• Өнөөдөр 2024-05-19

ОХУ-ЫН 13 ГУДАМЖ, ЗАМ УСАНД ЖИВЖ, 200 ОРЧИМ БАЙШИН ҮЕРТ АВТААД БАЙНА

2023-07-20,   336

     Дэлхийн олон бүс нутагт цаг агаарын өөрчлөлтийн улмаас хэт халалт, хүчтэй аадар бороо, үер усны гамшигт үзэгдлүүд сүүлийн долоо хоногуудад тохиолдоод байна. Хэд, хэдэн улсад ширүүн аадар бороо орсны улмаас хөрсний нуралт үүсч, барилга байгууламж үер усанд автаж, нас барсан, сураггүй алга бологсдын тоо ихэссээр байгаа.

КОЛУМБ УЛСАД ХӨРСНИЙ ГУЛГАЛТ БОЛСНЫ УЛМААС 15 ХҮН НАС БАРААД БАЙНА

      Долдугаар сарын 17-18-нд шилжих шөнө Колумб улсын Кветам хотын Наранжал тосгонд их хэмжээний хөрсний гулгалт болсны улмаас 15 хүн нас барж, 6 хүн шархадсан бол нурангин дор ор сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж, тус хотод онц байдал зарлаад байгаааг Кундинамарка мужийн захирагч Николас Гарсиа Бустос мэдээллээ.

ЭНЭТХЭГ УЛСАД ОЛОН ТООНЫ БАРИЛГА ҮЕРТ ӨРТӨЖ, 5000 ГАРУЙ ИРГЭН ТУСЛАМЖИЙН БАЙРАНД АМЬДАРЧ БАЙНА

    Энэтхэг Улсын нийслэл Дели хотод 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 24 цагийн дотор 153 мм бороо орсны улмаас гудамж талбай үерт автаж, замын хөдөлгөөнд саад учирч, олон тооны барилга эвдэрч сүйдээд байна. Газиабад хот дахь үерт автсан бүс нутагт гацсан иргэдийг аврах ажиллагаа явагдаж байгаа бол цаг агааарын нөхцөл байдлаас шалтгаалан сургууль, коллежуудыг хаагаад байна. Энэ сарын13-ны байдлаар тус хотын 5 дүүрэгт үер бууж, 35,000 гаруй хүн гэр орноо нүүлгэн шилжүүлж, 5000 гаруй иргэн тусламжийн байранд байрлаж байгаа тухай Энэтхэгийн Дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

ОХУ-ЫН 13 ГУДАМЖ, ЗАМ УСАНД ЖИВЖ, 200 ОРЧИМ БАЙШИН ҮЕРТ АВТААД БАЙНА

    ОХУ-ын Сочи хотын Засгийн газраас долдугаар сарын 9-ний орой дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас 200 орчим байшин үерт автаж, олон зуун оршин суугчдын амь нас, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирч, үерийн улмаас Сочи хотын 13 гудамж, зам усанд живж, тээврийн дэд бүтцэд олон асуудлууд тулгараад байгааг мэдээлсэн. Мөн Адлерскийн дүүргийн Сириус, Хостинскийн үерт автсан бүс нутгаас 240 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж, түр байраар хангаад байна.

