• Өнөөдөр 2024-05-19

“Дөл” цэрэг-спортын цогцолбор тэмцээн маргааш эхэлнэ

2022-08-24,   177

             Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Дөл” цэрэг-спортын цогцолбор тэмцээнд оролцохоор 21 аймаг, есөн дүүргийн шилдэг тасгаар шалгарсан ахлах ангийн сурагчид Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн хээрийн байрлалд бэлтгэлээ чамбайруулсаар байна.
 
          Тэмцээн наймдугаар сарын 25-ны өдөр эхэлж, хоёр өдөр үргэлжилнэ. “Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд тэмцээний Ерөнхий шүүгч, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ, ахлах шүүгч, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга, хурандаа Д.Энхсайхан нар уралдааны цэгүүдийн ахлагч шүүгч болон шүүгч нарт цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.
 
          Тэд “Дөл” тэмцээний ач холбогдол асар өндөр. Хүүхэд залуусыг сахилга хүмүүжил, хувийн зохион байгуулалттай иргэн болгон төлөвшүүлэхийн зэрэгцээ эх оронч үзэл хүмүүжил олгодог нэг талын сургалт юм. Өнөөдөр ч манай ахмадууд ярьдаг. 1984 онд анхны “Шонхор” уралдаанд оролцож, алтан медаль авч байлаа. Тэр тэмцээнээс л би цэргийн хүний бахархлыг мэдэрч, эх орноороо хайрлах сэтгэлээр дүүрсэн гэж. Өнөөдөр та бид яг л түүн шиг тэмцээндээ оролцож байгаа хүүхдүүддээ сайхан сэтгэгдэл үлдээх ёстой. “Дөл”-өөр бахархаж ярих нэг хүүхдийн ард мянган хүүхэд бий учир тэмцээнээ шударга шүүж явуулахад онцгой анхаарах ёстой. Бүгдэд тэгш хүртээмжтэй хандаж, гүйцэтгэлээр нь үнэлээд явна. Марш, гүйлтийн зайгаа анх 6 км гэж төлөвлөсөн ч бид 4,2 км болгож бууруулсан. Хүүхэд бүрийн эрүүл мэнд харилцан адилгүй учраас зөөлөн бодлогоор хандах учиртай хэмээн онцоллоо. Мөн энэхүү тэмцээн нь “Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдаан шиг толин болох ёстой. Үүнд манай холбооныхон анхаарч, тоног төхөөрөмжөө бүрэн суурилуулж ажилла. Эхний баг нь гүйж байхад гараа нь болоогүй баг тамирчид нь төв штабт дэлгэцээр шууд харах боломжийг бид олгоно. Аймаг, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб, дасгалжуулагч, тамирчин дайчдын ар гэрийнхэн ч хараад сууж болно. Шударга, маргаангүй, ил тод явуулахад бүх талдаа анхаарч ажиллана гэв.
 
          Төгсгөлд нь Зэвсэгт хүчний “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээний мэргэжлийн шүүгч нар ажиллаж байгааг Ерөнхий шүүгч, хурандаа Д.Цог-Эрдэнэ тодотгож, амжилт хүслээ гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
 

“Дөл” цэрэг-спортын цогцолбор тэмцээн маргааш эхэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188