
Дотогшоогоо сэм нурах хадан цохиог сонс
Шугуйн жимс шиг охидын
Уруулын хөдөлгөөн цэцгэн дээгүүр нисэх харцыг сонс
Бугын нулимсанд цоо хатгуулсан
Цэцгийн дэлбээг сонс
Бичил ертөнц, биегүй хоосон бүгдийг сонс
Усан үзэм мэт манан дотроос бөнжийх
Өглөөний нарыг сонс
Ус авахаар яваа хүүхдийн төмөр тэрэгний мөрийг сонс
Тэртээд нисэж яваа шувуу руу цоройн гаслах
Гөлөгний нүдийг сонс
Тэгээд түр зогсоод өөрийнхөө зүрхийг сонс
Уулсын дээрээс нөмөрсөн
Нимгэн цагаан үүлсийг сонс
Өвс хугалахгүйг хичээн өлмий дээрээ бүжиглэх тогоруудын
Хөгжимлөг өнгө аясыг сонс
Эрвээхийн нисэлтийн хурдаар
Мөхөж буй дэлхийг сонс
Цонхны шилэнд нүүрээ наагаад
Бороон дусалтай ярьж буй зүрхээн сонс
Цаашаа харан уйлж зогсоо цаг хугацаа
Өөрийн бүтээсэн бүхнээ баллуурдаж арилгахыг сонс....
Г. Баяр
***
Намрын нар шиг
Навчис аа нэг нэгээр нь залгичихаж болохгүй...
Навчис шиг хөнгөн яруу байж бүр болохгүй...
Хаврын тэнгэр шиг хайр татам байж болохгүй...
Нүцгэнүүд минь
Нөмөрт нь дулаацаж болмоор хонгорууд минь
Томоожиж амжаагүй насны минь
Тогоруу шиг хэдэн нөхөд минь
Зэмлэж л болохгүй шүү залуу насыг минь
Зэрэгцэж суугаад хамт амьсгалж, хань болж
Зээлсэн мөнгө, зээлүүлсэн дурсамжтайгаа л
Зүрх рүү минь зүрх болж урсаарай.
Амрагуудын чинь дараах амраг юм шүү би
Аавыг чинь орлох аав
Ээжийг чинь орлох ээж юм шүү.
Охид минь
Ойлгомжгүй гэнэн зангийн туйлууд минь
Хамаатнуудаас минь дутахгүй хамаатнууд минь
Хамтдаа илээсэн өдрүүдээ тоолоод нэг үз дээ.
...Огт уншиж амжаагүй сонгодог зохиолын нэрс шиг
Одоо бидний хэн нь ч санах гээд санахгүй маргаашууд л
Хэн хэнийг маань
Хэн хэнд нь таниулж амжих болохоор
Нүцгэнүүд минь
Нөмөрт нь дулаацаж болмоор хонгорууд минь
Томоожиж амжаагүй насны минь
Тогоруу шиг хэдэн нөхөд минь
Зэмлэж л болохгүй шүү залуу насаа...
Э.Булган
МӨРӨӨДЛИЙН ШҮЛЭГ
Хол явах юм сан, орон гэрээ санаж уйлах юм сан.
Хоног өдрүүдийг тоолж, хэн нэгний нь илгээсэн нулимсан дусалтай захиаг уншиж өөрийгөө мэдрэх юм сан…
Цаг цагийн аясыг үзэж, олон хүнтэй танилцах юм сан.
Цайдам дагаж нүүдэллэсэн хэдэн бор гэртээ хоргодон
Цаасан дээр өд зурж өдөр бүр нисгэх юм сан.
Уй гунигийг нь хуваалцаж хэн нэгэнтэй нь дотно сайхан үерхэх юм сан.
Урины шувуу мэт нисч ирээд сэтгэлд нь бууж бүлээцүүлэх юм сан.
Зунжин орсон борооноос уйдаж, нарыг хүсэж намар болохыг удтал хүлээх юм сан.
Зуны үдэш шал нойтон хувцастай сарны туяа туучиж ус зэтгүүлэх юмсан.
Хүйс хүйсхэн салхинд санаа алдахуй нөхрийнхөө инээмсэглэлийг санаж дулаацах юм сан
Хүний явдлыг тунгааж намрын навчис адил уянгатайхан амьдрах юм сан.
Араг үүрч аргалд явах юм сан, бодол түүх юм сан.
Айлынхаа охиныг мөрөөдөж зүүдлээд нүдэн дээр нь үнсэх юм сан.
Борог өвсний үзүүр ганхуулах салхины чимээг мэдрэх юм сан.
Бор бор бялзуухайг исгэрч хангинтал дуулах юм сан.
Талын ногооны шивнээг сонсож бүсгүй хүнийх шиг үнэрийг нь таалах юм сан.
Таагүүрийг ойлгож, тасарсан навчсыг өрөвдөж, гэгээ татуулан унах харавсан одны хэлтэрхийг үзэх юм сан.
Хол явах юмсан, орон гэрээ санаж уйлах юм сан.
Хоног өдрүүдийг тоолон
Хэн нэгний нь илгээсэн нулимсан дусалтай захиаг уншиж өөрийгөө мэдрэх юм сан.
Цаг цагийн аясыг үзэж, олон хүнтэй танилцах юм сан.
Цайдам дагаж нүүдэллэсэн хэдэн бор гэртээ хоргодон
Цаасан дээр өд зурж өдөр бүр нисгэх юм сан
Д.Баттогтох
НАЙМДУГААР САРЫГ УГТАХ ШҮЛГҮҮД |
|