БНСУ-Д ААДАР БОРООНЫ УЛМААС ЕСӨН ХҮН СУРАГГҮЙ БОЛЖ, НАС БАРСАН ИРГЭДИЙН ТОО 37-Д ХҮРЭЭД БАЙНА

     Долдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн БНСУ-д хүчтэй аадар бороо орсны улмаас 37 хүн нас барж, есөн хүн сураггүй алга болсон талаар Өмнөд Солонгосын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамнаас мэдэгдлээ. Сэжонг муж (1), Хойд Чунчон (13), Өмнөд Чунчон (4), Хойд Кёнсүү муж (19) иргэд үер усны гамшгийн улмаас нас барсан бол Хойд Кёнсүү мужид 8, Бусан хотод 1 хүн сураггүй алга болсон хэвээр байна. Гэнэтийн үер усны улмаас тус улсын хөдөө аж ахуй, авто зам болоод 400 гаруй барилга байгууламжид их хэмжээний хохирол учирсан бөгөөд сүүлийн өдрүүдэд 9000 шахам иргэдийн гэр орныг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж байна. Хойд Чунчон мужийн төв Чонжү хотын Осонгд тасралтгүй бороо орсны улмаас усны түвшин нэмэгдэж, далан нурж ойр орчмын гол урсаж газар доорхи зам үерт автсан. Үүнээс үүдэж газар доорхи хонгилд автобус гацсны улмаас нас барсан иргэдийн тоо 9-д хүрээд байна. Аврах ажиллагаа үргэлжилж, хонгилд боогдсон машин болон хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа хийгдэж байна. Гүний гарцын үерийн улмаас амь үрэгдэгсдийн тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна. Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Хан Дак Су 07 дугаар сарын 16-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ “Чонжү хотод болсон үерийн ослыг аврах ажиллагаанд бид цэрэг, цагдаа, гал түймэр унтраах анги, орон нутгийн засаг захиргааны бүх хүн хүч, нөөцийг дайчилж байна. Бид аврах ажиллагааг аль болох хурдан дуусгахыг баталгаажуулах болно." хэмээв.

ИНДОНЕЗ УЛСЫН БАЛИ АРАЛД ҮЕР БУУЖЭЭ

   Индонез Улсын Бали арал болох тогтворгүй газарт 2023 оны долдугаар сарын 7-9-ний хооронд хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас үер бууж, мод нурж, 50 орчим барилга байгууламж эвдэрч, сүйтээд байна. Мөн олон тооны хөрсний гулгалт үүссэнээс нөхцөл байдал улам хүндэрч, тус арлаас 50 орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.

ЧИЛИ УЛСАД ОРСОН ААДАР БОРОО ХОЁР ХҮНИЙ АМЬ АВЧ, ЗУРГААН ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ

     2023 оны зургадугаар сарын 23-нд Чили Улсад хүчтэй аадар бороо орсны улмаас хоёр хүн нас барж, зургаан хүн сураггүй болж, олон мянган хүн тусгаарлагдсан талаар тус улсын гамшгийн албанаас мэдээллээ. Чилийн гамшгийн агентлагийн мэдээллээр “Валпараисо, Сантьяго Метрополитан, О'Хиггинс, Мауле, Юбле, Биобио, Арауканиа мужууд бүгд ноцтой хохирол амсаж, мужийн 40 гаруй байршилд зам тасарч, 10.000 хүн тусгаарлагдаж, 2700 орчим байшин эвдэрч, 54 байшин сүйдэж, 5000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Валпарайсо муж дахь Майпо голын их булингар, урсац ихэссэнээс Сан Антонио, Картагена, Эль-Киско, Эль Табо, Алгарробо зэрэг суурингийн 53 мянган иргэдийн ундны ус тасалдаад байна.

АНУ-ЫН ВЕРМОНТ МУЖ ҮЕРИЙН ГАМШГИЙН УЛМААС БЭЛЭН БАЙДАЛ ЗАРЛАЛАА

    Хоёр өдөр үргэлжилсэн борооны улмаас АНУ-ын Вермонт мужийн 14 хотод гамшгийн байдал зарлаад байна. Олон нийтийн аюулгүй байдлын комиссар Женнифер Моррисон хэлэхдээ, “Монпелье, Барре, Людлоу, Лондондерри, Андовер болон ойр орчмын хотууд хамгийн их хохирол амссан. Бусад олон хотууд их хэмжээний үерт автаж байна. Бид шаарплагатай бүх арга хэмжээн авна” хэмээсэн. Вермонт мужийн шуурхай 13 аврах багийнхан хүнд нөхцөл үүсээд байсан газруудад нийт 100 гаруй аврах ажиллагааг гүйцэтгэсэн байна. Тус аврах багийнханд Коннектикут, Массачусетс, Хойд Каролина зэрэг бусад мужуудын баг хамт олон тусалсан байна. Вермонт, Нью-Хэмпширийн үндэсний гвардийн таван нисдэг тэрэг хамгийн их хохирол амссан ч түргэн усны багийнхан хүрэх боломжгүй алслагдсан бүс нутгуудад нүүлгэн шилжүүлэх ажиллагааг явуулжээ.

