Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын талаар баруун бүсийн зөвлөгөөн, уулзалт өнөөдөр Ховд аймагт зохион байгуулагдлаа.
Уг уулзалт зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, орлогч дарга Х.Арман, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, Мал эмнэлгийн газрын дарга А.Айдынасхар болон ХХААГ-ын мэргэжилтнүүд оролцлоо.
Зөвлөгөөнийг нээж, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан үг хэлж, Хөдөө аж ахуйн салбарт Засгийн газар болон салбарын яамнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогыг Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн Засаг дарга болон ХААГ-ын дарга, мэргэжилтнүүд болон хэвлэл мэдээллийнхэнд танилцууллаа.
Тэрбээр “Дэлхий нийтийг хамарсан “КОВИД-19” цар тахлын улмаас улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдалд орж, онцгой дэглэм мөрдөж, экспортын бүтээгдэхүүндээ хилийн хориг тавьж байгаа энэ хүнд цаг үед бид эх орныхоо хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хангахад аймгийн Засаг дарга нар, хөдөө аж ахуйн газрын дарга, мэргэжилтнүүд, мал эмнэлгийн эмч, ажилтнууд, малчин, тариаланчдын оролцоо чухал" гэв.
Аймгийн хэмжээнд 2022 хаврын ургац хураалтад ажиллах техникийн бэлэн бүрэн хангагдсан байна.
Тус аймгийн Булган сумд 2021 оны долдугаар сарын 13-ны өдөр шүлхий өвчний тохиолдол бүртгэгдэж 20 өрхийн 51 үхэр, Дэлүүн сумд наймдугаар сарын 25-ны өдөр шүлхий өвчнөөр 26 өрхийн 85 мал өвчилж есдүгээр сарын 13-ны өдрөөс хойш мал өвчлөөгүй, хоёр сумын нийт 46 өрхийн 136 мал шүлхий өвчнөөр өвчилсөн.
2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Алтанцөгц сумын нутаг дэвсгэрт шүлхий өвчнөөр дөрвөн өрхийн 94 мал, хоёрдугаар сарын 23-ны өдөр Өлгий сумын хоёр өрхийн 10 мал, гуравдугаар сарын 19-ний өдөр Бугат сумын хоёр өрхийн 12 мал, Баяннуур сумын хоёр өрхийн дөрвөн мал өвчилсөн. Өвчин гарсан зургаан сумын есөн багийн 54 өрхийн 256 толгой малын шүлхий өвчний шинж тэмдэг бүрэн арилж энгийн дэглэмийн байдалд шилжсэн.

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах тухай” Мал эмнэлгийн ерөнхий газрын А/77 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2022 оны дөрөвдүгээр сарын 18-ний өдрийн А/245 дугаар захирамжийн дагуу шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг 2022.04.18-наас эхлэн шуурхай зохион байгуулсан. Шүлхий өвчний вакцинжуулалтад шаардагдах хүн хүч, бензин шатахууны зардлын тооцоог гаргаж, аймгийн онцгой комиссын хурлаас вакцинжуулалтын ажилд шаардлагатай 14,0 сая төгрөгийг аймгийн гамшгийн нөөц хөрөнгөөс, сумдын Засаг даргын нөөц хөрөнгөөс 11 сая, нийт 25 сая төгрөгийг гаргасан. 13 сумын 12,590 өрхийн 182000 үхрийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулсан” хэмээн танилцууллаа.
Түүнчлэн энэ үеэр Засаг дарга ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханыг манай аймагт хүрэлцэн ирж ажиллахыг урьж, Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын нөхцөл байдалтай биечлэн танилцахыг хүсэв. Үүнээс гадна Хилийн зурвас газраас хадлан бэлтгэх, оторлох үед Хилийн 0331-р анги, 0285-р анги, 0165 дугаар ангитай байгуулах гурвалсан гэрээ нь иргэдэд хүндрэл учруулах талаар дурдаж, тус гэрээ хэлэлцээрийг болилцуулах арга хэмжээ авч өгөхийг ХХААХҮ-ийн сайдаас хүслээ.
Зөвлөгөөний төгсгөлд ХХААХҮ-ийн сайд таван аймгийн холбогдох албан тушаалтнуудад дараах зүйлийг үүрэг болголоо.
Аймаг бүр намрын ургац хураалтыг технологийн хугацаанд гүйцэтгэхэд онцгой анхаарах ёстой. Үүний тулд их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, сонсогч, цэргийн алба хаагч болон бусад иргэдийг сайн дурын үндсэн дээр ургац хураалтын ажилд оролцуулах ажлыг зохион байгуулах, ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууны хангалтад анхаарах, импортоор авч байгаа техник, тоног төхөөрөмж, бараа, материалыг улсын хилээр шуурхай нэвтрүүлэх, ургац хураах, тээвэрлэх зам, гүүрийн эвдрэл гэмтлийг тогтоож, засварлах ажлыг ургац тээвэр эхлэхээс өмнө гүйцэтгэхийг даалгалаа.
Намрын ургацын баланс, хадлан тэжээлийн бэлтгэлд тулгуурлан өвөл, хаврын улирлын тэжээлийн хэрэгцээ, хангамжид үндэслэн дотоодод бэлтгэсэн өвс, тэжээл, хивэгний экспорт, импортыг нэмэгдүүлэх, хязгаарлах эсэх арга хэмжээг хэрэгжүүлэх, Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөгөөт хугацаанд нь чанартай зохион байгуулж, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр хүртээмжтэй хангах, малын халдварт болон гоц халдварт өвчнөөр тайван байдлыг хангах, малын шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, хянах, хязгаарлах, мал эмнэлгийн бэлэн байдлын нөөцдөө үнэлгээ хийж, шаардлагатай нөөцийг нөхөн бүрдүүлэхийг үүрэг болголоо.
Наадмын дараа намар гэдэг. Бид дөрвөн улирал ээлжилдэг эх оронтой. Хатуу цагийг бэрхшээлгүй давахын тулд хөдөө аж ахуйн салбарынхан эрсдэлийг түрүүлж харах, асуудлаа тооцоолдог чадамжтай байх ёстой. Тиймээс өнөөдрийн цаг агаарын сайханд хуурталгүй өвөл, хаврыг өнтэй давахын тулд намрын их ажил руугаа ханцуй шамлан орох хэрэгтэйг баруун таван аймгийн холбогдогдох албан тушаалтнуудад санууллаа.
ХАА-н салбарын баруун бүсийн зөвлөгөөн боллоо |
|