БРАЗИЛ УЛСАД ХҮЧТЭЙ ААДАР БОРОО ОРСНЫ УЛМААС 11 ХҮН НАС БАРЖ, 18 ХҮН СУРАГГҮЙ БОЛЛОО

     Бразил Улсын Рио Гранде-ду-Сул мужид хүчтэй аадар бороо орсны улмаас халуун орны бус циклон үер, хөрсний гулгалт үүссэн байгалийн гамшигт үзэгдэл болсон. Үер усны улмаас 11 хүн нас барж, 18 хүн сураггүй болсон талаар тус мужийн Засгийн газраас мэдээлсэн. Мөн Макинье, Сан Леопольдо, Ново Гамбург, Караа, Бом Принсипио, Сан Себастьяо-ду Кай, Эстейо, Граватаи зэрэг хотууд байгалийн гамшигт өртөж, нас барсан иргэдийн тоо цөөнгүй бүртгэгдсэн харамсалтай үйл явдал болжээ. Гамшигт үзэгдлийн улмаас орон сууцны барилгууд эвдэрч, мужийн Онцгой байдлын алба хаагчид 4000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж, долоон гол замын хөдөлгөөнийг хаажээ. Рио Гранде-ду-Сул мужийн амбан захирагч Эдуардо Лейте гамшигт нэрвэгдсэн бүс нутагт ажиллах үеээрээ “Бидний гол зорилго бол хүний амь насыг хамгаалж, аврах явдал. Бид үер усны улмаас гацсан иргэдийг аварч, сураггүй алга болсон хүмүүсийн байршлыг тогтоож, ар гэрийнхэнд нь бүрэн дэмжлэг үзүүлэх ёстой. Бидний зүгээс эвдэрсэн гүүр, гол замд үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, яаралтай тусламж иргэдэд үзүүлж, уг газрууд руу чөлөөтэй нэвтрэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэжээ. Тус мужийн нийт 49 захиргаа хүчтэй салхи, аадар бороонд нэрвэгдсэн бол зургадугаар сарын 16-ны байдлаар Монтенегро хотын Кай голын түвшин хурдацтайгаар хоёр метр гаруйгаар үерийн түвшин нэмэгдсэн байна. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2020 оны долдугаар сард Бразил улсад олон өдөр үргэлжлэн орсон борооны улмаас гол мөрөн үерлэж, хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх, аврах ажиллагаа явагдаж байсан бөгөөд тухайн үед хоёр хүн нас барсан харамсалтай үйл явдал болж байжээ.

     2021 оны НҮБ-ын судалгаагаар байгалийн гамшигт үзэгдэл сүүлийн 50 жилд тав дахин нэмэгдсэн тоо баримт байдаг. Хэдий өндөр хөгжилтэй улс орнууд байгалийн гамшигт үзэгдэлд урьдчилан бэлтгэх боломжийг бүрдүүлдэг ч дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг уур, үер усны үзэгдлийн тоо өсөж, давтамж нь нэмэгдэж, улс орнууд байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс үүссэн хохирол амсах хэцүү цаг үеийг дэлхий нийтээр амсаж байна.


ОХУ-ЫН 13 ГУДАМЖ, ЗАМ УСАНД ЖИВЖ, 200 ОРЧИМ БАЙШИН ҮЕРТ АВТААД БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188